Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 103

 

“М а” (М..) ХХК, “А” ХК-уудын гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн

төлөө газрын улсын байцаагч Д.Мөнхсолонго, Г.Ариунжаргал нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                 Д.Мөнхтуяа,

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                              Б.Мөнхтуяа,

                                              Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь. 

Гомдлын шаардлага: “...улсын байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “А” ХК-д “шийтгэл ногдуулах тухай” 005547 дугаар, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “М а” (М..) ХХК-д “шийтгэл ногдуулах тухай” 0005546 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0706 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 81 дүгээр магадлалтай.

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагч “М а” (М..) ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, Х.Чинбат, гомдол гаргагч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Д.Мөнхсолонго, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нарыг оролцуулан,

Гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0706 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т тус тус заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Мөнхсолонго, Г.Ариунжаргал нарын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 005547 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “А” ХК-ийн гомдол, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0005546 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “М а” (М..) ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 81 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гомдол гаргагч “М а” (М..) ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлангаас “...шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Нэг: Анхан болон давж заалдах шүүх Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1, 11.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.7.1.1.1,10.7.1.1.2 дахь заалтын агуулгаас үзвэл гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн агуулга, зорилготой байх ёстой, ийм агуулгатай гэрээ байгуулсан тохиолдолд хариуцлага ногдуулахаар хуульчилсан байна. Талуудын байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн агуулга, зорилгогүй, Иргэний хуулийн 189.1-д заасан хуулийн хүрээнд байгуулагдсан гэрээ гэж үзэх дараах үндэслэл байна. Үүнд:

4. Зах зээлийг 60:40 гэж хуваасан гэх тухайд: Хамтран ажиллах гэрээнд 60:40 гэж заасан нь дараах агуулгатай (Гэрээний агуулгыг тодорхойлох схем зургийг хавсаргав). Үүнд: (М..) ХХК-ийн талбайгаас гарах нүүрсийг 100 хувь гэж үзээд 60 хувь гэдэг бол (М..) ХХК-ийн талбайгаас борлогдож буй нүүрсний 60 хувийг “А” ХК нь (М..) ХХК-аас худалдаж авах, 40 хувь гэдэг бол (М..) ХХК-ийн талбайгаас борлогдож буй нүүрсний 40 хувийг “А” ХК нь өөрөө олборлож авах агуулгатай. Өөрөөр хэлбэл, Дорнодын нүүрсний зах зээлийг хуваасан зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн (М..) ХХК-аас “А” ХК-ийн худалдаж авах /60/ : олборлох /40/ нүүрсний харьцааг тодорхойлж байгаа болно.

5. 1/Энэ нь дараах шаардлагад үндэслэсэн. Үүнд: 1.1. Станцын болон жижиг хэрэглэгчдийн авах нүүрсний хэмжээ байнга өөрчлөгдөж байдаг учир урьдчилсан тодорхой заах боломжгүй байсан. 1.2. (М..) ХХК -ийн ажилчдыг ажилтай байлгахын тулд 60%-ийг (М..) ХХК нүүрсээ өөрөө олборлож, худалдах шаардлага байсан. 1.3. (М..) ХХК олборлолтоо 100% гүйцэтгэх техник, тоног төхөөрөмж, ажилчидтай боловч “А” ХК-ийн ажилчдыг ажилтай байлгахын тулд 40%-ийг олборлуулах шаардлага байсан (“Н” ХХК өмнө нь техник, тоног төхөөрөмж болон ажиллах хүчгүй учраас олборлох эрхийг 100% “А” ХК-д өгч байсан). 1.4. Энэ харьцаа нь 4 өөр үнэ агуулж байгаа учраас талууд өөрсдийн ашиг, алдагдлын харьцааг тооцсоны үндсэн дээр худалдаж авах, олборлох нүүрсний харьцааг гаргасан. Үүнд: 1)“А” ХК жижиг хэрэглэгч нарт худалдах зорилгоор олборлож авсан 1 тн нүүрс тутамд 350 төгрөг (14000/100*2.5)-ийг (М..) ХХК-д төлөх, 2)“А” ХК станцад худалдах зорилгоор олборлож авсан 1 тн нүүрс тутамд 315 төгрөг (12600/100*2.5)-ийг (М..) ХХК-д төлөх, 3)“А” ХК нь жижиг хэрэглэгч нарт худалдах зорилгоор худалдан авч буй 1 тн нүүрс тутамд 14000 төгрөгийг (М..) ХХК-д төлөх, 4) “А” ХК нь Станцад худалдах зорилгоор худалдан авч буй 1 тн нүүрс тутамд 12600 төгрөгийг (М..) ХХК-д төлөх.

6. 2/Өрсөлдөөнийг хязгаарлаагүй тухайд. (М..) ХХК, “А” ХК-ууд олборлож авах, худалдаж авах нүүрсний хэмжээг 60:40 гэж зааснаар өрсөлдөөнийг хязгаарлах үр дагавар үүсгээгүй, ийм үр нөлөө үзүүлээгүй болохыг дараах тохиолдлуудаас тодорхой харж болно. Үүнд: 2.1. “Н” ХХК нь жижиг хэрэглэгч нарт нүүрсээ нийлүүлж байгаа (1-р хх-ийн 209-223), 2.2. “Н” ХХК нь Станцтай 2019 оны 5 дугаар сарын 29-нд “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” (1-р хх-ийн 199-203) байгуулж, 149500 тн нүүрс нийлүүлэхээр тохирсон, 2.3. Өөр уурхайгаас зах зээлд нүүрс нийлүүлэх боломж нээлттэй байгаа, (Зөрчлийн 1-р хх-ийн 30), 2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл 12300 орчим жижиг хэрэглэгч байдгаас “М а” (М..) ХХК нь урт хугацааны гэрээтэй жижиг хэрэглэгч огт байхгүй, харин “А” ХК нь нийт 17 жижиг хэрэглэгчтэй тодорхой хэмжээ бүхий нүүрсийг тодорхой хугацаанд нийлүүлэхээр гэрээ байгуулсан нь зах зээлийг хуваагаагүй болохыг харуулж байна.

7. Иймээс Дорнодын нүүрсний зах зээлийг 60:40 гэж хуваасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин өөр өөр үнээр борлуулж буй нүүрсний хэмжээг гүйцэтгэлээр гаргахын тулд харьцаа зааж өгч буй явдал юм. Гэтэл шүүх “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.6-д “Энэхүү гэрээгээр “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний дагуу “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэгдэх нүүрсийг 60:40 /(М..) ХХК 60: “А” ХК 40/ гэсэн харьцаагаар, Дорнод бүс нутгийн аж ахуйн нэгж, айл өрхөд (жижиг хэрэглэгчдэд) нийлүүлэх нүүрсний зах зээлийг 60:40 гэсэн харьцаагаар тус тус хуваан нийлүүлэхээр заасан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 1.2-т “зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах” гэж заасныг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

8. Хоёр: Үнэ хэлцэн тогтоосон гэх тухайд: “Хамтран ажиллах гэрээ”, “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээнд цааш худалдах этгээд болон олборлож авах, худалдаж авахаас хамааран 350, 315, 14000, 12600 төгрөг гэсэн 4 өөр үнэ тусгагдсан. Хариуцагч нар хариу тайлбартаа “жижиг хэрэглэгч нарт худалдах зорилгоор олборлож авсан, худалдаж авсан нүүрсний үнийг “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.8, 2.1.1, 3.3 дахь заалтуудад 14000 төгрөг гэж заасныг үнэ хэлцэн тогтоосон байна” гэсэн агуулгатай тайлбарыг өгсөн. Иймээс анхан, давж заалдах шатны шүүх энэ асуудал дээр дүгнэлт өгсөн учраас үнэ хэлцэн тогтоогоогүй гэдгийг дор дурдсан үндэслэлээр тайлбарлая. Үүнд:

9. 1/Жижиглэнгийн борлуулалтын үнэ 14000 төгрөгийн тухай. 1.1. “А” ХК жижиг хэрэглэгчдэд худалдах зорилгоор (М..) ХХК-аас авч буй нүүрсний үнийг гэрээндээ заасан. Энэ үнэ нь талуудын хоорондын тооцоо хийх үнэ болно. 1.2. “А” ХК нь худалдан авагч, гүйцэтгэгч учраас худалдан авч буй нүүрсний үнэ, олборлон авч буй ажлын хөлсөө тооцохын тулд зайлшгүй үнэ байх ёстой бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 43.4, 195.2, 243.1, 344.1-д тодорхой заасан. Иймд, Иргэний хуульд заасны дагуу гэрээний гол нөхцөл болох үнийг гэрээндээ тусгах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. 1.3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үнэн зөв тооцож улсад төлөх зорилготой. 1.4. “А” ХК-тай зэрэгцээд (М..) ХХК жижиг хэрэглэгчдэд худалдан борлуулалт хийсэн, гэхдээ тус борлуулалтын үнэ 14000 төгрөг байна гэж гэрээнд заагаагүй. Энэ асуудлыг гэрээгээр зохицуулаагүй, гэрээнд ийм агуулга огт байхгүй.

10. 2/Үнэ хэлцэн тогтоох гэж юу вэ гэдгийг товч тодруулъя. Үүнд: Үнэ хэлцэн тогтоох гэдэг нь өрсөлдөөнийг хязгаарлахын тулд барааны үнийг зах зээлийн үнээс багаар эсхүл өндрөөр тогтоох хэлбэрээр илэрнэ. Үүнд: 2.1. 3ах зээлийн үнээс өндрөөр тогтоох нь. 2.1.1. Хэрэглэгчийн эрх, ашиг сонирхолд хохиролтой, 2.2. Зах зээлийн үнээс багаар тогтоох нь. 2.2.1. Өрсөлдөгчийн зах зээлээс шахан гаргах тус тусын зорилготой байна.

11. 3/Гэрээ байгуулах үед жижиглэн борлуулалтын зах зээлийн үнэ хэд байсан бэ гэдгийг тодруулъя. Гэрээ байгуулах үед жижиглэн борлуулалтын зах зээлийн үнэ 14000 төгрөг байсан болох нь дараах баримтаар нотлогдоно. Үүнд: 3.1. “А” ХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолоор жижиглэн борлуулалтын үнийг 15400 төгрөг /НӨАТ-гүй 14000 төгрөг/ гэж тогтоон зах зээлд нийлүүлж байжээ. (1-р хх-ийн 40, 240), 3.2. 3өрчлийн хэрэгт Ш.Бямбасүрэн 2016, 2017 онд 15400 төгрөгөөр борлуулж байсан талаар мэдүүлэг өгч байсан. (Зөрчлийн ...хх-ийн 22-24) 2015 оноос хойш “А” ХК нь НӨАТ-гүй 14000 төгрөгөөр жижиг хэрэглэгчдэд борлуулалт хийж ирсэн. Тиймээс “А” ХК жижиг хэрэглэгчдэд нийлүүлэх зорилгоор тус үнээр (М..) ХХК-аас нүүрс худалдаж авахаар тохирч, баталгаажуулсан бөгөөд уг үнэ нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр 2015 оноос хойш тогтсон зах зээлийн бодит үнэ юм. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор Станцад нийлүүлэх нүүрсний үнийг 12600 төгрөгөөс дээшгүй гэж тогтоосон (1-р хх-ийн 41). Станцын нүүрс худалдан авдаг 12600 төгрөгийн үнэ бол төрийн захиргааны байгууллагаас зах зээлийн үнээс хямдаар тогтоогддог бодит бус үнэ юм.

12. 4/Өрсөлдөөнийг хязгаарлаагүй тухайд: Нэхэмжлэгч нар “Хамтран ажиллах гэрээ”-нд 14000 /НӨАТ-гүй/ гэж тохирсон үнээ зааж өгсөн нь гуравдагч этгээд “Н” ХХК-ийн эрхийг хэрхэн хязгаарласан буюу бодитоор зах зээлд нэвтрэх боломжийг нь хаасан, нүүрсээ борлуулахад саад болсон, хясан боогдуулсан, ашиг орлогыг нь багасгасан, хохирол учруулсан, эсхүл ирээдүйд өрсөлдөөнийг нь хязгаарлах боломжтой гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй. “Н ХХК нүүрсээ 12100 төгрөгөөр борлуулж байгаа. Зах зээл дээр хэрэглэгч нар яг ижил нүүрсийг аль хямдыг нь худалдаж авах эрэлт нийлүүлэлтийн хууль бий. Тиймээс нэхэмжлэгч нар “Н” ХХК-ийн өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор нүүрсний үнийг хэт хямдаар тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нүүрснийхээ үнийг 14000 төгрөг гэж заасан нь нүүрсээ 12100 төгрөгөөр зарж буй “Н” ХХК-д нөлөөлөхгүй, тус компанийн зах зээлд өрсөлдөх боломжийг огт хязгаарлаагүй юм. Иймээс жижиглэн борлуулалтын зах зээлийн үнийг “А” ХК, (М..) ХХК-ууд гэрээ байгуулах замаар хэлцэн тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байхад шүүх “...гэрээний 2.2.2-т “Талууд жижиглэн борлуулалтад нэг үнийн бодлого баримталж ажиллана”, 3.3-т “Талууд жижиглэн борлуулалтын үнийг 14000 төгрөг /НӨАТ-гүй/” гэж, талууд ийнхүү гэрээгээр жижиглэн борлуулалтын үнэд нэг үнийн бодлого баримтлахаар харилцан тохиролцсон байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

13. Гурав: Бусад. 1/“А” ХК болон (М..) ХХК-ууд өрсөлдөгчид биш. Шүүх “...тус тусдаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг... зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч аж аж ахуй эрхлэгчид байна” гэж дүгнэсэн. “А” ХК нь бие даасан хуулийн этгээд боловч (М..) ХХК-аас нүүрс худалдан авч буй худалдан авагч, нөгөө талаас ажил гүйцэтгэж буй гүйцэтгэгч этгээд юм. Мөн “А” ХК нь өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайн олборлох нүүрсний нөөц дууссан, ашиглах нүүрсгүй байсан.

14. 2/Үйл ажиллагааны зардал болон өртөг харилцан адилгүй байгаа нь барааны үнэ хэлцэн тогтоосон гэж шууд үзэх үндэслэл болохгүй. Шүүх “Гэтэл гэрээ байгуулсан хоёр аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зардал болон өртөг /“А” ХК-ийн 1 тонн нүүрс борлуулах өртөг 14784.2, (М..) ХХК-ийн 1 тонн нүүрс борлуулах өртөг 105668 төгрөг/ харилцан адилгүй байхад жижиглэнгийн үнийг нэг хэмжээнд тогтоон гэрээ байгуулсан нь өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн.

15. а/Үйл ажиллагааны зардал болон өртөг нь 2 хуулийн этгээдийн хувьд адил, ойролцоо байх албагүй, тодруулбал, ТЭЗҮ, уурхайг ашиглаж буй хугацаа, цаашид ажиллах хугацаа, оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хүн хүч, машин механизмын тоо, хүчин чадал, уулын ажлын хэмжээ, төвөгшил, хөрс хуулалт, ажилчдын цалин хөлсний хэмжээ, нийгмийн халамж, нөхцөл, борлуулсан нүүрсний хэмжээ, үнэ, хугацаа болон бусад гарах зардлын хэмжээ гэх мэт маш олон зүйлээс хамаарна. б/Түүнчлэн байцаагч нар тус зардлыг тооцуулахдаа “борлуулалтын өртгөө тооцож өг” гэдэг шаардлага тавьснаас, ийм аргачлалаар тооцож ирүүл гэдгээ ч мэдэгдээгүй бөгөөд адил аргачлалаар тооцсон эсэх, дээрх хүчин зүйлийг ч анхаарч харгалзаагүй зөвхөн тоо харж дүгнэсэн. с/Мэдээж, одоогийн байгаа борлуулалтын өртгөөрөө нүүрсээ зарна гэвэл (М..) ХХК-ийн нүүрсийг хэн ч авахгүй нь тодорхой, нөгөө талаас уул уурхайн салбарын хувьд удаан хугацаанд ажиллаж хөрөнгө оруулалт, өнөөдрийн алдагдлаа олон жилийн үйл ажиллагаагаараа бага багаар нөхдөг зарчимтай. Иймд 2 өөр ялгаатай аж ахуйн нэгжийн өнөөдрийн борлуулах өртөг ялгаатай байгаа учраас тус өртгөөс бага үнээр худалдах гэрээ байгуулж болохгүй гэж үзэж, улмаар өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэсэн нь үндэслэлгүй юм.

16. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1, 11.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.7.1.1.1, 10.7.1.1.2-т заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын байгуулсан гэрээг “өрсөлдөөнийг хязгаарласан байх” хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад хууль зөрчсөн гэж үзсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул ...шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

17. Гомдол гаргагч “А” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатаас “...шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дүгээр талд “Нэхэмжлэгч “А” ХК нь 92 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын 1389А тусгай зөвшөөрлийг эзэмшиж, нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэжээ. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч (М..) ХХК болон гуравдагч этгээд “Н” ХХК-ууд нь нэхэмжлэгч “А” ХК нь сүүлийн 10 орчим жилийн турш зөвхөн “Н” ХХК-тай хамтран ажиллаж тус компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд оператор компанийн үүрэг гүйцэтгэж байсан болохыг нотолж тайлбар гаргасан байдаг. Анхан шатны шүүх тусгай зөвшөөрөлтэй талбайд нүүрс олборлож байсан гэсэн бодит байдал, нотлох баримтуудаар няцаагдсан дүгнэлтээрээ нэхэмжлэгч “А” ХК-ийг зах зээлд өрсөлдөгч аж ахуйн нэгж гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.

18. Нүүрсний зах зээлийн өрсөлдөөнд оролцохын тулд хамгийн түрүүн нүүрсний нөөц бүхий талбайтай байх шаардлагатай. Зөрчлийн хэрэг үүсгэсэн үеэс “А” ХК-ийн зүгээс хариуцагч байгууллагыг маргаан бүхий талбайд очиж үзлэг, шалгалт хийхийг хүссэн боловч, мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох үүргийнхээ хувьд ч бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Шүүх “А” ХК болон (М..) ХХК -ийн хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 154-0218 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.2.2-т “талууд жижиглэн борлуулалтад нэг үнийн бодлого баримталж ажиллана”, “жижиглэн борлуулалтын үнийг 14.000 төгрөг /НӨАТ/-гүй болгон тогтоосон буюу тогтсон нэг үнээр борлуулахаар харилцан тохиролцсон нь зөрчлийн хэрэгт холбогдогчоос авсан мэдүүлгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

19. Зөрчлийн тухай хуулийн 10.7-р зүйлийн 1-д “...аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасны дагуу “А ХК, (М..) ХХК-ууд нүүрсний үнийг ижил хэмжээгээр тогтоож, гэрээгээр тохиролцсон нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь гэрээний бодит хүсэл зориг, тухайн бүс нутгийн эрчим хүчний нүүрсний сүүлийн 5 жилийн хугацааны нэг тонн тутмын үнэлгээний талаарх мэдээлэл, жижиг хэрэглэгчийн судалгаа, гэрээний талуудын тонн тутмын үнийн ялгаатай байдлыг гэрээний зарчмаар нэг үнэлгээнд оруулж байгаа гэрээний эрх зүйн харилцаа, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан цаг хугацаанд “Н” ХХК нь ямар нэгэн байдлаар нүүрс олборлоогүй, бусад харилцагч нарт нүүрс нийлүүлж байгаагүй буюу зах зээлд үйл ажиллагаа явуулаагүй, өрсөлдөөнд шууд оролцоогүй нөхцөл байдал, “Н” ХХК-ийн санхүүгийн тайланд жижиг хэрэглэгчдэд нэг тонн нүүрсийг 9.0 /есөн мянга/ төгрөгөөр нийлүүлж байсан, “ДБЭХС” ТӨХК-д нэг тонн нүүрсийг 13.0 /НӨАТ-гүй/ борлуулж байсан үйл баримт зэрэг нотлох баримтуудыг үнэлэхгүй орхигдуулсан үйл баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд бодиттой үнэлээгүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотлох дээрх баримтуудыг тал бүрээс нь үнэлүүлэх шаардлагатай байна.

20. “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.6-д “энэхүү гэрээгээр нүүрс нийлүүлэх гэрээний дагуу “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэгдэх нүүрсийг 60:40 /“(М..) ХХК 60 : “А” ХК 40 хувь/ гэсэн харьцаагаар, мөн Дорнод бүс нутгийн ААН, байгууллага, айл өрхөд /жижиг хэрэглэгчид/ нийлүүлэх нүүрсний зах зээлийг 60:40 харьцаагаар тус тус хуваан нийлүүлэхээр заасан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” гэж, 1.2-т “зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

21. Жижиг гэх тодотголтой хэрэглэгчдийн хувьд Дорнод аймгийн хэмжээнд 8000 гаруй байна. Хэрвээ “А” ХК зах зээлийн 40 хувийг хувааж авсан бол 3200 орчим жижиг хэрэглэгчдэд нүүрс нийлүүлсэн байх нөхцөл үүсэж байна. Хавтаст хэрэгт “А” ХК-ийн жижиг хэрэглэгчидтэй байгуулсан гэрээ, нийлүүлэлтийн хуваарийг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх үнэлэхгүй орхигдуулсан байна.

22. Захиргааны хэргийн шүүх нь өөрөө нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх хуулийн үүрэгтэй атал “жижиг хэрэглэгч” гэсэн тодотголтой хэрэглэгч нарын тоо, тэдгээрийн худалдан авалтын талаарх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх ажиллагааг огт хийгээгүй нь шүүх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн хууль тогтоомжоор баталгаажаагүй “жижиг хэрэглэгч” гэх нэр томьёог ашигласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна. “Н” ХХК-ийн хувьд “ДБЭХС” ТӨХК-д “А” ХК-ийн нийлүүлэхээр байгуулсан гэрээний 50 хувийг авсан, жижиг хэрэглэгчдэд ямар нэгэн саадгүйгээр нүүрсийг уурхайн бус аргаар нийлүүлж орлого олж байсан нь хангалттай нотлогдсон, “Н” ХХК-ийн борлуулалтын орлого тогтмол нэмэгдсэн зэрэг нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрхэн үнэлсэн нь эргэлзээтэй, талуудын хооронд байгуулсан гэрээний улмаас “Н” ХХК нь ямар үйлдвэрлэл, борлуулалт, уулын ажил саатаж, өрсөлдөөнийг хэрхэн хязгаарласан, улмаар үр ашиггүй болсон зэрэг нөхцөл байдлыг тогтоогоогүй анхан шатны шүүхийн үйл ажиллагааг зөвтгөх арга хэмжээг давж заалдах шатны шүүхээс авч хэргийг тал бүрээс нь бүхэлд нь хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх ашиг хохирч байна.

23. Гэрээнд бичигдсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.6-д “энэхүү гэрээгээр нүүрс нийлүүлэх гэрээний дагуу “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэгдэх нүүрсийг 60:40 /(М..) ХХК 60 : “А” ХК 40 хувь/ гэсэн харьцаагаар, мөн Дорнод бүс нутгийн ААН, байгууллага, айл өрхөд /жижиг хэрэглэгчид/ нийлүүлэх нүүрсний зах зээлийг 60:40 харьцаагаар тус тус хуваан нийлүүлэхээр заасан нь “хэрхэн биелсэн” талаар хариуцагчаас нотолсон ямар ч бичгийн нотлох баримт байхгүй, зах зээлийн хуваасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслээгүй, зөвхөн хангагдах эсэх нь, хангагдсан эсэх нь тодорхойгүй гэрээний зүйл заалтын үгийн утгаар анхан шатны шүүх зах зээлийг хуваасан гэж дүгнэсэн нь хэт ерөнхий, хялбаршуулсан шийдвэр гэж гомдол гаргасан ба энэхүү Иргэний хуульд заасан гэрээний гол нөхцөл, болон бусад нөхцөлийг тохиролцох хэм хэмжээнд нийцсэн эсэхэд анхан, давж заалдах шатны шүүхүүд огт дүгнэлт өгсөнгүйд гомдолтой байна.

24. Гэрээний гол нөхцөл бол гэрээний үнэ бөгөөд талууд тухайн бүс нутгийн зах зээлийн дундаж үнэлгээгээр (М..) ХХК-ийн уурхайгаас нүүрсийг олборлож борлуулахаар гэрээнд үнийг тогтоосон нь нэг үнийн санал баримтлах гэсэн оролдлого гэж үзэх боломжгүй. Борлуулах, олборлох бүтээгдэхүүн нь нүүрс гэсэн нэртэй төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг гэрээгээр олборлосон хөлсөндөө авч байгаа тул “гэрээнд нүүрс гэж барааны нэр төрлийг тухайлан заасан” хууль зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй, зах зээлийг нутаг дэвсгэрээр хуваасан гэдгийг шүүх гэрээнд Дорнод бүсийн гэсэн нэр томьёог хэрэглэсэн нь “зах зээлийг” хуваах оролдлого гэж завдалтын шинжтэй үйлдлээр зөрчлийн хариуцлага ногдуулсан нь хуульд нийцэхгүй бөгөөд Дорнод аймгийн хэрэглэгчдээс өөр бүс нутагт дээрх нүүрсийг нийлүүлэх орон зай, дэд бүтцийн боломж байхгүй учраас Дорнод бүсийн гэж гэрээнд тодруулсныг шүүх хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь шүүх хэргийг тал бүрээс нь үнэн зөв бодиттой үнэлэх үүргээсээ хазайсан гэж дүгнэж байна.

25. Шийдвэр, магадлалд “А”, “Н”, (М..) ХХК-ууд өөр өөрсдийн уурхайгаас нүүрс олборлож байгаа мэтээр ташаа зүйлийг бичсэн, гэтэл манай компани нь өөрийн гэх уурхайгүй бөгөөд дээрх 2 компаниудтай гэрээлж гэрээгээр ажилладаг компани буюу Дорнод бүсийн эрчим хүчний нүүрсний зах зээлд өрсөлдөгчийн хувиар оролцох боломжгүй этгээд болох талаар нэхэмжлэгч нарын гаргасан тайлбар, нотлох баримтуудад аль, аль шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарах, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг харуулж байна.

26. Магадлалын үндэслэх хэсэгт /6-р талд/ Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж, тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр” торгохоор зохицуулсан гэж хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Тэгвэл шийтгэл ногдуулсан гэрээ нь Дорнод бүсийн жижиг хэрэглэгчдийг хуваасан гэсэн үндэслэлээр ногдуулсан ба хуулийг зөв хэрэглэсэн бол “А” ХК-ийн 2018 оны жижиг хэрэглэгчдэд борлуулсан борлуулалтын орлогоос торгох шийтгэл тооцох ёстой байсан атал давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн “А” ХК-ийн 2018 онд “ДБЭХС” ТӨХК-д борлуулсан гол борлуулалтаас торгуулийн хэмжээг тооцож нэхэмжлэгчийг эдийн засгийн нэн хүнд байдалд оруулж байна. Учир нь, торгуулийн шийтгэл ногдуулсан улсын байцаагчид, анхан шатны шүүхээс ч жижиг гэх хэрэглэгч нарын бүртгэл, тоо хэмжээг нотлох баримтаар авч хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, зөвхөн шийтгэл ногдуулах үндэслэл болоогүй “ДБЭХС” ТӨХК-д борлуулсан санхүүгийн баримтыг ашигласнаар хангалттай нотлогдоно.

27. “А” ХК, “Н” ХХК-ууд нь “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд 1364А тусгай зөвшөөрлийн талбайд олон жилийн турш хамтран ажиллаж байсан ба “Н” ХХК-ийн үүсгэн байгуулагчид “А” ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигчид буюу бодит байдал дээр нэгдмэл сонирхолтой этгээдүүд юм. “Н” ХХК нь гэрээнээс дангаар татгалзсаны улмаас 2017 онд “А” ХК нь өөрийн зардлаар 1.2 сая шоо метр хөрс хуулсан нүүрсээ борлуулах боломжгүй болж өнөөдрийг хүртэл өрсөлдөөн нь хязгаарлагдсан гэх “Н” ХХК нь хөрс хуулалтын зардалгүй нүүрсийг ачуулж байгаагаас манай компани дахин хөрс хуулалтын зардал гаргаснаас 1.6 тэрбумын алдагдалтай ажиллаж байгаа нөхцөл байдлыг Дээд шүүхээс харгалзан шийдвэр гаргаж өгнө үү.

28. Хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгч нь “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан талаарх мэдээллийг хэргийг шийдвэрлэж дууссаны дараа шүүх танхимд шүүгч өөрөө мэдэгдсэн нь хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн эсэхэд эргэлзэхэд хүргэж байгааг дурдаж байна. Иймд, “А” ХК-ийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

29. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Зөрчлийн тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээжээ. 

30. Нэг. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гээд, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж тус тус заажээ. 

31. Хуулийн дээрх заалтуудаас харахад, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн буюу нэг талаас, ийм зорилготой, эсхүл нөгөө талаас, шууд ийм зорилгогүй боловч тухайн хэлцлийн үр дүнд өрсөлдөөн хязгаарлагдах үр дагавартай, бараа бүтээгдэхүүний үнийг урьдчилан хэлцэн тохирч тогтоох бүхий л хэлбэр нь “шударга бус” хэмээх нөхцөлд хамаарч хориглогдсон гэж үзэхээр байна.

32. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас “А” ХК-ийн 1 тонн нүүрс борлуулах өртөг нь 14785 төгрөг, “М а” (М..) ХХК-ийн 1 тонн нүүрс борлуулах өртөг нь 105668 төгрөг байхад, М а” (М..) ХХК, “А” ХК-уудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.2.2-т “Талууд жижиглэн борлуулалтанд нэг үнийн бодлого баримталж ажиллана”, 3.2-т “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэх нэг тонн нүүрсний үнэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор тогтоогдсон 12600 /арван хоёр мянга зургаан зуун/ төгрөг /НӨАТ-гүй/ болно. Нүүрсний үнэ өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөгдсөн үнийг баримтлана”, 3.3-т “Жижиглэнгийн борлуулалтын үнийг 14000 /арван дөрвөн мянган/ төгрөг /НӨАТ/-гүй байна” гэж тохиролцсон үйлдэл нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

33. Хэдийгээр аж ахуй эрхлэгчид нь хоорондоо Иргэний хуульд заасан гэрээ хэлцэл байгуулах эрхтэй ч уг хэлцэлийн агуулга нь хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн байж болохгүй, тодруулбал, өрсөлдөөний эрх зүйгээр хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн гэрээ хэлцэл байгуулах  эрхгүй, энэ тохиолдолд тухайн харилцаа нь хувийн эрх зүйн бус, харин нийтийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд хамаарах бөгөөд дээрх гэрээгээр өрсөлдөөний үр дүнд бараа бүтээгдэхүүний хямд үнэ тогтох чөлөөт зах зээлийн нөхцөлийг үгүйсгэх байдлаар үнэ тохиролцсон, үүнийг хууль тогтоогчоос “шударга бус өрсөлдөөн” гэж хуулиар тусгайлан авч үзсэн тул “...Иргэний хуулийн хүрээнд хамаарах гэрээ...”, “...өрсөлдөөнийг хязгаарлах зорилгогүй...” гэх агуулгаар гаргасан хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.

34. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: “А” ХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын А нэртэй газарт 92 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын 1389А дугаартай тусгай зөвшөөрөл, “М а” (М..) ХХК нь 4048.94 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын МҮ-017334 дугаартай тусгай зөвшөөрөл тус тус эзэмшдэг, “А” ХК нь “М а” (М..), “Н” ХХК-уудын талбайгаас нүүрсний олборлолт хийж, нүүрсээ тус тусын уурхайгаас жижиг хэрэглэгчид борлуулдаг буюу тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүд байх тул “...гомдол гаргагч хоёр компани нь өрсөлдөгч биш...” гэх агуулгатай гомдол үгүйсгэгдэж байна. 

35. Хоёр. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гээд 11.1.2-т “зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр төрөл, худалдан авагчаар хуваарилах” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.2-т “зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах” гэж тус тус заажээ.

36. Гомдол гаргагч хоёр компанийн хооронд байгуулсан дээрх “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.6-д “Энэхүү гэрээгээр “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний дагуу “ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэгдэх нүүрсийг 60:40 (М..-60 хувь, “А” ХК-40 хувь) гэсэн харьцаагаар, мөн Дорнод бус нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөд (жижиг хэрэглэгчид) нийлүүлэх нүүрсний зах зээлийг 60:40 (М..-60 хувь, “А” ХК-40 хувь) харьцаагаар тус тус хуваан нийлүүлэх...”-ээр заасан, гэрээний энэхүү заалтууд нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн талаарх шүүхүүдийн дүгнэлт мөн үндэслэлтэй.

37. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3-т “... гэрээ, хэлцэл (картель) байгуулсан...” гэж зааснаас үзэхэд тухайн зөрчил нь “хэлбэр”-ийн бүрэлдэхүүнтэй буюу заавал материаллаг хохирол учирсан, эсхүл таамагласнаас өөр үр дүнд хүрсэн эсэхийг шаардахгүй, гэрээ, хэлцэл (картель) байгуулагдсанаар төгссөнд тооцогдох зөрчил учир “...нүүрсний зах зээлийг 60:40 харьцаагаар тус тус хуваан нийлүүлэхээр заасан нь “хэрхэн биелсэн” талаар хариуцагчаас нотолсон ямар ч бичгийн нотлох баримт байхгүй” гэх; мөн гэрээний дээрх заалтад “...ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэгдэх...”, “...Дорнод бус нутгийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөд (жижиг хэрэглэгчид) нийлүүлэх нүүрсний зах зээлийг...” гэж худалдан авагчийг хуваан нийлүүлэх талаар тодорхой заасан тул “...уурхайгаас олборлох, худалдах хэмжээг заасан...” гэх агуулгатай гомдлууд тус тус няцаагдаж байна.

38. Иймд, ижил төрлийн бараа бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөгч “М а” (М..) ХХК, “А” ХК-уудын эцсийн хэрэглэгчдэд нийлүүлэх нүүрсний үнийг хэлцэн тогтоосны зэрэгцээ нүүрсний зах зээлийг хэрэглэгчдээр нь хуваан нийлүүлэхээр тохиролцсон дээрх үйлдэл нь компаниудын хувьд тус тусдаа бие дааж үйл ажиллагаа явуулах, өөр хоорондоо өрсөлдөхөөс татгалзсан “хэвтээ” төрлийн картель мөн тул “...зөрчил биш...” гэх агуулгаар гарсан гомдлыг хүлээн авах боломжгүй.

39. Гурав. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.3-т “...хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд хөрөнгийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж буюу, нэгдүгээрт, торгуулийн хэмжээг өмнөх жилийн борлуулалтын орлоготой уялдуулж тодорхойлохоор тусгайлан заасан, хариуцагчаас гомдол гаргагч аж ахуйн нэгжүүдийн 2018 онд борлуулсан бараа бүтээгдэхүүний орлогын 3 хувиар тус тус тооцож, “М а” (М..) ХХК-д 13,265,110 төгрөгийн, “А” ХК-д 113,196,980 төгрөгийн торгох шийтгэлийг ногдуулсан тул “...60/40... харьцааг торгууль ногдуулахдаа харгалзсангүй...” гэх агуулгаар “А” ХК-ийн гаргасан гомдол; хоёрдугаарт, “хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хураах” албадлагын арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь уг зөрчилд ногдуулсан торгуулийн шийтгэлийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл биш, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлээгүйгээс гомдол гаргагчийн “эрх зүйн байдал дордсон” гэж үзэх боломжгүй тул энэ талаар гаргасан гомдол тус тус үндэслэлгүй.

40. Дээрх байдлаар гомдол гаргагч “М а” (М..) ХХК, “А” ХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлууд няцаагдаж байх тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.