| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/06913/И |
| Дугаар | 191/ШШ2026/02903 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2026/02903
2026 02 27 191/ШШ2026/02903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар /,
Хариуцагч: тоотод оршин суух ******* овогт *******ын /Регистрийн дугаар / нарт холбогдох,
Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нийслэлийн тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,
2025 оны 01 сарын 21-ний өдрийн нотариатын бүртгэлийн дугаартай Худалдах -худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөлийг Р.н нэр дээр буцаан шилжүүлэхийг бүртгэлийн байгууллагад даалгуулах хариуцагч П.*******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,
хариуцагч П.*******, түүний өмгөөлөгч М. /ШТҮД: 3005/,
хариуцагч Р.,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Батзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.******* нь өөрийн эзэмшлийн хашаагаа зарж тоотын 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Өөрийн байраа Р.н хүү д өвлүүлэх зорилготой байсан. Р.г ажил төрөлтэй болохоор хүү г бодож байрандаа суулгадаг байсан. Хуучин хашаа байшинд амьдарч байх хугацаанд Р.н эхнэр болсон гэх П.******* ирсэн. П.******* нь манайд амьдарч үзээгүй, манайх бэр гуйж албан ёсоор аваагүй, баталгаагүй. П.******* нь хүүг минь ална тална гэж доромжилдог, цаашид хамт амьдрах боломжгүй салж байгаа. Гэтэл гэрээс минь явахгүй ямар зорилго агуулж байгааг минь мэдэхгүй байна. П.******* нь миний эзэмшлийн байранд ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, хүүтэй минь суусан хүүхэн гэхээс өөр би сайн мэдэхгүй тул өөрийн эзэмшлийн байрнаас албадан гаргуулах, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн тойргийн шүүх нь хариуцагч нарын гэрлэлтийн маргааны эцэслэн шийдвэрлэж дууссан бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ шийдвэрээр тус орон сууц нь Б.*******ын өмч болохыг дурдаж орон сууц өнгөрсөн хугацаанд П.*******, Р. нарын өмч байсан учраас П.*******д ногдох хэсгийг мөнгөн хөрөнгөөр бодож олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар П.*******, Р. нар нь тус орон сууцыг суллаж өгөөгүй байна. Б.******* нь гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өнөөдөр тус орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд орон сууцыг худалдан авч өмчлөгч болсонтой холбогдуулан өөрийн орон сууцанд орох, амьдрах хүсэл зоригтой байгаа. Гэвч П.*******, Р. нар нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа учраас дээрх шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын зүгээс орон сууцыг эзэмшихтэй холбоотой хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй тул тэдний эзэмшлийг хууль бус гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар харахад маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэргээр тогтоогдож байгаа тул Б.******* нь шаардах эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж эс зөвшөөрч байгаа. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцыг П.*******, Р. нарын дундын хөрөнгө гэж үзсэн, мөн аавдаа худалдсан гэж байгаа боловч мөнгөө төлөөгүй учраас гэж тайлбарлаж байна. 2025 оны 10 сарын 21-ний өдөр П.*******, Р. нарын гэрлэлт цуцлах маргааныг шийдэхдээ гэрлэлтийг цуцалж, хөрөнгийн талаар маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн хөрөнгө байжээ буюу хамтын амьдралын явцад бий болсон гэж үзсэн. Гэхдээ хэрэг маргаан шийдвэрлэж байгаа 10 дугаар сарын байдлаар энэ өмч бусдын өмч болжээ. Өөрөөр хэлбэл Б.******* гэдэг хүний өмчлөлд шилжсэн бүртгэл хуулийн хүчин төгөлдөр байгаа гэж үзээд нэхэмжлэгч П.*******ын шаардаж байгаа охины болон өөрт ногдох хэсгийг нь мөнгөөр үнэлсэн шийдвэр хүчин төгөлдөр. Хариуцагчийн гаргаж байгаа үндэслэл нь хариуцагч нарын хоорондын маргааны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Тэгэхээр орон сууц Б.*******ын өмчлөлд бүртгэгдсэн бүртгэл өнөөдөр үнэн зөв, хүчин төгөлдөр байгаа тохиолдолд энэ хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж маргах боломжгүй. Дүр үзүүлсэн буюу төлбөр тооцоо хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.*******аас Р. руу 40 сая орчим төгрөг шилжүүлсэн дансны хуулгыг хэрэгт өгсөн. Энэ урьдчилгаа өмнө өгсөн төлбөр дээр үлдэгдэл төлбөрийг төлөх байдлаар худалдах, худалдан авах гэрээг хийж орон сууцыг шилжүүлсэн. Гол нь энэ талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болсон. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулан гаргадаг, гэтэл П.*******ын хувьд Б.*******ын нэхэмжлэлтэй хэрэгт хамтран хариуцагч П.г сөрөг нэхэмжлэлийн хариуцагчаар татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн зөвлөмжид Иргэний хуулийн гэр бүлийн гишүүдийн хэн аль нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс татгалзахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргасан зөвшөөрлийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг дундаа өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүнд хамааралтай зохицуулалт юм. Сөрөг нэхэмжлэл гаргасан этгээд нь үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн гэр бүлийн гишүүн боловч үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг олж аваагүй юм. Өмчлөгч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр эсэхэд маргах эрхгүй тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй. Маргаан бүхий орон сууцыг Б.*******ын өмч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд П.*******д ногдох хэсгийг мөнгөөр өгөхөөр шийдвэр гарсан. Мөн худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгдсөн эсэхээс шалтгаалж хүчин төгөлдөр бусад тооцуулах боломж байхгүй. Гэрээг талууд чөлөөт байдлаар байгуулах эрхтэй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч П.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Р. бид хоёр 2019 оны 11 сард гэрлэлтээ батлуулсан. Нэхэмжлэгч Б.******* дугаартай 44.45 м.кв 2 өрөө орон сууцыг 2019 оны өвөл ХХК-аас 84,000,000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа 20,000,000 төгрөгт Prius 30 оруулан, үлдэгдэл 64,000,000 төгрөгийг сар бүр 1,500,000 төгрөгөөр 36 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэйгээр хувь лизинг зээлээр худалдан авч 2022 оны 1 сард ХХК Р. руу байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн. 2024 оны зунаас гэр бүлийн харилцаа таарамжгүй байдалтай болж, хүчирхийллээс болж салах тухай асуудал яригдсан. 2025 оны 01 сарын 12-ны өдөр шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, одоо амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 301 байрны 34 тоот орон сууцны дундын өмчлөл тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж 2025 оны 01 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Үүнээс хойш Б.*******ын нэр дээр 2025 оны 01 сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нөхөр Р. шилжүүлсэн өгснийг мэдсэн. Тус байрыг 2019 оны хавар ХХК-аас худалдан авсан гэр бүл болсноос хойш үүссэн гэр бүлийн хөрөнгө учир Иргэний хуулийн 126.2.4-т хамаарна гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш Б.******* тус байрны өмчлөгч болсон нь гэр бүлийн дундын хөрөнгийг дур мэдэн, дүр эсгэж миний охины болон миний эрхийг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Аз жаргал хотхон 301 байрны 34 тоот хаягт байрлах дугаартай үл хөдлөх хөрөнгийг Р.ас Б.******* руу шилжүүлсэн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Нөхөр асан Р. нь гэр бүл болсноос хойш үүссэн гэр бүлийн дундын хөрөнгийг өөрийн аав Б.******* руу шилжүүлэхдээ Иргэний хуулийн 128.1, 128.2, 128.3, 128.4 заалтыг үндэслэн надаас ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй. Б.*******ын нэр рүү шилжүүлсэн тухай 2025 оны 7 сард Б.*******ын орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлийн шаардлагатай хамт худалдах, худалдан авах гэрээ болон Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газрын албан тоотод дурдсанаар би мэдсэн. 2025 оны 10 сарын 24-ний өдрийн дугаар шүүхийн шийдвэрээр Б.*******ын өмчлөлд байгаа дугаартай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 125.1 дэх хэсгийг шүүгч үндэслэн шийдвэрийн үндэслэх хэсэгт Р., П.******* нарын дундын хөрөнгө гэж үзсэн тул Б.******* нь гэр бүлийн асуудал үүссэн хугацаанас хойш Р.н нэр байгаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр рүү хууль бусаар шилжүүлсэнд гомдолтой байна. Мөн өөрийн төрсөн хүү Р.н ганц охин охиныг минь орон гэрээс нь албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргаж байгаад гомдолтой байна. Иймд өөрсдийн гэр бүл болсноос хойших хугацаанд чадан ядан босгосон амьдралд тухайн байранд эзэн суухаас өөр ажилгүй гэж дурдаж намайг орон гэрээс минь хууль бусаар албадан гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргасан. Б.******* нь бидний байрыг худалдан авахдаа 88,000,000 төгрөг Р.н данс руу шилжүүлсэн баримт байхгүй. Шилжүүлсэн өдрийн төлбөр төлөгч нь мөнгийг дансаар шилжүүлсэн гэдэг боловч мөнгө нь Р.н данс руу ороогүй байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийг ямар мөнгөөр хэрхэн авсан нь тодорхойгүй, гэр бүлийн дундын хөрөнгийг нуух зорилгоор хийсэн үйлдэл. Р. нь надаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эцэг рүүгээ шилжүүлэхдээ зөвшөөрөл огт авч байгаагүй. Гэрлэлт цуцлах шүүхийн шийдвэрээр орон сууц нь дундын хөрөнгө мөн боловч эзэмшлийг Р.н эзэмшилд үлдээж, П.*******д ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр тус орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө. Нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг ахин хэлэлцэх шаардлагагүй бөгөөд энэ шүүхийн шийдвэр нь тус орон сууц дундын хөрөнгө болохыг нотолсон нотлох баримт мөн. Өнөөдөр энэ байранд Б.******* өөрөө амьдардаггүй, Б.*******ын өмчлөлийн орон сууц гэж үзэх үндэслэл байхгүй. Р. болон Б.******* нарын хооронд байгуулсан гэрээ нь хууль бус бөгөөд төлбөр тооцоо ч хийгдээгүй. Үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, мөн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэл нь бага насны буюу 7 настай охины эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т нэхэмжлэгч Б.******* нь П.*******, Р. нарын эцэг, хадам эцэг бөгөөд охины өвөө юм. Гэтэл энэ үйлдлээрээ ач охины эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхдийн эрхийг төр хамгаалах ёстой. Гэтэл энэ нэхэмжлэл нь тус байранд оршин сууж байгаа охины эрхийг зөрчиж байна. Мөн хариуцагч Р.ас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй салсан эхнэр болон охиноо амьдарч байгаа байрнаас албадан гаргуулж байгаа нь зөв гэж үзэж дэмжиж байгаа хариуцагч Р. нь гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Тухайн худалдан авсан тухай гэрээ нь дүр эсгэж хийсэн нь тодорхой байх тул Р.ас Б.******* руу 2025 оны 01 сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан нийслэлийн тойргийн нотариатч Т.Оюунбаярын бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.4-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцны өмчлөлийг Р.н нэр дээр буцаан шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Энэ орон сууц бол Б.*******ын байр мөн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд амьдарч байхад газар нь газарт ороод тэр мөнгөөрөө урьдчилгаа 40,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдоно. Энэ байр бол Б.*******ын өөрийнх нь гал голомт юм. Байрны урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, үлдэгдэл 48,000,000 төгрөгийг зээлээр авсан. Зээлээр авахдаа би боломжгүй байсан болохоор Б.*******, А. нар надад тусалж дэмжиж байсан. Тийм болохоор би хоёр хөгшинд байрыг нь буцааж өгөх ёстой. Анх П.******* энэ аавын мөнгө гэдгийг мэдэж байсан учраас нэрээ оруулаагүй. Орон сууц бол Б.*******ын байр мөн. Тийм учраас би байрыг нь чөлөөлж өгөхийг зөв гэж бодож байна.
Д., П.******* бид хоёр Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа. Гэтэл П.******* нь дээрх хэрэгт хамт хариуцагчаар оролцож байгаа надад холбогдуулж орон сууц худалдах гэрээг хүчингүй болгуулна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцтай холбоотой асуудал гэрлэлт цуцалсан шийдвэрээр нэгэнт шийдэгдсэн асуудал. Энэ байранд орохоос өмнө түрээсийн байраар явж байсан. Би эхнэртээ бүх олсон мөнгөө өгөөд зээлүүдээ ингэж хийж байгаарай гээд хоорондоо ярьж байсан. Хүүхдийн асуудлаар эцэг хүний үүргийг биелүүлэхгүй байна гэж байна, би хувийн сургуульд 9 сая төгрөгөөр сургаж, дээрээс хоолны төлбөр нийлээд 15 сая орчим төгрөг болдог. П.*******тай хүүхдээ улсын сургуульд суралцуулах талаар ярилцсан, би хүүхдийнхээ хувцас зэрэг асуудлыг хангалттай хариуцаж байгаа. Би өөрөө сардаа 4-5 зээл төлдөг. Шөнө унтаж чаддаггүй. Сүүлдээ толгой өдөөд даралт ихэсдэг болсон. Би өөрөө боломжоороо 8 сараас хойш П.*******ын дансанд мөнгө шилжүүлж байсан. Намайг бичиг баримт хулгайлж авч явсан гэж үндэслэлгүй зүйл ярьж байна гэв.
4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /1хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-3/, иргэний үнэмлэх, хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-4, 5/, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-6/, банкны дугаартай дансны хуулга /1хх-7, 58/, өмчлөлийн газар болон эд хөрөнгийн нөхөн олговрын үнэлгээний тайлан /1хх8-21/, 2025.09.18-ны өдрийн итгэмжлэл /1хх-44/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-54/, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-59/, 000840892 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-60/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.24-ний өдрийн дугаар шийдвэр /2хх76-87/, шүүгчийн 2025.12.11-ний 191/ШЗ2025/54026 дугаар захирамж /2хх88-91/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /2хх-103/, 2026.02.04-ний итгэмжлэл /2хх-110/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /2хх-132/,
4.2. Хариуцагч П.*******аас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-30/, 2025.08.28-ны өдрийн хариу тайлбар /1хх31-34/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1хх-35/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.06.19-ний өдрийн , 2025.01.15-ны өдрийн дугаар Иргэний хэрэг захирамж /1хх36-42, 43/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /1хх-55/, ХХК-н 2025.09.25-ны дугаартай тодорхойлолт /1хх-57/, банкны 2020.01.24, 2020.03.02, 2020.03.30, 2020.04.01, 2021.08.28, 2021.09.14, 2021.09.17, 2021.10.01, 2021.10.11, 2021.10.27, 2021.11.24-ний өдрийн шилжүүлгийн баримт /1хх78-88/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-89/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1хх-90/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-91/, сөрөг нэхэмжлэл /2хх98-99/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2хх-100/, 2026.02.06-ны өдрийн сөрөг нэхэмжлэл /2хх127-128/,
4.3. Хариуцагч Р.ас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-25/, банкны , , , , дугаартай дансны хуулга /2хх104-105, 106, 107, 108, 109/, хариу тайлбар /2хх-130/,
4.4. Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.10.13-ны албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны хувийн хэргийн материал /1хх-101, 102-137/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025.10.15-ны 2620 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.07.02-ны 5/8627 дугаартай албан бичгийн хуулбар /1хх-138, 139/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025.11.18-ны 2958 дугаартай албан бичиг, банкны 2025.04.08-ны 29/3756 дугаартай албан бичиг, 5125076267, 5622502033 дугаартай дансны хуулга /1хх-153, 154, 155-250, 2хх1-73, 74/
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Р., П.******* нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нийслэлийн тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
3. Хариуцагч П.******* маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө бус, гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийг үндэслэн Б.*******, Р. нарын хооронд байгуулсан 2025 оны 01 сарын 21-ний өдрийн нотариатын бүртгэлийн дугаартай Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөлийг Р.н нэр дээр буцаан шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газарт даалгуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
4. Хариуцагч Р. нь орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
5. Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
Дээр дурдсан хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.
6. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар маргаан бүхий орон сууцтай холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. 2019 оны 03 сарын 28-ны өдөр Р. болон интернэшнл ХХК нарын хооронд дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээгээр захиалагч Р. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 301 дүгээр байрны 34 тоот, 44.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 84,835,000 төгрөгөөр худалдан авах, гүйцэтгэгч интернэшнл ХХК нь 2019 оны 1 дүгээр улиралд орон сууцны барилгыг ашиглалтад оруулан, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. /1хх-ийн 106-110/
6.2. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нийслэлийн тоот хаягт байршилтай, 44.65 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Р.г бүртгэж, 2022 оны 01 сарын 10-ны өдөр 000922115 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /1хх-ийн 115/
6.3. Р. нь Б.*******тай 2025 оны 01 сарын 21-ний өдөр нотариатын бүртгэлийн дугаартай Худалдах-худалдан авах гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нийслэлийн тоот хаягт байршилтай, 44.65 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 84,835,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, улмаар тус орон сууцны өмчлөх эрхийг Б.*******ын өмчлөлд 2025 оны 01 сарын 24-ний өдөр бүртгэж, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /1хх-ийн 133-135, 137/
7. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ газар чөлөөлөлтөд өртсөн өөрийн өмчлөлийн газар болон хөрөнгийг нөхөн олговортойгоор худалдаж, мөнгийг маргаан бүхий орон сууцыг худалдан авахад зарцуулж хүү Р.н нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байсан, сүүлд өөрийн нэр дээр шилжүүлэн авч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан, мөн П.*******ын нэхэмжлэлтэй Р.д холбогдох хэргийн шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууц нь Б.*******ын өмч болохыг дурдаж, орон сууц өнгөрсөн хугацаанд тэдний өмч байсан учраас П.*******д ногдох хэсгийг мөнгөн хөрөнгөөр олгохоор шийдвэрлэсэн тул өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
8. Маргаан бүхий орон сууцтай холбогдох асуудлыг П.*******ын нэхэмжлэлтэй Р.д холбогдох хэргийн шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргаагүй боловч нэхэмжлэгч Б.******* нь түүний орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг дүгнэсэн гэх, хариуцагч П.******* нь тухайн орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө мөн гэж дүгнэсэн гэх, хариуцагч Р. нь орон сууцтай холбоотой асуудлыг шийдвэрлэж Д.******* болон охинд холбогдох хэсгийг мөнгөн дүнгээр гаргуулахаар шийдвэрлэсэн гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн.
9. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр П.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Р.д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт ...Нэхэмжлэгч П.******* болон хариуцагч Р. нар нь тоот хаягт байрлах 44 м.кв талбайтай орон сууцыг худалдах- худалдан авах гэрээ байгуулагдсан 2019.03.28-ны өдрөөс хойш 7 сарын дараа буюу 2019.11.11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нөхцөл байдал нь цаг хугацааны хувьд орон сууц худалдан авснаас хойших хугацаанд хамаарч байгаа хэдий ч энэ нь тэд гэр бүл болох зорилгоор хамтын амьдралаа эхлүүлж, хамт амьдарч байсан гэж үзэх үндэслэл болж байна. ...маргаан бүхий орон сууцыг хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзнэ.
...Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. П.*******ыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Р. нь гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцыг 2025.01.25-ны өдөр эцэг Б.*******ын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн энэхүү бүртгэл өнөөдөр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг өөрийнхөө болон охиныхоо өмчлөлд үлдээж, хариуцагчид ногдох хэсгийг өгнө гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
...Иймээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан орон сууцын зах зээлийн үнэлгээ 169,400,000 төгрөгөөс 112,933,332 төгрөг /169,400,000 : 3=56,466,666/-ийг ...хариуцагч Р.ас гаргуулан нэхэмжлэгч П.*******, охин Г. нарт олгож,... гэжээ. /2хх-ийн 76-87/
10. Дээр дурдсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нийслэлийн тоот хаягт байршилтай, 44.65 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.*******ыг бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгч Б.******* нь өмчлөгчийн хувьд орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
11. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч П.*******, Р. нар нь өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нийслэлийн тоот хаягт байршилтай, 44.65 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болох нь баримтаар тогтоогдоогүй ба тухайн орон сууцыг өмчлөгч, эзэмшигч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
12. Хариуцагч П.******* нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.3, 128.4 заалтыг тус тус үндэслэн Б.*******, Р. нарын хооронд байгуулсан 2025 оны 01 сарын 21-ний өдрийн нотариатын бүртгэлийн дугаартай Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөлийг Р.н нэр дээр буцаан шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газарт даалгуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ Р.ас Б.******* руу орон сууцыг шилжүүлэн өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр гэж дүгнэн, маргаан бүхий орон сууцыг Р., П.******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн, улмаар тухайн орон сууцны ногдох хэсгийн асуудлыг шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нийслэлийн тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч П.*******, Р. нарт даалгаж, Б.*******, Р. нарын хооронд байгуулсан 2025 оны 01 сарын 21-ний өдрийн нотариатын бүртгэлийн дугаартай Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөлийг Р.н нэр дээр буцаан шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газарт даалгуулах хариуцагч П.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч П.*******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,125 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нийслэлийн тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч П.*******, Р. нарт даалгаж, Б.*******, Р. нарын хооронд байгуулсан 2025 оны 01 сарын 21-ний өдрийн нотариатын бүртгэлийн дугаартай Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөлийг Р.н нэр дээр буцаан шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газарт даалгуулах хариуцагч П.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч П.*******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,125 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******, Р. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР