Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 432

 

Н.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Н.М-д холбогдох 1934002160418 дугаартай эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 1,166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Алтайн түрүү” ХХК-иас 2,757,574 төгрөг, “Мастер майнинг сервис” ХХК-иас 4,656,173 төгрөг, “Боржигон суварга” ХХК-иас 3,490,024 төгрөг тус тус гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Н.М нь Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа нийт 4 удаагийн үйлдлээр “Аргасайн чулуу ХХК”, Мастер майнинг сервис ХХК, Алтайн түрүү ХХК, “Боржин суварга” ХХК-иудад газар олгохдоо холбогдох хууль тогтоомж буюу “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 55 дугаар зүйлийн 55.1-т “Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна." гэх заалтууд, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “...Аймаг нийслэлийн засаг дарга нь энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ...” тус тус зөрчиж аймгийн засаг даргын эрх хэмжээний хуулийн заалтыг ашиглан шууд захирамж гарган, чулуу олборлолтыг удаа дараа явуулах боломжоор хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэж өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож орон нутагт хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоосон гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл гаргаж байна”  гэжээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт заасан үндэслэлүүд нь хуульд нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох учиртай. Шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлж чадаагүй, хэргийн бүрдэл дутуу байна. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар хэнд, ямар ашигтай давуу байдал олгосон болохыг тогтоож чадаагүй. “Аргасайн чулуу ХХК”, Мастер майнинг сервис ХХК, Алтайн түрүү ХХК, “Боржин суварга” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон Төв аймгийн Эрдэнэ сумын газрын даамал И.Г нарын мэдүүлэгт дурдагдсанаар Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.Э, Төв аймгийн Засаг даргын орлогч Д.М нар чулуу олборлох, газар олгох зэрэг үйлдэлд зуучилсан болох нь нотлогддог. Гэтэл дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байдаг. Мөн Н.М ажлын алдаа гаргаж, сумын төсөвт тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулсан болохыг дүгнэсэн. Хэрэгт шүүгдэгчийг шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоох баримт авагдаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Н.М-д холбогдох хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Н.М 4 удаагийн үйлдлээр өөрт олгогдоогүй эрхийг эдэлж аж ахуй нэгжүүдэд газар олгосон. Хууль бус захирамж гаргасны улмаас Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Боржин суварга” ХХК-ийн чулуу олборлох үйл ажиллагаагаар 1,605,012 төгрөг, нөхөн сэргээлтийн 280,026 төгрөг, “Алтайн түрүү” ХХК-ийн үйл ажиллагаагаар 1,204,932 төгрөг, нөхөн сэргээлтийн 276,000 төгрөг “Мастер майнинг сервис” ХХК-ийн ажиллагаагаар 1,374,000 төгрөг, нөхөн сэргээлтийн 708,038 төгрөгийн хохирол байгаль орчинд учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг прокурорт буцаасан. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор тодорхойлсон. Анхан шатны шүүх Н.М-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын шатны шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.М-д холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Н.М-г Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Анхан шатны шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаар өөрт болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай ямар давуу байдал бий болгосон болохыг нотлоогүй, Эрүүгийн хуульд давуу байдал гэдгийг тодорхойлоогүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо хууль хэрэглээний алдаа гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримтууд хэрэгт нэгэнт цугласан байдлыг үндэслэн анхан шатны шүүх Н.М-н гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад давж заалдах шатны шүүх гэмт хэргийн нотлогдсон байдлын хэмжээ хязгаараас хальж хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх шинж чанаргүй байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Энэ хэргийн тухайд Н.М нь өөрт олгогдсон албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, хэтрүүлэн ашиглаж, Газрын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудад тусгагдсан аймгийн засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргах, сумын орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас шийдвэрлээгүй асуудлаар албан бичиг үйлдэн аймгийн орон нутгийн өөрөө удирдах байгууллагад илгээн дэмжүүлэх байдлаар аж ахуй нэгжүүдэд чулуу олборолт явуулах болон газар эзэмших ашиглах боломж хууль бусаар олгосон үйлдэл нь төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаал”-ын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс захирамжийг гаргахдаа энэ заалтыг анзаараагүй, өөрийн албан ажилдаа хайхрамжгүй, хайнга хандсаны улмаас буруу шийдвэр гаргасан гэх байдлаар өмнөх шатны шүүхүүдэд гэм буруугийн асуудлаар маргасаар иржээ.

Гэтэл албан тушаалтан хайнга хандах гэдгийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлвэл зохих үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй үйлдэл гэж ойлгох бөгөөд Н.Мы нэг удаагийн бус дөрвөн удаагийн давтамжтайгаар бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, прокурор Т.Төмөртулгын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                                ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН