| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0117/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Бд холбогдох эрүүгийн 1829001660111 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, слесарьч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 4-р баг, Баянд оршин суух, ял шийтгэлгүй, Жагар овогт Ванягийн Б /РД:ГН86120410/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч В.Б нь 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт байгалийн ховор ургамал болох 580 кг “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалж, нүүрс тээврийн Фотон маркийн 12-48 ӨМӨ улсын дугаартай, 04-35 БЧ дугаартай чиргүүлийн тэвшинд тээвэрлэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд Гашуун сухайт хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/
- Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-16-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-24-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-31-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 24-р хуудас/,
- Шинжлэх Ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний №129/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65-р хуудас/,
- Ховор ургамлын жагсаалт, экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 76-94-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 36, 37-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жамбалдоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
- Шүүгдэгч В.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч В.Б нь 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт байгалийн ховор ургамал болох 580 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалж, нүүрс тээврийн Фотон маркийн 12-48 ӨМӨ улсын дугаартай, 04-35 БЧ дугаартай чиргүүлийн тэвшинд тээвэрлэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд Гашуун сухайт хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:
-Шинжлэх Ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн: “Уг дээж нь Манай оронд тархдаг Майлцтан (Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр жиргэрүү (saposhnikovia divaricate Schischkin 1951) гэх ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн. Монгол улсын Байгалийн ургамлын тухай (1995) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно. Өдгөө тус ургамлын үндсийг түүж бэлтгэхийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хориглосон БОАЖЯ-ны сайдын тушаалтай” гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,
-“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №129/01 дугаартай шинжээчийн: “Дэрэвгэр жиргэрүү” хатаасан ургамал 1кг нь 15 000” гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,
-хохирогч Б.Алтангэрэлийн өгсөн: “Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохиролыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг. Хуульд заасны дагуу байгал орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
-гэрч Б.Жамбалдоржийн өгсөн: “Дэрэвгэр жиргэрүү ургамал нь ховор ургамал. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараанд хамаардаг. В.Б нь уг ургамлын үндсийг ачиж гаалийн хяналтын бусэд нэвтэрсэн. Уг үйлдэл нь эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэнд тооцдог” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/ болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэхүү үйлдэл нь Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1.2. “экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтанд оруулах;” гэснийг зөрчиж, Монгол улсын хилээр, гаалийн хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг, мөн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч В.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирол төлбөрийн хувьд:
Прокуророос яллах дүгнэлтийн хавсралтад 29 000 000 төгрөгийн шууд хохирол, 145 000 000 төгрөгийн шууд бус хохирол учирсан гэж дурдсан нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлсонтой нийцэхгүй байна. Мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т заасан яллах дүгнэлтийн хавсралтад хохирол хор уршгийн талаарх мэдээллийг тусгана гэснийг анхаарах шаардлагатай.
Уг хэргийн хүрээнд ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан авч, хадгалсан, тээвэрлэснээр байгалийн нөөц баялгийг хомсдуулж хохирол учирсан гэж үзэж, Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчин, уул уурхайн мэргэжилтэнг хохирогчоор тогтоосон байна. Үүний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж зааснаар иргэний нэхэмжлэл гаргах эрхээр нь хангавал зохино.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйл “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэсэн гэмт хэрэгт шууд учирсан үр дагавар болох хохирлыг заагаагүй ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хор учруулснаас үүдэх хариуцлагыг шаардах эрхтэй.
Гэвч дээрх ажиллагааг засварлуулж, нөхөн гүйцэтгэх нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзлээ.
Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-ын 11-д “Байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг заажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 сарын 1-ний өдрийн А/43 дугаартай тушаалд дэрэвгэр жиргэрүүг судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023.01.01-ний өдрийг хүртэл хориглосон байна.
Үүнээс гадна Байгалийн ургамлын тухай хуульд ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацааг хуульчилж, зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тусгажээ.
Харин шүүгдэгч В.Б нь байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасанчлан худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг хийсэн. Байгалийн ургамлыг “хууль бусаар бэлтгэх” гэсэн ерөнхий гэмт хэргийн шинжийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “зөвшөөрөлгүй бэлтгэсэн” гэсэн хохирлыг тодорхойлсон хуулийн нэр томъёоны ойлголттой төсөөтэй хэрэглэхгүй.
Иймд “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж зааснаар 145 000 000 төгрөгийг төлүүлнэ” гэсэн хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Харин шүүгдэгч В.Б нь 2 гэмт хэрэг үйлдсэн тул тус бүрд оногдуулсан дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийд эдлэх ялыг 5 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 850 000 торгох ял болгон тогтоох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эд мөрийн баримтаар хураагдсан нийтдээ 580 кг бүхий 10 шуудай “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг чанар нь муудсан талаарх дүгнэлт гаргаагүй бөгөөд шинж чанар, ашиг тусыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл В.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жагар овогт Ванягийн Быг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, байгалийн ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Бд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 5 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 850 000 төгрөгөөр торгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд оногдуулсан 5 850 000 /таван сая найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэг зааснаар хохирол төлбөрт нэхэмжилсэн 145 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч В.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж нийтдээ 580 кг “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА