Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2026/ДШМ/17

 

 

 

 

 

 2026        04        01                                         2026/ДШМ/.....

 

   Г.Н, Я.С нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Оюун-Эрдэнэ,

Яллагдагчийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр, Н.Бүрэнчимэг,

Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЗ/132 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Оюун-Эрдэнийн эсэргүүцлээр Г.Н, Я.С нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Я-т овогт Г-ийн Н, 00 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Ссумын 0 дүгээр баг 0 дугаар гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

Монгол Улсын иргэн, Ц овогт Я-ын С 00 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Завхан аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мзргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Ссумын 00 дүгээр баг 00 дугаар гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй / регистрийн дугаар 000/.

Г.Н нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс С сум хариуцсан Газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн Ссумын нутаг дэвсгэрт өөртөө болон иргэн Я.Сд давуу байдал бий болгохын тулд газрын хувийн хэргийн материалыг бүрэн нягтлаагүй, эсхүл шалгасан мэдсээр байж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсэн, өөртөө болон иргэн Я.Сд эдийн давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Ссумын 00 дүгээр баг, 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байх 500 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 000 дугаартай газрыг эзэмших эрхийн улсын бүртгэлд зориуд 2016 онд хууль ёсны эзэмшигч болсон И.Нийг байлцуулахгүйгээр анхны 2014 оны өмчлөгч Ш.Ноос шилжүүлсэн худал мэдээлэл оруулан, уг худал мэдээлэл бүхий хуурамч газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.Аод олгосон, иргэн Я.Сийн газар зарах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй хууль бусаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдлийг хийсний хариуд хуү С.Нынх нь Хаан банкин дахь 000тоот данснаас өөрийн Хаан банкин дахь 000 тоот дансаар 3,500,000 төгрөгийн хахуулийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутад авсан,  

Я.Стай бүлэглэн Хөвсгөл аймгийн Ссумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Ноос И.Нид 2016 онд эрх шилжигдсэн Хөвсгөл аймгийн Ссумын 11 дүгээр баг, 45 дугаар гудамжны 28 тоот хаягт байх 500 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 000 дугаартай газрыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, худалдан борлуулж иргэн Г.Аын өмчлөх эрхэд 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,           

Яллагдагч Я.С нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Ссум хариуцсан Газрын даамлаар ажиллаж байсан Г.Нд болон өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Ссумын 00 дүгээр баг, 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байх 500 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 000 дугаартай газрыг эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсний хариуд хүү С.Нын Хаан банкин дахь 000тоот данснаас түүний Хаан банкин дахь 000 тоот данс руу 3,500,000 төгрөгийн хахуулийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутад шилжүүлэн өгсөн, газрын даамалд Г.Нтай бүлэглэн Хөвсгөл аймгийн Ссумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Ноос И.Нид 2016 онд эрх шилжигдсэн Хөвсгөл аймгийн Ссумын 11 дүгээр баг, 45 дугаар гудамжны 28 тоот хаягт байх 500 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 000 дугаартай газрыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, худалдан борлуулж, иргэн Г.Аын өмчлөх эрхэд 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЗ/132 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я-т овогт Г-ийн Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Я-ын С нарт холбогдох эрүүгийн 2538000550500 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Г.Н, Я.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан нөхцөл байдпуудыг нотлоогүй байна гэж шүүхийн дүгнэсэн нь дараах үндэслэлүүдээр үгүйсгэгдэнэ.

Нэг. Яллагдагч Г.Нгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрх мэдэл албан тушаалын байдпаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тухайд “Яллагдагч Г-ийн Н /000 / нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Ссум хариуцсан Газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа...” гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байхад гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхой тусгаагүй гэсэн нь тогтоогдсон бодит байдалтай нийцэхгүй байна.

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийнх нь тухайд яллагдагч Г.Н нь иргэн Я.Сийн бусдад газар худалдан борлуулах ашиг сонирхлын үүднээс анхны эзэмшигч байсан И.Ноос Г.Аын нэр лүү хууль бусаар шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Хөвсгөл аймгийн Ссумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Р.Э-ын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай" А/296 дугаартай захирамж гарах нөхцөлийг Газрын даамлын албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 17 дахь хэсэгт заасан үүргийнхээ дагуу газрын даамлаар ажиллаж байсан Г.Н нь бүрдүүлсэн байдаг. Энэ процесс үйл ажиллагаанд газрын даамал ажил үүргийн хуваарийн дагуу газрын нэгдсэн систем болон газрын хувийн хэргийн материалд тулгалтыг хийж, хэн нэгэн иргэний төрд хамгаалуулсан буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн эд хөрөнгийн эрхийг зөрчихгүйгээр газрын шилжилт хөдөлгөөний тухай шийдвэр гаргуулах нөхцөл боломжийг судалж, бүрдүүлэн холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд шилжүүлж, түүнийг үндэслэн бүрдүүлсэн баримтад тулгуурлан засаг дарга шийдвэр гаргаж байгаа. Уг үйл ажиллагаанд газрын даамал өөрөө гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж буруу мэдээллээр хангасны үр дүнд гарсан засаг даргын захирамжийг яллагдагчийг буруутгахад дурдах шаардлагагүй, энэ шийдвэрийг Г.Н гаргаагүй, харин уг шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлсэн Г.Нгийн үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж прокурор үзсэн тул уг зүйчлэлээр яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгүүлсэн.

Мөн худал мэдээллийг хэзээ, хэрхэн оруулсан эсэхийг тусгаагүй гэсэн үндэслэлийн тухайд: Субъектийн хувьд Г.Н нь нийтийн албан тушаалтан бөгөөд газрын нэгдсэн системд үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрд нь оруулах, бүртгэх, өөрчлөх, Газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх үүргийг хүлээсэн этгээд мөн. Улсын бүртгэлийн тухай ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “улсын бүртгэл” гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгоно.” 3.1.4. “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;

8 дугаар зүйл “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл -8.1.9. “газар эзэмших, ашиглах эрхийн” гэж хуульчилсан байгаа нь иргэний газар эзэмших эрх шилжсэн тухай бүртгэл нь улсын бүртгэлийн нэг төрөл болох нь харагдаж байна.

3.1.5. “улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, код, индекс, арга зүй, стандарт, баримт бичгийн шаардлага болон хуульд заасны дагуу цуглуулж, боловсруулж, хадгалсан иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг;” хэлнэ. Энэ системд мэдээлэл оруулах, өөрчлөх, боловсруулах, баталгаажуулах ажлыг мөн хуулийн 11.1-т зааснаар улсын бүртгэгч эрхлэн гүйцэтгэнэ. Гэвч “13.1.Бүх шатны төрийн байгууллага улсын бүртгэлийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хуульд заасны дагуу хамтран ажиллах үүрэгтэй.” гэж зааснаар хамтран ажиллах, үнэн зөв мэдээллээр хангах газрын асуудал хариуцсан нэгжийн албан тушаалтан Г.Нгийн өөрийн болон бусдын эрх ашиг сонирхлын үүднээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргуулан аваагүй, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг үндэслээгүй, газрын хувийн хэрэгт холбогдох баримтуудыг бүрдүүлж тусгалгүйгээр худал мэдээлэл бүхий буюу үндэслэлгүйгээр газрын эрх шилжүүлсэн эх баримт бичгийн мэдээллийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагыг хангаж худал мэдээлэл бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл /нэгж талбарын 000 дугаар бүхий газар эзэмших эрхийн 000 дугаартай И-ийн Нид олгогдсон гэрчилгээ 0000 дугаартай Г-ий Аод 31 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн 000- дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон/ бий болох үндсийг газрын даамал Г.Н нь бүрдүүлсэн байгаагаараа энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдаж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр худал мэдээлэл бүхий эрх шилжүүлсэн газар эзэмших гэрчилгээ иргэн Г.Аод олгогдсон байгаа тогтоогдсон нөхцөл байдал нь энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.

Гурав. Залилах гэмт хэргийн тухайд Я.Сийн нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, эрхийн зөрчилтэй эд хөрөнгийн үндсэн өмчлөгчийг байлцуулахгүйгээр, бодит байдлыг нуух замаар итгэл төрүүлэн хуурч, бусдад шилжүүлж, иргэн Г.Аын арилжааны банкин дахь мөнгөн хөрөнгийг нь хууль бусаар, хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, өөрт захиран зарцуулах боломжийг бүрдүүлэх үйлдпээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж буюу Г.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг үйлдэхэд нь хамтран оролцсон, гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн гүйцэтгэгч, хамжигчийн оролцоотой байжээ гэж прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолдоо гэмт хэрэг үйлдэгчдийн хамтран оролцоог ялгаж салгаж хууль зүйн дүгнэлт хийж өгсөн байна.

Нөгөөтэйгүүр уг эрүүгийн 000 дугаартай хэргийн суурь гэмт хэрэг нь өөрөө “Залилах” буюу яллагдагч Я.Сийн эдийн засгийн хэрэгцээ шаардлагын үүднээс бусад суурь гэмт хэргүүд үйлдэгдсэн байдаг. Учир нь Я.С дүүгийнхээ нэр дээр байгаа газрыг зарж бэлэн мөнгө болгохыг зорьж газрын даамал Г.Нтай уулзсан, Г.Н нь анхны өмчлөгчийг байлцуулахгүйгээр газрын эрх шилжүүлэх боломж байгааг харснаар албан тушаалын байдлаа “Авлигын эсрэг” болон “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг” гэмт хэргүүдийг үйлдэхдээ ашигласан субьектив санаа зорилго харагддаг. Үүнээс иргэн Г.Аыг залилж 8,000,000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг нь хууль бусаар шилжүүлэн авсан иргэн Я.Сийн үйлдэл нь үндсэн бүрэлдэхүүнтэй залилах гэмт хэрэг буюу Ш.Ноос иргэн И.Нид 2016 онд эрх шилжигдсэн бүртгэл цахим системд шинэчлэл хийгдээгүй байсан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж үйлдсэн, харин энэ үйлдэлд буюу бусдыг залилахад төрийн албан хаагч хамжигч болохын тулд бусад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22, 23 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд дээрх нөхцөл байдлуудаар шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлд хамаарна.

Дөрөв. Мөн хахууль авах, өгөх гэмт хэргийн тухайд 3,500,000 төгрөгийн хахууль дамжуулагдсан данс эзэмшигч С.Наас мэдүүлэг аваагүй үндэслэлийн тухайд хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэр гаргаж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Б Хөвсгөл аймгийн Ссуманд 7 хоногийн хугацаатайгаар албан томилолтоор ажиллаж, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад ирүүлсэн байдаг. Мөрдөгч, комиссарыг орон нутагт ажиллах хугацаанд яллагдагч Я.Сийн хүү С.Н нь Өмнөговь аймагт нүүрс тээврийн автомашин жолоодож ажиллаж байсан, хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдлын улмаас мэдүүлэг авч чадалгүй бусад нотлох баримтуудаар нотолж тогтоосон байдаг.

Үүнд: яллагдагч Я.Сийн төрөл садны лавлагаагаар С.Н нь түүний төрсөн хүүхэд мөн болох нь тогтоогддог, мөрдөгчийн арилжааны банкны харилцах дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр яллагдагч Я.Сийн хүү С.Нын Хаан банкин дахь 000тоот данснаас яллагдагч Г.Нгийн Хаан банкин дахь 000 тоот данс руу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутад 3,500,000 төгрөг орж, үүнийг Г.Н зээлээ хааж хувьдаа зарцуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нөлөөлж болох нотлох баримтыг үгүйсгээгүй, үнэлээгүй, анхаарч үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлд хамаарна.

Шүүгчийн захирамжид удирдлага болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлийн тухайд гэрч С.Наас мэдүүлэг авахаас өөрөөр ямар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь тодорхой тусгагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлууд хэргийг шийдвэрлэхэд буюу яллагдагч нарыг шийтгэх болон цагаатгах шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар ямар мөрдөн шалгах ажиллагаа хийж хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдпыг тодруулах шаардпагатай гэж үзэж байгаа нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлийг удирдлага болгосон атлаа мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ямар тохиолдол тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх, түүнийг хэрэгжүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэхгүй байх хуулийн шаардлага хангагдахгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2026/ШЗ/132 дугаартай захирамжийг шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Яллагдагч Г.Н нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс М сум хариуцсан Газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт өөртөө болон иргэн Я.Сд давуу байдал бий болгохын тулд газрын хувийн хэргийн материалыг бүрэн нягтлаагүй, эсхүл шалгасан мэдсээр байж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсэн, өөртөө болон иргэн Я.Сд эдийн давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн М сумын 00 дүгээр баг, 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байх 500 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 00 дугаартай газрыг эзэмших эрхийн улсын бүртгэлд зориуд 2016 онд хууль ёсны эзэмшигч болсон И.Нийг байлцуулахгүйгээр анхны 2014 оны өмчлөгч Ш.Ноос шилжүүлсэн худал мэдээлэл оруулан, уг худал мэдээлэл бүхий хуурамч газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.Аод олгосон, иргэн Я.Сийн газар зарах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй хууль бусаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдлийг хийсний хариуд хуү С.Нынх нь Хаан банкин дахь 000 тоот данснаас өөрийн Хаан банкин дахь 000 тоот дансаар 3,500,000 төгрөгийн хахуулийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутад авсан,  

Я.Стай бүлэглэн Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Ноос И.Нид 2016 онд эрх шилжигдсэн Хөвсгөл аймгийн М сумын 00 дүгээр баг, 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байх 500 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 000 дугаартай газрыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, худалдан борлуулж иргэн Г.Аын өмчлөх эрхэд 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,   

Яллагдагч Я.С нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс М сум хариуцсан Газрын даамлаар ажиллаж байсан Г.Нд болон өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн М сумын 000 дүгээр баг, 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байх 500 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 000 дугаартай газрыг эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсний хариуд хүү С.Нын Хаан банкин дахь 000  тоот данснаас түүний Хаан банкин дахь 000  тоот данс руу 3,500,000 төгрөгийн хахуулийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутад шилжүүлэн өгсөн, газрын даамалд Г.Нтай бүлэглэн Хөвсгөл аймгийн М сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Ноос И.Нид 2016 онд эрх шилжигдсэн Хөвсгөл аймгийн М сумын 00 дүгээр баг, 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байх 500 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 000 дугаартай газрыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, худалдан борлуулж, иргэн Г.Аын өмчлөх эрхэд 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасныг тус тус үндэслэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зохицуулсан.

Мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийг дахин засуулахаас өөрөөр тогтоох, үгүйсгэх, үнэлэх аргагүй нөхцөл байдал хамаарах бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл ийм нөхцөл байдалд хамаарахгүй байна.

Тодруулбал, яллах дүгнэлтэд “...Г.Н нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс М сум хариуцсан Газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа, ... худал мэдээлэл бүхий хуурамч газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.Аод олгосон” гэсэн байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг тусгасан байх ба дээрх хугацааг тодорхойгүй гэж дүгнэвэл шүүх хуралдааны явцад тодруулах боломжтой.

Мөн шүүгчийн захирамжид дурдсан “...эрх шилжүүлэх үндэслэл болсон Хөвсгөл аймгийн М сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/296 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамж, хавсралтын талаар дурдаагүй, худал мэдээллийг хэзээ, хэрхэн оруулсан эсэхийг тусгаагүй, ...яллагдагч Г.Н нь ... албан тушаалын байдлаа урвуулах ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн эсэхийг тодруулах нь ...яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар яллах дүгнэлтэд тодорхойгүй,  ...гэрч С.Наас гэрчээр мэдүүлэг аваагүй” зэрэг ажиллагаа нь хэрэг хянан хэлэлцэхийг  хойшлуулах журмаар тодруулах ажиллагаанд хамаарна.

Шүүх Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзвэл хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөн зүйлийн 6-д зааснаар дээрх ажиллагааг явуулахыг прокурорт даалгах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЗ/132 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч  Г.Н, Я.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                             ШҮҮГЧИД                                   Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                 Б.СОСОРБАРАМ