Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/417

 

2026           04            09                                                                        2026/ДШМ/417

 

Б.Ө-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Б.Ө-,  

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ө-д холбогдох 2511000000989 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б- овгийн Б-ийн Ө-, 1986 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ....... тоотод оршин суух, /РД: ЧБ-/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 564 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялаас 1 жилийг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Б.Ө- нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Г.Б-гийн итгэмжлэн хариуцуулсан FX-3 SONY загварын камер, 24x70 милльметр хэмжээтэй Sony загварын камерын дуран, Rhode загварын энгэрийн микрофон, Magic 3 pro dgi загварын дрон, Meta 2 загварын VR төхөөрөмж, Osmo Pocket 3 загварын камер, 256 гегабайт багтаамжтай 200mbc ST карт зэргийг завшиж 23,596,930 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Ө-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ө-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-аас 18.100.630 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-д олгож, шүүгдэгч Б.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс “УТ интертаймент” студид зураглаач, эвлүүлэгчээр туршилтын эхний сар 2,000,000 төгрөг, дараа сараас эхлэн тогтмол 3,500,000 төгрөгөөр ажиллахаар менежэр Г.Т-тэй амаар тохиролцон ажиллаж эхэлсэн. Менежэр Г.Т- тухайн үед захирал Б-д хэлсэн, чиний цалинг бид хоёр 50:50 хувиар гаргаж өгөхөөр ярилцсан гэж хэлсэн. Ажиллаж эхэлсэнээс хойш 1 сар өнгөрөхөд ямар ч цалин хөлс өгөөгүй, цалингаа нэхэхээр удахгүй өгнө гэж байнга хэлж байсан.

Миний бие эхнэр Н.У-, хүү Ө.Э- 2 настай, бид гурав сарын 1,200,000 төгрөгийн төлбөртэй түрээсийн байранд амьдарч байсан. Хүүхэд харах хүнгүй тул эхнэр ажил хийх боломжгүй би ганцаараа ажиллаж ахуй амьдралаа залгуулж байсан. Цалингаа авч чадахгүй 1 сар өнгөрхөд түрээсийн байрны төлбөр, хоол, ахуйн хэрэглээ, тог цахилгаан, хүүхдийн памперс, нэмэлт тэжээл гэх мэт бүх зардал нэхэгдээд байхаар нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Dji дроне” 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “VR төхөөрөмж” 150,000 төгрөгөөр тус тус ломбарданд барьцаанд тавьж хэрэглээндээ зарцуулсан. Барьцаалсан зүйлийг буцааж авахдаа авах цалингаасаа суутгуулж авахаар Г.Т-, Б- хоёртой ярилцаж тохирсон байсан.

Ингэж явсаар дахин 1 сар өнгөрч энэ хугацаанд таньж мэдэх хүмүүсээс мөнгө зээлж амьдралаа залгуулж байсан боловч сүүлдээ мөнгө зээлэх ч хүнгүй болж манай гэр бүлийн байдал хүнд байдалд орж байсан. Тэр үед эхнэр маань бие давхар болж хордлого өгөөд, бие нь өвдөөд байгаагаа хэлж эмнэлэгт үзүүлж эмчилгээ хйилгэж хяналтад орох зайлшгүй шаардлага тулгарсан тул аргагүйн эрхэнд SONY загварын иж бүрэн камерыг ломбарданд барьцаалж 4,000,000 төгрөгөөр тавьсан. Энэ өдрөөс хойш 6 хоногийн дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б- гэрт ирж ломбарданы камер тавьсан бичгийг авч явсан. Тухайн өдрөөс хойш уг камерыг би 14 хоног тутам сунгуулж явсаар 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн сунгалт хийх гэж залгах үед зарагдсан гэж хэлсэн. Энэ үйлдлээсээ болж би шүүхээс 6 сар хоригдох, 18,000,000 төгрөгийн хохирол төлөхөөр шйитгүүлж уг ялаа биеэр эдлээд 64 хоног хоригдож байна.

Би гэм буруугаа хүлээж хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж, гэмшиж уучлалт хүсэж байна. Хохирлын төлбөрийг ажил хөдөлмөр эрхэлж хурдан хугацаанд төлж барагдуулах болно. Одоо сэтгэл зүй, санхүүгийн хүнд нөхцөл байдалд түрээсийн байрнаас хөөгдөж хэцүү амьдарч байгаа эхнэр, хүү хоёртоо очиж сайн хань, сайн эцэг байж тэр хоёрынхоо төлөө зөвөөр ажиллаж амьдармаар байна.

Иймд эдлээгүй үлдсэн хорих ялыг минь хорихоос өөр төрлийн ялаар сольж хөдөлмөр эрхлэх боломжийг олгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ө-ы өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцахад миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруу болон хохиролтой холбоотой маргадаггүй. Миний үйлчлүүлэгчийн биеийн байцаалтад одоогоор эрхэлсэн ажилгүй гэж бичсэн байсан. Гэвч миний үйлчлүүлэгч хамтлагийн дуучнаар ажилладаг. Одоо төгсөлтийн баяр эхэлж байгаатай холбоотой хамтлагийн гишүүд нь захиалга ирсэн байгаа гэж надтай холбогдсон. Хэрэв миний үйлчлүүлэгчийн ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөх юм бол хамтлагийн үйл ажиллагаандаа оролцож хохирол төлбөрөө төлөх боломжтой болно. Мөн эхнэр, хүүхдийнх нь амьдрах нөхцөл нь дээрдэнэ гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн тухайд ялын хувьд сонгох санкцтай байгаа. Тиймээс түүнд оногдуулсан ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Ө-ы хувьд шүүхийн шатанд хохирол, төлбөр төлөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх Б.Ө-д хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шинж, тухайн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан үзэж хамгийн доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Уг ял нь тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Ө-ы гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Ө- нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Г.Б-гийн итгэмжлэн хариуцуулсан FX-3 SONY загварын камер, 24x70 милльметр хэмжээтэй Sony загварын камерын дуран, Rhode загварын энгэрийн микрофон, Magic 3 pro dgi загварын дрон, Meta 2 загварын VR төхөөрөмж, Osmo Pocket 3 загварын камер, 256 гегабайт багтаамжтай 200mbc ST карт зэргийг завшиж 23,596,930 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас /хх 1-2/,

хохирогч Г.Б-гийн “...Би 2024 оны 10 дугаар сард зураг бичлэгийн студи Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Э- дугаар байрны Э- тоот хаягт нээгээд би өөрөө эхний 4 сараа ажиллуулаад ашиггүй ажиллаад байхаар нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр туршлагатай гэх Т-, У- гэх 2 хүнийг зураглаачаар ажилд авсан юм. Т- гэх менежер доороо зураглаачаар Ө- гэх хүнийг ажилд авсан. Би 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өөрийн студи дээрээ ирэхэд миний тоног төхөөрөмж байхгүй болсон байсан. Би тэгэхээр нь У-аас тоног төхөөрөмж хаана байна гэхэд мэдэхгүй Ө- оффисоос дур мэдэн камер, тоног төхөөрөмж зэргийг аваад явсан гэхээр нь би Ө- руу залгахад орой аваачаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээлээ тэгсэн байхгүй. Тэгээд би 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ө-ы гэр болох Баянгол дүүргийн Хан Жаргалант өргөө У- дүгээр байрны У- тоот хаягт очоод уулзахад Ө- надад хэлэхдээ танай камерийг ломбарданд 4.200.000 төгрөгөөр, дроныг 1.000.000 төгрөгөөр тавьсан, би өөрийн гэрийн хөргөгчөө зараад мөнгийг чинь өгнө гэсэн юм ярьсан. Тэгэхээр нь би итгээд хүлээсэн гэтэл байхгүй болсон. Тэгэхээр нь би 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цагдааг өгье гэж шийдээд Ө- руу хэлтэл над руу би ажил хийгээд төлөх бололцоо байна уу гэж надаас гуйхаар нь би өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрийн 2.800.000 төгрөгийн үнэ бүхий камераа өгөөд яваад ажил хийчих гэсэн утсаа салгаад алга болон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /хх 12-13/,

хохирогч Г.Б-гийн дахин өгсөн “....2025 оны 04 дүгээр сараас манай зураглаач Т- гэх хүн Ө- гэх хүнийг зураглаачаар студид сургаж ажилд авсан байсан. Би студи дээрээ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр очиход FX-3 sony маркийн камер, 24*70 хэмжээтэй sony маркийн утасгүй микрофон, magic Зрrо dgi загварын дрон, meta 2 загварын VR төхөөрөмж, Osmo pocket 3 загварын камер зэрэг эд зүйл алга болсон байсан. Намайг очиход У- байсан би тоног төхөөрөмж хаана байнаа гэхэд Ө- аваад явсан гэсэн. Тэгэхээр нь би Ө- руу залгахад орой аваачаад өгнө гэсэн. 2025 оны 06 дугаар сарын 02-нд гэрт нь очиж уулзахад ар гэрт мөнгөний асуудал гараад мөнгөний асуудал болоод FX-3 sony маркийн камерыг 2.500.000 төгрөгөөр ломбарданд тавьсан гэсэн, би тэгэхээр нь тухайн үед ойлгоод Т- ахтай нийлээд ломбарднаас камераа өөрөө аваад ажлаа хийх гээд байж байтал, удалгүй дахиад тоног төхөөрөмжүүд маань алга болсон. Тэгэхэд Ө- тухайн үед өөрийн эзэмшлийн хөргөгчөө зарах гэж байгаа зараад аваад өгчихнө гэж бодоод миний тоног төхөөрөмжүүдийг дахин ломбарданд тавьсан байсан. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ө-аар зураглаачийн ажил хийлгээд мөнгийг нь төлүүлж ломбарднаас тоног төхөөрмжүүдээ авъя гээд ажил дээрээ дуудаж уулзаад Osmo pocket 3 загварын камераа өгөөд явуулсан. Тэгтэл ажил хийх байсан газраа очоогүй миний камерыг аваад алга болсон, ингэж явахдаа миний meta 2 загварын VR төхөөрөмжийг хамт аваад явсан байсан. ...” /хх 14/,

гэрч Г.Т-гийн “...2025 оны 03 дугаар сарын сүүлээр манай ажил дээр дуу бичүүлэх гэж Б.Ө- ирсэн тэрнээс хойш танина. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын эхээр ҮТ энтертайнтент студид зураглаач, эвлүүлэгчээр дадлагын ажилтнаар аваад хийж байгаа ажлаа сурах юм бол жинхэлнэ гэж тохироод ажилд оруулсан. Тэгээд Б.Ө-ыг дадлагажуулж байсан юм. Тэгсэн ажилд орсны дараа 10 гаруй хоногийн дараа хийсэн ажлын 1.200.000 төгрөгийг зөвшөөрөлгүй авч цахим мөрийтэй тоглоом тоглосон асуудал гаргаж эхэлсэн. Дараа нь бас студийн дроныг дур мэдэн авч ломбарданд тавьсан байсан. Би зураг авалт хийж байгаад дрон аваад хүрээд ир гэхэд тэр тэр өдрөө ирээгүй маргааш нь надад хэлэхдээ ломбарданд тавьсан гэж хэлсэн. Дараа нь студийн FX-3 маркийн камер, микрофон, камерын линз зэргийг ажилд авч яваад бас хэлэхгүй ломбарданд тавьсан байсан. Тэгэхээр нь би чамайг анх ажилд оруулсан гэхэд чи ямар Б- биш дээ гээд над руу уурлаад миний дугаар, мессенжер зэргийг блоклоод шууд Б-тай ярьсан байсан. Тухайн үед Б-д хэлэхдээ хамаг ажлыг нь би хийсэн, зовж байна зүдэрч байна гээд итгүүлчихсэн байсан. Тухайн үед ажил хийхдээ гүйцээсэн ажил байхгүй хамаг ажил баллаж хаячихаад алга болсон. ...” /хх 18/ гэсэн мэдүүлгүүд,

“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ-725-912575 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн бодит үнийг нийт 23.596.930 төгрөгөөр тогтосон шинжээчийн дүгнэлт /хх 25-32/,

“Найман анд” 4 барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /хх 139/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Ө-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Ө-ыг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хохирогч Г.Б-гийн итгэмжлэн хариуцуулсан FX-3 SONY загварын камер, 24x70 милльметр хэмжээтэй Sony загварын камерын дуран, Rhode загварын энгэрийн микрофон, Magic 3 pro dgi загварын дрон, Meta 2 загварын VR төхөөрөмж, Osmo Pocket 3 загварын камер, 256 гегабайт багтаамжтай 200mbc ST карт зэргийг завшсан гэж гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлсон, мөн гэмт хэргийн цаг хугацааг зөв тогтоожээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хохирогч Г.Б-гийн гэрэл зургийн 7 хэрэгслийг завшсан гэж дүгнэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ө-аас “...Би гэм буруугаа хүлээж хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж, гэмшиж уучлалт хүсэж байна. Хохирлын төлбөрийг ажил хөдөлмөр эрхэлж хурдан хугацаанд төлж барагдуулах болно. Одоо сэтгэл зүй, санхүүгийн хүнд нөхцөл байдалд түрээсийн байрнаас хөөгдөж хэцүү амьдарч байгаа эхнэр, хүү хоёртоо очиж сайн хань, сайн эцэг байж тэр хоёрынхоо төлөө зөвөөр ажиллаж амьдармаар байна. Иймд эдлээгүй үлдсэн хорих ялыг минь хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэхгүй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Ө-ы эрхэлж буй ажил, ар гэр, ахуй амьдралд тохируулж ял оногдуулдаггүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Б.Ө-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Ө-ы 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 93 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ы цагдан хоригдсон 93 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА

 

                                          ШҮҮГЧ                                            Л.ГАЛБАДАР

 

                              ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР