Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1061

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Ө*******” Сууц өмчлөгчдийн холбоо /РД:*******/

Нэхэмжлэгч:  Д******* овогт С*******ийн У******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, 

Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-т холбогдох 

Гуравдагч этгээд: “Э*******” ХХК /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0******* №264/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн 1 дэх заалтын “Э*******” ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилсөн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ө*******” СӨХ-ны захирал Д.Р, С.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн захирал С.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө*******” СӨХ, иргэн С.У******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч “Ө*******” СӨХ-ны захирал Д.Р, С.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 “...Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/365 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 98 дугаар цэцэрлэгийн тоглоомын талбай, орон сууцны 14а, 14б, 30, 79 дүгээр байрны хажууд байршуулан олон давхар гараж бариулах зориулалтаар 0,16 га газрыг “Э*******” ХХК-нд эзэмшүүлж байсныг тухайн үед “Ө*******” СӨХ, түүний оршин суугчид эсэргүүцэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж дүгнэлт гаргуулж, Нийслэлийн Засаг даргад хандсан. 

Үүний үр дүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Газрын норм, нормативыг баримтлах хэрэгтэй. Уг барилгыг хүүхдийн цэцэрлэгээс холдуулж барих талаар судалж, шийдвэрлэж, хариу өгөх” үүргийг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4/2923 дугаар албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт өгсний дагуу “Э*******” ХХК нь гараж барихаа больсон гэж ойлгосон. 

Гэтэл 2016 оны 5 дугаар сард “Э*******” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14 дүгээр байрны зүүн талд олон давхар гараж барихаар уг газарт байрлаж байсан гаражуудыг буулгаж эхэлснээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжаар тус компанид олон давхар нэгдсэн гаражийн зориулалтаар талбайн хэмжээ нь 1600 м.кв байсныг 2004 м.кв болгон газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг мэдсэн. 

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг даргад тус тус хандаж гомдол гаргасан. 

Уг гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэхдээ дээрх захиргааны байгууллага, албан тушаалтан нь үндэслэл бүхий шийдвэр ирүүлээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хугацаанд мөн зүйлийн 12.1.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 05-ны зөвшөөрлөөр “Э*******” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт олон давхар нэгдсэн гаражийг барьснаар хүүхдийн цэцэрлэгийн орчин болон орон сууцны барилгын ойр орчимд агаар, орчны бохирдол үүсгэж, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд өсч, торних эрх болон тус хорооны оршин суугчдын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсч байна. 

Мөн 200 автомашинаас гарах утаа нь цэцэрлэгийн хүүхдүүдийн уураг тархинд гаж нөлөө үзүүлэх магадлал өндөр байгаа болон уг газарт олон автомашины гараж барьснаар машинуудын хөдөлгөөн нь хүүхдүүдийн зорчих хэсэгт замын хөдөлгөөний аюултай байдлыг үүсгэж байгаад оршин суугчид, иргэдийн зүгээс санаа зовниж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжаар олон давхар гаражийн зориулалтаар газар эзэмших эрх олгож, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь дараах хууль  тогтоомжийг зөрчиж байна. 

1. Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 6.36-д заасныг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн тухай” 02-07-85/1088 дугаар дүгнэлт, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02-10/2180 дугаар албан бичгийг хавсаргав. 

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолын 4.5, 4.6-д Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа болон холбогдох бусад байгууллагуудад зохих зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй байх үүрэг болгосон заалтыг зөрчсөн байна. 

3. Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйл буюу 17.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус зөрчсөн байна. 

4. Мөн түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, “Э*******” ХХК-нд гараж барих зориулалтаар газар эзэмшүүлж, барилга барих зөвшөөрөл олгохдоо иргэдийн санал, оролцоог тусгалгүйгээр хууль зөрчиж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Иймд маргаан бүхий захиргааны актууд нь дээрх байдлаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 14А дугаар байрны баруун талд орчны тохижилт бүхий олон давхар гараж байгуулах зориулалтаар 0,16 га газарт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/54 дүгээр захирамжийг үндэслэж газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтанд шалгарсан “Э*******” ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх олгох тухай А/365 дугаар захирамжаар 0,16 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/828 дугаар захирамжаар уг 1600 м.кв газрын хэмжээг 2004 м.кв болгон 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 303716 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон байна. 

Манай мэдээллийн сан дах газрын кадастрын зурагт “Э*******” ХХК-ийн эзэмшиж буй газар нь ямар нэгэн давхцал байхгүй, нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Маргаан бүхий газрыг “Э*******” ХХК-нд олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд үндэслэж хууль ёсны дагуу гарсан захирамж тул нэхэмжлэгч “Өргөө14” СӨХ-ны гаргасан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжийн “Э*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/820 дугаар “Барилгын байршлыг тогтоож, барилга барих, газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар “Э*******” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,16 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олон давхар гаражийн зориулалтаар эзэмших эрх авсан. 

Мөн байгууллагаас “Э*******” ХХК-нд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралтаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм” батлагдсан. Манай байгууллага 151 дүгээр тогтоолын дагуу 2013 оноос Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах зөвшөөрлийг олгон ажиллаж байна. 

“Э*******” ХХК нь манай байгууллагад “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4 дүгээр хавсралтын “А”-д заасан бүрдлийг бүрдүүлэн ирүүлсэн. Хүсэлтийг хянан үзээд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 264/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг олгосон болно. 

“Э*******” ХХК-нд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан ба 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/56 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн зөвшөөрлийн хугацааг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан болно. 

Манай газраас олгосон Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь ямар нэгэн хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

“Э*******” ХХК-ийн захирал С.Б нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Манай компанийн хувьд 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/365 дугаар захирамжаар 0,16 га газрыг орчны тохижилт бүхий олон давхар гаргаж байгуулах зориулалтаар  авч 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр А/828 дугаар захирамжаар 2004 м.кв талбай болгон өөрчилсөн болно. 

Улмаар 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дугаар БГД/56 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0******* №264/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг хуулийн дагуу авч барилгын ажлыг эхлүүлээд байна. 

Энэхүү зогсоол барих талбайн газар нь 98 дугаар цэцэрлэг болон өөр хэн нэгний ямар нэгэн талбайн газартай давхцалгүй байх бөгөөд уг газар хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших болон бусад эрхийг хөндөөгүй болно. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргахаар зохицуулагдсан байдаг бөгөөд нэхэмжлэгч “Ө*******” СӨХ болон иргэн С.У******* нарын эрх ашгийг маргаан бүхий акт болох Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0******* №264/2013 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамж зэрэг нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн болох нь нотлогдохгүй байна. 

Харин нэхэмжлэлд дурдсан 98 дугаар цэцэрлэгийн талбай руу нэвтэрсэн эсхүл цэцэрлэгийн эрх ашгийг хөндөж байна гэж үзвэл 98 дугаар цэцэрлэг бие даасан хуулийн этгээдийн болохын хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг цэцэрлэгийн хувьд шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй болно. “Ө*******” СӨХ нь 98 дугаар цэцэрлэгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. 

Уг газрыг автомашины давхар зогсоол болгосноор иргэдийн эрүүл аюулгүй байдалд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь уг газарт өмнө автомашины 75 ширхэг тоосгон гараж байрлаж байсан бөгөөд уг гаражууд нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй баригдсан байсан болно. Эдгээр гаражууд нь яг цэцэрлэгийн хажууд байрлаж байсан бөгөөд аюулгүй байдал болон барилгын норм, дүрмийн дагуу баригдаагүй, уг гаражуудыг барих болон ашиглах ямар нэгэн зөвшөөрөлгүй байсан юм. 

Уг гаражуудыг манай компани худалдаж авах, баригдаж буй гаражуудыг оронд нь өгөх зэргээр гэрээ хийж иргэдэд хохиролгүйгээр газрыг чөлөөлсөн билээ. 

Манай компани барилгын норм, дүрэмд нийцүүлэн автомашины зогсоол барих гэж байгаа бөгөөд энэхүү зогсоол баригдсанаар тухайн хороололд 200 оршин суугч зогсоолтой болж одоогийн байгаа нөхцөл байдал харин аюулгүй зориулалтын орчин бий болох юм. Эдгээр тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн манай компанид холбогдох хэсгийг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд нэхэмжлэгч “Ө*******” СӨХ, С.У******* нарын гаргасан “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0******* №264/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн 1 дэх заалтын “Э*******” ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилсөн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/54 дүгээр захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 14а дугаар байрны баруун талд, орчны тохижилт бүхий олон давхар гараж байгуулах зориулалтаар 0,16 га газарт газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу явуулахыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 397 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт даалгаж шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Засаг дарга 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр А/365 дугаар захирамжаар  Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/54 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан “Э*******” ХХК -нд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 14а дугаар байрны баруун талд байршуулан орчны тохижилт бүхий олон давхар гараж байгуулах зориулалтаар 0,16 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0******* дугаар гэрчилгээг  2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгожээ.

Улмаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх” тухай Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр А/828 дугаар захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах олон давхар гаражийн зориулалттай 1600 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж, 2004 м.кв газрыг олон давхар гаражийн зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гуравдагч этгээдийн нэр дээр уг газрыг эзэмших эрхийн 000303716 дугаартай гэрчилгээг  2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон байна. 

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Э*******” ХХК-ийн олон давхар гаражийн 5 давхар барилга барих БГД/56 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг  баталж, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 0******* №264/2013 дугаар зөвшөөрлийг  олгожээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  олгоно”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасантай нийцсэн, өөрийн  бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь уг газрыг гуравдагч этгээд “Э*******” ХХК-нд эзэмшүүлсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр А/828 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзэв. 

Нэхэмжлэгч нар “ДТУА” ХХК-ийн гүйцэтгэсэн “Э*******” ХХК-ийн 5 давхар нэгдсэн гаражийн барилгын зураг төсөл нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” /БНбД 30-01-04/-ийн 6.36 дэх заалтуудыг хангаагүй, орон сууцны нарны тусгалыг хааж, цэцэрлэгийн хүүхдүүд болон оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, энэ нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 02-07-85/1088 дугаар дүгнэлтээр  тогтоогдож байна” хэмээн маргаж байна. 

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 14а байр нь ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэсэн, баруун зүг харсан орцтой орон сууц ба маргаан бүхий 200 автомашины гараж түүний зүүн талд баригдаж байгаа бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2317 дугаар дүгнэлтээр  “...14а байрны хойд талын орцны 2 дугаар давхрын зүүн харсан цонхтой айлуудын цонхоор тооцоот өдөрт тусах нарны ээвэрлэлт нь тооцоот хугацаанд 3 цаг 30 минут байх байсны 2 цагт нь 200 машины гаражийн барилгад сүүдэрлэгдэж 1 цаг 30 минут байна. Энэ хугацаа нь БНбД 23-04-07-н 3.6-д заасан шаардлагыг хангахгүй, ...3-5 дугаар давхрууд шаардлага хангаж байгаа” талаар дүгнэсэн.  

Орон сууц, олон нийтийн барилга, сууцны баилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07 3.5, 3.6-д зааснаар Орон сууцны гурав хүртэлх өрөөтэй айлын сууцанд 1 өрөөний цонхоор тусах нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа Улаанбаатар хотод хавар, намрын өдөр шөнө тэнцэх өдөр буюу 3 сарын 22 ба 9 сарын 22-нд 2 цагаас багагүй байна. 4 ба түүнээс олон өрөөтэй сууцны 2 өрөөнд энэхүү норм хангагдаж байх ёстой. Улаанбаатар хот нь хойд өргөргийн 48 градуст орших бөгөөд үүнээс хойш орших хотуудад энэ хугацааг хагас цагаар нэмэгдүүлж тооцох бөгөөд тайлбарын 2-т “...хот байгуулалтын төвөгтэй нөхцөлд /...барилгажилтын талбайн бэлтгэл ажлын өртөг өндөр байх нөхцөлд буюу хотын төв, хорооллын төвд/ орон сууцны хорооллыг шинэчлэх, нэмж барилгажуулах үед нарны тусгалын үргэлжлэх хугацааг бүс тус бүрд 0,5 цагаар багасгаж төлөвлөхийг зөвшөөрөхөөр заажээ. 

Нэхэмжлэгч “Ө*******” СӨХ-ны захирал Д.Р нь 14 а байрны 1 дүгээр орц буюу хойд талын орцны 2 давхрын 8 тоотод оршин суух хаягтай бөгөөд зүүн талдаа 1-2 дугаар давхар нь зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан болох нь шүүхээс газар дээр хийсэн үзлэгийн фото зураг, шинжээчийн дүгнэлтийн Хавсралт-1 зураг, “...14а байрны 3, 4, 7, 8 тоотуудын хананд нааж барьсан өргөтгөлийн барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх” тухай Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/827 дугаар захирамж зэргээр тогтоогдож байх бөгөөд  нэхэмжлэгч С.У******* 33 тоотод оршин суудаг тул шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан 1 дүгээр орцны 2 дугаар давхарт зөвхөн нэхэмжлэгч Д.Р хамаарах боловч өргөтгөл барин үндсэн орон сууцандаа тусах нарны тусгалыг хаасан байх тул Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа 14 а байрны хойд орцны 2 давхрын цонх нь зүүн зүг харсан нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07 3.5, 3.6-д заасантай нийцэж байна. 

Үүнээс үзвэл орон сууцны хороолол дотор 40 гаруй тоосгон гаражууд байрлаж байсан талбайд нэгдсэн автомашины гаражийн барилга барих зориулалтаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэн, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0******* №264/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон нь тухайн газрыг нэмж барилгажуулан, тохижилт болон хотын өнгө үзэмжид нөлөөлсөн, тухайн ойр орчмын автомашин эзэмшигч, өмчлөгч нар нэгдсэн авто зогсоолд хамрагдах боломжтой, нийтийн эрх ашиг руу чиглэсэн шийдвэр гэж үзэж болох юм.        

Мөн шинжээчийн дүгнэлтээр орон сууц болон гараж хоорондын зай 17.17-17.60 метр болохыг хэмжиж тогтоосон бөгөөд  Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ийн 6.36, 11 дүгээр хүснэгтэд Орон сууцны барилга, 51-ээс дээш гаражийн зай 25 метрээс багагүй байхыг, орон сууцны хажуу талаас  15 метрээс багагүй байхыг тайлбарласан байх тул энэхүү заалтыг хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар Барилгын тухай /2008 он/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллажээ.   

“Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 0******* №264/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу 5 давхар гараж барих байтал 8 давхар баригдсан нь хууль бус” хэмээн нэхэмжлэгч тайлбарлах бөгөөд зураг төслийн дагуу баригдаагүй, зөвшөөрсөн хэмжээнээс илүү олон давхар барьсан гэх  гуравдагч этгээдийн үйлдлийн тухайд хууль, журамд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан хяналт тавих үүрэгтэй тул 5 давхар гараж барих зөвшөөрөлийн хувьд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэв.  

Түүнчлэн “гаражийн баруун талд байрлах хүүхдийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндэд автомашинаас гарах хорт хий аюултай, барилгыг ойртуулан төлөвлөсөн” гэх маргааны тухайд нэхэмжлэгч “Ө*******” СӨХ, С.У******* нар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шүүх хянан үзэж шийдвэр гаргах тул нэхэмжлэл гаргаагүй хуулийн этгээд, хүний эрх зөрчигдсөн эсэхийг шүүх дүгнэх үндэслэлгүй болно.    

Иймд нэхэмжлэгч “Ө*******” СӨХ, С.У******* нарын гаргасан “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0******* №264/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн 1 дэх заалтын “Э*******” ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилсөн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3,  Барилгын тухай /2008 он/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө*******” СӨХ, С.У******* нарын гаргасан “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0******* №264/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн 1 дэх заалтын “Э*******” ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилсөн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээч нарын ажлын хөлс 240.000 төгрөгийг нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.САЙХАНТУЯА