| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2026/0031/Э |
| Дугаар | 2026/ДШМ/22 |
| Огноо | 2026-04-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/22
2026 04 08 2026/ДШМ/22
Д.Цд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч С.Уранчимэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Г
Цагаатгагдсан этгээд Д.Ц
Хохирогч Б.Т
Хохирогчийн өмгөөлөгч Б.
Нарийн бичгийн дарга Г.Э нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Б.Б-н давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр Д.Цд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Д-н Ц, Монгол Улсын иргэн,
Д.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 2012 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2024 онд Монгол улсад орж ирсэн арлын дугаартай хар өнгийн Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг Б.Т-д километрийн заалтыг 312.000 байсныг ухраалган 162.000 километрийн гүйлттэй болгосон гэдгийг мэдсээр байж түүнд хэлэлгүйгээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 30.500.000 төгрөгөөр зарж борлуулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-н Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Д.Цыг цагаатгаж,
Шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ: “ ... Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж ялгагдах байдлыг Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 538 дугаар тогтоолоор тайлбарласан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Ц нь арлын дугаартай хар өнгийн Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг Б.Т-д километрийн заалтыг 312,000 байсныг ухраалган 162,000 километрийн гүйлттэй болгосон гэдгийг мэдсээр байж түүнд хэлэлгүйгээр буюу бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 30,500,000 төгрөгөөр зарж борлуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн “бодит байдлыг нуух замаар” гэх шинжийг доголдолтой эд зүйлээр төлбөр хийснийг ойлгож болох ба Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл нь дээрх тохиолдолд хамаарч, тус хэлцлээр халхавчлан худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгааг ойлгох ба эдийн доголдолтой тээврийн хэрэгслээр мэдсээр байж төлбөр хийсэн, гэрээ хэлцэл байгуулахаас өмнө доголтой тээврийн хэрэгслээ зах зээлийн үнээс дээгүүр үнээр борлуулах, хохирогчийн хөрөнгийг авах гэсэн шунахайн санаа сэдэл үүссэн ба хохирогч үүнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь хохирогч Б.Т нь тухайн тээврийн хэрэгслийн километрийн заалтыг ухраасан болохыг мэдэх боломжгүй нөхцөл байдалд Д.Ц хүргэсэн буюу тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдүүлбэрийг Д.Ц хийж гүйцэтгэсэн талаар хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хөдөлбөргүй мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан” гэх хууль зүйн шинжийг хангаж байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх, 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж хуульчилсан ба анхан шатны шүүх Д.Цд холбогдох хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж цагаатгах тогтоолыг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу цагаатгах тогтоол гарснаас 25 хоногийн дараа прокурорт ирүүлсэн байна. Дээрх үндэслэлүүдээр шүүгчийн шийдвэрт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэх нь зүйтэй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив ...” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “ ... Анх машиныг худалдаж байхдаа Д.Ц нь Т.Ж-с худалдаж авах үед тээврийн хэрэгслийн километрийн заалтыг 312,000 байсныг 162,000 километрийн заалттай болгосон гэдгийг лавтай сайн мэдэж байсан мөртлөө хохирогч Б.Т-д энэ талаар хэлэхгүйгээр, өөрөө дугаар авах, нотариат орох, зээл авах зэрэг ажиллагааг танил талаар дамжуулан зарж борлуулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог.
Хэрэв Д.Ц нь заалтыг ухраасан талаар Б.Т-д хэлсэн бол 312,000 км явсан, эдэлгээнд их орсон, хуучин машиныг Б.Т худалдаж авахгүй байх байсан. Д.Цын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, ... ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, .... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч 30,500,000 төгрөгөөр хохирч байгаа болно.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр эд хөрөнгийн биет доголдолтой байсан, доголдлыг нуун дарагдуулсан бол худалдан авагч шаардах эрхээ алдахгүй байх талаар хуульчилсан гэж тайлбарлан шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн шүүгдэгчийг цагаатгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Монгол улсын Дээд шүүхийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 2024/ХШТ/132 дугаартай тогтоолд “Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах, гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. ... Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар) тогтоолын 7 дахь хэсэгт “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.
Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан нь шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний ойлголт болно.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэрээний нэг тал хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээнээс татгалзаж болох ч шүүгдэгч Б.Б-ын хувьд банкны зээл нэхэгдсэн гэх нөхцөл байдлыг ашиглаж урьд нь Б.Л-т худалдсан байраа иргэн П.Г-т давхар худалдахаар тохирч, түүнээс 32,000,000 төгрөгийг авахдаа энэ талаар хохирогч Ж.Д, түүний хүү Б.Л нарт урьдчилан мэдэгдээгүй, төлбөрт авсан мөнгийг Б.Л-т буцааж өгөөгүй нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна” гэж тайлбарласан байна. Дээрх тогтоолд дурдсан нөхцөл нь Д.Цын үйлдэлтэй ижил төстэй үйлдэл байх бөгөөд Д.Цын километрийн заалтыг ухраасан, эдэлгээнд орсон машин болохыг хохирогчид урьдчилан мэдэгдээгүй, нуун дарагдуулсан, төлбөрт авсан мөнгийг буцааж өгөөгүй нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан ба Жамбалаас худалдаж авсан машиныг өөрөө хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсэнгүүт Түвшинбаганад бодит байдлыг нуун дарагдуулан худалдаж байгаа нь залилсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн Д.Цын худалдаж байгаа машины километрийн заалтыг биет байдлын доголдол гэж үзэхгүй бөгөөд эрхийн доголдол гэж үзэхээр байна. Учир нь биет байдлын доголдол нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”.
Харин Иргэний хуулийн 252.1. “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ”, 252.2. “Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ" гэж зааснаас үзэхэд машины километрийн заалтыг ухраасан гэдгийг мэдэгдэхгүйгээр худалдаалж байгаа үйлдэл нь эрхийн доголдолтой гэж үзэхээр байх бөгөөд уг доголдлыг нуун дарагдуулж худалдаж байгаа үйлдэл нь гэрээний эрсдэл биш харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхээр дээд шүүх тайлбарлажээ.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 29-ний өдрийн 74 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Д.Ц тайлбартаа: ... Би Ж-с авахдаа оношилгоонд орсон гэдэгт нь итгээд маргааш өглөө нь Жс авч ирэхэд оношилгоонд ороогүй байсан ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Т тайлбартаа: ... Шүүх ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б овгийн Д-н Цд холбогдох хэргийг “... гэмт хэргийн шинжгүй ...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Э.Г эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол тус тус гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл 2012 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн арлын дугаартай, 1790 сс, хар өнгийн, 312000 гүйлттэй, Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг Монгол улсын гаалийн хилээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр О-н А нэвтрүүлсэн нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх 14/-ээр тогтоогдож байна.
О.А нь автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг газарт ажилладаг гэх ба дээрх автомашиныг Т.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 25.500.000 төгрөгөөр худалдан авсан талаар “А” авто худалдааны тооцооны ажилтан Э.С, Т.Ж нар гэрчээр тус тус мэдүүлжээ.
Улмаар Т.Ж нь уг автомашиныг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д.Цд 27.000.000 төгрөгөөр худалдсан болох нь Т.Ж-н гэрчээр өгсөн “ ... уг автомашиныг өөрийн нэр дээр итгэмжлэлээр эхнэрийн дүү Б-д авч өгсөн..., ... удалгүй Б Герман явахаар болоод мөнгөний хэрэг гараад номер дугаар авахгүйгээр Д.Ц гэх хүнд зарсан ... ” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Цын “... Ж гэдэг хүнээс автомашиныг худалдан авсан...” гэсэн мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 94/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Т нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр автомашин худалдан авах зорилгоор аймгийн сумын нутагт автомашин худалдан борлуулдаг газруудаар явж байхдаа дээрх хар өнгийн Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг 30.500.000 төгрөгөөр худалдан авахаар Д.Цтай тохиролцож, түүнтэй Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-г бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлжээ.
Дээрх гэрээг байгуулахдаа шүүгдэгч Д.Ц нь иргэн О.А /гаалийн хилээр нэвтрүүлсэн/-ийг төлөөлж байгуулсан байх бөгөөд тэрээр Б.Т-д Япон улсад 2012 онд үйлдвэрлэгдсэн арлын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэх, харин Б.Т нь тээврийн хэрэгслийн үнэ болох 30.500.000 төгрөгийг Д.Цд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 13-14/,
хохирогч Б.Т-н “... тээврийн хэрэгсэл худалдан авахаар ... үзэж явж байтал Д.Ц гэдэг хүнтэй очиж уулзаад ... хар өнгийн Приус 41 загварын тээврийн хэрэгслийг 30.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ хийж худалдан авсан ... надад нэг гадаад бичигтэй зүйл үзүүлээд байсан, гэхдээ би хараа муутай тул сайн хараагүй ... арлын дугаарыг нь хараад тулгаж үзсэн ... ” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,
шүүгдэгч Д.Цын өгсөн “ ... тухайн тээврийн хэрэгслийг Эрдэнэтэд авчирч 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Т гэх хүнд 30.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан ... Би Ж-с 160.000 км орчим заалттай л худалдан авсан, тэгээд тэр гүйлтээр нь Т-д худалдан борлуулсан ..., итгэмжлэл хийж аваад Эрдэнэтэд авчирсан ... Ж-с худалдан авахад Ж нь Авто тээврийн үзлэг оношилгоонд оруулчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 40-42, 44/,
ХААН банкин дахь Б.Т-н эзэмшлийн дугаарын харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх 124-125/,
“О ОМЗ ББСБ” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Б.Т, Г.Б нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, холбогдох баримтуудаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Хохирогч Б.Т нь тухайн автомашиныг худалдаж авахдаа автомашины үнийг бүрэн төлсөн байх боловч гэрээний зүйл болох автомашиныг Д.Цаас хүлээж авахдаа гүйлтийг ухраасан болохыг мэдээгүй гэх бөгөөд дээрх нөхцөл байдал нь эд хөрөнгийн биет байдлын доголдолд хамаарахаар байна.
Энэ тохиолдолд Б.Т нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах буюу гэрээний талууд өгсөн, авснаа буцаах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Цын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримт болон Д.Цын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй талаар тодорхой дүгнэсэн /хх 162-163/ байх ба дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэргийн бүх ажиллагааг хянавал энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд “ ... гэмт хэргийн шинжгүй ... ” гэсэн үндэслэлээр Д.Цд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, “ ... цагаатгах тогтоолыг хүчингүй болгох тухай... ” прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг хууран мэхэлж шилжүүлэн авахдаа анхнаасаа буцаан өгөх санаа зорилгогүй байдаг бөгөөд
хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан Улсын Дээд Шүүхийн 2024 оны 132 дугаартай тогтоолд ... Б.Б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар Б.Л-тэй харилцан тохиролцож урьдчилгаа мөнгийг авсан атлаа дээрх эд хөрөнгөө дахин өөр хүнд худалдаж мөнгө авсан ... үйл баримтыг залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэж шийдвэрлэсэн байх ба дээрх тогтоолоор шийдвэрлэсэн үйл баримтыг Д.Цын үйлдэлтэй ижил төстэй гэж адилтган ойлгох үндэслэлгүй юм.
Хэрэгт авагдсан гэрч Т.Ж-н “ ... км-ын заалтыг ухраасан талаар хэлээд ярьж хөөрч тохиролцон машины үнийг хямдруулаад аваад явсан ... Тэгэхээр Д.Ц машины км-ын заалт ухраасан талаар мэдсээр байж худалдаж авсан ... ” гэсэн мэдүүлэг нь
мөрдөгчийн тэмдэглэлд тусгагдсан “ ... гэсэн дугаартай Ж гэж хүн холбогдож ... би 25.500.000 төгрөгөөр анх гаальтай машин худалдаж аваад Эрдэнэтэд амьдардаг гээд залууд Улаанбаатар хотод дугаар аваагүй байхад нь бараг худалдаж авсан үнээрээ зарсан тэр үед би гүйлтийг нь ухраагаагүй яг тэр чигээр нь зарсан гэж хэлсэн ...” гэсэн /хх 15/-тэй зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоолыг хуульд заасан хугацаа хэтрүүлж прокурорын газарт хүргүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдож байх боловч
дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчил буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх цаашид энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байх талаар анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Бын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
С.УРАНЧИМЭГ