Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01225

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01225

 

                               “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/01781 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,  “НУИЭ” ХХК-д холбогдуулан гаргасан давуу эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, хариуцагч “НУИЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү, А.Золзаяа, Н.Мэнд-Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “Н” ХХК нь Төрийн өмчийн хороо, Б олон улсын нисэх буудалтай 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө буюу кофе шопын /Coffee Shop/ зориулалттай талбайг түрээслэн одоог хүртэл тасралтгүй 13 жил ажиллуулж байна.  Дэлхий нийтэд коронавируст цар тахлын халдвар тархаж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ хаах шийдвэр гаргасан 1 жилийн хугацаанд түрээсийн төлбөрөө бүрэн төлж байна. ...........д шинэ нисэх буудлын үйл ажиллагаа шилжихтэй холбоотойгоор кофе шопын зориулалттай талбайг шинэ олон улсын нисэх онгоцны буудалд үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй гэж олон улсын нисэх онгоцны буудалд талбай түрээслэх гэрээг шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд орох хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг байгуулсан. Б нисэх буудлын олон улсын нислэг хүлээж авах эрх шинэ нисэх буудалд шилжих хүртэл хугацааг тооцож, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээ байгуулахаар болсон. Үүнээс цааш олон улсын нисэх онгоцны буудалд талбай түрээслэх боломжгүй гэсэн. Засгийн газрын 455 дугаар тогтоолоор ........... байгуулагдсан улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ........... Олон улсын нисэх буудал гэж өөрчилсөн тул шинэ онгоцны буудал дээр өмнөх гэрээний нөхцлөөр гэрээ байгуулах давуу эрхтэй гэж үзэж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Б олон улсын нисэх буудалтай түрээсийн гэрээ байгуулж тасралтгүй 13 жил кофе шопын /Coffee Shop/ зориулалттай талбайг түрээсэлж байгаа учир Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “НУИЭ” ХХК-д түрээсийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ........... Олон улсын нисэх буудалтай байгуулсан кофе шоп ажиллуулах түрээсийн гэрээний хугацаа дуусч Б олон улсын нисэх буудалд /хуучнаар ........... ОУНБ/ давуу эрхтэйгээр талбай түрээслэх гэрээ байгуулах, эсвэл шинэ нисэх буудал /одоогоор ........... ОУНБ/ онгоцны буудалд давуу эрхтэйгээр талбай түрээслэх гэрээ байгуулах хоёрдмол утга санаа агуулсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн агуулгаас харагдахгүй, үндэслэл нь тодорхой бус байна.

........... олон улсын нисэх буудалд түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухайд, нэхэмжлэгч өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд урд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16506 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19892 дугаар захирамжаар “НУИЭ” ХХК-д холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Монгол-Японы хамтарсан компани байгуулах тухай 261 дугаар тогтоолоор Монголын талын 49 хувийн оролцоотой “НУИЭ” ХХК-ийг Япон улсын ЖЭ менежмент компанитай хамтран байгуулсан. Уг хамтарсан компанийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хөндлөнгөөс оролцох эрхгүй. ........... олон улсын нисэх буудлын /одоогийн Б ОУНБ/ 2 дугаар давхарт байрлах 43,35 м.кв талбай нь “НУИЭ” ХХК-д ямар ч хамааралгүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт зааснаар ........... олон улсын нисэх буудалд /одоогийн Б/ байрлах талбайдаа гэрээ байгуулах давуу эрхээ эдлэх зохицуулалт юм. Иргэний хуулийн 297.1 дэх хэсэгт зааснаар “НУИЭ” ХХК-ийн хувьд эрх зүйн үр дагавар үүсэх боломжгүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д заасан зохицуулалт нь зөвхөн түрээсийн гэрээний талуудын хувьд үйлчлэх бөгөөд өөр этгээдүүдийн хооронд байгуулагдаж, хэрэгжиж байсан түрээсийн гэрээний давуу эрхтэй холбоотой шаардлагыг гэрээний эрх, үүргийн хувьд хамааралгүй өөр этгээдтэй холбогдуулах нь аливаа гэрээний эрх зүйн зарчимд харшилна. “НУИЭ” ХХК шинээр байгуулагдсан хуулийн этгээд тул нисэх буудлын үйл ажиллагааг нээн ажлуулахад ........... Олон улсын нисэх буудалд /хуучнаар/ үйл ажиллагаа эрхлэгч, түрээслэгч нарын өмнө Монгол Улсын хууль тогтоомжоор ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй, талбай түрээслэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Сонгон шалгаруулалт анх удаа явуулсан бөгөөд уг сонгон шалгаруулалтыг өөр газар буюу ........... олон улсын нисэх буудалтай /одоогийн Б ОУНБ/ түрээсийн гэрээ байгуулж байсан үндэслэлээр давуу эрхтэй гэж үзэн эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулах хууль зүйн үндэслэлгүй.

“Б” ОУНБ-д түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухайд, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэг нь түрээслэж байсан уг эд хөрөнгөтэй холбоотой. Харин өөр газар, эд хөрөнгө түрээслэхтэй холбоогүй. ........... олон улсын нисэх буудлын /одоогийн Б ОУНБ/ 2 дугаар давхарт байрлах 43,35 м.кв талбайн

түрээстэй холбогдуулж шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэлд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээг шинээр байгуулсан байвал гэх нөхцөл бий болсон талаар дурдагдаагүй. Нэхэмжлэгчийн түрээслэж байсан талбайг хэн нэгэн этгээдэд түрээсэлсэн тухай нэхэмжлэлдээ дурдаагүй. “Н” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ТГ-20/53 дугаартай төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний дагуу одоог хүртэл тухайн кофе шопын үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч “НУИЭ” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь “НУИЭ” ХХК-аас Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт зааснаар талбай түрээслэхийг даалгах шаардах эрх үүсээгүй. “НУИЭ” ХХК нь гэрээний оролцогч тал биш. “НУИЭ” ХХК нь нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулаагүй, дурьдсан гэрээтэй холбоотой аливаа эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгчийн хувьд талбайг түрээслэх тухай аливаа эрхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй. “Н” ХХК, “НУИЭ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, тус компанийн зүгээс нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрх нь тухайн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг түрээслэгчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд тухайн гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсан эд хөрөнгөө давуу эрхээр дахин түрээслэх тухай харилцаатай холбоотой буюу Б олон улсын нисэх онгоцны буудалд түрээсэлж байсан талбайтай хамаарах зохицуулалт. Өөр аж ахуйн нэгжийн эзэмшлийн өөр талбайд давуу эрх эдлэх ойлголт байхгүй. “НУИЭ” ХХК 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай байгуулсан улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хүрээнд Монгол улс, Төв аймаг 41090, .......... хаягт байрлах улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын менежментийн төслийг хэрэгжүүлдэг хуулийн этгээд юм. Концессын гэрээний 11.1.2-т “концессын хугацааны туршид концесс эзэмшигч буюу “НУИЭ” ХХК нь нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулах онцгой эрхтэй” гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь “НУИЭ” ХХК-аас давуу эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулахыг шаардах эрхгүй.

Төрийн өмчийн хороо, одоогийн “Б” ОУНБ-тай байгуулсан гурван талт түрээсийн гэрээг үндэслэж “НУИЭ” ХХК-ийн удирдаж буй улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалд талбай түрээслэн авах давуу эрхгүй тухайд, “НУИЭ” ХХК нь Монгол Улсын Концессын тухай хууль, Монгол Улсын Их хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Засгийн газрын 2013 оны 317, 2015 оны 398, 2017 оны 105, 322, 2018 оны 150 болон 2019 оны 175, 259, 261 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Концессын гэрээний дагуу хэрэгжүүлэх концесс эзэмшигч болсон. Концессын гэрээний 6.1-д зааснаар гэрээний хугацааг нисэх буудлын үйл ажиллагаа эхлэх өдрөөс хойш 15 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар заасан. “НУИЭ” ХХК нь Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг эрхлэн явуулахаар үүсгэн байгуулагдсан шинэ хуулийн этгээд тул нисэх буудлын үйл ажиллагааг нээн ажиллуулахад Б олон улсын нисэх буудал дээр үйл ажиллагаа эрхлэгч болон түрээслэгч нарын өмнө Монгол Улсын хууль тогтоомж болон концессын гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Концессын гэрээний 34 дүгээр зүйлийн 34.1.2-т Үйл ажиллагаа эхлэх өдрөөс өмнө эрх бүхий этгээд .......... газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, одоогийн Б нисэх буудал болон эрх бүхий этгээдтэй хамаарал бүхий этгээдтэй байгуулсан аливаа гэрээтэй холбоотойгоор агаарын тээвэрлэгч эсхүл аливаа гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлээс ангид байх тухай заасан. Б олон улсын нисэх буудлын ашиглалт, удирдлагыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Б олон улсын нисэх буудал хариуцан ажилладаг. Харин одоогийн ........... олон улсын нисэх буудлын удирдлага зохион байгуулалтыг Япон-Монголын хамтарсан “НУИЭ” ХХК Монгол Улсын Засгийн газраас олгосон онцгой эрхийн хүрээнд концессын гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгааг ялгаж ойлгох нь зүйтэй. “НУИЭ” ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, "Б олон улсын нисэх буудал” ТӨААТҮГ зэрэг байгууллагуудаас одоогийн Б олон улсын нисэх буудалтай холбоотой ямар нэгэн эрх, үүргийг залгамжлаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, НУИЭ ХХК-д холбогдуулан гаргасан Давуу эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

5.1. Шүүх Иргэний хуулийн 289.1 дэх хэсэгт заасан түрээслэж буй эд хөрөнгийг юу гэж үзэх тал дээр зөрүүтэйгээр хуулийг тайлбарласан. Хуулийн этгээдийн явуулж буй үйл ажиллагааны чиглэл болон хуулийн этгээдийн үндсэн “ашиг олох” зорилго зэрэгтэй түрээсийн гэрээг уялдуулж тайлбарласныг шүүхээс хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээгээр талбай түрээслэсэн бөгөөд хуулийн этгээдийн үндсэн зорилго, үндсэн үйл ажиллагаа явуулах чиглэлийн дагуу олон улсын нисэх онгоцны буудал дээр талбай түрээслэх гэрээг 12 жилийн турш байгуулж, олон улсын нисэх онгоцны буудлын талбай түрээслэх гэрээний эрх зүйн харилцаанд оролцож байсан.

 

5.2. Давуу эрхтэйгээр түрээсийн гэрээ байгуулах үндэслэл, түрээсийн гэрээ байгуулах гол үндэслэл болсон шалтгаан нь нэхэмжлэгч компанийн гэрчилгээн дээр гадаад худалдаа, кофе шопийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бөгөөд анхнаасаа олон улсын нисэх онгоцны буудал дээр кофе шоп ажиллуулах зорилготой байсан. 2008-2020 хүртэл гэрээний нэг тал нь “...........” ОУНБ байсан учраас гэрээ байгуулсан. “...........” ОУНБ-ийн эрх үүргийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор шилжүүлсэн ба 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хөшигийн хөндий дэх “...........” олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж, олон улсын нисэх буудлын арилжааны нислэгийн үйл ажиллагааг тус нисэх буудалд шилжүүлсэн. Олон улсын нисэх буудлын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор “Б” нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар шийдвэрлэсэн. Тус тогтоолоор хуучин талбай нь олон улсын нөөц нисэх онгоцны буудал болсон бөгөөд гэрээний нэг тал нь өөр этгээд болсон. Засгийн газрын тогтоолоор шинэ нисэх онгоцны буудал руу шилжсэн байхад шүүх анхаарч үзэлгүй хуучин талбай, үүнийгээ түрээслэх нь нээлттэй гэж үндэслэлгүйгээр тайлбарласан. Хуучин талбай

нь олон улсын нисэх онгоцны талбай биш, гэрээний оролцогч нь “...........” ОУНБ биш болсныг шүүх анхаарч үзээгүй. Үйл ажиллагаа явагддаггүй, олон улсын нөөц нисэх онгоцны буудлын талбайг түрээслэх эрхтэй гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн. Энэ талбайн одоогийн байдал нь 2008-2020 он хүртэл байгуулсан түрээсийн гэрээний аль ч нөхцөлийг хангахгүй. Нэхэмжлэгч нь 2008-2020 он хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Цар тахал гарсан сүүлийн хоёр жил нисэх буудлын үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн зүйлийг ашиглаагүй боловч гэрээний үүргээ зохих ёсоор белүүлэх хариуцлагаа ухамсарлаж, түрээсийн төлбөрөө тасалдуудаагүй. Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч “НУИЭ” ХХК-ийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “Н” ХХК, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “НУИЭ” ХХК-д холбогдуулан давуун эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд талуудын тайлбараар “Н” ХХК 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ........... олон улсын буудалтай тус олон улсын буудлын 2 дугаар давхрын зааланд 36,6 м.кв талбайг кофе шопын зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон, гэрээний хугацааг жил бүр сунгасан, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон ........... олон улсын нисэх буудалтай төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулан, талбайн хэмжээ 43,35 м.кв байх, гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр тохиролцжээ. /хх8-45/

 

5. “Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ........... олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Б дахь ........... олон улсын нисэх буудлыг Б олон улсын нисэх буудал гэж тус тус 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэрлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б олон улсын нисэх буудалтай тус олон улсын нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ханган ажиллах тухай гэрээг байгуулсан. /хх46-48, 51/

 

Талууд уг гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх “Н” ХХК болон “Б” олон улсын нисэх буудлын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, түрээсийн гэрээ дуусгавар болоогүй, нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй талаар зөв дүгнэсэн байна. /хх169/

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Б олон улсын нисэх буудал дахь талбайг кофе шопын зориулалтаар түрээслэсэн бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь гэрээний талууд буюу “Н” ХХК болон “Б” олон улсын нисэх буудал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт  хамааралтай. Хариуцагч “НУИЭ” ХХК нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

 

6. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэг талаас .......... газар, нөгөө талаас “НУИЭ” ХХК-ийн хооронд Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулагдсан байна. /хх81-138/

 

Тус гэрээний 10.8.1 /2/-т концесс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр концессын талбайг эзэмших, ашиглах эрхийг аливаа бусад төрийн эрх бүхий байгууллага эсхүл гуравдагч этгээдэд олгохгүй байх, 11.1.2-т концесс эзэмшигч нь концессын хугацааны туршид нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулах онцгой эрхтэй, 34.1.2-т үйл ажиллагаа эхлэх өдрөөс өмнө эрх бүхий этгээд, Иргэний нисэхийн ерөнхий газар, ........... олон улсын нисэх буудал болон эрх бүхий этгээдтэй хамаарал бүхий этгээдтэй байгуулсан аливаа гэрээтэй холбоотойгоор агаарын тээвэрлэгч эсхүл аливаа гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлээс ангид байх тухай заажээ.

 

Мөн дээрх гэрээний 14.1-т “концесс эзэмшигч нь концессын хугацаанд өөрөө шууд, эсхүл гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах замаар концессын талбай болон концессын зүйлийн арилжааны аливаа боломжийг хууль тогтоомжийн хүрээнд ашиглах онцгой эрхтэй” талаар заасан байна.

 

Нэхэмжлэгч нь Б олон улсын нисэх буудалд байрлах 43,35 м.кв талбай түрээслэх гэрээг уг талбайн өмчлөгч болох Төрийн өмчийн хороо, эзэмшигч Б олон улсын нисэх буудалтай байгуулсан учраас  гэрээний оролцогч бус “НУИЭ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/01781 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                      ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

                                                              А.МӨНХЗУЛ