Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01157

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01157

 

 

 

“ХХЗХ” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00924 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХХЗХ” УТҮГ-ын хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан тусгай зөвшөөрлийн төлбөрт 28,470,747 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “Т” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл, хиймэл дагуулын холбооны сүлжээ ашиглах тусгай зөвшөөрлийг тус тус 5 жилийн хугацаатай олгож, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар “Т” ХХК нь 16700005 (1088/А/8Ш5) дугаартай сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан 2016-2017 оны тусгай зөвшөөрөлийн 1 жилийн төлбөр 3,000,000 төгрөг, 2017-2018 оны тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөр 3,000,000 төгрөг, 2018-2019 оны тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөр 3,000,000 төгрөг, 2019-2020 оны тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөр 3,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг төлөхөөс 2019 оны 06 сарын 13-ны өдрийн шийдвэрээр гэрээг хугацаанаас өмнө цуцалсны зөрүү 1,832,826.75 төгрөгийн төлбөр хасагдаж, 10,167,173.25 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. 26700017 (....) дугаартай хиймэл дагуулын холбооны сүлжээ ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан 2016-2017 оны тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөр 5,460,000  төгрөг, 2017-2018 оны тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөр 5,376,000 төгрөг, 2018-2019 оны тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөр 5,376,000 төгрөг, 2019-2020 оны тусгай зөвшөөрлийн 1 жилийн төлбөр 5,376,000 төгрөг, нийт 21,588,000 төгрөг төлөхөөс 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр гэрээг хугацаанаас өмнө цуцалсны зөрүү 3,284,425.53 төгрөг хасагдаж, 18,303,574.47 төгрөгийн үлдэгдэлтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид төлбөрийн нэхэмжлэхийг удаа дараа хүргүүлж байсан, Иймд “Т” ХХК-аас 2 тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 28,470,747.72 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Т” ХХК нь ХХЗХтой 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5 жилийн хугацаатай, сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах тухай 16700005 дугаар тусгай зөвшөөрлийн гэрээг, хиймэл дагуулын холбооны сүлжээ ашиглах тухай 26700017 дугаар  тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. Гэвч тухайн үед уг тусгай зөвшөөрлийг ашиглаагүй бөгөөд Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авснаас хойш өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийн талаар ямар нэг мэдэгдэл өгөөгүй, шаардаж байгаагүй.  Тусгай зөвшөөрлийн гэрээнд төлбөр төлөх огноог тодорхой тусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д зааснаар хариуцагч “Т” ХХК-аас 28,470,747.72 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХЗХ улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэгч ХХЗХ УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-хас улсын тэмдэгтийн хураамжид 300.303 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

 

4.1.  “Т” ХХК нь Харилцаа холбооны тухай хуулийн 13.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл авахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн хариуцагчид өгсөн. Гэтэл ХХЗХноос тусгай зөвшөөрөл гарсан талаар мэдэгдээгүй. 2021 оны 11 дүгээр сард шүүхэд хандсан байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н утсаар ярьж энэ талаар асуухад Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд хариу тайлбараа гаргачих. Тусгай зөвшөөрөл гарснаас хойш 1 жил үйл ажиллагаа явуулахгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл хүчингүй болдог. Шүүхийн уг төлбөрийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хэрэгтэй байгаа ....” гэж хэлсэн. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тухайн үед тусгай зөвшөөрөл гарсан байсан бол уг зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах байсан. Гэтэл тусгай зөвшөөрөл гараагүй учраас үйл ажиллагаа явуулаагүй. ХХЗХ хууран мэхэлж өр төлүүлэх шүүхийн шийдвэрийг гаргуулсан. Харилцаа холбооны тухай хуулийн 14.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулна. Гэтэл хэргийн 8-11 дүгээр талд авагдсан 575А/309 радио давтамж ашиглах гэрээнд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг биш. ХХЗХ, “Т” ХХК-ийн хооронд хэлцэл  байгуулагдаагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “...Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно...” гэж заасан. Хуулийн уг заалттай шүүхийн шийдвэр нийцэхгүй байна. Иймд хүчин төгөлдөр гэрээний улмаас үүргийн эрх зүйн харилцаа үүснэ. Хэрэгт авагдсан гэрээ, зөвшөөрлийг анх удаа харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч “ХХЗХ” УТҮГ-аас гаргасан сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 10,167,173.25 төгрөг, хиймэл дагуулын холбооны сүлжээ ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 18,303,574.47 төгрөг, нийт 28,470,747.72 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч “Т” ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

4. Нэхэмжлэгч нь Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, гэрээний төлбөрийг Харилцаа холбооны тухай хуулиар тогтоосон журмын дагуу хариуцагчаас шаардах эрхтэй, харин хиймэл дагуулын холбооны сүлжээ ашиглах тусгай зөвшөөрөл, гэрээний төлбөртэй холбоотой нотлох баримтгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.   

 

4.а. Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна гэж заасан. Нэхэмжлэгч ХХЗХ 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1088/А/SN05 дугаартай Монгол улсын нутаг дэвсгэрт сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хариуцагч  “Т” ХХК-д олгож, тус компанитай 1088/А/SN05 тоот Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах “А” ангиллын зөвшөөрлийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулжээ. Гэрээнд хариуцагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Т гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж  баталгаажуулсан байна. /хх12-19/

 

Хариуцагч нь гэрээнд зурагдсан гарын үсгийг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна. Иймд хариуцагчийн “тусгай зөвшөөрөл гарсан талаар мэдэгдээгүй, тусгай зөвшөөрөл олгоогүй учраас үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг биш, гэрээ байгуулагдаагүй” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

 

4.б ХХЗХны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан. Тусгай зөвшөөрөл олгосон цаг хугацаанаас хойш 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж эхлээгүй, одоог хүртэл үйл ажиллагаа явуулаагүй гэх хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй тул 2016-2017 оны төлбөр 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. 2017-2018, 2018-2019 онуудад үйлчлэх тусгай зөвшөөрөл нь дээрх хуульд заасан журмын дагуу хүчингүй болох тул энэ хугацааны 7,167,173 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч нь холбогдох тусгай зөвшөөрөл, хариуцагчтай байгуулсан гэрээг нотлох баримтаар ирүүлээгүй байх тул хиймэл дагуулын холбооны сүлжээ ашиглах тусгай зөвшөөрлийн 2016-2019 онуудын төлбөр гэх 18,303,574 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

       

           Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00924 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 28.470.747.72 ...” гэснийг “... 3,000,000 ...” гэж, “... олгосугай.” гэснийг “... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,470,747 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 300,303 ...” гэснийг ”... 62,950 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,303 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР

         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                            А.МӨНХЗУЛ