| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/0420/Э |
| Дугаар | 2026/ДШМ/23 |
| Огноо | 2026-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/23
2026 04 08 2026/ДШМ/23
Х.Пид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Шүүгдэгч Х.П
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Х.Пийн давж заалдах гомдлыг үндэслэн Х.Пид холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Жаргалтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овогт Х-н П, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Х.П нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18:00 цагийн орчим аймгийн сумын баг “Б” цэцэрлэгийн баруун талд хүүгээ өмөөрч, “хүүхэд нийлж зодлоо” гэсэн шалтгаанаар бага насны буюу 11 настай, биеэ хамгаалж чадахгүй хохирогч Б.Б-г алгадах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Х.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч А овогт Х-н Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 878 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг, Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Поос 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгож, хичээлийн хоцрогдол арилгах сургалтын зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нь нээлттэй үлдээж,
Хэрэгт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцгийг уг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.П цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.П давж заалдах гомдолдоо: “ ... Шүүх хэргийн баримтыг үнэн зөв хөтөлбөргүй байдлаар үнэлээгүй тухайд: Шүүхийн шийдвэрийн 10 дугаар талд “Б.Б-н сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлага гэснийг үндэслэн 4-8 хувиар тогтоож болно гэдгээс 8 хувиар тооцон 7,920,000 төгрөгөөр тогтоолоо” гэжээ. Ингэж шийдвэрлэхдээ шүүх хавтаст хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн өндрөөр тогтоосноо шүүхийн шийдвэрт дурдаагүй. Хэрэгт хохирогч Б.Б нэг ч удаа сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болоод сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө үйлчилгээ авч байсан баримтгүй байтал шүүх өөрийн шийдвэрийн үндэслэлийг дурдахдаа харилцан адилгүй хувь хэмжээнээс хэрхэн яагаад өндрөөр үнэлэх үндэслэлтэй талаар бодитой тодорхой үндэслэх хэсэгтээ дурдаагүй. Шүүх сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохдоо дараах зайлшгүй нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй. Үүнд:
а. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хувь хэмжээг хувьчилж бодоход үр дагавар нь бодитой, нотлогдсон байх зарчмын хүрээнд: Хохирол, түүний үр дагаврыг үнэлэхдээ таамаглал, субъектив мэдрэмж бус, нотлох баримтаар баталгаажсан бодит нөхцөлд тулгуурлах ёстой. Сэтгэцэд учирсан хохирлын хувьд тухайн хохирол үнэхээр үүссэн эсэх, ямар хэлбэрээр илэрч байгаа эсэх, ямар хугацаанд, ямар түвшинд үргэлжилж байгаа эсэх зэрэг нь мэргэжлийн шинжээчийн дүгнэлт, эмчилгээний баримтаар нотлогдох шаардлагатай гэвч хэрэгт дээрх баримт огт байхгүй.
б. Нэг удаагийн үйлдлээр урт хугацааны эмгэг үүссэн байх боломжтой эсэх тухайд: Хохирогч Б.Б нь эхний мэдүүлгээс дараагийн мэдүүлэгтээ сэтгэцэд учирсан хохирлоо зөрүүтэй байдлаар тайлбарлаж эхэлдэг. Нэг удаагийн зөрчил, маргааны дараах айдас, бухимдал, гомдол зэрэг нь хүний хэвийн сэтгэл зүйн хариу урвал бөгөөд үүнийг шууд сэтгэцийн хохирол гэж адилтган үзэх боломжгүй. Хэрвээ эмгэг түвшинд хүрсэн, өдөр тутмын амьдрал, сурлага, хөдөлмөрийн чадварт бодит саад учруулсан гэж үзэж байгаа бол энэ нь заавал эмнэл зүйн баримтаар нотлогдох ёстой байхаас гадна хүүхдийг хичээл сургуульдаа муудсан талаар баримтгүй, мөн түүнчлэн хоцрогдол үүссэн гэх баримт огт хэрэгт байхгүй.
в. Сэтгэцэд учирсан хохирлын үр дагаврын үргэлжлэх хугацааг тодорхойлох боломжтой эсэх: Хохирогч Б.Б-н сэтгэцэд учирсан хохирол нь хэзээ үүссэн хугацаа нь тодорхойгүй, хувь хүний онцлогоос хамаарах шинжтэй тул “одоо хүртэл үргэлжилж байна” гэх дүгнэлт нь ерөнхий таамаглал бус, тухайн цаг хугацаанд хийсэн мэргэжлийн үнэлгээнд тулгуурлах ёстой. Гэвч шүүх хэрэг болсноос хойш хамгийн анх хийгдсэн сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ болох хавтаст хэргийн ХХ-46 дугаар тал болон 47 дугаар талд сэтгэцэд учирсан хор уршиг хөнгөн илэрч байна гэх үнэлгээг яагаад үнэлэх боломжгүй байсан талаараа болон үнэлэх нь хууль зүйн үндэслэлгүй талаараа дурдаагүй. Хэрвээ хохирогч сургууль, ажилдаа хэвийн явж байгаа, эмчилгээ, сэтгэл заслын тасралтгүй хэрэгцээ үүсээгүй, мэргэжлийн байгууллагад хандсан баримт байхгүй бол ноцтой, үргэлжилсэн хохирол учирсан гэж үзэхэд эргэлзээтэй байх бодит логикийн нөхцөл байдлыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан шүүх дүгнэлт гаргаагүй. Хэрэгт авагдсан эрүүл мэндийн баримт болох эмийн сангийн баримтад ханиадны эм болон хордлого тайлах эм, өсөлтийн витамин авч өгсөн нөхцөл байдлаас хохирогчид ямарваа нэгэн байдлаар сэтгэцэд учирсан хохирлыг засах арга хэмжээ авагдаагүй, тийм шаардлага үүсээгүй болох нь хохирол төлбөрийн баримтаас харагдана.
г.Үйлдэл ба үр дагаврын хоорондын шалтгаант холбоог үнэлсэн эсэхийг тооцож үзвэл: Хохирлын үр дагаврыг үнэлэхдээ тухайн үр дагавар яг энэ үйлдлээс шалтгаалсан эсэх, өмнөх сэтгэл зүйн байдал, хүүхдийн өссөн орчин нөхцөл нөлөөлсөн эсэх зэргийг ялгаж салгах ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдийн өмнө нь байсан сэтгэл зүйн эмзэг байдал, эсвэл дараагийн орчны нөлөөг шууд тухайн үйлдэлтэй холбох боломжгүй бөгөөд хүүхдэд үүссэн сэтгэлзүйн гэмтэл хэрхэн юунаас болж ямар төрлийн хэв шинжээр илэрч байгаагаас хамаарахгүйгээр дан ганц шүүгдэгчийн буруутай үйлдэл мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шударга ёсны зарчимтай үл нийцнэ. Иймд шүүх ямарваа нэгэн баримтгүйгээр сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хамгийн өндрөөр тооцож, Эцэг эхийн субьектив дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.
Нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүй тухайд: Шийтгэх тогтоолын 11 дүгээр талд “4. Насанд хүрээгүй хохирогч Б.Бн “2025 оны 1 дүгээр сард аймагт байрлах Х нэртэй хүүхдийн сувилалд 7 хоног амарсан ... гэсэн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар талд авагдсан байна. Хэдийгээр 1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар талд “С ХХК-ийн амралт чөлөөт цагт зориулагдсан бусад төрлийн үйлчилгээ” гэсэн бичилттэй баримт нь тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа ч тухайн сувилалд сувилуулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, мөн Эрдэнэт - Улаанбаатар хоёрын хооронд тээврийн хэрэгслээр зорчсон баримтаар тогтоосон тул сувилуулсан зардалд 2,120,000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авч нотлох баримтын шаардлага хангах талаар тодорхой тусгасан.
Гэвч дээрх байгууллага нь оршин суугаа хаягийн хувьд М хороололд байнгын үйл ажиллагаа эрхэлдэг, амралт, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэггүй болох нь хуулийн этгээдийн нэгдсэн сангийн бүртгэлд заагдсан тоот регистрийн дугаараар баталгаажиж байгаа бөгөөд шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “таны данснаас зарлагын гүйлгээ гарсан баримт бий юу” гэхэд “байхгүй” гэж тайлбарладаг. Иймд дээрх зардал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхаас гадна бодитоор хохирогчийн ар гэрээс гараагүй. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дах хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах эсэх баримтаар тогтоогдоогүй.
Хохирогчийн ирүүлсэн баримт нь хуульд заасан шаардлага хангасан байх зохицуулалтын агуулгатай нийцэхгүй байхад шүүх өөрийн үзэмжээр “хүүхэд яагаад сувилалд явж болохгүй гэж” гэж тайлбарлан 2,120,000 төгрөгийн гараагүй зардлыг гарсан мэтээр дүгнэж хохирлыг хангасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг заасан гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгт хамааралгүй баримтыг шүүхэд гаргаж өгч шүүх үүнийг үнэлж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.П тайлбартаа: ... Өмгөөлөгчөөрөө яриулна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А тайлбартаа: ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тайлбартаа: ... Яагаад ийм ёс бус зүйл хийчхээд ичих нүүргүй давж заалдах гомдол гаргаж байгааг гайхаж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Пийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Х.П нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18:00 цагийн орчим аймгийн сумын баг “Б” цэцэрлэгийн баруун талд өөрийн хүүгээ өмөөрч, “хүүхэд нийлж зодлоо” гэсэн шалтгаанаар бага насны буюу 11 настай, биеэ хамгаалж чадахгүй Б.Б-г алгадах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Пийн гэм бурууг хянан хэлэлцэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож,
шүүгдэгч Х.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүгдэгч Х.Пийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээгээр буюу зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Хууль ёсны бөгөөд Шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.П нь “... хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн өндрөөр тогтоосноо шүүхийн шийдвэрт дурдаагүй ... сувилалд сувилуулсан баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад 2,120,000 төгрөгийн гараагүй зардлыг гарсан мэтээр дүгнэж хангасан нь үндэслэлгүй ...” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудыг үндэслэн насанд хүрээгүй хохирогчийн шинжилгээ хийлгэсэн, витамин, амин дэм, эм, тос авсан болон Эрдэнэт, Улаанбаатар хотын хооронд явсан унааны зардал зэрэг нийт 966.230 төгрөгийг шүүгдэгч Х.Поос гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаартай дүгнэлтэд “...Б.Б-н сэтгэцэд стресст үзүүлэх айдас, түгшилтийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна...сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэсэн /1 хх 46-47 тал/ байх боловч
бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГ0826/180 дугаартай дүгнэлтээр “... 536 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Б-н Б-н сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна ...” гэж /1 хх 228-230/ тогтоожээ.
Анхан шатны шүүх дээрх ЕГ0826/180 дугаартай дүгнэлтийг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон зэргийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, 99.000.000 төгрөгийн 8 хувь буюу 7.920.000 төгрөгөөр тогтоосон нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-тай нийцээгүй байна.
Тодруулбал: Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын Дөрөв буюу Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал /хүснэгт/-д зааснаар хүний сэтгэцэд учирсан эмгэг 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 – 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нөхөн төлбөрийн хэмжээг тооцох тул давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлэн нөхөн төлбөрийн хэмжээг 5.280.000 төгрөгөөр тогтоож зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Б-г Т-т байрлах “Х” гэх газар 7 хоног сувилуулсан хэмээн “С” гэх компанийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2,120,000 төгрөгийн үнийн дүн бүхий е-баримт /QR кодтой/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /1 хх 180 тал/
Гэвч дээрх баримтад хохирогч Б.Б буюу түүний хамаарал бүхий хүний мэдээлэл /нэр, хаяг, утас/ болон мөнгө хүлээлгэн өгсөн хүний нэр огт бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй баримт байх ба шүүх уг баримтыг тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж зөв дүгнэсэн атлаа насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг болон Эрдэнэт – Улаанбаатар – Эрдэнэт хооронд тээврийн хэрэгслээр зорчсон баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж хохирогчийн сувилалд сувилуулсан зардал 2,120,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь “...ээж, хүүхэд хоёр хэвтсэн, хүүхэд ганцаараа очиж болохгүй ... ” гэсэн /1 хх 192 тал/-ээс үзэхэд 2.120.000 төгрөгийн зардалд ямар, ямар зардал орсон нь тодорхойгүйгээс гадна
хохирогч Б.Б нь “Х” гэх газарт хэзээ, хэд хоногийн хугацаагаар сувилуулсан, мөн уг хугацаанд ямар эмчилгээ, сувилгаа хийлгэсэн /хүүхдийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт эсвэл тухайн газрын бүртгэлд бичигдсэн эсэх/, төлбөрийг хэн, хэрхэн /бэлэн, бэлэн бусаар/ төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгч Х.Поос гаргуулахаар шийдвэрлэсэн 10.000.000 төгрөгөөс нөхөн төлбөрийн зөрүү 2.640.000 төгрөг, сувиллын зардал 2.120.000 төгрөг, нийт 4.760.000 төгрөгийг хасч, 5.240.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, дээрх үндэслэлүүдээр гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Б-г сувилалд сувилуулсан зардал 2.120.000 төгрөг болон түүний хичээлийн хоцрогдлыг арилгасантай холбоотой сургалтын зардлын баримтыг тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээхээр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Түүнээс гадна Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тохирсон байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг шүүх шүүгдэгчийн төлбөрийг нөхөн төлөх чадварт нийцүүлэн хуульд зааснаас өөрөөр тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт юм.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх ба ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгүүдийг баримталсан байх тул давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж,
6 дахь заалтын “... 10.000.000 /арван сая/ ...” гэснийг “... 5.240.000 /таван сая хоёр зуун дөчин мянга/ ...” гэж, “... хичээлийн хоцрогдол арилгах сургалтын зардлын баримтаа бүрдүүлж ...” гэснийг “... сувилалд сувилуулсан зардал болон хичээлийн хоцрогдол арилгах сургалтын зардлын баримтаа бүрдүүлж ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Х.Пийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Г.ЖАРГАЛТУЯА