Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Ш.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шаравдоржийн Гд холбогдох эрүүгийн 1829001920110 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, жолооч мэргэжилтэй, “Шинэ-Эрмүүн” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын 6-137 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Шаравдоржийн Г /РД:ФБ76060911/

           

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Г нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуун сухайт хилийн боомтоор ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү”-ийн 201 кг үндсийг 99-71 УНЗ улсын дугаартай Норд бенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийн 22-93 АЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд нууж тээвэрлэсэн, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 6 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

     Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-27 дугаар хуудас/,

     Хохирогч Б.Алтангэрэл /РД:КД89100214/: “...Ш.Гд холбогдох ховор ургамлын жагсаалтад орсон Дэргэвэр жиргэрүүгийн 201 кг үндсийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт хохирогчоор оролцож байна. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолоор нэмэгдсэн ховор ургамлын жагсаалтад орсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 он хүртэл түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээгээр нэг кг дэрэвгэр, жиргэрүү ургамал нь 50,000 төгрөг гэж заасан байгаа. Хуульд заасны дагуу байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дугаар хуудас/

     Гэрч Л.Баярмаагийн: “...Ш.Г нь “Шинэ-Эрмүүн” ХХК-ийн жолоочоор 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 99-71 УНЗ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож эхэлсэн. ...2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай жолооч Ш.Г эд зүйл ачиж хил рүү ороод саатуулагдсан талаар утсаар мэдэгдсэн. ...манай компанийн зүгээс жолооч болон нүүрс тээврийн машинуудаа дагаад яваад байх боломж байдаггүй. Жолооч нарт хил гаалиар орж гарахдаа хүний дайвар барааг авахгүй байхыг хэлж анхааруулан, аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр хүртэл тусгаж өгсөн байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

     Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай “...Уг дээж нь манай оронд тархдаг Майлцтан /Apiaceae Lindley 1836/ овгийн  Жиргэрүү /Saposhnikovia Schischkin 1951/ төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү /Saposhnikovia divaricate Schischkin 1951/ гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

     “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №139/01 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

     Ш.Гын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 8 цагийн үед Хайлаастын тохой гэх газарт үер буугаад зам сэтэрсэн хэсэгт танихгүй 2 жолоочтой хамт зогсож байхад тэнд шаварт суугаад гарч ирсэн баруун талдаа жолооны хүрдтэй япон машин бид нар дээр ирээд эмийн ургамал байна хилээр гаргаад өгвөл 1500 юань өгнө гэсэн. Тэгээд очиж үзэхэд мод шиг нарийхан ургамал байсан. Тэгсэн нөгөө хоёр жолооч ачихгүй гээд явчхаар нь “би ачъя” гэж хэлээд микро автобусыг машиныхаа дэргэд аваачиж чиргүүлийнхээ хучлагыг хуулж байгаад тэвшний урд хэсэгт нийт 20 уут барааг ачсан. ...Гашуун сухайт хилийн боомтын талбайд ороод зогсоход хилийн цэрэг миний машиныг шалгаад барааг хараад намайг саатуулсан мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

     Ш.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 49 дүгээр хуудас/,

          Ш.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50-52 дугаар хуудас/,

Ш.Гын арилжааны банкнууд дахь дансны хуулгууд /хх-н 53-59 дүгээр хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 62 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Ш.Г нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуун сухайт хилийн боомтоор 99-71 УНЗ улсын дугаартай Норд бенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийн 22-93 АЧ улсын дугаартай чиргүүлийн тэвшинд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаал, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан, “Байгалийн ургамлын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гадаадад гарахыг хориглосон “Дэрэвгэр Жиргэрүү” гэх нэртэй ургамлыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Гыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх, зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Ш.Гаас нэхэмжилсэн байгаль орчинд учруулсан хохирол 50,250,000 төгрөгийг хохирол төлбөрт оруулан тооцох үндэслэлгүй гэж үзэв.  

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-д “Байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг тооцохоор хуульчилсан байх ба шүүгдэгч Ш.Гын гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, холбогдол нь хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл байна.

Иймд байгаль орчинд учруулсан хохирол 50,250,000 төгрөг нэхэмжилсэн хохирогч Б.Алтангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Ш.Гд ял шийтгэл оногдуулахдаа улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан нийтдээ 194 кг /прокуророос хүлээж авсан/ “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Шаравдоржийн Гыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох,

-мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 6,100 /зургаан мянга нэг зуу/-н нэгжтэй тэнуэх хэмжээний буюу 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Алтангэрэлийн нэхэмжилсэн 50,250,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 194 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Ш.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ш.Гын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Гд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН