Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0546

 

“Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чулуунбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Ц нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х х” ХХК-ийн “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан “Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч би тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нь “Х х” ХХК-ийн А/574 дүгээр захирамжаар эзэмшдэг 7 га газрыг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд анхан шатны шүүхээс дүгнэхдээ /шийдвэрийн 8 дугаар нүүр, 4-10 мөр/ “Дээрх байдлуудаас дүгнэхэд аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудын хүрээнд, өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А/78 дугаартай захирамж гарган “Х х” ХХК-д 7 га газар ашиглуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй” гэж тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1-д зөвхөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-ийг үндэслэжээ.

Энэхүү шийдвэрийг дараах 3 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно.

- Маргаан бүхий А/78 дугаар захирамжийн хууль хэрэглээний үндэслэл болон түүнийг зөвтгөсөн шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний үндэслэлийн хувьд,

- Хариуцагчийн гаргасан захиргааны акт болон шүүхийн хэрэглэсэн хуулийн үндэслэлийг бодит нөхцөл байдалтай уялдуулан хавтаст хэрэгт цугларсан баримттай харьцуулсан дүгнэлтийн хувьд,

- Болж өнгөрсөн бодит нөхцөл байдлыг шүүхийн шийдвэртэй харьцуулах зэрэг үндэслэлээр энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

1. Маргаан бүхий А/78 дугаар захирамжийн хууль хэрэглээний үндэслэл болон түүнийг зөвтгөсөн шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний үндэслэлийн хувьд:

Маргаан бүхий А/78 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл болон 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн.

Нэгдүгээрт: Газрын тухай хуульд эрх бүхий этгээд буюу захиргааны байгууллагаас иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан 6 үндэслэлийн аль нэгийг нь хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдэж, хангагдсан тохиолдолд иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгох сөрөг нөлөөлөл бүхий актыг гаргах хууль зүйн зохицуулалттай. Үүнээс бусад үндэслэлээр бусдын газар эзэмших эрхийг дуусгавар болгож болохгүй болно.

Хариуцагчаас А/78 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар “Хуульд үндэслэх” зарчмыг баримтлах үүргийнхээ хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г хэрэглэсэн байх бөгөөд энэхүү заалтыг хэрэглэхэд дараах урьдчилсан нөхцөл бүрдэж, хангагдсан байх ёстой.

- Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар газар эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх,

- Газар эзэмшигч нь газар эзэмших гэрээтэй байх,

- Газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан зориулалтаар 2 жил ашиглаагүй байх,

- Газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан зориулалтаар 2 жил ашиглаагүй байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй байх зэрэг нөхцөл бүрдэж байж тухайн заалтыг хариуцагч тал нь хэрэглэх учиртай.

“Х х” ХХК-д газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажиллагаа нь: Газар эзэмших эрх олгосон А/574 дүгээр захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 3-д зааснаар “Газар ашиглуулагчид холбогдох хууль журмын дагуу газрыг хүлээлгэн өгч, газар ашиглах гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхийг газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /н.М/-т даалгасугай” гэж, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллагын хийх үйл ажиллагаа бөгөөд А/574 дүгээр захирамжийн 3-д зааснаар албан тушаалтанд үүрэг болгон даалгаж шийдвэрлэсэн хариуцагчийн хийх ажиллагаа болно. Гэтэл энэхүү захиргааны байгууллагын үйл ажиллагаагаа явуулалгүй “Х х” ХХК-д газар ашиглах эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажиллагаагаа хийхгүйгээс болж, “Х х” ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 21-ний байдлаар газар ашиглах гэрээ байхгүй, гэрчилгээ байхгүй нөхцөл байдалтай байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгч нь энэхүү нөхцөл байдлыг мөн дүгнэсэн байдаг. Шийдвэрийн 7 дугаар нүүрний 17 дугаар мөрөнд: “Хэдийгээр гэрээ байгуулж гэрчилгээ олгогдоогүй боловч” гэж, мөн шийдвэрийн 7 дугаар нүүр, 32-35 мөр, 8 дугаар нүүр, 1-3 мөрүүдэд “....гэсэн заалтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч компани аймгийн Засаг даргын шийдвэрээр олгосон 7 га газрыг ашиглах тухай гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй нь тухайн газар ашиглах эрх үүсээгүй гэж шүүх дүгнэлээ” гэж тус тус тайлбарласан байдаг.

Тэгэхээр хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г хэрэглэх хууль зүйн үндэслэл тухайн үед байсан эсэхийг үзвэл:

- Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар газар эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх -“Х х” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч талаас олгоогүй.

- Газар эзэмшигч нь газар эзэмших гэрээтэй байх -“Х х” ХХК-д газар эзэмших гэрээ хариуцагч тал нь байгуулаагүй.

- Газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан зориулалтаар 2 жил ашиглаагүй байх -Хариуцагчаас нэхэмжлэгч талтай газар ашиглах гэрээ байгуулаагүй тул хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй гэх нөхцөл бий болохгүй.

- Газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан зориулалтаар 2 жил ашиглаагүй байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй байх -Нэгэнт өмнөх 3 урьдчилсан нөхцөл бүрдээгүй, мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д зааснаар хариуцагчаас гэрээ, гэрчилгээ байгуулж, олгоогүй тул газрыг ашиглах боломжгүй тул 2 жил дараалан ашиглах боломж бүрдэхгүй.

Дээрх бүгдээс харвал Орхон аймгийн Засаг дарга нь А//78 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу энэхүү хуулийн заалтыг хэрэглэх хууль зүйн болон бодит үндэслэл бүрдээгүй байсан болно.

Хоёрдугаарт: Маргаан бүхий А/78 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд энэхүү заалт нь дангаараа газар эзэмшигчийн эрхийг хүчингүй болгох үр дагавар үзүүлэх зохицуулалт биш буюу харин ч  газар эзэмшигчид хориглосон агуулгыг илэрхийлсэн заалт болно.

Хариуцагчаас А/78 дугаар захирамжийг гаргахдаа бие биенээ үгүйсгэсэн эсрэг утга бүхий хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл болон 27.4 дэх заалтаар нэхэмжлэгчийг “газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээгүй атлаа” газрыг ашигласан гэж буруутгасан атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар “газрыг гэрээн дэх зориулалтаар 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэг дор буруутгадаг. Нэг болохоор гэрчилгээгүй ашигласан гэж буруутгаад нөгөө талаараа 2 жил гэрээн дэх зориулалтаар ашиглаагүй гэж бие, биенээ үгүйсгэсэн хуулийн заалтыг үндэслэж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосноороо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим”-ыг хангаагүй болохыг харж болно.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн дээрх үндэслэлийг зөвтгөхдөө Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар зөвхөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл болон 27.4 дэх заалтыг үндэслэж шийдвэрээ гаргасан байдаг.

Гэтэл “Х х” ХХК-ийг газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр тухайн 7 га газрыг ашигласныг хариуцагч нь нотлоогүй, үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн хэргийн талууд тухайн “7 га газрыг ерөөсөө ашиглаагүй” гэдэг асуудал дээр бүгд санал нийлдэг бөгөөд энэ байдлаараа анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талыг “газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газрыг ашигласан” гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Мөн шийдвэртээ /7 дугаар нүүр, 32-35 мөр, 8 дугаар нүүр, 1-3 мөр/:....гэсэн заалтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч компани аймгийн Засаг даргын шийдвэрээр олгосон 7 га газрыг ашиглах тухай гэрээ байгуулж гэрчилгээ аваагүй нь тухайн газар ашиглах эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ” гэж үзсэн атлаа яаж, юуг үндэслэж “Х х” ХХК-г “газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газрыг ашигласан” гэж буруутгаж, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан асуудлыг зөвтгөсөн нь үнэхээр үндэслэлгүй болно. Газрыг нэхэмжлэгч нь ашиглаагүй болохыг тогтоосон атлаа үүнийхээ эсрэг “газрыг ашигласан” гэж үзэж тус заалтаа үндэслэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тайлбар нь хэрэглэсэн хуулийн заалттайгаа зөрчилдөж буйг харж болно.

Иймд маргаан бүхий захирамж болон шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний асуудал дээрх үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй болно.

2. Хариуцагчийн гаргасан захиргааны акт болон шүүхийн хэрэглэсэн хуулийн үндэслэлийг бодит нөхцөл байдалтай уялдуулан хавтаст хэрэгт цугласан баримттай харьцуулсан дүгнэлтийн хувьд:

Нэгдүгээрт: Шийдвэрийн 6 дугаар нүүр 24-26 мөрөнд “... гэж хуульчилсан байгаагаас дүгнэхэд газар ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг захиргааны байгууллагад үүрэг болгоогүй байна”, шийдвэрийн 6 дугаар нүүрний 32-34 мөрөнд “Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй нь зөвхөн захиргааны байгууллагын үүрэг байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй”, шийдвэрийн 7 дугаар нүүр 3-7 мөрөнд “..83 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ олгох журмыг тодорхой зохицуулсан ба газар ашиглах гэрээ байгуулж гэрчилгээ олгоход захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид давуу эрх олгож, үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй болохыг анхаарах нь зүйтэй” гэж маргаагүй зүйлсийн /иргэн давуу эрхтэй гэх/ талаар дүгнэлт өгөхийн сацуу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч тал нь анхнаасаа нэхэмжлэлдээ, шүүх хуралдааны шатанд ч газрын гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэх ажиллагаа нь захиргааны байгууллагын чиг үүргийн хүрээний асуудал бөгөөд иргэн хуулийн этгээд өөрөө сайн дураараа хэрэгжүүлдэг ажиллагаа биш гэж маргадаг. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “захиргааны байгууллагын газар ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажиллагааг захиргааны байгууллагад үүрэг болгосон үйл ажиллагаа биш” гэж тайлбарлаж, “энэхүү үйл ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцоно” гэж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-ийг үндэслэж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байна.

Хоёрдугаарт: Шийдвэрийн 7 дугаар нүүр, 11-16 дугаар мөрөнд: “Захиргааны байгууллагын зүгээс гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг “Х х” ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгч компани Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар олгосон 7 га газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой байсан нь хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг дарга нарт гаргаж байсан хүсэлтүүд болон гэрч Т.Г-ын мэдүүлгүүдээр нотлогдож байна” гэжээ. 

 Хариуцагч талаас энэхүү маргаан бүхий А/78 дугаар захирамжийг гаргахдаа “Х х” ХХК-г “захирамжаа гаргачхаад л ямар ч ор сураггүй 2 жил гаруйн хугацаанд алга болсон” мэтээр захирамжаа үндэслэж гаргадаг ба шүүх хуралдаан дээр болон бичгэн хариу тайлбартаа тайлбарладаг.

Тэгээд энэ хооронд хариуцагчаас л зөвхөн нэхэмжлэгчид хандаж “газрын гэрээгээ байгуул, гэрчилгээгээ ав” гэж удаа дараа мэдэгдсэн мэт тайлбарладаг ба шүүх ч энэхүү нөхцөл байдлыг туйлын үнэн мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгожээ.

Нэхэмжлэгч талаас анхнаасаа шүүхэд мэдүүлдэг: “Орхон аймгийн Засаг даргаас гэрээгээ байгуул, гэрчилгээгээ ав” гэж нэг ч удаа хандаагүй ба нэхэмжлэгч тал нь 2 жил гаруйн хугацаанд ор сураггүй алга болоогүй харин ч тогтмол Засаг даргатай харилцаж байсан.

 Удаа дараа мэдэгдсэн эх хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтад:

1. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар албан бичгийг хавтаст хэрэгт өгсөн байх бөгөөд энэхүү албан бичигт “2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор газар ашиглах гэрээ байгуулан, гэрчилгээ авч, газраа баталгаажуулахыг мэдэгдье” гэжээ.

2. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 дугаар албан бичгээр мөн “гэрээ байгуулж, гэрчилгээ авах”-ыг даалгасан байна.

Дээрх 2 албан бичгээс өөрөөр Орхон аймгийн Засаг даргаас “Х х” ХХК-д гэрээ байгуулж гэрчилгээ авахыг мэдэгдсэн албан бичгүүд хавтаст хэрэгт байхгүй бөгөөд энэхүү 2 албан бичгийг нэхэмжлэгчид гардуулсан гэх баримтуудыг хавсаргажээ.

Хавсаргасан 2017 оны “Явуулсан бичгийн дэвтэрт”:

- 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28 тоот албан бичгийг гардуулсан тухай нэг ч тэмдэглэл байхгүй.

- 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 дугаар албан бичгийг гардуулсан гэх 155 дугаар хэсгийг үзэхэд “гэрч Т.Г-ын 99........ дугаарыг бичсэн, “Э” гэдэг хүний гарын үсэг байгаа юм. Үүний дагуу “Х х” ХХК-д 2017 онд ийм хүн ажиллаж байсныг харьяа нийгмийн даатгалаас лавлагаа авч шалгахад ““Х х” ХХК-д 2017 онд нэг албан ёсны ажилтан байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна” гэсэн хариу ирдэг. Хариуцагчаас энэхүү н.Э гэдэг хүнийг нэхэмжлэгч компанийг итгэмжлэлээр төлөөлсөн этгээд байж болзошгүй гэдэг тайлбарыг өгдөг мөртлөө тухайн бичгийг авахдаа үзүүлсэн гэх “Итгэмжлэл”-ийг нь өөрсдөө гаргаж өгдөггүй буюу тайлбараа үндэслэж чаддаггүй. Энхтунгалаг гэдэг хүн ерөөсөө тус компанид байдаггүй ба хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан, хариуцагчаас ч хүлээн зөвшөөрдөг Т.Г гэж хүн тус компанийг 2017 онд төлөөлөх эрхтэй “Итгэмжлэл”-ийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэхүү “Итгэмжлэл”-ийн бүрэн эрхийн дугаар 3 гэсэн хэсэгт “Гэрээний эхийг боловсруулах” гэсэн эрх хэмжээ олгогдсон байсан.

- Явуулсан бичгийн 224 дүгээр мөрөнд 369 дүгээр албан бичгийг итгэмжлэлтэй Т.Г-д “гардуулсан” гэсэн боловч энэхүү албан бичиг нь өөр утгатай зүйлийг шаардсан “газрын гэрээ байгуул гэрчилгээ ав” гэсэн асуудлыг зохицуулаагүй “хашаа бууулга” гэсэн агуулгатай бичиг байдаг бөгөөд Т.Г нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэхүү албан бичийг гардаж авсан гэдгээ мэдүүлдэг. Ийнхүү Т.Г гэдэг хүн байхад хэн нь ч мэдэхгүй “Э” гэдэг хүний гарын үсгээр тухайн албан бичгийг гардуулсан гэж үзэж буй нь үндэслэлгүй болно.

- Дээрх явуулсан бичигт энэ 2 албан тоотыг гардуулснаас өөр нэхэмжлэгчтэй холбогдох хэсэг байхгүй болно.

Хавсаргасан “Шуудан үйлчилгээний газраар явуулсан бичиг” 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бичигт: 4 болон 6 дугаар мөрөнд “Х х” ХХК-д албан тоот гардуулсан гэдэг мөртлөө “Албан бичгийн дугаар” гэх хэсэгт хоёр мөрөнд хоёуланд нь 5/06 гэсэн албан бичиг байдаг ба энэхүү 5/06 дугаар албан бичиг нь “сонсгох ажиллагаа”-г мэдэгдсэн агуулгатай баримт байдаг.

Тэгэхээр удаа дараа мэдэгдсэн гэх агуулгыг илэрхийлж буй 28 болон 256 дугаар албан тоотуудыг гардуулсан тухай мэдэгдсэн тухай баримт бичиг хавтаст хэрэгт байхгүй болохыг харж болно. Харин “Х х” ХХК-д “гэрээ байгуул, гэрчилгээгээ ав” гэсэн албан тоотуудыг өгч байсан асуудал байхгүй бөгөөд харин ч “Х х” ХХК-ийн зүгээс Орхон аймгийн Засаг даргаас “гэрээ болон гэрчилгээгээ авахаар удаа дараа холбогдож, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг удаа дараа томилж, албан ёсоор уулзалт зохион байгуулж, Орхон аймгийн Засаг Дарга болон эрх бүхий хүмүүсийг БНХАУ-д урьж авчирч уулзалтыг хүртэл зохион байгуулж байсан. Үүнийг дурдвал:

1. Хавтаст хэрэгт 2015 оноос 2017 оныг дуустал тухайн Орхон аймагт оршин суугч иргэн Т.Г-д “Гэрээний эхийг боловсруулах” эрх хэмжээтэй итгэмжлэлийг 2 удаа олгосон. Энэ хүн нь тогтмол Орхон аймгийн Засаг даргатай уулзаж байсныг гэрчээр асуугдахад мэдүүлдэг ба хариуцагч талаас холбоотой байснаа хүлээн зөвшөөрдөг.

2. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2 жил хүрээгүй буюу газар ашиглах эрх олгосон захирамж гарснаас хойш 1 жил 5 сар дутуу байхад “Х х” ХХК-ийн зүгээс “гэрээ гэрчилгээг байгуулж өгнө үү” гэх албан тоот хүргүүлдэг.

3. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “гэрээ гэрчилгээг байгуулж өгнө үү” гэсэн албан тоотыг мөн хүргүүлдэг.

4. 2017 оны 12 дугаар сараас хуульч Б.О-Э-ийг 7 га газар дээр “гэрээ, гэрчилгээ байгуулж, авах” асуудал дээр хуульчаар хөлсөлж ажиллагаа явуулсан. Энэ нь түүний гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Энэ хугацаанд Б.О-Э болон компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж Я, орчуулагч “С” болон өмгөөлөгч Б.Б би Орхон аймгийн Засаг даргатай 2018 оны 01 дүгээр сард ирж, нарийн бичигт нь мэдэгдэж уулзах гэсэн боловч өвөлжилтийн хүндрэлээр онцгой байдлаас хүмүүс ирсэн, яаралтай хуралтай боломжгүй гэснээр буцсан ба үүний дараа Б.О-Э нь 2018 оны 02 дугаар сарын 06-нд буюу маргаан бүхий А/78 дугаар захирамжийг гарахаас 15 хоногийн өмнө биечлэн ирж уулзахдаа 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн “7 га газарт гэрээ байгуулж, гэрчилгээ авах тухай” хүсэлтийг газрын албаны албан тушаалтнаар цохуулж, эрх бүхий хүнд нь өгүүлсэн байдаг. Мөн түүний 7 га-тай холбоотой асуудлаар харьцах итгэмжлэлийг шүүхэд хавтаст хэрэгт өгсөн байдаг.

5. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Засаг дарга болон Тамгын газрын бүхий л хүмүүсийг нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нь удирдан зохион байгуулж, БНХАУ-д зочлуулсан бөгөөд энэ хүрээнд уулзалт хийж, 7 га газрын асуудлаар “Х х” ХХК-ийн захирал В К хүлээн авч уулзсан уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү уулзалт нь он, сар, өдөр бүхий зургаас шууд харагдана.

6. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр компанийн эрх бүхий этгээд Ж Я болон түүний орчуулагч “С”, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, өмгөөлөгч н.Ө, Орхон аймгийн Засаг дарга, тэмдэглэл хөтөлсөн нарийн бичиг нарын бүрэлдэхүүнтэй уулзалтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтад “7 га” газрын гэрээ гэрчилгээг авах тухай ярилцсан бөгөөд гэрчээр оролцсон Т.Г болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нарийн бичгээр энэ хуралд би ороогүй өөр хүн орсон” гэдэг тайлбар болон энэхүү хуралдаан дээр аудио бичлэг хийсэн сиди болон ХХ-102 дугаар хуудсанд байгаа Хурлын тэмдэглэл зэргээр энэхүү уулзалт нь батлагддаг.

7. Мөн Ж Я нь болон өмгөөлөгч би болон бусад 5 хүний бүрэлдэхүүнтэй 2018 оны 01 дүгээр сард очиход Засаг дарга нь завгүй, хэмээн буцаасан болно.

8. Мөн 2015 оноос 2016 оны дунд хүртэл Орхон аймгийн Засаг даргыг хариуцагчаар татаж, “ТОСК” ТӨҮГ-тай давхцуулж газар олгосон үндэслэлээр нэхэмжлэл гаргаж захиргааны шүүхээр маргаж байсан ба үүнтэй холбоотой баримтыг шүүхэд өгсөн. 

9. Хамгийн гол нь хариуцагчийн хэлдгээр бид 2 жилийн хугацаанд ор сураггүй алга болоогүй бөгөөд байнга тогтмол харилцаатай байсан нь үүгээр харагдах ба байнгын албан бичгүүдийг өгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж байсан.

Хариуцагчийн зүгээс 21 га газрыг хашаалсан асуудлаар бидэнтэй маргаантай байсан бөгөөд үүнийг шийдсэний дараа 7 га газрын гэрчилгээг өгнө гэж маргадаг байсан болно.

3. Болж өнгөрсөн бодит нөхцөл байдлыг шүүхийн шийдвэртэй харьцуулах зэрэг үндэслэлээр энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болно

 Шийдвэрт дурдсан шиг “7 га газрыг ямар нэгэн зориулалтаар ашиглуулахаар олгосон нь тодорхойгүй байсан” гэдэг агуулгаар нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г хэрэглэхэд “гэрээн дээрх зориулалтаар” ашиглаагүй гэдэг буюу “гэрээ байхгүй тул гэрээн дээрх зориулалтаар ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй” гэж маргасан ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “захирамж дээрх зориулалт, өмнөх эзэмшиж байсан 21 га газрын захирамжийн” зориулалтаар ашиглаагүй гэсэн үг үсэг байхгүй билээ. Энэхүү хуулийн заалтад гэрээн дээрх зориулалт гэсэн болохоос захирамж дээрх зориулалт гэж тусгаагүй болохыг анхаарч үзнэ үү. Захирамж дээр зориулалт байх тул зориулалт нь тодорхой тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г хариуцагч хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж хуулийг буруу тайлбарласан.

Мөн шийдвэрт нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдсэн, оролцоог нь хангасан гээд “захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй” гэжээ. Гэтэл сонсох ажиллагааг явуулахыг мэдэгдсэн гэх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5/06 дугаар албан бичгийг хүргүүлсэн гэх “Шуудан үйлчилгээний газраар явуулсан бичиг” 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бичигт хүлээн авсан хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байхгүй, хүлээн авсан шууданчийн тэмдэглэгээ байхгүй байдаг. Мөн энэхүү албан бичгээ нэхэмжлэгч талаас 2018 оны 01 дүгээр сар болон 2 дугаар саруудад уулзахаар очих үед яагаад гардуулаагүй юм бэ?

Шийдвэрт өмгөөлөгч намайг “...”Х х” ХХК газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авах тухай хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргаж байгаагүй” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан гэж үндэслэжээ. Миний бие “Х х” ХХК газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авах тухай нэг ч хүсэлт өгч байгаагүй” гэж шүүх хуралдааны явцад амаар болон бусад байдлаар хэлээгүй, тайлбарлаагүй бөгөөд харин ч нотлох баримт шинжлэн судлахад “Х х” ХХК-ийн бүхий л хүсэлтүүдийг уншуулсан болно. Тиймдээ ч анхан шатны шүүх нь шийдвэрийн 7 дугаар нүүр, 16 дугаар мөрөнд “Орхон аймгийн Засаг дарга нарт гаргаж байсан хүсэлтүүд болон гэрч Т.Г-ын мэдүүлгүүдээр нотлогдож байна” гэж үндэслэсэн. Нэг ч хүсэлт өгч байгаагүй гэснээ “Орхон аймгийн Засаг даргад гаргаж байсан хүсэлтүүдээр нотлогдлоо” гэсэн эсрэг утгатай тайлбар нь үндэслэлгүй болно.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг энэхүү хэрэгт хамааралгүй тусдаа асуудал гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хурал завсарлахын өмнө хэлдэг бөгөөд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж газар ашиглах эрхийг цуцлах, эс үйлдэхүйг шүүхэд хандаагүй асуудал нь газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болох талаар Газрын тухай хуульд заагаагүй болно. Энэхүү дүгнэлттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч анхан шатны шүүхээс энэхүү асуудлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах болон тусдаа хэрэг гэсний дагуу тус шүүхэд тусад нь нэхэмжлэл гарган хүчингүй болгуулахаар хандсан.

Иймд дээрх бүх үндэслэлийг харгалзан үзэж, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл анх Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар захирамжаар “Х х” ХХК нь 21 га газрыг орон сууцны хорооллын барилга барих зориулалтаар ашиглаж байжээ. Гэтэл хариуцагч уг 21 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Х х” ХХК-д Орхон аймгийн Б-Ө сумын Ц багийн нутаг дахь орон сууцны 7 дугаар хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.

 Гэвч Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А/78 дугаар захирамжаар “Газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр тус 7 га газар ашиглуулах шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч “Х х” ХХК эс зөвшөөрч “... гэрээ байгуулж, гэрчилгээ олгох нь захиргааны байгууллагын үндсэн үүрэг, манайхаас удаа дараа хандсан боловч захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүй учир захирамж үндэслэлгүй...” гэж маргажээ.

Хариуцагчаас “...Газрын тухай хуульд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 дугаар албан бичгүүдээр “Х х” ХХК-д  гэрээ байгуулан, гэрчилгээ авч газраа баталгаажуулахыг удаа дараа шаардаж мэдэгдсэн, газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Гэтэл нэхэмжлэгч гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, зориулалтын дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгуулага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж нотлох баримтыг цуглуулах арга зарчмыг 34 дүгээр зүйлийн 34.1-т “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж шүүх нотлох баримтыг үнэлэх зарчмыг тус тус хуульчилжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй гол үндэслэл болох гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй үйл баримт нэхэмжлэгч, хариуцагч талын алиных нь буруугаас болсныг, өөрөөр хэлбэл, хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх болсон үндэслэлийг буюу тухайлбал “газрыг хүлээн авч гэрээ байгуулж гэрчилгээ авахыг шаардаж мэдэгдсэн боловч шаардлагыг биелүүлээгүй, эрх олгосон шийдвэр гарсан өдрөөс хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй ...” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлтэй эсэхийг бүрэн гүйцэд тодруулж шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эдгээр үйл баримтад дүгнэлт хийж нэхэмжлэгч хариуцагчийн хэн аль нь буруутай болохыг эцэслэн тогтоож, шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч талаас “... гэрээ байгуулан, гэрчилгээ гаргаж өгөхийг хүсч удаа дараа албан бичгээр хандаж, уулзалт ярилцлага хийж байсан, гэрээ байгуулж гэрчилгээ ав гэж шаардсан гэх албан бичгүүдийг хүлээж аваагүй,  “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Г гэдэг хүнийг 2 удаа томилсон энэ талаар хариуцагч мэдэж байгаа боловч түүнд гэрээ байгуулах, гэрчилгээ авахыг шаардсан гэх албан бичгүүдийг гардуулаагүй, гардуулсан талаар баримт байхгүй” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “... нэхэмжлэгчийн өгсөн гээд байгаа албан бичгүүдийг шүүлгэж үзэж байсан, зарим албан бичгүүд огт ирээгүй байдаг. Бүртгэлд орсон эсэхийг сайн мэдэхгүй байна” гэсэн тайлбар гаргаж маргалджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн төлөөлөгчийг оролцуулж болно”, 17.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна”, 17.5-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон бол түүнтэй, харин оролцогч нь хуульд заасны дагуу хамтран оролцох үүрэгтэй бол захиргааны байгууллага тэдгээртэй харилцана” гэж тус тус заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч захиргааны байгууллага “Газар ашиглах гэрээ байгуулан, гэрчилгээ авах“ агуулга бүхий 2016 оны 28, 2017 оны 256 дугаар албан бичгүүдийг “Х х” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдэд гардуулсан эсэх нь тодорхойгүй, нөгөөтээгүүр “Х х” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №16/15, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өдрийн 2015 оны А/574 дүгээр захирамжийн биелэлтийг хангаж, газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэл бүртгүүлэх тухай агуулга бүхий албан бичгүүд хариуцагч захиргааны байгууллагад хүргэгдсэн эсэх, хүсэлт өргөдлүүдийг шийдвэрлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

 Өөрөөр хэлбэл, уг маргааныг шүүхээс нэг мөр, эргэлзээгүй, үнэн зөв шийдвэрлэхийн тулд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар албан бичгийг “Х х” ХХК-д хүлээлгэн өгсөн эсэх, түүнтэй холбоотой баримтууд, мөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 дугаар албан бичгийг хүлээн авсан гэх “Э” “Х х” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байсан эсэх, нэхэмжлэгч “Х х” ХХК-аас Орхон аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичгүүдийг хариуцагч хүлээн авсан эсэх, уг хүсэлтүүдийг захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэсэн болохыг буюу ямар шалтгааны улмаас тус компанид газар ашиглах талаар шийдвэр гарсан атлаа гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй болох нь тодорхой бус энэ тохиолдол хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.  

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу шаардлагатай бол холбогдох байгууллагын баримт бичигт үзлэг хийх, холбогдох албан тушаалтан иргэнээс тайлбар мэдүүлэг авах зэрэг шаардлагатай ажиллагааг хийж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, тэдгээрт тулгуурлан маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж  хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ