Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2026/ДШМ/435

 

2026             04             15                                                                     2026/ДШМ/435

 

Д- /D-/

холбогдох эрүүгийн хэргийн тухай

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ханджав,

хохирогч Ш.О-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Д- /D-/, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

орчуулагч Б.Р-,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д- /D-/, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д- /D-/-д холбогдох 2406073340748 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Д- /D-/, 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөр Монголын Өөртөө засах орны Хүлэнбуурь аймгийн Шинэбаргын Баруунхошууны Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхнүүдийн хамт ..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /гадаад паспортын дугаар ЕР-, оршин суух үнэмлэхийн дугаар CР-/. 

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Д- /D-/ нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ш.О-т “боловсруулсан адуу, үхрийн арьс, шир худалдан авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар Ш.О-ээс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 15.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад Хаан банкны 5Р-9 тоот дугаарын дансаар шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрээн хотод 62,100 юань буюу 29,095,713 төгрөгийг бэлнээр авч, нийт 44,095,713 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Б-г “Хятад улсаас боловсруулсан адуу, үхрийн арьс, шир худалдан авч өгнө” гэж хуурч Дорноговь аймгийн Замын-Yүд суманд байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Р-9 тоот дансаар үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр 37,350,000 төгрөг шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол буюу бусдаас нийт 81,445,713 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д- /D-/-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д- /D-/-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д- /D-/-ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д- /D-/-оос нийт 55,645,713 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ш.О-т 38,395,713 төгрөгийг, хохирогч Д.Б-д 17,250,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4, 11.5, 11.6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан Д- /D-/-ноос 280,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Мөрдөн байцаах албанд, 420,000 төгрөгийг гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

              Шүүгдэгч Д- /D-/ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Би гэм буруугаа хүлээж байгаа. ... Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос 7 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Тухайн үед би 81 сая төгрөгийн хохирол барагдуулах байснаас 27 сая төгрөгийг төлсөн байсан. Гэтэл үүнийг харгалзаж үзээгүй, шүүхээс 4 жилийн хорих ял оногдуулсан. Мөн би хэргийг Замын-Үүд суманд үйлдсэн байхад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул харьяаллын асуудал байгаа эсэхийг хянаж өгнө үү. ...” гэв.

             Шүүгдэгч Д- /D-/-ны өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах гомдолдоо: “...Хохирол төлбөрийн хувьд Д- /D-/ нь хохирогч Д.Б-д нийт 19,600,000 төгрөгийг цувуулах байдлаар төлж барагдуулж үлдэгдэл төлбөр 17,750,000 төгрөг төлөх дутуу байгаа. Хохирогч Ш.О- 38,395,713 төгрөгийг төлж барагдуулахаар шийтгэх тогтоолд заасан. Д- /D-/ нь гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа тухайгаа өөрийн ар гэр эхнэр, хүүхдүүддээ хэлээгүй, өөрийнхөө хийж буй ажлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол барагдуулахаар ажил хөдөлмөр эрхэлсэн боловч хохирол төлбөрийг гүйцэт барагдуулж чадаагүй. Хохирогч нарт удаа дараа өөрийн худалдаж байгаа бараа бүтээгдэхүүнээр хохирол барагдуулах санал тавьсан боловч тохиролцоонд хүрээгүй. Харин түүний ар гэрийн зүгээс эрүүгийн хариуцлага хүлээснийг мэдэж, хохирол төлбөрийг өөрсдийн боломжит хүрээнд барагдуулж байгаа тул түүний хувийн байдал болон хохирол төлбөрөөс барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д- /D-/-ы өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн талаар түүний ах О- гэх хүнтэй биечлэн уулзаж, үлдэгдэл хохирлын асуудлаар тодорхой ярилцсан. Уг уулзалтаар хохирлыг төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, ноолуурын улирал эхэлж, компанийн үйл ажиллагаа жигдрэх үед орлого орж ирмэгц хохирлыг бүрэн барагдуулна гэж ярьсан. Өмнө нь мөн адил хохирлыг барагдуулахаар хугацаа авч байсан боловч төлбөрийн хэмжээ их байсан тул чадаагүй гэдгээ илэрхийлсэн. Одоогийн байдлаар бодитоор хохирол төлөгдөөгүй тул холбогдох баримт байхгүй байна. Гэсэн хэдий ч эхний ээлжинд мөнгөн орлого орж ирмэгц дүүгийнхээ өр төлбөрийг барагдуулах талаар ярьсан. Өмгөөлөгчийн хувьд энэхүү нөхцөл байдлыг шүүхэд танилцуулж байгаа бөгөөд цаашид хохирол бодитоор төлөгдөх эсэхийг урьдчилан баттай хэлэх боломжгүй байна. ...” гэв.

Хохирогч Ш.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг гарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Би бусдаас мөнгө зээлж шүүгдэгчид өгсөн. Уг зээлээсээ төлж барагдуулсан зүйлгүй бөгөөд зөвхөн зээлийн хүүг л төлж байна. Түргэн хугацаанд хохирлыг төлж барагдуулахыг хүсэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан гомдолд дурдсанаар шүүгдэгч надад бараа материал санал болгосон зүйл байхгүй. Нэг удаа морины дөрөө санал болгож байсан. Надад шаардлагагүй учраас би анхаараагүй. ...” гэв.

Хохирогч Ш.О-ийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн зүгээс сар орчмын өмнө хохирлыг барагдуулна гэж мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл бодит төлөлт хийгдээгүй. Өмгөөлөгч М.Хандармаагийн гомдолд дурдсанчлан эд зүйлс өгсөн гэх боловч энэ нь бодитоор хэрэгжээгүй. Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт эхэлснээс хойш өмгөөлөгчөө удаа дараа сольж, хугацаа хожих, бусдыг төөрөгдүүлэх шинжтэй үйлдэл гаргасаар л байна. Иймд хохирлыг яаралтай, бүрэн барагдуулах шаардлагатай байна. Хохирол төлөгдөөгүйд хохирогч гомдолтой байгаа. ...” гэв. 

Прокурор М.Ханджав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нь хэрэг гарснаас хойш бараг 2 жилийн хугацаанд хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн барагдуулаагүй, зөвхөн хохирогч Б-д хэсэгчлэн төлбөр хийж, одоогийн байдлаар 19,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, мөн тодорхой хэмжээнд хохирол төлсөн байдлыг харгалзан үзэж, 4 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д-д /D-/ холбогдох 2406073340748 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

шүүгдэгч БНХАУ-ын иргэн Д- /D-/ нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ш.О-т “боловсруулсан адуу, үхрийн арьс, шир худалдан авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар Ш.О-ээс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 15.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад Хаан банкны 5Р-9 тоот дугаарын дансаар шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрээн хотод 62,100 юань буюу 29,095,713 төгрөгийг бэлнээр авч, нийт 44,095,713 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Б-г “Хятад улсаас боловсруулсан адуу, үхрийн арьс, шир худалдан авч өгнө” гэж хуурч Дорноговь аймгийн Замын-Yүд суманд байхад нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Р-9 тоот дансаар үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр 37,350,000 төгрөг шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол буюу бусдаас нийт 81,445,713 төгрөгийг залилсан болох нь:

Хохирогч Ш.О-ийн “... Хамгийн анх БНХАУ-ын ӨМӨЗО-ын иргэн Д- гэх хүнтэй холбогдон танилцаж, түүнээс арьс, шир авдаг болсон. Миний хувьд 2022, 2023 онд Д- нь Эрээн хотоос Улаанбаатар хотод адуу, үхрийн арьс шир авчирч зарах болгонд нь түүнээс бэлэн мөнгөөр нь арьс, шир авч, цааш нь үнэ нэмж бусдад зарж, борлуулж ашиг олдог байсан. 2024 оны сар шинийн баярын өмнө Д- нь надад хандаж “Та энэ зун 7, 8 сарын үед мөнгөө бэлдэж бай, би их хэмжээгээр адуу, үхрийн арьсыг цаанаас бэлдүүлээд Эрээн хотод аваад ирэх үед та Эрээн хотод өөрөө очиж газар дээр нь арьс, ширээ үзээд ахиухан худалдаад ав” гэхээр нь би түүнд итгэсэн. ... Түүнээс хойш буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Д- нь өөрийнхөө Д- дугаараас миний утас руу залгаж “Та одоо надаас худалдан авах адуу, үхрийн арьсныхаа төлбөрөөс урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өгөх хэрэгтэй байна. Энэ мөнгөөр би арьсаа Монгол Улсад оруулан ирэх тээвэрлэлтийн зардалд хэрэглэх хэрэгтэй байна” гэсэн. Тухайн үед надад Д-д өгөх 10,000,000 төгрөг бэлэн байхгүй байсан болохоор өөрт байсан 5,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5Д-3 дугаартай данснаас Хаан банкны 5Р-9 дугаартай Э- гэх нэр дээр бүртгэлтэй данс руу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ байхдаа шилжүүлсэн. Д-г Монголд таньж мэддэг хүмүүс нь Э- гэж дуудацгаадаг. Тэгсэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Д- нь залгаж “Та дахиад 5,000,000 төгрөгийг арьс, ширнийхээ урьдчилгаа төлбөрт нэмж төлөх хэрэгтэй байна” гэхээр нь бусдын арьсыг худалдан борлуулсан мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг өнөөх Хаан банкны 5Р-9 дугаарын данс руу өөрийнхөө данснаас гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Э- буюу Д- нь миний утас руу Хятад дугаараас залгаж надад хандаж “Одоо арьс чинь Эрээнд ирж байна. Миний тээвэрлэлтийн зардал арай хүрэхгүй байна. Та дахиад 5,000,000 төгрөгийн урьдчилгааг өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би үйлдвэрийн арьс ширний борлуулалтын орлогын мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг түүний хэлснээр Хаан банкны 5Р-9 дугаарын данс руу нь өөрийнхөө данснаас гэртээ байхдаа шилжүүлсэн. Тухайн үед Д- нь надад хэлэхдээ “2024 оны 08 дугаар сарын 2, 3-ны үед Эрээн хотод цаанаас бараа ирнэ. Та тэр үеэр өөрийн биеэр Эрээн хотод ирж бараагаа үзээрэй” гэж хэлсэн. Тэгээд миний бие Д-гийн хэлснээр 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төрсөн хүү Д-, нагац дүү Э- нарыг дагуулан Эрээн хот руу галт тэргээр явсан. 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрээн хотод очоод Д-тэй уулзаж, түүний хамт арьс, шир байгаа газар болох шинэ зээлээс хойшоогоо байрлах газарт очиход гурван эрэгтэй Хятад хүн байсан. Тэр гурван хүнийг Д- нь надад тайлбарлан хэлэхдээ “... Та энд авах арьсаа ялгачих. Харин энэ гурван Хятадын хажууд ерөөсөө мөнгө гаргаж, мөнгө үзүүлж болохгүй шүү. Та авах арьсаа ялгаж тавьчихаад миний буусан зочид буудалд надтай хамт очоод тэнд надад арьсныхаа мөнгийг өг” гэхээр нь түүний хэлснээр миний бие тухайн газар хүү болон нагац дүүгийнхээ хамтаар авах арьсаа ялгаж тавихад нийт 62,100 юаний арьсыг ялгасан. Тэгээд Д-гийн буусан буудалд М.Д-, Л.Э- нарын хамт очиж, түүнд 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 62,100 юанийг бэлнээр тэдний хажууд тоолж өгсөн. ... би Д-гийн үгэнд ороод арьсаа каргонд өгч ачуулалгүйгээр орхиод Монгол руу ирсэн. Түүнээс хойш Д- нь надтай ямар нэг холбоогүй болж хааяа нэг түүнтэй вичатаар холбогдохоор ямар нэгэн хариу бичихгүй, ганц нэг удаа хариу өгөхдөө “арьсыг чинь арьсаар нь өгнө, мөнгийг чинь мөнгөөр нь өгнө” гэж хэлж намайг залилсан. ...” /1 хх 102-105/,

хохирогч Д.Б-гийн “...Би Д-ыг 2019 оноос таньдаг болсон, энэ үеэс тэрээр Нарантуул зах дээр гутлын түүхий эд, материал борлуулж эхэлсэн. ... 2024 оны 07 дугаар сараас эхлээд захиалга авсан бараагаа нийлүүлж чадахгүй болоод эхэлсэн. Тэр үед надад “Хятадаас түүхий эд ахиухан оруулж ирэх гэж байгаа. Та Эрээн ороод авах бараагаа ялгаад авчих” гэхээр нь би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрээнд очиж Д-той уулзахад Хятадын талын үйлдвэрийн хүмүүс гээд 2-3 хүний хамт байсан. Тэр үедээ Д- “энэ миний авсан бараа, та эндээс авах бараагаа ялгаад ав” гээд арьс үзүүлж надаар сонголт хийлгэсэн. Тэгээд би ялгаж авсан барааны үнийн дүнг тооцоход 37,350,000 төгрөг болсон ба урьдчилгаа гээд 15,000,000 төгрөгийг өмнө нь шилжүүлсэн байсан. Тэр үед Д- намайг “Энд тооцоогоо хийчих” гэхэд нь би “Монголд очиж байгаад банкаар шилжүүлье” гээд хил гарч ирснийхээ маргааш өдрийн өглөө нь үлдэгдэл 22,350,000 төгрөгийг Д-ы дансаар шилжүүлсэн. Тэрээр “Таны барааг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэхэд Монголд аваачиж өгнө” гэж хэлж байсан. Уг нь би тухайн үедээ өөр бараа материал авч машинд ачуулж байсан болохоор “Би өөрийнхөө ачаатай хамт аваад явчихъя” гэхэд Д- “Би өөрийнхөө ачаатай хамт араас чинь явуулчихна, санаа зоволтгүй” гээд байсан. Би өмнө нь нэг бус удаа наймаа хийж байсан болохоор итгээд бараагаа үлдээгээд ирсэн. Тэгсэн тухайн үед сонгож авсан бараа одоо хүртэл байхгүй. Бараагаа авъя гэхээр юм хэлдэггүй. Мөнгөө авъя гэхээр өгнө гээд заримдаа сураггүй болчихдог. ... Би дансны хуулгаа шалгаж үзэхэд нийтдээ 11 удаагийн гүйлгээгээр 19.600.000 төгрөгийг цувуулж өгсөн байна. Одоо 17.750.000 төгрөг өгөх дутуу. ...” /1 хх 232-233/,

гэрч М.Д-ийн “...БНХАУ-ын иргэн Д- Монгол наймаачид Э- гэх хочоор байнга дууддаг. Д- нь БНХАУ-аас арьс, шир, гутлын материал гэх мэт зүйл оруулж ирж Монгол наймаачдад зардаг болохоор би түүнийг ажил хэргийн шугамаар таньдаг болоод 2 жил болж байна. ... Миний бие 2024 оны 08 сар сарын 04-ний өдөр эх Ш.О-, түүний төрсөн эгчийн бага хүү болох Л.Э- нарын хамт БНХАУ-ын Эрээн хотод арьс, шир ялгаж авах зорилгоор очсон. Тэгээд арьс, ширээ үзэж ялгаж дуусаад Д-ы байрлаж байгаа зочид буудлын өрөөнд бид гурав очиж Д-д арьс ширний мөнгө гэх 62,100 юанийг ээж Ш.О- нь нэг бүрчлэн тоолж гарт нь өгсөн. Тухайн 62,100 юанийг өгч байхад нь Л.Э- бид хоёр хажуунаас нь өөрсдийн нүдээрээ харсан...” /1 хх 134/,

гэрч Б.Ч-ын “...Одоогоос 6 юм уу 7 жилийн өмнө надаас миний хийсэн буриад гутал, бакал хром гэх зэрэг загвартай гуталнуудыг БНХАУ-ын иргэн Д- худалдаж авч хүмүүст зардаг байсан. Хаашаа аль улсын ямар хүмүүст зардаг талаар би мэдэхгүй. Би хамгийн сүүлд уржигдар түүнтэй холбогдсон. Одоо надаас хааяа хэдэн ширхэг гутал худалдаж авч байгаа. Ямартай ч би түүнийг Э- гэж дууддаг. Би түүний жинхэнэ нэрийг мэдэхгүй. Ер нь Монголчууд түүнийг Э- гэж дууддаг. Бас түүний фейсбүүк хаяг нь Ч- гэх хаягтай. Би гутлын үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэт олдохгүй зүйл гарвал Д-оос худалдаж авдаг. ... Надад Д- нь О- гэх хүнтэй ямар наймаа хэрхэн яаж хийсэн талаар мэдэх зүйл байхгүй. ...” /1 хх- 132/,

хохирогч Ш.О-ийн эзэмшлийн Хаан банкны 5Д-3 тоот дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 15-18/, Д-ы эзэмшлийн Хаан банкны 5Р-9 тоо дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 33-34/, хохирогч Ш.О-ээс гаргаж өгсөн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 149-154/, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /1 хх 141-144/, Монгол банкны цахим сайтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 155/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 189-193/,

хохирогч Д.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 5Ч-2 тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 217-218, 248/, дээрх банкны дансны хуулга /2 хх 236-247/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д- нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ш.О-т “боловсруулсан адуу, үхрийн арьс, шир худалдан авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 15,000,000 төгрөгийг Хаан банкны 5Р-9 дугаарын дансаар шилжүүлэн авсан, 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрээн хотод 62,100 юань буюу 29,095,713 төгрөгийг бэлнээр авч, нийт 44,095,713 төгрөгийг, мөн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хүртэлх хугацаанд дээрх аргаар хохирогч Д.Б-г хуурч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Р-9 тоот дансаар 4 удаагийн үйлдлээр 37,350,000 төгрөг шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол буюу нийт 81,445,713 төгрөгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.О-, Д.Б- нараас 81,445,713 төгрөгийг авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д-ы үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”-уудаас шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн залилах гэмт хэргийнх нь хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдөөгүй зэргийг харгалзан Д-ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Д-, түүний өмгөөлөгч М.Хандармаа нараас “...хэргийг Замын-Үүд суманд үйлдсэн байхад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ... шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д- нь хохирогч нараас үргэлжилсэн үйлдлээр өөр өөр газарт мөнгө авсан байх бөгөөд хохирогч Ш.О-ээс хамгийн сүүлд 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр мөнгө авсан байхад прокурор Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдсэн гэж үзэж хэргийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8-д “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүх хуралдааны явцад шүүхийн өөр харьяалал тогтоогдсон боловч энэ нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй” гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Иймд шүүгдэгч Д-, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Харин хэрэгт авагдсан баримтуудад хохирогч Ш.О- нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрээн хотод шүүгдэгч Д-д 62,100 юань буюу 29,095,713 төгрөгийг бэлнээр өгсөн нь нотлогдон тогтоогдсон байтал Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /2 хх 139/, прокурорын яллах дүгнэлт /2 хх 153/ зэрэгт 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг буруу тодорхойлж бичсэнийг анхан шатны шүүх зөвтгөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл Д-ы /D-/ цагдан хоригдсон 93 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д- /D-/, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ы /D-/ цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                                      П.ГАНДОЛГОР

ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ