Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э

Шүүгдэгч А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн  А.Ш-т холбогдох эрүүгийн 1720001310025 тоот хэргийг 2018 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Д хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Т овгийн  А.Ш,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч А.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын зорчих чиглэлээр бусдын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй болон банканд Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-нд багтсан, Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гадаадад гаргахыг хориглосон Дэрэвгэр жиргэрүү 59,5 кг ургамлыг, хязгаарласан бараа болох хонины 32,4 кг махыг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 09 сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын 3-р багт амьдардаг гэрийн гадаа ганцаараа улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйнд эмийн ургамал, машины буруу талын банканд хонины махыг хийгээд Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот оруулж зарах гээд гэрээс гараад Замын-Үүд сумын АЗШН боомтоор гаргаж ашиг олох зорилготой явж байгаад хорио цээр дээр баригдсан. Тэгээд тэндээс том тэрэгний рентгенээр машинтайгаа ороод гарч ирэхэд байцаагч нар машин дотор юу байгаа юм бэ гэж асуухаар нь миний машины 4 дугуйнд эмийн ургамал, машины буруу талын банканд хонины мах байгаа талаар хэлэхэд буцаад нөгөө газраа очоод тэндээс сумын төвд байдаг Т нэртэй дугуй засвар ороод 4 дугуйн дотор байсан эмийн ургамал, машины банканд байсан хонины махыг гаргасан. Эргээд гаалийн хашаан дотор  эмийн ургамлыг жинлэхэд 59,5 кг, хонины мах 32,4 кг байсан. Машин дотор хийгээд гаалийн хашаанд машинд үлдээгээд гэртээ харьсан. Махыг хилээр гаргахыг хориглодог талаар мэднэ, эмийн ургамал гэж хэлсэн болохоор мэдэхгүй байсан гэжээ. /хх-ийн 65-66/

- Иргэний нэхэмжлэгч Т.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ны өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтаар экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоосон байдаг тул тухайн ургамлын үнэлгээгээр нь, малын махыг одоогийн эдийн засгийн үнэлгээгээр нь нэхэмжилж байна. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр нь буюу 1 кг-ыг нь 50.000 төгрөгөөр бодож 59,5 кг буюу 2.975.000 төгрөг болж байгаа бөгөөд уг мөнгөн дүнгээр улсын орлогод авах саналтай байна. Мөн 32,4 кг малын махны 64.800 төгрөг болж байгаа мөнгөн дүнг улсын орлогод авах саналтай байна гэжээ.         /хх-ийн 70-71/    

- Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 09 сарын 26-ны өдөр албаны даргын баталсан хуваарийн дагуу жижиг тэрэгний экспортын хяналтын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад улсын дугаартай УАЗ-469 маркийн машины дугуйнд нь ямар нэг эд зүйл байж болзошгүй нөхцөл илэрсэн учир улсын байцаагч О, тагнуулын ажилтан З нартай хамтарч нарийвчилсан үзлэгийг хийх явцад 4 дугуйнд нь 59,5 кг Дэрэвгэр жиргэрүү болон тээврийн хэрэгслийн банканд 32,4 кг хонины мах илрүүлсэн. Зөрчилд хураагдсан эд зүйлсийг УАЗ-469 машины кабинд хийсэн. ...би зөрчлийн хэрэгт хураагдсан мах, эд зүйлийг авч болохгүй гэж тэр эмэгтэйд анхааруулсан юм. Би ажил руугаа орчхоод буцаад материалтайгаа хамт Цагдаагийн хэлтэст шилжүүлэхээр гарч ирэхэд мах нь дутсан байсан. Ш-н эхнэрт тухайн зөрчилд хураагдсан махыг буцааж өгөхийг сануулахад би аваагүй гээд хэлээд байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад нотлох баримтыг тэр чигт нь хүлээлгэж өгсөн. Тэр үед 59,5 кг Дэрэвгэр жиргэрүү, 14,4 кг малын мах байсныг цагдаагийн ажилтнаар үзлэг хийлгүүлэн хүлээлгэн өгсөн юм. ...Тухайн эд зүйлс нь эрх бүхий байгууллагаас олгодог экспортын гэрчилгээтэй байх ёстой. Тиймээс уг бараа нь хязгаарлалт тогтоосон, хязгаарласан бараа юм. Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1.1, 2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж байгаа юм гэжээ. /хх-ийн 24-25/

- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 09 сарын 27-ны өглөө 09 цагийн орчим улсын дугаартай тээврийн хэрэгслээс ууттай хураагдсан эд зүйл нь юу болох манай нөхөр А.Ш юу авч явж байсныг нь мэдэхээр очиж хараад зогсож байхад Хилийн мэргэжлийн хяналын байцаагч Т.Б тааралдаад яагаад хураагдсан эд зүйл оролдоод байгаа юм, наадахыг чинь ингэж  оролдож үзэж болохгүй  гээд намайг холдуулахад нь би яваад өгсөн. Дараа нь манай нөхөр 3 ууттай малын мах хил дээрээс авч ирсэн байсан. Ууттай мах нь муудаж үнэр орсон байна гээд нөхөр маань гаргаад өдөр нь аваачаад хаячихсан гэжээ. /хх-ийн 26/

- Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр Замын-Үүд сум 1-р баг АЗШНЦ1-ийн экспорт тал суудлын тэрэгний хяналт шалгалтын хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан. 16 цагийн орчим үзлэг хийх явцад А.Ш жолоочтой улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйг цохиж үзэхэд эд зүйл хийсэн байдалтай байсан. Жолооч Ш-с энд ямар эд зүйл хийсэн бэ гэж асуухад махтай юмаа гэж хариулсан. Жолоочийн нарийн хуудсыг хурааж авч саатуулан тээврийн хэрэгслийг цуваанаас гаргаж хажуугийн зогсоол дээр тавиулаад хяналт шалгалт хийж байхад А.Ш машинаа ухраагаад зугтаах гэж оролдоход тагнуулын ажилтан З саатуулаад буцааж зогсоол дээр авчирсан. Албаны дарга манайхаас 2 ажилтан томилоод нэг нь Т.Б, тагнуулаас З нийлээд дугуй засварын газар очиж задлуулахад 59,5 кг Дэрэвгэр жиргэрүү, 32,4 кг малын мах байсныг тэмдэглэл үйлдэн, хөндлөнгийн 2 гэрч оролцуулан хураан авсан. Шуудайнд тус эд зүйлсийг савлуулан улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд хийж хилийн хашаанд зөрчилд холбогдож хураагдсан нотлох баримыг хонуулсан гэжээ. /хх-ийн 28-30/

- Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөнө мэдүүлэгтээ: улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Ш бид хоёр 2 жил гаруй хугацаанд найзалж байгаа ба би Ш-т өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 7 хоногийн 400 юаниар түрээсэлдэг байсан. Гэтэл Ш надад мэдэгдэлгүйгээр миний машинаар хонины мах болон  дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж миний машиныг хураан авсан байгаа. Би Ш-с өөрийн улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашиныг нэхэмжилж байна. Би 2016 оны 04 сард хувь хүнээс 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо худалдан авсан хүн хаана байдгийг мэдэхгүй байна. Тухайн үед машины нэр шилжүүлэг хийж чадаагүй. Би өөрийн тээврийг 500.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. /хх-ийн 177-178/

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1/

- Зөрчлийн материал /хх-ийн 7-21/

- 2017 оны 11 сарын 08-ны өдрийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б-н шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/

- 2017 оны 11 сарын 08-ны өдрийн ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Ш-н шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтыг устгах санал /хх-ийн 50-51, 119/

- Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54, 185/

- Хөрөнгийн үнэлгээний В компани тайлан /хх-ийн 73-80/

- Эд мөрийн баримтыг устгах тухай шүүгчийн 2018 оны 108 дугаар захирамж /хх-ийн 88-89/

- Эд зүйл устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 94/

- 2018 оны 05 сарын 23-ны өдрийн мал эмнэлгийн хяналын улсын байцаагч М.М-н дүгнэлт /хх-ийн 109-110/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 160-161/

- А ХХК-ны хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 163-166/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 5/17 дугаартай тогтоол /хх-ийн 170-171/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 172/

- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 181-183/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч А.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын зорчих чиглэлээр бусдын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй болон банканд Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-нд багтсан, Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гадаадад гаргахыг хориглосон Дэрэвгэр жиргэрүү 59,5 кг ургамлыг, хязгаарласан бараа болох хонины 32,4 кг махыг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Б “2017 оны 09 сарын 26-ны өдөр албаны даргын баталсан хуваарийн дагуу жижиг тэрэгний экспортын хяналтын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад улсын дугаартай УАЗ-469 маркийн машины дугуйнд нь ямар нэг эд зүйл байж болзошгүй нөхцөл илэрсэн учир улсын байцаагч О, тагнуулын ажилтан З нартай хамтарч нарийвчилсан үзлэгийг хийх явцад 4 дугуйнд нь 59,5 кг Дэрэвгэр жиргэрүү болон тээврийн хэрэгслийн банканд 32,4 кг хонины мах илрүүлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Ц.О “16 цагийн орчим үзлэг хийх явцад А.Ш жолоочтой улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйг цохиж үзэхэд эд зүйл хийсэн байдалтай байсан. Жолооч Ш-с энд ямар эд зүйл хийсэн бэ гэж асуухад махтай юмаа гэж хариулсан. Жолоочийн нарийн хуудсыг хурааж авч саатуулан тээврийн хэрэгслийг цуваанаас гаргаж хажуугийн зогсоол дээр тавиулаад хяналт шалгалт хийж байхад А.Ш машинаа ухраагаад зугтаах гэж оролдоход тагнуулын ажилтан З саатуулаад буцааж зогсоол дээр авчирсан Албаны дарга манайхаас 2 ажилтан томилоод нэг нь Т.Б, Тагнуулаас З нийлээд дугуй засварын газар очиж задлуулахад 59,5 кг Дэрэвгэр жиргэрүү, 32,4 кг малын мах байсныг тэмдэглэл үйлдэн, хөндлөнгийн 2 гэрч оролцуулан хураан авсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Э “...Дараа нь манай нөхөр 3 ууттай малын мах хил дээрээс авч ирсэн байсан. Ууттай мах нь муудаж үнэр орсон байна гээд нөхөр маань гаргаад өдөр нь аваачаад хаячихсан” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтыг устгах санал /хх-ийн 50-51, 119/, эд мөрийн баримтыг устгах тухай шүүгчийн 2018 оны 108 дугаар захирамж /хх-ийн 88-89/, эд зүйл устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 94/, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, 1995 оны Засгийн газрын жагсаалт батлах тухай 153 дугаар тогтоолоор хязгаарлалт тогтоосон эд зүйл болох 59,5 кг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү мөн 32,4 кг малын махыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч А.Ш-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулаагүй, түүнчлэн гэм буруугийн хэлбэр нь “Хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх тул түүний улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 59,5 кг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү болон 32,4 кг малын махны үнийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Т.У нь өөрийн байгууллагад хэрхэн яаж хохирол учраад байгаагаа нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан 32,4 кг малын мах нь шүүгдэгч А.Ш-н жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хадгалагдаж байх явцдаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муудаж хүнсний шаардлага хангаагүй тул 2017 оны 11 сарын 08-ны өдрийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б-н шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/, 2018 оны 05 сарын 23-ны өдрийн мал эмнэлгийн хяналын улсын байцаагч М.М-н дүгнэлт /хх-ийн 109-110/, хураан авсан эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай прокурорын санал /хх-ийн 87/-аар малын махыг устгасан болох нь эд мөрийн баримтыг устгах тухай шүүгчийн 2018 оны 108 дугаар захирамж /хх-ийн 88-89/, эд зүйл устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 94/, гэрч Б.Энхжаргалын /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна.

Шүүгдэгч А.Ш-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Б-н эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 177-178/, гэрч Б.Э-н мэдүүлэг /хх-ийн 26/-ээр тус тус батлагдаж байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн А.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-г 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш нь оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 59,5 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар 52-15 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгож, шүүгдэгч А.Ш-с тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч Д.У-н 59,5 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэ 2.975.000 төгрөг, 32,4 кг малын махны үнэ 64.800 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Э.Б