Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01134

 

 

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01134

 

 

                                      “ӨГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/01466 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ӨГ” ХХК-ийн хариуцагч Ж.Ат холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 100,000 ам.доллар буюу 284,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жархынбек, Б.Азбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ӨГ” ХХК 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ж.Ат 100,000 ам.долларыг хүүгүй, дараа төлөх болзолтой зээлдүүлсэн. 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ж.АийнХаан банкны ..... тоот дансанд 20,000 ам.доллар, ..... тоот дансанд 80,000 ам.доллар тус тус шилжүүлсэн. Хөрөнгө оруулагчид БНХАУ руу буцаж, ковид цар тахал гарсан зэрэг нөхцөл байдлын улмаас зээлийг шаардаагүй байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Талууд зээлийн мөнгөн хөрөнгийг буцааж өгөх хугацааг тохироогүй. 2021 онд зээлээ төлөхийг шаардахад өгөөгүй учраас шүүхэд хандсан. Хариуцагчтай ажил хэргийн харилцаа байсан ба уг асуудлаар төлбөр тооцоог тухай бүрт нь өгч байсан. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 309,300 ам.доллар, 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200,000 ам.доллар шилжүүлж авч байсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх, бусад төлбөр тооцоотой холбоотой асуудал шийдвэрлэгдсэн. 100,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан тухайд маргаан байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч талаас өмнө нь шаардаж байгаагүй, 2021 онд шаардсан. Талууд хугацаа тогтоогоогүй учраас шаардсанаас хойш хугацаа тоологдож эхэлнэ. Иймд Ж.А аас 100,000 ам доллар буюу 284,000,850 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “ӨГ” ХХК-ийн захирал Ж.Ат Монгол Улсад барилгын том том төслүүд хэрэгжиж байгаа, боломж байгаа талаар судалж үзэх санал тавьсан. Улмаар Ж.А ийг компанидаа ажиллах санал тавьсан. Хариуцагчийн хувьд олон улсын харилцааны мэргэжилтэй, олон хүн таньдаг, танил тал ихтэй байсан. Л захирал нь олон зүйл амлаж ярьсан атлаа худал яриад явчихсан. Иймээс хариуцагч баталгаа болгох үүднээс 100,000 ам доллар урьдчилж өгөх санал тавьсаны дагуу “ӨГ” ХХК хариуцагчийн дансанд 20,000 ам доллар, 80,000 ам доллар шилжүүлсэн, дараа нь “зээл” гэж нөхөж гэрээ байгуулсан. Ж.А ийг “ӨГ” ХХК-д ажилд орсоны дараа тус компани нь Хятад Улсын “ИДЭ” ХХК-тэй 16,000,000 юанийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас лацдаж, төлбөр мөнгө шаардсан. Гэрээний талууд хариуцагчаас уг асуудлыг шийдвэрлэх хүсэлт тавьсны дагуу Монгол улс дахь төлбөр авагч нарын төлбөрийг төлөхөд хууль зүйн туслалцаа авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэж дуусгасан. Зардал нь 7,000,000 орчим юань болсон бөгөөд “ИДЭ” ХХК-д нийт 10,000,000 юань өгсөн. Дахиж 3,000,000 юань төлөх ёстой боловч одоог хүртэл өгөөгүй гэж сонссон. Бичиг баримтын 3,000,000 юанаас хариуцагчид ямар зардал өгөх талаар асуухад өмнө нь өгсөн 100,000 ам.долларыг суутгахаар болсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь мөнгө шаардаж байгаагүй, хоорондоо тохиролцоод дууссан асуудал байсан. “ӨГ” ХХК 100,000 ам.долларыг эргэн төлөх болзолтой зээлдүүлээгүй, ажил гүйцэтгэсний хөлсөнд өгсөн. Нэхэмжлэгч 10 жилийн дараа хугацаа тодорхой заагаагүй учраас шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг харуулж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хугацаа тогтоогоогүй учраас шаардах эрх гэрээ байгуулсан өдөр үүсэж байна. 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөнгө шилжүүлсэн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцвол зээлийн хугацаа дуусаад 1 сарын хугацаанд шаардах эрхийг хэрэгжүүлэх байсан ба 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ам.долларын ханш 1,256.72 төгрөг байсан. 10 жилийн хугацаанд ханш өссөн, 3 дахин өссөн мөнгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Ат холбогдох зээлийн гэрээний үүрэгт 100,000 ам.доллар буюу 284,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ӨГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,582,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

4.1. Нэг талыг барьсан, нотлох баримтад үндэслэгдээгүй шийдвэр гаргасан тухайд,

 

4.1.а. Хэрэгт авагдсан бэлэн мөнгө зээлдүүлсэн гэрээнд Ж.А гарын үсгээ зурж баталгаажуулсан. 100,000 ам.долларыг хүлээж авсан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон. Харин Ж.А нь 100,000 ам.доллар ажлын хөлс байсан, зээл байгаагүй гэж ямар ч баримтгүй тайлбар гаргасныг шүүх нотлох баримтаар үнэлж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

 

4.1.б. Ж.А нь Монгол Өмгөөлөл хуулийн фирмд ажлын хөлс төлсөн гэх зэргээр 100,000 ам.долларт хамаатуулахыг оролдож, хамааралгүй баримтуудыг гаргаж өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хариу тайлбартаа ажил гүйцэтгэсний хөлсөнд уг төлбөрийг авсан гэж худал тайлбар шүүхэд өгсөн. Үүнтэй холбоотойгоор газрын маргааныг шийдвэрлэсний ажлын хөлсөнд авч байсан 309,300 ам.долларын баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. 100,000 ам.доллар нь газрын маргаантай огт холбоогүй, холбоотой гэх үндэслэл, баримт байхгүй.

 

4.1.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.А зээлийн гэрээг үгүйсгэсэн, 100,00 ам.долларын ажил хийж өгсөн гэх баримт гаргаж өгөөгүй байхад зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үгүйсгэхдээ ямар ч баримт, хууль зүйн үндэслэлгүйгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж тайлбарласан.

 

4.2. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд,

 

4.2.а. Шүүх Ж.А ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруу тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Ж.А нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг дараа төлөх нөхцөлтэйгөөр буцаан өгөх хүсэл зоригоо илэрхийлсэн нь зээлийн гэрээний шинжийг бүрэн агуулж байгаа ба хэрэгт бэлэн мөнгө зээлдүүлсэн гэрээ авагдсан, үүнийг хариуцагч үгүйсгээгүй, хүчин төгөлдөр хэлцэл мөн. Шүүх үүрэг үүсээгүй эсвэл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэлд хамаарч байгааг нотлох баримтад үндэслэж дүгнэх ёстой байхад уг 2 үндэслэлийн алинд нь хамааруулж байгааг дурьдаагүй. Үүрэг үүсгээгүй, дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, Ж.А аас 100,000 ам.доллар буюу 284,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ...  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. 2011 оны 6 дугаар сард буюу одоогоос 11 жилийн өмнөх зээлийн талаар талууд маргасан. Шүүхийн шийдвэр болон хариуцагчийн тайлбараар хариуцагч нь зээл аваагүй, зээл авах хүсэл зориг байгаагүй гэдгээ тайлбарласан. Зээлийн гэрээ нь иргэд хоорондын гэрээ бус, компани иргэнд мөнгө зээлсэн гэрээ юм. Уг гэрээнд хугацаа заагаагүй, дугааргүй, мөнгө шилжүүлсэн баримтад зээл гэх утгатайгаар шилжээгүй. Хариуцагч ажлын хөлсийн баталгаа болгож, нэхэмлэгч компаниас урьдчилгаа 100,000 ам.долларыг авсан. Шүүх дүгнэхдээ талуудын хооронд ажил хэргийн холбоо байсан, ажил гүйцэтгэхээр мөнгө хүлээж авсанг үгүйсгээгүй. Нэхэмжлэгч 309,300 ам.доллар өгсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон ажил гүйцэтгэж байсан “ИДЭ” ХХК-аас газрын маргаанд оролцсон баримтаа шүүхэд ирүүлсэн. Мөн компани зээл олгож байгаа тохиолдолд санхүүгийн баримт болон тайланд тусгагдсан байх ёстой. Нэхэмжлэгч компани төлбөрийн үлдэгдэл, тооцоо нийлсэн акт үйлдэж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “ӨГ” ХХК хариуцагч Ж.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,000 ам.доллар буюу 284,850,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

4. Хэрэгт 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “ӨГ” ХХК-ийн Хаан банкны ..... тоот данснаас Ж.АийнХаан банкны ..... тоот дансанд 20,000 ам.доллар, ..... тоот дансанд 80,000 ам.доллар тус тус шилжүүлснийг дараа төлөх болзолтойгоор гарын үсэг зурж баталгаажуулав” гэх утгатай “ӨГ” ХХК-ийн захирал ДШ, Ж.А нарын хооронд байгуулагдсан бэлэн мөнгө зээлдүүлэх тухай гэрээ авагдсан байна. /хх6/

 

5. Нэхэмжлэгч нь 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн Хаан банкны ..... тоот дансанд 20,000 ам.доллар, ..... тоот дансанд 80,000 ам.доллар тус тус шилжүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээж авсан талаар маргадаггүй. Харин мөнгөн хөрөнгийн зориулалтын талаар маргасан. Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгийг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч зээл байгаагүй, ажлын хөлс байсан гэж тайлбарласан. /хх5/

 

6. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Дээрх хэлцлийн агуулга нь 100,000 ам.долларыг “дараа төлөх болзолтой”-гоор зээлдүүлсэн гэж үзэхээр байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

7. Хариуцагч нь 100,000 ам.доллар ажил гүйцэтгэх гэрээний хөлс байсан гэх үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн “...тус компанийн шүүхийн маргаантай асуудал, компанийг төлөөлөх өмгөөлөгч нартай харилцах болон бусад ажилд хариуцагчтай ажил хэргийн харилцаатай байсан, үүнтэй холбоотой төлбөр тооцоог тухай бүрт нь төлж, тооцоо дуусгавар болсон” гэх тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй.

 

8. Талуудын хооронд ажил хэргийн харилцаа байсныг үгүйсгэхгүй бөгөөд хэрэгт авагдсан “Ту” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан өмчлөх эрх шилжүүлэн өгөх тухай хүсэлт, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргах тухай албан бичиг, 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200,000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 309,300 ам.доллар тус тус шилжүүлсэн баримтууд нь 100,000 ам.доллар зээлдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох баримтуудыг үгүйсгэх үндэслэл болохгүй. /хх51-52, 72-73/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоодог журамтай.

 

9. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн “2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид зээлээ төлөхийг мэдэгдсэн” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 100,000 ам.долларыг шаардах эрхтэй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн “шүүх нотлох баримтад үндэслээгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэсэн” гэх гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/01466 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.А аас 284,850,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ӨГ” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... үлдээсүгэй.” гэснийг “... үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,582,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,582,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН

         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                            А.МӨНХЗУЛ