Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: М.Бүдээ,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: О.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Тд холбогдох 1829001910117 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Бага булагийн 8-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Төмөр овогт Оюунчимэгийн Т /РД:КЙ93021713/

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч О.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв  Шар довын 1-4 тоотод  2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Санжааготовтой хувийн таарамжгүй харилцаанаас буюу хүзүүний гинж булаацалдсанаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг болсон өдөр би айлд Санжааготовтой таарсан. Санжааготов нь надад мөнгө өгөх ёстой байсан бөгөөд мөнгөө авая гэхээр дандаа шалтаг хэлж хойшлуулаад байсан болохоор нь чи үнэнээ хэл, битгий худлаа хэлээд хойшлуулаад бай гэж хэлсэн. Тэгээд айлд хамт архи хувааж уусан. Би өөрийн мөнгөн гинжээ хүнд хэрэглүүлсэн байхад тэр гинжийг Санжааготов зүүгээд явж байхаар нь гинжээ авая гэхэд өгөхгүй байсан. Мөн Санжааготов нь миний машины ард байсан данхраатыг аваад бусдад зарсан байсан. Тийм зүйлээс болж бид маргалдсан” гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Санжааготовын мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,

  - Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнгөншагайгийн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

   - Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №400 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

- Шүүгдэгч О.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/,

- Хохирогч Б.Санжааготовын амбулаториор эмчлүүлэгчийн карт болон хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 31-32, 38-р хуудас/,

- Шүүгдэгч О.Тийн хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 38-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт О.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч О.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв  Шар довын 1-4 тоотод  2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Санжааготовтой хувийн таарамжгүй харилцаанаас буюу хүзүүний гинж булаацалдсанаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Санжааготовын “...Т намайг мөргөөд миний уруулыг язалсан. Би эмнэлэгт очиж оёдол хийлгэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №400 дугаартай шинжээчийн: Б.Санжааготовын биед дээд уруулын дотор салстад шарх, дух, зүүг хөмсөг, бугалганд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

            - Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Б.Санжааготовын “санал, гомдол, хүсэлт байхгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 33-р хуудас/, шүүгдэгч О.Т хохиролд 49 000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа О.Тийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

  Шүүгдэгч О.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Төмөр овогт Оюунчимэгийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.Тийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 49 000 төгрөг төлсөн, цаашид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.37 дугаар зүйлийн 37.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА