Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/16

 

 

 

 

 

 

 

 

 2026         03        25                                        2026/ДШМ/16

 

 

Б.Тд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч: Б.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/67 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.Тд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т овогт Бын Т, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ....ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Ц сумын 0 дугаар багийн Ц-д эхнэр Н.М тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/67 дугаар цагаатгах тогтоолоор Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Бын Тд холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Тыг цагаатгаж, шүүгдэгч Б.Т нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг тайлбарлаж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “...Шүүхийн цагаатгах тогтоолыг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцахад шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий “шинжээчийн дүгнэлт” харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нөлөөлж болохуйц зөрүүтэй байхад хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй талаар:

Шүүхийн шийдвэр нь “хууль ёсны байх” шаардлагыг хангахын тулд шүүх хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэнэ гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг дүгнэхдээ “...шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Ц сумын 0 дугаар баг Ц-д эхнэр Н.М-тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар гараараа гүүрэн хэсэгт нь 1 удаа цохиж биед нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо” гэж дүгнэсэн атлаа хохирогч Н.М-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн нэмэлт дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгож шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан нь агуулгын хувьд өөр хоорондоо эрс зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болов.

Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй.

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Н-ын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай “1.Н.Мийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтогдлоо. 2.Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохих үйлдлээр үүснэ. 3.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлтийг хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж дүгнэсэн атлаа Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Н-ын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай “Нэмэлт” шинжээчийн Н.Мийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үүсээгүй, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Дээрх Н.Мийн биед учирсан баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг цагаатгасан нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шалгуурыг хангахгүйд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан.

Анхан шатны шүүхээс хохирогч Н.М-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоосон анхдагч шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журам зөрчиж гаргасан тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж нэмэлт шинжилгээ хийлгэх захирамж гарган шинжилгээ хийлгэж хохирогч Н.Мийн биед буюу түүний баруун дээд, доод зовхинд учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд буюу гэмт хэрэг гарсан гэх 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Б.Т-ын 1 удаагийн цохих үйлдлийн улмаас учирсан байхад дээд доод зовхинд учирсан гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарах эсэх гэсэн илт хууль бус асуулт тавьж, түүнд хариулсан хариултыг үндэслэл болгожээ.

Шүүх хуралдааны явцад яллагдагч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар нь хохирогч Н.Мийн биед учирсан баруун дээд, доод зовхины цус хуралт нь тус тусдаа өөр, өөр цаг хугацаанд үүссэн гэж маргасан.

Гэвч шинжээч эмчийн анхны дүгнэлт болон нэмэлт шинжээчийн дүгнэлтээр нэг цаг хугацаанд үүссэн болохыг тогтоосон. Шүүгчийн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай захирамжид заагдсан “...Нийн Мийн биед учирсан баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарах эсэх” гэх асуултын дагуу шинжээч эмч “тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж хариулсныг шүүгдэгч Б.Т-ын үйлдлийн улмаас хохирогч Н.М-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх, 39.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” байхад анхан шатны шүүхийн шүүгч хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 .... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/130 дугаартай шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Ц сумын 0 дугаар баг Ц-д эхнэр Н.Мтэй хэрүүл маргаан үүсгэж улмаар гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/67 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Бын Тд холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Т-ыг цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал: Прокуророос Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх энэхүү гэмт хэрэгт огт дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй. 

Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.

Энэхүү эрүүгийн хэргийн тухайд нэг шинжээч хоёр өөр утга агуулгатай дүгнэлт гаргасан байх ба эдгээр дүгнэлтүүдийн аль нь гэмт хэргийг нотолсон эсхүл үгүйсгэсэн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээс эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоохгүй гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх ба харин хохирогчид  “хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаарх үндэслэлээ тогтоолд тусгаагүй орхисон байх тул энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай гэж үзнэ.

Тус шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул Дээд шатны прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/67 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                     ШҮҮГЧИД                                 Б.СОСОРБАРАМ

                                                                                    Н.БАЯРХҮҮ