| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0120/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Нарантуяа,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч С.Н/өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрийнхөн овогт Сэрээтэрийн Нэргүйд холбогдох 1829000000119 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 1161 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй Төмөрийнхөн овогт Сэрээтэрийн Н/РД:ЙЭ76051619/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 160 км-т иргэн Г.Нямсүрэнтэй маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нмэдүүлэхдээ: “...Г.Нямсүрэн нь удаан яваад байсан. Тэгээд гүйцэж түрүүлэх гэтэл шахсан. Хэрвээ туршлагагүй жолооч байсан бол унах аюултай нөхцөл байдалд байсан. Тэгээд миний уур хүрээд “миний дүү яаж байгаа юм бэ ахыгаа унагах гэж байна ш дээ” гэхэд нэг түлхээд буцаад явтал араас Г.Нямсүрэн нь хэл амаар доромжлоод байсан. Тэгээд очоод барьж аваад нэг мөргөсөн. Ийм л явдал болсон.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/,
Хохирогч Г.Нямсүрэнгийн /РД:СЮ91122219/: ”...2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр миний машины ар талд явж байсан машин намайг гүйцэж түрүүлэхдээ шахаж түрүүлсэн болохоор түүний ар талд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед нь би зам голлоод урдаа гаргалгүй явж байгаад оочерын сүүлд очиж зогссон. Тэгээд би машинаасаа буугаад намайг шахаж түрүүлсэн машины жолоочтой уулзаад “яаж түрүүлээд байгаа юм бэ, чиргүүлээрээ шахаж орлоо ш дээ” гээд яриад зогсож байтал цаанаас нэг хүн ирж байгаа юм шиг харагдаад хүмүүсийн голоор орж ирээд нэг ах намайг барьж аваад хамар руу нэг удаа мөргөж, хамраас цус гаргасан. ...надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Миний хохирол болох эмчилгээний зардал 2,800,000 төгрөгийг С.Нбүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 9-11-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн: “...Г.Нямсүрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 17-р хуудас/,
С.Нэргүйн яллагдагчаар өгсөн: “...би тэр залуу дээр очоод “хүн аллаа ш дээ” гэж хэлээд түлхээд эргээд машин руугаа явсан. Тэгтэл тэр залуу араас янз бүрийн юм яриад байхаар нь би эргэж очоод заамдалцаад авсан. Тэгсэн тэр залуу цохих гээд дайрахаар нь би өөрийн рефлексээр мөргөөд хамраас нь цус гаргачихсан. Уг нь мөргөе гэж бодоогүй. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг.../хх-н 22-23-р хуудас/,
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 24-р хуудас/,
Шүүгдэгч С.Нэргүйн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 25-р хуудас/,
Шүүгдэгч С.Нэргүйн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 26-31-р хуудас/,
Шүүгдэгч С.Нэргүйн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 35-58-р хуудас/,
Хохирогч Г.Нямсүрэнгийн хохирол төлбөрийн баримтууд, төлөгдсөн тухай баримт /хх-н 61-75, 78-79-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 160 км-т иргэн Г.Нямсүрэнтэй маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Г.Нямсүрэнгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Нэргүйн гаргасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч С.Нэргүйг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Г.Нямсүрэнгийн биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн: “...Г.Нямсүрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 17-р хуудас/-аар тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, төлбөрт 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/-н төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Г.Нямсүрэн нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нэргүйд 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Нэргүйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төмөрийнхөн овогт Сэрээтэрийн Нэргүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нэргүйг 600 /зургаа/-н нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ннь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Нямсүрэн нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.Нэргүйн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Нэргүйд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Нэргүйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН