Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

               Улсын яллагч: А.Амгалан,

               Шүүгдэгч: З.Оргилболд /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Оргилболдод холбогдох 1829000000106 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох-бүртгэлийн мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал унтраах, аврах 44-р ангид нярав ажилтай, ам бүл 2, эхийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-220 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Зоригтсайханы Оргиболд /РД:ЗЙ92051411/

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч З.Оргилболд нь 2018 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Гал унтраах, аврах 44 дүгээр ангийн байранд иргэн Д.Мягмардагвын эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Оргилболд мэдүүлэхдээ: “Би Мягмардагвын нүд рүү нь цохисон. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Бөөрний хэсэгт мэс ажилбар хийсэн зураг хэрэгт хавсаргасан байна. Түүнийг би үйлдээгүй, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Бөөрний хэсэгт хөхөрч няцарсан талаар салаан дарга Дашням гэдэг хүн харсан гэдгээ гэрчийн мэдүүлгээр мэдүүлсэн байсан” гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мягмардагвын мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Мөнххүрэлийн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Гантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн №391 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

- Шүүгдэгч З.Оргилболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/,

         - Хохирогч Д.Мягмардагвын хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 76-р хуудас/,

         - Шүүгдэгч З.Оргилболдын  хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 91-92-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч З.Оргилболдыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч З.Оргилболд нь 2018 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Гал унтраах аврах 44 дүгээр ангийн байранд иргэн Д.Мягмардагвын эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Д.Мягмардагвын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө байгууллагынхаа харуулын байранд харуулын үүргээ гүйцэтгэж байсан. Тэгээд шөнийн 03 цаг өнгөрч байх үед манай ажлын нярав Оргилболд намайг ажлын газрын Мөнххүрэлээр дуудуулсан. Намайг очиход Оргилболд согтуу байсан ба намайг амин хувиа хичээсэн хүн гэж хэлээд надад номхон команд өгөөд үгийн зөрүүгүй зодож эхэлсэн. Чи их өргөдөл бичдэг гэсэн үү одоо өргөдлөө бичээд өг гээд цаас бал өгсөн. Харуулдаа гараад байж байхад 10 орчим минутын дараа дахин намайг тамхины цэг дээр дуудсан. Яваад очтол болсон асуудлыг нам дараарай цэргийн хүмүүст ийм зүйл байх ёстой юм. Ийм байх юм бол би чамайг илүү тордох болно гээд хавдрыг буулгах арга хэмжээ ав. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад хандах гэтэл намайг ангиас хаашаа ч явуулахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

- гэрч Р.Мөнххүрэлийн өгсөн: “...Оргилболд Мягмардагвыг цохих гэхэд бултаад нүдрүүгээ цохиулсан. Нүдээ дараад доошоо тонгойход нь дээшээ бол гээд номхон команд өгсөн. Тухайн үед Оргилболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

- гэрч М.Гантөмөрийн өгөн: “...Оргилболд та нар цэрэгжилт, жагсаалч байдал муу байна гээд бид нарыг зүүн шанаанд нэг удаа цохиж шанаа өгсөн. Дэд ахлагч Мягмардагвыг цохисон чинь нүд рүү нь цохиход нүдээ дараад доошоо суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

- гэрч А.Мөнхбаярын өгсөн: “...Баттулга орж ирээд Оргилболд чамайг дуудаж байна гэхээр нь яваад очсон чинь Мягмардагва баруун нүдээ дараад сууж байсан. Оргилболд та нар цэрэгжилт, жагсаалч байдал муу байна гээд бид нарын шанаа хэсэгт цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

- гэрч А.Баттулгын  өгсөн: “Оргилболд нь Гантөмөр, Мягмардагва, Мөнхбаяр бид нарыг цэрэгжилт, жагсаалч байдал муу байна гээд тус бүр 2 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

        - Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №391 дугаартай шинжээчийн: Д.Мягмардагвын биед тархи доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, толгойн орой хэсэг, баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/,

       - Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Мягмардагва “Санал, гомдол, хүсэлт байхгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 106-р хуудас/, шүүгдэгч З.Оргилболд хохиролд 2 400 000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа З.Оргилболдын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч З.Оргилболд  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Зоригтсайханы Оргилболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  З.Оргилболдыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч З.Оргилболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.37 дугаар зүйлийн 37.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА