Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01224

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Б.Г-ын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/01543 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ын хариуцагч ...........д холбогдуулан гаргасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, ажлаас хууль бусаар халсан 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/164 дүгээр тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номинтуул, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Г нь ...........д ажилд ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2019 оны 03 сард гэнэт цус харвасны улмаас хагалгаанд орсон. 2019 оны 07 сараас хөдөлмөрийн чадвараа алдаж 59 хувийн групп тогтоолгож хугацаа нь дуусаагүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоох эрх нь 2022 оны 01 сард үүссэн. Төрийн албан хаагчид тэтгэвэр тогтооход төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог талаар хамт ажиллдаг хүмүүсээс сонсож судлан Эрүүл мэндийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам, Төрийн албаны зөвлөлд хандсан боловч уг асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэдэг хариу өгсөн. Нэхэмжлэгч нь ажлаас халсан тушаал гарсныг мэдээгүй, 2022 оны 02 сард мэдэж, төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход ажлаас хууль бусаар халсан тушаал хүчингүй болгуулах шаардлагатай болсон. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Г 2019 оны 06 сард групп тогтоолгосон. Даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Б.Г-ыг эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Г ажилдаа эргэж орох хүсэлт, өргөдөл албан ёсоор өгөөгүй, групп тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш уулзаагүй, тэтгэвэртээ гарахаар ирж уулзсан. Ажилтан өөрөө хүсвэл хөдөлмөрийн чадвар алдаж тэтгэмж тогтоолгосны дараа ажлын байранд нь эгүүлэн томилж ажиллуулдаг. Тухайн үед ажиллаж байсан Сувилахуйн албаны дарга нь нэхэмжлэгчийн тархинд нь цус харваснаас биеийн байдал нь хүнд, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул өөрт нь мэдэгдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна гэж хэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу тушаал гаргасан. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан, ажил хийгээгүй хүнд цалин нөхөн олгох үндэслэлгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Г-ын нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, 2019 оны 07 сарын 16-ны өдрийн Б/164 дүгээр тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Г нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Нэхэмжлэгч ажлаас халагдсанаа 1 сарын дараа мэдсэн. Тухайн үед эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа түр чөлөө авсан байсан. Гэтэл нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдэж, мэдсэн даруйдаа шүүхэд хандсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: .... Б.Г сувилагч нь 2014 онд ажилд орж, 2019 оны 06 дугаар сард хөдөлмөрийн чадамж түр алдалтын тэтгэмж тогтоолгож, 2019 оны 07 дугаар сард ажлын байрны шалгуур хангахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тухайн өдрөөс хойш Б.Г ажилдаа эгүүлэн оръё, биеийн байдал сайжирсан ажилдаа эгүүлэн орох хүсэлт гаргаагүй. 2022 оны 01 дүгээр сард ирж, тэтгэмж хөөцөлдөх гэсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн байсан, уг байгууллагаас чөлөөлөгдөөгүй байх ёстой гэж хэлсэн. Архивын баримтаар 2019 оны 07 дугаар сард ажлаас нь чөлөөлсөн байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Г хариуцагч ...........д холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, ажлаас хууль бусаар халсан 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/164 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Б.Г 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс ...........ийн 1-р .......... нүдний сувилагчаар ажиллаж байсан. 2019 оны 03 сард цус харвасны улмаас 2019 оны 07 сараас хөдөлмөрийн чадвараа алдаж 59 хувийн групп тогтоолгосон. Хариуцагч байгууллагын даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/164 дугаар тушаалаар Б.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ. /хх29, 78/

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч “2019 оны 03 дугаар сард тархинд нь цус харвасны улмаас 2019 оны 07 дугаар сараас хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдаж групп тогтоолгосон. 2022 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч, төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж авах гэтэл 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халсан болохыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэн” гэж, харин хариуцагч нь “Б.Г ажилдаа эргэж орох хүсэлт, өргөдөл албан ёсоор өгөөгүй, групп тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш уулзаагүй, тэтгэвэртээ гарахаар ирж уулзсан, ажлаас нь чөлөөлсөн талаар мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй” гэж тус тус тайлбарласан.

 Хэргийн 3, 6-7 тал дахь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/298 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн яамны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1а/134-ө, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/272-ө, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/282-ө, ...........ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/30 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийг “ажлаасаа чөлөөлөгдсөн болохоо 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэн” гэх тайлбар нотлогдож байна.

 Шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан.

Ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан .., ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа нөхцөлд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх шаардлагатай.

Хэдийгээр ..... ..........ын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Г-ыг 4-1-А заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 59 хувиар тогтоосон байх боловч энэ үндэслэлээр хөдөлмөрийг гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. /хх22/

Гэтэл хариуцагч нь хуульд заасан дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид 1 сарын өмнө мэдэгдсэн талаар хэрэгт баримтгүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулан өгөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “манай байгууллагад хөдөлмөрийн чадвар түр алдсан ажилтан өөрөө хүсэлт гаргаад ажил хийж байгаа 26 хүн байгаа, үүнд нэхэмжлэгчтэй адилхан оноштой 2 хүн байгаа” гэж тайлбарласан. Уг тайлбарыг ажил олгогчийн ажилтны өмнө хүлээх үүргийн тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг,  хөдөлмөрийн гэрээний заалттай харьцуулан үзэхэд хариуцагч буюу ажил олгогч өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдсан ажилтны хууль болон гэрээгээр эдлэх боломжуудыг анхааран үзэж эрх ашгийг нь дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой байжээ.      

Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Г-ыг ...........ийн 1-р .......... нүдний сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

         

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх гэж тодруулсан тул энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/01543 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ыг ...........ийн 1-р .......... нүдний сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ...........д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас нэг удаагийн буцалтгүй тусламж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

        ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                       А.МӨНХЗУЛ