| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0114/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганпүрэвийн Гд холбогдох 1829001690112 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хэнтэй аймгийн Дадал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Ван Үрс” ХХК-ийн эзэмшлийн нүүрс тээврийн авто машин жолоодож байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганпүрэвийн Г /РД:СЙ86032217/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь “Ван Үрс” ХХК-нд жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт байрлах “Оюут сүмбэр” гаалийн хяналтын талбайн зүүн талд тус компанийн эзэмшлийн 19-23 ӨМӨ улсын дугаартай Нордбенц маркийн тээврийн хэрэгслээс дугуй 7 ширхэг, аккумулятор 2 ширхэг, аппаратур 1 ширхэг, асдачер 1 ширхэг, 300 литр түлшийг завшиж бусдад нийт 4,810,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: ”...Би энэ компанид нэг жил гаруй хугацаанд ажиллаж байна. Хэрэг болох өдөр эхнэр маань утасдаад “хүүхэд савлуураар тоглож байгаад толгойгоороо унаад эмнэлэгт хүргэгдсэн. Яаралтай ир.” гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэл цалингаа авахаар хөтөчруу залгахад өгөхгүй гэсэн. Тэр үед үүнээс өөр мөнгө олох арга байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 5-6-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-10-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн /РД:ЖЕ80010683/: “...би “Ван Үрс” ХХК-ийн тээвэр хариуцсан менежерээр ажилладаг. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн манай компанийн эзэмшлийн 19-23 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн авто машины жолооч тээврийн хэрэгслийн хамтаар сураггүй болсон. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг жолооч Гын хамт сураглаж хайсан боловч олдоогүй. ...манай компанийн өвөр монгол Чимэгээ над руу яриад 19-23 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн авто машин Оюут сүмбэрийн зүүн талд байна очоод үз гэж хэлсэн. Би очоод үзэхэд дугуй 7 ширхэг, аккумулятор 2 ширхэг, аппаратур 1 ширхэг, асдачер 1 ширхэг, 300 литр түлш алдагдсан байдалтай байсан. ...миний зүгээс болон компанийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, Г.Г нь манай компанид ажиллаж хохирлыг барагдуулна гэж тохиролцсон. ” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнг-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 06 дугаар 29-ний өдрийн №125/01б дугаартай авто машин техникийн үнэлгээний: “...19-23 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсэн эвдрэл, хохирол зах зээлийн үнэлгээгээр 4,810,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-н 24-р хуудас/,
Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-н 41-42-р хуудас/,
Шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн: “...намайг байхгүй байхад машин нь эвдэрсэн байсан. Гэтэл миний цалингаас суутгана гэхээр нь бухимдахдаа машины эд ангийг тоноод зарчихсан. ...би буруу зүйл хийснээ ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/,
Шүүгдэгч Г.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 48-р хуудас/,
Шүүгдэгч Г.Гын гадаад паспортын хуулбар /хх-н 46-р хуудас/,
Г.Гын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 50-69-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч Г.Г нь “Ван Үрс” ХХК-нд жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт байрлах “Оюут сүмбэр” гаалийн хяналтын талбайн зүүн талд тус компанийн эзэмшлийн 19-23 ӨМӨ улсын дугаартай Нордбенц маркийн тээврийн хэрэгслээс дугуй 7 ширхэг, аккумулятор 2 ширхэг, аппаратур 1 ширхэг, асдачер 1 ширхэг, 300 литр түлшийг завшиж бусдад нийт 4,810,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч “Ван Үрс” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 19-23 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслэлд учирсан хохирол нь шүүгдэгч Г.Гын тус тээврийн хэрэгслээс дугуй 7 ширхэг, аккумулятор 2 ширхэг, аппаратур 1 ширхэг, асдачер 1 ширхэг, 300 литр түлш зэргийг авч завшин, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгөд нь халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Г.Гыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч “Ван Үрс” ХХК-д хохирол учирсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн мэдүүлэг / хх-ийн 14-16 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 123/01б дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-н 24 дүгээр хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 4,810,000 /дөрвөн сая найман зуун арван мянга/-н төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж хохирогч “Ван Үрс” ХХК-ийн төлөөлөгч Б.Болормаатай эвлэрч, тохиролцсон байх тул шүүгдэгч Г.Гыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид учирсан хохирол төлбөрт 4,810,000 /дөрвөн сая найман зуун арван мянга/-н төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Гд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганпүрэвийн Гыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Гд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Г нь тэнсэгдсэн 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гаас 4,810,000 /дөрвөн сая найман зуун арван мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч “Ван Үрс” ХХК-д олгосугай.
5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Г.Гын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Гд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН