| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0115/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Гт холбогдох 1829000990113 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин, жолооч мэргэжилтэй, хувиараа авто машин жолооддог, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжны 21 дүгээр гудамж 375 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Ганболдын Г /РД:ЦЗ81081371/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Оюу толгой” ХХК-ийн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын 222 дахь км-т “Ван үрс” ХХК-ийн эзэмшлийн 19-23 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж Хонда Си Ар Ви /Honda CR V/ маркийн 6779 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас иргэн Х.Чинбаатарын биед хүндэвтэр хохирол /гэмтэл/, 3.630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанзаяагийн: “... 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би Улаанбаатар хотод байх үед шөнийн 00 цаг өнгөрч байх үед манай аав Х.Чинбаатар нь манай ээж Алимаа руу гар утсаар залгаад “би зам тээврийн осолд орчихлоо” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед манай аав Х.Чинбаатар нь замын машинаар Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед манай аавын биеийн байдал нь нилээд хүнд ярьж чадахгүй байдалтай өвчин намдаах, цус тогтоох тариа хийлгэж ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Б.Болормаагийн: “...19-26 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Ван-Үрс” ХХК-ийн эзэмшлийнх. ...тухайн ослын талаар би мэдэх зүйл байхгүй. ...эмнэлэгт хэвтэж байгаад хэд хоногийн дараа Цагаан хаданд ирэхэд тухайн машин журмын хашаанд байсан. ...хохирол төлбөрт 13,500,000 төгрөгийг манай компанийн зүгээс Х.Чинбаатарын охин Алтанзаяад бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Гэрч Т.Цэрэндоржийн: “...Г.Г “чи хойшоо суу би өөрөө унаж явна” гээд жолоон дээр суугаад машиныг хөдөлгөөнд урагшаа чигээрээ явж байгаад зүүн гар талр уугаа эргээд “Оюу толгой” ХХК руу явах засмал замруу ороод явсан. Явж байгаад би Г.Гийг “согтуу машин барьж яах гээд байгаа юм” гэж хэлээд машиныг түр зогсоогоод жолооны ард суугаад машиныг жолоодоод барагцаагаар 7 орчим км явж байтал Г.Г “би машинаа барина” гэж уурлаад жолоо аваад машиныг унаж явсан. Г.Гийг машин бариад явж байтал урдаас нэг мини жийп маягийн цагаан өнгөтэй машин ирж байгаа харагдахаар нь би Г.Гт “урдаас машин ирж байна” гэж хэлсэн. Тэгээд явж байтал урдаас явж байсан машин мөргөх шиг болсон. Тэр үед Г.Г машинаа зогсоогоод кабины хойд талын орон дээр гарч суугаад намайг “та жолоо барь” гээд суулгаад “та хойшоо нэг хардаа” гэж хэлсэн. Би хартал нөгөө урдаас ирж байсан цагаан машин чиргүүлийн харалдаа замын зүүн талруу гараад зогсчихсон харагдсан. Би Г.Гт ”чи осол хийчхээд намайг жолоон дээр суулгачхаж байгаа юм уу” гэхэд “гайгүй та архи уугаагүй юм чинь хүмүүстэй нь буугаад уулзчих” гээд байсан. Би машинаас буугаад очиход тухайн машинаас 3 залуу бууж ирээд “яасан аймаар явдаг юм” гэж хэлсэн. Тэр үед би Ханбогдын цагдаа эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэр үед Г.Г надад хандаж “үхээгүй юм чинь зүгээр би бүх зардал мөнгийг нь даая, та архи уугаагүй болохоор даагаад гарчих” гэсэн.” гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудас/,
Вендо ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №10248809 дугаартай шинжээчийн: “...Д.Алимаагийн эзэмшлийн 67-79 УНЦ улсын дугаартай Хонда Си Ар Ви /Honda CR V/ маркийн тээврийн хэрэгсэлд зах зээлийн үнэлгээгээр 3,150,000 төгрөгийн хохирол учирсан байна” гэх дүгнэлт /хх-н 50-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 11-ний өдрийн №4688 дугаартай шинжээчийн: ”...Х.Чинбаатарын биед зүүн 5 дугаар хавирганы зөрөөтэй, 7 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, зулай, хүзүүний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хх-н 51-р хуудас/,
Замын шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн: 1. Норд бенз маркийн 19-26 ӨМӨ улсын дугаартай, авто машины жолооч Г.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан үндэслэлтэй байна. 2. 67-79 УНЦ улсын дугаартай Хонда Си Ар Ви /Honda CR V/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Чинбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. 3. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн Зам тээврийн ослын акт, хэргийн газрын үзлэг зэрэг материалууд 67-79 УНЦ улсын дугаартай Хонда Си Ар Ви /Honda CR V/ маркийн тээврийн хэрэгслийн тоормосны мөр байхгүй байгаа тул тогтоох боломжгүй. 4. Хоролсүрэн овогтой Чинбаатар 2010 ны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “В” ангиллын №631435 тоот үнэмлэх хүчинтэй байна. Мөн Ганболд овогтой Г нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “BCDE” ангиллын №162288 тоот үнэмлэх хүчинтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/
Г.Гийн яллагдагчаар өгсөн: ”...”Санхэ” ХХК-ийн хашааны зүүн талаар явж байгаад зам анги руу салдаг уулзвар дээр очиж уулзварыг өнгөрч зогсож байгаад ухарч чиргүүлээ оруулж байгаад буцаж эргэх гэсэн чинь замын шон тулаад багтаагүй. Тэгээд урагшилж байгаад дахин ухрах үйлдэл хийж байсан чинь миний машины урдаас буюу хойд зүгээс жижиг машин их хурдтай ирээд миний жолоодож явсан 19-26 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн дугуй руу мөргөөд замын баруун тал руу шидэгдсэн. Тэр өдөр би архи, пиво уусан байсан учраас үнэртэх байх гэж айгаад Цэрэндоржийг жолоо дээр суулгасан. ...мөргөсөн машинаас 3 хүн гарч ирсэн. Нэг хүн нь элгээ тэврээд байхаар нь эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61-р хуудас/,
Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 81-р хуудас/,
Шүүгдэгч Г.Гийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Г.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63-р хуудас/,
Шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77-р хуудас/,
Шүүгдэгч Г.Гийн арилжааны банкнуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 88-94-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөгоьт аймгийн Ханбогд сумын нутаг Оюу толгой ХХК-ийн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртлэх авто замын 222 дахь км-т “Ван үрс” ХХК-ийн эзэмшлийн 1923 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж 67-79 УНЦ улсын дугаартай Хонда Си Ар Ви /Honda CR V/ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас иргэн Х.Чинбаатарын биед хүндэвтэр хохирол /гэмтэл/, 3.630.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанзаяагийн мэдүүлэг /хх-н 30-31-р хуудас/, гэрч Т.Цэрэндоржийн мэдүүлэг /хх-н 38-р хуудас/, “Вендо” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №10248809 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 50-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 11-ний өдрийн №4688 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-н 51-р хуудас/, шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт /хх-н 41 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Г.Г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Чинбаатар нь шүүгдэгч Г.Гаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Гийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Гт тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгасугай.
3. Шүүгдэгч Г.Г нь 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА