Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар бүргэд овогт Батчулууны Сад холбогдох 1829000000116  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Энержи Ресурс ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Рашаант тосгон Дөхөм хороолол 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хар бүргэд овгийн Батчулууны С. /РД:МК93112114/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 198 дахь км-т С.Энхболдыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 03-р хуудас/,

Хохирогч С.Энхболдын /РД:ВП71050517/: “...Тухайн үед гартаа духны гар чийдэн барьчхаад нүд рүү тусгаад хаана байгаа нь мэдэгдэхгүй бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад байж байтал С гэнэт 3-4 дуаа миний элэг рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохих гэтэл С надад оногдоогүй зугтааж байснаа гэнэт миний нүүр рүү 2 удаа гараараа цохихоор нь би нүүрээ дараад явган суусан. Тэгсэн миний аман дотор цус амтагдаад байхаар нь шүлсээ хаятал шүд хамт хаягдсан. Тэгээд гэрэл тусгаад шүдээ хайгаад байж байтал урагшаа оочер шахаад С машинаа асаагаад яваад өгсөн. Надад одоогоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол болох эмчилгээний 800,000 төгрөгийг С бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...С.Энхболдын биед гурван шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтмол 15% алдагдуулна.” Гэх дүгнэлт /хх-н 14 дүгээр хуудас/

Б.Сын яллагдагчаар өгсөн: “...би машины араас мөргөх шахлаа ш дээ гэхэд тэр ах би явдгаараа явж байна гэхээр нь би “бусдад гай бололгүй яв л даа гай олох мөрөөрөө өөртөө гай бол” гэхэд тэр ах уурлаад машинаасаа бууж ирээд намайг 7-8 удаа цохиж дайрахаар нь би оногдолгүй бултаад гэдэс рүү нь 2 удаа цохисон. Би тэр ахын нүүр рүү 1 удаа цохисон. Гэтэл нөгөө ах миний шүд уначихлаа гээд шүдээ хайгаад эхэлсэн. Би Энхболд ахад бэлнээр 800,000 төгрөг өгсөн. Бид хоёр эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Шүүгдэгч Б.Сын хувийн байдлын талаар:

Б.Сын иргэний үнэмлэх болон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 25-26-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус 1 дүгээр багийн Рашаант тосгоны захирагчийн тодорхойлолт /хх-н 27-р хуудас/,

Б.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28-р хуудас/,

Б.Сын арилжааны банкнуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 30-55-р хуудас/,

Хохирогч С.Энхболдын хохирлын баримтууд, хохирол төлбөргүй, санал, гомдолгүй гэсэн хүсэлт /хх-н 56-60-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 198 дахь км-т С.Энхболдыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогч С.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-н 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. .

Хохирогч С.Энхболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь Б.Саас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Хар бүргэд овгийн Батчулууны С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянган/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан 500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 1  /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Сын  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА