Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: М.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мягмаржав овогт Мягмаржавын Бод холбогдох 1829001800108 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, энэ жил 35 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр,  хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр баг, Цагаан-Овоо 17-27 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Мягмаржав овогт Мягмаржавын Б /РД:УС83030211/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот руу зорчин явах замдаа сумын төвөөс хойш 40 км зайд шунахайн зорилгоор иргэн О.Болд-Эрдэнийн түрийвчнээс 417,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 06 сарын 14-ний өдөр Улаанбаатар хот явах гээд узел дээр очсон чинь истана байхаар нь очиж уулзаад хэдэн төгрөгөөр явахыг нь асуухад 25,000 төгрөг гэсэн. Би мөнгөө өгч суугаад хүлээж байсан чинь орой 17 цагийн үед жижиг машинд суулгаж явуулсан. Машинд 2 согтуу залуу байсан. Тэгээд дэлгүүр дээр зогсоод 1 ширхэг 0,75 граммтай Соёрхол нэртэй архи аваад орж ирсэн. Би зөрж гараад замдаа идэх хиам, талх аваад суугаад явсан. Суугаад явж байтал нөгөө  залуучууд 2 шил архиа уугаад, 6 пиво байсан түүнийг уугаад надаас тамхи асаах гээд гал авсан. Би бие засах гэж буугаад тамхи татах гээд гал олдохгүй байхаар нь машины хойд хаалгыг нээгээд сандлын доогуур харсан чинь хохирогчийн түрүүвч байсан. Тэгээд доторх мөнгийг нь аваад түрүүвчийг шалан дээр нь тавьсан. Тэгээд Дундговь аймгийн Цагдаагийн газарт очсон.” гэв.

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6-р хуудас/,

Мөнгө түр хуваан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 13-16-р хуудас/,

Хохирогч О.Болд-Эрдэнийн /РД:РЭ91011734/: “...би Цогтцэций суманд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Цагаан хаднаас ирээд Улаанбаатар хот руу явах унаа хайхад нэг стана машин явна гээд жолоочид нь утасны дугаараа өгөөд хамт явж байсан Сүхбатаас 500,000 төгрөг зээлж түүний данснаас нь аваад түүгээрээ хоол идээд бас 3 лааз пиво уугаад нэлээд согтсон байсан. Тэгээд 21 цагийн үед станагийн жолооч “би хот явахаа больсон, энд нэг суудлын машин явах гэж байна энд суугаад явчих” гэж хэлсэн. ...миний пасканд мөнгөтэй түрүүвч байхгүй байсан. ...нөгөө залуугийн биед нь байгаа юмыг гаргуулахаар хармаанаас нь 20,000 төгрөгийн дэвсгэртүүд гарсаныг хурааж аваад эрүүлжүүлэхэд хийсэн. Бид нар гадаа машиндаа хоноод өглөө цагдаатай уулзахад миний мөнгө 417,000 төгрөгийг тэр залуу авсан байсан талаар хэлээд буцааж өгсөн. Харин түрүүвч болон бичиг баримт нь байхгүй байсан. ...нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Гэрч С.Өсөхбаярын: “...Болд-Эрдэнийн энгэрт байх хар өнгийн паск онгойсон байхаар нь юмаа бүртгэтэл түрүүвч дотор байсан бэлэн мөнгө, бичиг баримт байхгүй болсон байсан. Тэгэхээр нь Болд-Эрдэнийн шээсэн газраар гэрэл тусгаж хайгаад олоогүй, нөгөө залууг чи авчихлаа гэсэн чинь аваагүй гээд байхаар нь Дундговь орж, цагдаагаар шалгуулъя гээд шууд ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч У.Оргилын: “...машинд орж ирээд манай найзын паск онгойж дотор нь байсан түрүүвч, бэлэн мөнгө байхгүй болсон байсан гэсэн. ...урд сууж явсан залуу аваагүй гээд машинаас буухдаа шалавчин дээр унасан басан 20,000 төгрөгийн дэвсгэртийг хараад гараараа базаад буухаар нь энэ залуу авсан байна гэж сэжиглээд цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

М.Бын яллагдагчаар өгсөн: ”...машины жолоочийн эсрэг талын арын хаалгыг онгойлгож галаа хайтал асаагуур машины арын суудлын урд талын шалавч дээр хэвтэж байсан ба асаагуурын хажууд бор өнгийн түрүүвч байхаар нь нээж үзээд мөнгийг нь сугалж аваад буцаагаад байсан газарт нь тавьсан. ...би түрүүвчээс 417,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42-р хуудас/,  

Шүүгдэгч М.Бын хувийн байдлын талаар:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгч  М.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,

Шүүгдэгч М.Бын гарын дардас, гурван талаас нь харуулсан гэрэл зураг /хх-ийн 45-46-р хуудас/,

 Шүүгдэгч М.Бын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 50-р хуудас/,

Шүүгдэгч М.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 52-55-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот руу зорчин явах замдаа сумын төвөөс хойш 40 км зайд шунахайн зорилгоор иргэн О.Болд-Эрдэнийн түрийвчнээс 417,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6-р хуудас/, мөнгө түр хуваан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 13-16-р хуудас/, хохирогч О.Болд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, гэрч С.Өсөхбаярын мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, гэрч У.Оргилын мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, М.Бын яллагдагчаар өгсөн: ”...машины жолоочийн эсрэг талын арын хаалгыг онгойлгож галаа хайтал асаагуур машины арын суудлын урд талын шалавч дээр хэвтэж байсан ба асаагуурын хажууд бор өнгийн түрүүвч байхаар нь нээж үзээд мөнгийг нь сугалж аваад буцаагаад байсан газарт нь тавьсан. ...би түрүүвчээс 417,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Болд-Эрдэнэ нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Шүүгдэгч М.Бод ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оноохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Бод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Мягмаржав овогт Мягмаржавын Быг бусдын эд зүйлийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар М.Б нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Болд-Эрдэнэ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА