| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2538000090186 |
| Дугаар | 2026/ДШМ/18 |
| Огноо | 2026-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2026/ДШМ/18
2026 04 01 2026/ДШМ/18
Э.Уөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Э.У /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,
Хохирогч: М.Б,
Хохирогчийн өмгөөлөгч: Н.Дэмбэрэлдагва /цахим/,
Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч М.Бын давж заалдах гомдлоор Э.Уөд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Бэсүд овгийн Эын У, 00 оны 0 дүгээр сарын 00 -ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Р сумын 00 дугаар баг 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар 5,616,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан /регистрийн дугаар 000/.
Э.У нь Хөвсгөл аймгийн Р сумын 0 дүгээр баг “Р” худалдааны төвийн урд зам дээр 0000УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М.Бтой маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж, тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уөд 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уөд оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Уөөс эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролд нийт 5,552,150 (таван сая таван зуун тавин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан хохирогч М.Бод олгож, хохирогч М.Б нь замын зардал болон цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Уөөс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгийн 12.1.1-д зааснаар 37,082 (гучин долоон мянга наян хоёр) төгрөгийг шүүгдэгч Э.Уөөс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч М.Б давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас бусдыг хохирогчийн хувьд эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.
1.Би шүүгдэгч Э.Уөд зодуулж гэмтсний улмаас эд хөрөнгө болон сэтгэл санааны хувьд багагүй хохирол амссан. Одоогоор өөрт байгаа баримтаар надад 3,713,430 төгрөгийн шууд хохирол учирсан. Шүүх хуралдаанд оролцсон прокурор үүнээс хоол унданд зарцуулсан мөнгийг хасаад шүүгдэгчээр надад 3,623,010 төгрөг төлүүлэх санал гаргасныг би зөв болсон гэж бодож байгаа. Гэтэл шүүх прокурорын саналыг үл харгалзан 932,150 төгрөг төлүүлэхээр үндэслэлгүй шийдвэрлэсэнд би маш гомдолтой байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг ч маш багаар үнэллээ.
2.Шүүгдэгчид хэт хөнгөн ял оногдууллаа. Энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад илт харшиллаа гэж үзэж байна. ...Шүүгдэгч нь надад учруулсан хохирлоо огт төлөөгүй. Мөн үйлдсэн хэрэгтээ үнэхээр гэмшсэн, буруугаа хүлээсэн байдал гаргаагүй. Түүний үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал огт байхгүй байгаа. Шүүх хуралдаанд миний өмгөөлөгч шүүгдэгчид хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Гэтэл шүүх “зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн оршин суух бүртгэлтэй нутаг дэвсгэрээр хязгаарладаг. Шүүгдэгч Э.Уийн хувьд оршин суух бүртгэлтэй хаяг нь ... Р сум, цалин орлого олох, тогтмол гүйцэтгэх ажил нь ... Эсуманд байгаа нь хязгаарлалтын хүрээг өргөн тогтоох, хяналт тавихад хүндрэлтэй байна” /шийтгэх тогтоолын 11 дүгээр тал/ гэх мэт хуульд нийцэхгүй, нэг талыг барьсан дүгнэлтүүд хийн шийдвэрээ гаргасанд би маш их гайхаж байна. Улсын яллагч шүүгдэгчид нэг сая төгрөгөөр торгох ял сонсгосон. Гэтэл шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг даган бүр найман зуун мянган төгрөгөөр торгож байгаа нь хохирогч талын саналыг үл ойшоосон үйлдэл боллоо гэж үзэж байна. Ийнхүү шүүх Монгол Улсын ЭХХШ тухай хууль, Шүүхийн тухай хуулийн хууль дээдлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэнгүй гэж үзэж байна.
Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн 2026/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өнгө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч надаас 8 сая төгрөг нэхсэн би нэг дор ийм их мөнгө олж өгөх боломжгүй зээл авч өгнө гээд эхний удаадаа хохирогчид 4 сая төгрөг төлсөн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нэхэмжилсэн зардлаас зөвхөн эмчилгээний зардлыг гаргуулж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Э.Уөд холбогдох эрүүгийн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
1.Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Э.У нь Хөвсгөл аймгийн Р сумын 4 дүгээр баг “Р” худалдааны төвийн урд зам дээр 0000УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр жолоо барьж явсан М.Бтой маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж, тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд “шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
3.Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
5.Хохирогч М.Бын гаргасан “...шүүх прокурорын саналыг үл харгалзан 932,150 төгрөг төлүүлэхээр үндэслэлгүй шийдвэрлэсэнд би маш гомдолтой байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг ч маш багаар үнэллээ, шүүгдэгчид хэт хөнгөн ял оногдууллаа, хуульд нийцэхгүй, нэг талыг барьсан дүгнэлтүүд хийн шийдвэрээ гаргасан...” гэх гомдлын тухайд:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байх шинжийг агуулах бөгөөд Э.У нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх ба шүүгдэгчийн гэмт үйлдлийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс сонгон оногдуулж буй ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгчээс эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролд нийт 5,552,150 (таван сая таван зуун тавин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан хохирогч М.Бод олгож, мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгийн 12.1.1-д зааснаар 37,082 (гучин долоон мянга наян хоёр) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч, холбогдох хууль, журмын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “Шүүх шинжилгээний байгууллага нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. 2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчдийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЕГ0825/4067 дугаартай дүгнэлтээр “...Шинжлүүлэгч М.Б /000 -ны сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт гарсан байна /1-р хх-н 169-170-р тал/.
Шүүх энэхүү дүгнэлтийг үндэслэж, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 4,620,000 төгрөгөөр тогтоосныг буруутган дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Түүнчлэн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 3,713,430 төгрөгийн зардал гарсан гэх баримтуудаас 932,150 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, үлдсэн хэсгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Уөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.
6.Мөн эрүүл мэндэд болон сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хүлээх үүрэгтэй тул хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
7.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй тул хохирогчийн давж заалдах гомдолд хавсарган ирүүлсэн хуулбар баримт /2 хуудас/-ыг үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ