| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2502006730509 |
| Дугаар | 2026/ДШМ/434 |
| Огноо | 2026-04-15 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | А.Арай /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2026/ДШМ/434
А.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Арай /томилолтоор/,
шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Э.Билгүүн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2502006730509 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч- овогт А-ийн Б-, /РД:ЖА-/, Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “А-” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч А.Б- нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай“ конвенцын ll дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай үеийн жин 744 гр, цэвэн жин 720.2 гр жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч- овогт А-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт хүргүүлсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 720.2 грамм цэвэр жинтэй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгч би Эрүүгийн 25020067300509 дугаартай хэрэгт Э.Б-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолыг гардаж аваад хуульд заасан журмын дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Гомдлын товч агуулга: Хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино “ гэж хуульчилжээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялын зөв, зохистой төрөл хэмжээг сонгон оногдуулах, түүний үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгах нь хуулийг тайлбарлан хэрэглэх үйл ажиллагааны салшгүй чухал хэсэг мөн гэж үзэж байна. Үүний нэгэн адил шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялд дүгнэлт, шалтгаанаар ял оногдуулах тухай гаргасан санал, үндэслэлийг няцааж буй шалтгаан, хууль хэрэглээг тодорхой болгох шаардлагатай. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, анхан шатны шүүх харгалзаж үзээгүй нөхцөл байдал илэрсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд нийцүүлэхүйц замаар шударга ёсны зарчмыг хангадаг. Энэ гэмт хэргийг үйлдсэн хүн болгонд хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэл төдийлөн байхгүй. Ялын бодлогыг чангатгана гэдэг нь хүн болгонд хорих ял оногдуулна гэсэн үг биш, ялыг ялгамжтай, тохиромжтой оногдуулах хууль зүйн үзэл санаа байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Үйлчлүүлэгчдээ хууль зүйн зөвлөгөө өгч байхад миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа удаа дараа илэрхийлж ийм байр суурьтайгаар хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан. Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд хангалттай авагдсан. Миний үйлчлүүлэгч урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан, нөхцөлөө тайлбарлахдаа “сонирхсон түүж үлдээсэн, хэрэглэсэн бусдад санал болгосон зүйл байхгүй” анх удаа ийм үйлдэл хийсэн гэдгээ илэрхийлж энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны зарчим, нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага, ял нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байхыг хуулиар шаарддаг. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж ойлгосон, түүний хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо тууштай байр суурьтай байсныг харгалзан үзэж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй.
Тэрээр эхнэр, бага насны хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б- Б- тоотод оршин суудаг. А- ХХК-д харуул хамгаалалтын ажилтнаар ажилладаг, нийгмийн идэвхи сайтай, залуу гэр бүлийн өрхийн тэргүүн, шударга хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ авч яваа хүнийх нь хувьд нийгмээс тусгаарлаж ял шийтгэл эдэлсэн гэх хаалтад оруулж цаашид бага насны хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, эцэг байх үүргээ гүйцэтгэх, өсөж хөгжих хөдөлмөрлөх, хийж бүтээх ирээдүйг нь орчин, хоол хүнсээр хангагдаж өсөх учиртай хүүхдийн эрхийг харгалзан үзэж өмгөөлөгчдийн хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж энэ гомдлыг гаргаж байгаа билээ.
Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулсан таслан сэргийлэх арга хэмжээг аливаа хэлбэрээр зөрчсөн зүйлгүй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл бадйал тогтоогдоогүй гэдгийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч “хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан “ оногдуулсан ялыг хөнгөрүүлэх буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зэрэг байдлаар хууль зүйн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцүүлэн анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, гэм буруугаа хүлээсэн, эхнэр бага насны хүүхэд /2 настай/ нь бусдын хаягт түр оршин суудаг шүүгдэгч А.Б- ажил хийж цалингаараа гэр бүлээ тэжээж тэтгэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” мөн миний үйлчлүүлэгч нь өрх толгойлсон ээж, бага насны хүүхдээ тэжээн тэтгэдэг, тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлдэг хүн юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар А.Б- нь сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэггүй, донтолтгүй болох нь тогтоогдсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өгсөн мэдүүлэг нь тогтвортой байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтуудаар тогтмол ажил эрхэлдэг нь нотлогдож байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй, нийгэмд хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээдэг, спортын мастер цолтой, дээд боловсрол эзэмшсэн зэрэг хувийн байдлыг тодорхойлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтойг харуулж байна. Өөрөөр хэлбэл түүнд тодорхой хязгаарлалт бүхий ял оногдуулсан тохиолдолд хуульд заасан үүргийг биелүүлэх чадвартай нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, А.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж, тэнсэж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй бөгөөд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хоригдож байх хугацаандаа олон зүйлийг ойлгож, хүний эрх, эрх чөлөө ямар үнэ цэнтэй болохыг ухамсарласан. Миний хувьд өмнө нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа ийм байдалд орж байна. Одоогоор Орхон аймгийн Эрдэнэт хотод эхнэр, 2 настай хүүхдийн хамт хадам эцэг, эхийндээ амьдарч, “А-” компанид харуул хамгаалалтын ажил эрхэлдэг. Иймд миний ар гэрийн байдал, хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү хэмээн хүндэтгэлтэйгээр хүсэж байна” гэв.
Прокурор А.Арай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, түүний шинж чанар, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байна. Түүнчлэн, шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Иймд, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Учир нь, уг зүйлд заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэх, хадгалах үйлдэл нь зөвхөн өөрөө хэрэглэхээс хэтрэн бусдад дамжуулах, уруу татах, хууль бус эргэлтийг нэмэгдүүлэх эрсдэлтэй, нийгэмд хор уршиг ихтэйд тооцогддог. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудал нь шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээ болохоос биш заавал хэрэгжүүлэх үүрэг биш юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хорих ял оногдуулах болсон үндэслэлийг тодорхой тайлбарлан дүгнэсэн байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн 2502006730509 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Б-ийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
Шүүгдэгч А.Б- нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай“ конвенцын ll дугаар жагсаалтад багтсан хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай гялгар ууттай үеийн жин 744.0 гр, цэвэн жин 720.2 гр жинтэй “өвс” гэх нэршилтэй ургамал мэт зүйлийг худалдаалах зорилгогүйгээр 2025 оны 8 сард Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн улмаар 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун туруун шалган нэвтрүүлэх постоор Б- УЕХ улсын дугаартай “Тоёота Приус”-30 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх 4-5/,
Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт, шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.А-ын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн илтгэх хуудас /хх 9/,
гэрч Б.Ц-ийн хэргийн талаар тайлбар гаргасан гар бичмэл /хх 8/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-15/,
гэрч Б.Ц-ийн “...Би өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар хот руу хүн болон дайвар авна гэсэн зарыг Сэлэнгэ аймгийн фейсбүүк групп дээр өөрийнхөө утасны дугаартай байршуулсан. 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 21 минутад Ц- дугаараас эмэгтэй хүн над руу залгаад “дайвар өгье” гэж яриад 5 дугаар багт байрлах “Ц-” дэлгүүрээс би очиж авахаар ярьсан. Би үеэлийн нэр дээр байдаг “Тоуоtа Prius 30” маркийн хар өнгийн Ц- УЕХ улсын дугаартай машинтай “Ц-” дэлгүүрийн гадаа ганцаараа очоод 13 цаг 39 минутад Ц- дугаар руу залгасан чинь утсаа аваагүй. Тэгсэн чинь миний машины хажууд зогсож байсан цэнхэр өнгийн “Тоуоtа ргius 20” маркийн машин дотроос жоохон охин хүрч ирээд дайвар өгөх гэсэн юм гэж хэлээд пүүзний хайрцагтай зүйл надад өгсөн. Би тухайн хайрцагтай зүйлийг аваад мөнгийг нь яах юм бэ гэж асуухад авах хүн нь очоод өгнө гэж хэлсэн. Тухайн үед хайрцаг дотор юу байгааг би мэдээгүй бөгөөд пүүз юм байх гэж бодсон. Хайрцаг дээр нь Ц- гэх дугаар бичсэн байсан. Би тэр газраас хөдлөөд Улаанбаатар хот руу явах 4 хүн суулгаад Баруун турууны постоор ороход цагдаа зогсоож байгаад шалгаад пүүзний хайрцгийг хараад “энэ юу вэ?” гэж асуусан. Хүний дайвар байгаа юм аа гэж хэлсэн чинь задлаад үзээдэхье гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээс нь залгаад асуугаадахъя гээд залгасан утсаа аваагүй. Тэр хооронд намайг зогсоож шалгасан цагдаа пүүзний хайрцгийг нь онгойлгож үзээд дотор нь байгаа ууттай зүйлийг цагдаагийн байр руу оруулж шалгана гэж хэлсэн. Тэгээд хайрцаг доторх ууттай зүйлийг шалгаж үзээд энэ мансууруулах үйлчилгээтэй ургамал байна гэж хэлсэн. Би Ц- дугаар руу нь залгаад надад юу өгөөд явуулчихсан юм бэ цагдаа зогсоогоод шалгасан чинь энэ хайрцаг дотор мансууруулах үйлчилгээтэй ургамал байна гэнэ гэж хэлсэн чинь эгч нь бас мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Ирэх замдаа ээждээ хэлээд дайвар авсан дэлгүүрийн камерын бичлэгийг аваад цагдаа нарт үзүүлсэн. ...Дайвар ачааг авах хүн над руу залгаагүй. Намайг цагдаа шалгаж байх үед би Ц- дугаар руу залгахад 3 дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан. Тэгсэн машин дотор явж байсан хүний утсаар залгахад эрэгтэй хүн аваад 10 дугаар хороололд дайвар ачааг авна гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх 21/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-29/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ0325/6369 дугаартай дүгнэлтэнд “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “Сонгинохайрхан дүүрэг цагдаа-н 1-р хэлтэс 13254 дугаартай гомдол 740 гр өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнбинол (delta-9-tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /хх 50-52/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1194 дугаартай шинжээч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх 65-67/,
мөрдөгчийн тэмдэглэл /хх 72, 73/,
яллагдагчаар А.Б-ийн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг дэлгэрэнгүй үнэн зөв ярьсан учир одоо нэмж ярих зүйл байхгүй”
сэжигтнээр А.Б-ийн “...Л.Б- эгчийн явуулсан дайвар ачаа нь миний ачаа байгаа юм. Би 2025 оны 8 сарын дундуур төрсөн ах болох Э-ынд буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зочилсон. Тэнд байх үедээ аймгийн төвийн ойролцоогоос өвс гэх ургамалыг түүсэн. Тухайн ургамалыг би түүчихээд Э- ахындаа үлдээчихсэн юм. Тэгээд гэр рүүгээ буюу Эрдэнэт хот руу явсан. Ингээд би гэртээ ирчихээд түүсэн өвсөө мартсан байсан. Харин 2025 оны 9 сарын 04-ний өдөр намайг Улаанбаатар хотод ажилтай явж байхад бэр эгч Б- над руу залгаад “энэ манайд үлдээсэн хайрцагтай юм чинь юу юм бэ? энийгээ авахгүй юм уу?” гэхээр нь би Улаанбаатар хот руу гарах таксинд өгөөд явуулчих гэсэн юм” гэх мэдүүлэг /хх 96/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Б-ийг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч А.Б-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх заалтанд "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг гэж тодорхойлсон. Мөн хуулийн 4 дүгээр зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг ашиглахыг зөвшөөрсөн тохиолдлыг дурьдсан ба үүнд эмчилгээ, судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний ажил, харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зэрэг тодорхой зорилгын хүрээнд зөвхөн хууль сахиулах, эрдэм шинжилгээ, судалгаа, эмнэлэгийн байгууллага хэрэглэх, эмчийн заалтаар жор авсан өвчтөнд хэрэглэхээс бусдаар иргэний гүйлгээнд хориглосон, уг төрлийн бодис болоод тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлүүдийг гэмт хэрэг тооцохоор эрүүжүүлсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Билгүүнээс“...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх учиртай.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.
Өөрөөр хэлбэл, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхийн тулд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанар, нийгмийн аюулын шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Э.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид нийтлэг үндэслэлийг, тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэрэгт хууль тогтоогч аутентик тайлбар хийж нөхцөлийг тодорхойлсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэхээр хуульчилжээ. Шүүгдэгч А.Б-ийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдахгүйн зэрэгцээ мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хийсэн хууль тогтоогчийн тайлбарт Тайлбар: -Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй гэж тайлбарласан. Шүүгдэгч А.Б- нь өөрийн түүж бэлтгэсэн, хадгалсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа шилжүүлж өгөөгүй, цагдаагийн байгууллагын шалгалтын хүрээнд гэмт хэргийг илрүүлсэн, дээрх тайлбарт заагдсан бусад нөхцлүүд тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 79 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР