| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 1910 01364 3458 |
| Дугаар | 2026/ДШМ/441 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/441
2026 04 16 2026/ДШМ/441
Ч.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сүхчулуун,
хохирогч С.У-,
яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЗ/1437 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ч.Т-т холбогдох эрүүгийн 1910 01364 3458 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч- овогт Ч-ын Т-, 1972 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ тоотод оршин суух хаягтай, /РД:ТЧ-/,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 9606000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Яллагдагч Ч.Т- нь хохирогч С.У-аас цахим, интернэт орчинд “БНСУ-д үйлдвэрлэгдсэн обой худалдан борлуулна” гэх зар байршуулсны дагуу хохирогчтой 2017 оны 07 дугаар сард холбогдон уулзаж, “Би танай обойг авна, төлбөрт нь тооцож Улаанбаатар хот Баянгол
дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн баруун талд “Ч-” ХХК-ийн барьж байгаа 12 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалтай байрнаас 2 өрөө байр өгье, би тус компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, танайхаас авсан обойг тус компанид нийлүүлнэ, тус компаниас ажлын хөлсөнд авч байгаа орон сууцаа танайд худалдана...” гэж ярьж итгүүлэн, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Ч-” ХХК болон хохирогч С.У- нарын хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Тээврийн дээд сургуулийн баруун талд баригдаж байгаа, үйлчилгээ бүхий 66 айлын орон сууцны барилгын А блок 5 давхар 2 өрөө 48.99 м.кв талбайтай орон сууцыг м.кв-ыг нь 1.800.000 төгрөг нийт 88.182.000 төгрөгөөр худалдан авах гэрээг талуудын дунд зуучлан байгуулж, хохирогчоос орон сууцны төлбөрт гэх зориулалтаар 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1 ширхэг нь 20.000 төгрөгийн үнэтэй 1900 ширхэг БНСУ-д үйлдвэрлэсэн хананы обой цаас авснаас 477 ширхэг хананы обой цаасыг буцаан өгч, 1423 ширхэг обой цаасыг, 2.000.000 төгрөгийн 20 тонны чингэлэг 1 ширхэг 28.000.000 төгрөгийн үнэтэй 2008 онд үйлдвэрлэгдсэн “BMW X5” загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Хаан” банк дахь Э.Н-гийн эзэмшлийн 5Н-6 дугаарын дансаар 3.200.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бэлнээр “байрны 2 дахь төлбөр” гэх зориулалтаар 5.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч С.У-тай холбогдож, урьд өмнөх өр төлбөрөө төлж барагдуулъя, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрээд ир гэж дуудуулан, улмаар өмнөх өр төлбөртөө тооцож Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны барилгад 2 өрөө орон сууцыг өөрийн найз Ж.Ч-ын дэмжлэгтэйгээр өр төлбөртөө тооцож шилжүүлэн өгье, тухайн орон сууцны төлбөрт би өөрийнхөө чамд төлөх өр зээлээ оруулж төлнө, зөрүү төлбөрийг төлөх шаардлагатай гэж ярьж итгүүлэн, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Силвэрлайт” ХХК болон хохирогч С.У- нарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Ч-” хотхон 4 давхарт 2 өрөө 43.5 м.кв талбайтай орон сууцыг м.кв-ыг нь 2.000.000 төгрөг, нийт 87.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээг талуудын дунд зуучлан байгуулж, хохирогчоос орон сууцны төлбөрийн зөрүүнд гэх зориулалтаар, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 5Ч-5 дугаарын дансаар “Т- байрны зөрүү” утгаар 10.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 5Ч-9 дугаарын дансаар “С.У-аас” гэх утгаар 10.000.000 төгрөг, 15.000.000 төгрөгийн үнэтэй 2007 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота примо” загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 101.660.000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: ...Хэрэгт дутуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул дараах үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Үүнд:
1. Яллагдагч Ч.Т- нь хохирогч С.У-т Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн баруун талд “Ч-” ХХК-ийн барьж байгаа 12 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалтай байрнаас 2 өрөө байр өгье гэж ярьж итгүүлэн, 2 өрөө 48.99 м.кв талбайтай орон сууцыг м.кв-ыг нь 1.800.000 төгрөг, нийт 88.182.000 төгрөгөөр худалдан авах гэрээг талуудын дунд зуучлан байгуулж, хохирогчоос орон сууцны төлбөрт гэх зориулалтаар 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1 ширхэг нь 20.000 төгрөгийн үнэтэй 1900 ширхэг БНСУ-д үйлдвэрлэсэн хананы обой цаас авснаас 477 ширхэг хананы обой цаасыг буцаан өгч, 1423 ширхэг обой цаасыг, 2.000.000 төгрөгийн 20 тонны чингэлэг 1 ширхэг 28.000.000 төгрөгийн үнэтэй 2008 онд үйлдвэрлэгдсэн “BMW X5” загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Хаан” банк дахь Э.Н-гийн эзэмшлийн 5Н-6 дугаарын дансаар 3.200.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бэлнээр “байрны 2 дахь төлбөр” гэх зориулалтаар 5.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэх үйлдлийн тухайд хохирогч С.У-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “...С- овогтой У- миний бие тус хэлтэст Ч.Т-, Б.Б- нарын үйлдлийг шалгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2017 оны 06 дугаар сард өөрт байгаа 1 боодол нь 40.000 төгрөгийн үнэ /зах зээлийн ханшаараа/ бүхий солонгосын 2070 ширхэг обойг зарахаар сонин, Facebook, unegui.mn сайтууд дээр зар тавьсан. 2017 оны 7 дугаар сард Ч.Т-, Б.Б- нар дээрх зарын дагуу надтай холбогдож, манай обойг үзээд бүгдийг нь авах санал тавьсан. Ингэхдээ ТЭЦ түгээх станцын дэргэд ойролцоо баригдах гэж байгаа дуусаагүй барилга үзүүлж, баригдах нь тодорхойгүй балгас байдалтай байсан. Гэтэл Ч.Т-, Б.Б- нар нь танай обойг авмаар байна гэж удаа дараа гуйж хэд хэд ирж уулзсаар байсан. ...Ч.Т-, Б.Б- нар нь тухайн үед надад хэлэхдээ ямар ч асуудалгүй гэрээ байгуулчих юм чинь итгэж болно гэж байсан. ...Миний зүгээс Ч.Т-, Б.Б- нарт дээрх 2 өрөө байрыг өгнө гэх баталгаа байгаа эсэхэд эргэлзэхэд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Ч-” ХХК-ийн менежер Ш.А-агтай орон сууц захиалах гэрээ байгуулуулсан. ...Энэхүү гэрээг байгуулснаас хойш Ч.Т-, Б.Б- нар нь ажилчдын цалин хоол хүнс өгөх шаардлагатай байна гэсээр 8.2 сая төгрөгийг 2 хувааж авсан. Мөн яаралтай хэрэг байна гэсээр 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б- нь өөрийн нэр дээрээ миний “BMW X5” жийп машиныг шилжүүлж авсан, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1900 обойг 20 тонны контейнерын хамт Бэлхээс ирж ачиж явсан.” /хх 35-36/ гэх гомдлыг гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.У- мэдүүлэхдээ “...Энэ хоёр хүн одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Би үнэгүй сайтад обой зарахаар зар өгсний дагуу Т- нь А- дугаарын утсаар холбогдож ярьж байсан боловч одоо залгахаар орох ярианы эрх хаагдсан байгаа. Харин Б- нь Ц- дугаартай боловч утсаа ямар ч утаснаас залгаад авахгүй байгаа. ...Анх надтай холбогдож обой болон контейнер, автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан хүмүүс нь Т-, Б- нар юм. Тэр хоёр хүн намайг дагуулж “Ч-” ХХК-ийн захиралтай уулзуулж “миний авах байрыг энэ хүн авах гэж байгаа юмаа энэ хүнтэй гэрээ байгуулчих гэж хэлээд” дээрх гэрээг байгуулсан...” гэх мэдүүлэг /хх 75/, С.У- гэрчээр мэдүүлэхдээ “...Автомашинаа шилжүүлж өгөхдөө Гурвалжингийн гүүрний урд талд байрлах Хөсөгийн авто тээврийн газар дээрээс Т-ын хамтрагч Б-ын нэр дээр шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 83/ гэж мэдүүлжээ. Хохирогч С.У-ын “BMW X5” маркийн тээврийн хэрэгсэл нь Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “...2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр С-гийн У- гэх эзэмшигчээс Я-ын Б-ын нэр дээр шилжсэн...” /хх 43/ Гэвч гэрч Я.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Би өөрийн танил Т-т 2011 оны үед 50 гаруй сая төгрөг зээлүүлээд авч чадахгүй байж байгаад 2017 оны 09 дүгээр сард мөнгөө нэхэхэд “надад “BMW X5” маркийн автомашин байна, 30 сая төгрөгт бодоод авчих” гэхээр нь тэр машиныг нь авч цааш нь О- гэдэг хүнээс цагаан өнгийн “Тоёота кроун”-ыг 12 сая төгрөгт бодож аваад бэлнээр 18 сая төгрөг авч машинаа өгсөн. Ийм л асуудал болсон. Би Т-ыг 2009 онд танилцаад тэрнээс хойш танилын холбоотой байдаг байсан. Одоо холбоо барьж уулзаагүй 2-3 сар болж байна. Би У-, Т- нарын хоорондын төлбөр тооцооны асуудлын талаар огт мэдэхгүй байна. Т- надаас авсан өрөндөө машин өгнө гэсэн би зөвшөөрсөн, тэгээд У-тай уулзаж өөрийн нэр дээрээ машинаа шилжүүлж авсан. Т- нь барилгын компанид /нэрийн мэдэхгүй байна/ захирал ажилтай, хаана байрлаж ажилладгийн мэдэхгүй байна. Гэрийн хаягийн болон одоо хаана байгааг нь хэлж мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сард О- дугаарын утаснаас яриад надаас зээлж авсан мөнгөний үлдэгдэл төлбөрийн талаар хэзээ төлөх талаараа ярилцаад тасалсан...” /хх 88/ гэж мэдүүлжээ.
Яллагдагч Ч.Т- мэдүүлэхдээ “...Асуулт: Та С.У-аас “BMW X5” загварын тээврийн хэрэгслийг яагаад Б-ын нэр дээр шилжүүлсэн талаараа ярина уу? Хариулт: Тухайн үед тус машины би Б-д өгөөд заруулах гэж байсан боловч Герман машин зарагдахгүй байна гэдэг шалтгааныг хэлээд байдаг байсан. Тухайн үед Б- нь тэр машиныг зарагдахгүй байна гэдэг шалтгааныг хэлээд байдаг байсан. Тухайн үед Б- нь тэр машиныг зарагдахгүй болохоор өөр машинаар солино гэж байсан билүү одоо бол сайн санахгүй байна. ...Асуулт: Б.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг өгөхдөө 2011 оноос хойш таниас авлагатай байсан. Түүнийхээ оронд тус машиныг авсан гэжээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярина уу? Хариулт: Би 2011 оны асуудлын талаар мэдэхгүй байна. Би тус машиныг У-аас авахдаа л Б.Б-т шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг /2 хх 123-125/ хавтаст хэрэгт нотлох баримтаар авагджээ. Дээрхээс дүгнэхэд яллагдагч Ч.Т-ыг хохирогч С.У-ын эзэмшлийн “BMW X5” маркийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээний дагуу залилж авсан гэж яллах дүгнэлтэд дурдсан боловч Ч.Т- нь дээрх тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй, цааш дамжуулж худалдан борлуулаагүй, харин уг тээврийн хэрэгсэл нь Я.Б- гэх хүний нэр дээр шилжсэн буюу хохирогч С.У-ын гаргасан гомдол, мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Ч.Т-, Я.Б- нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “BMW X5” маркийн тээврийн хэрэгсэл Я.Б-ын нэр дээр шилжсэн байна. Залилах гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө байдаг тул хохирогч С.У-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг Я.Б- ямар шалтгааны улмаас шилжүүлэн авах болсон зорилгыг нарийвчлан тогтоох, Ч.Т-, Я.Б-, С.У- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах нь зүйтэй. Мөн Ч.Т-, Я.Б-, С.У- нарын дансны хуулганд үзлэг хийж, хэнээс хэн рүү хэдэн төгрөг шилжүүлсэн, С.У-ын эзэмшлийн “BMW X5” маркийн тээврийн хэрэгслийг Ч.Т-ын хийсэн худалдах, худалдах авах гэрээний дагуу С.У- нь шилжүүлэх зөвшөөрлийг олгосон боловч Я.Б- хэрхэн тохиролцож өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, хохирогчийг төөрөгдөлд оруулж хамтран оролцсон эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх, С.У-ын шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнийн дүнг Я.Б-аас гаргуулах эсэх, иргэний хариуцагчаар татах үндэслэл байгаа эсэх зэрэг ажиллагааг гүйцэтгэх,
2. Яллагдагч Ч.Т- нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч С.У-тай холбогдож, урьд өмнөх өр төлбөрөө төлж барагдуулъя, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрээд ир гэж дуудуулан, улмаар өмнөх өр төлбөртөө тооцож Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны барилгад 2 өрөө орон сууцыг өөрийн найз Ж.Ч-ын дэмжлэгтэйгээр өр төлбөртөө тооцож шилжүүлэн өгье, тухайн орон сууцны төлбөрт би өөрийнхөө чамд төлөх өр зээлээ оруулж төлнө, зөрүү төлбөрийг төлөх шаардлагатай гэж ярьж итгүүлэн, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “С-” ХХК болон хохирогч С.У- нарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Ч-” хотхон 4 давхарт 2 өрөө 43.5 м.кв талбайтай орон сууцыг м.кв-ыг нь 2.000.000 төгрөг, нийт 87.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээг талуудын дунд зуучлан байгуулж, хохирогчоос орон сууцны төлбөрийн зөрүүнд гэх зориулалтаар, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 5Ч-5 дугаарын дансаар “Т- байрны зөрүү” утгаар 10.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 5Ч-9 дугаарын дансаар “С.У-аас” гэх утгаар 10.000.000 төгрөг, 15.000.000 төгрөгийн үнэтэй 2007 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота примо” загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 101.660.000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэх үйлдлийн тухайд:
Ч.Т- сэжигтнээр мэдүүлэхдээ “...У- өөрийн эзэмшлийн “Тоёота премио” маркийн машиныг 10 орчим сая төгрөгөөр тооцож надад шилжүүлэх эрхийг нь өгсөн мөн нэмээд дансаар 10.000.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх 135-136/, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Харилцан гэрээ “...Авлага 55.000.000 /Ч.Т-аас авах мөнгө/, Суудлын автомашин 12.000.000, Бэлэн мөнгө 20.000.000 төгрөг тооцсон. ...Цаашид ямар нэгэн асуудал үүсвэл Ж.Ч- нь Ч.Т-ыг батлан дааж байна.” гэх гэрээ /хх 199/, хохирогч С.У- мэдүүлэхдээ “...Нийт хохирол 102.406.000 төгрөг үүнээс 10 сая болон 15 сая төгрөгийн үнэтэй примог Ч-аас бусад мөнгийг нь Т-аас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 209-210/,
гэрч Ж.Ч- мэдүүлэхдээ “...У- надад хэлэхдээ би орон сууцны зөрүүнд 10.000.000 төгрөг өгье гэж хэлээд миний хаан банкны 5Ч-9 дугаартай данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 5.000.000 төгрөгийг нь би хэрэглэе гэж хэлээд Т- надаас 5.000.000 төгрөг шилжүүлж тэр доор нь авсан. Би үлдсэн 5.000.000 төгрөгийг ажилдаа зарцуулсан харин У- нь Т-т Тоёота Премио маркийн автомашиныг өгсөн. ...Тэгээд дахин удалгүй У- над дээр ирэхэд Т- ковидын улмаас нас барчихсан байна” гэж надад хэлсэн. Тэгээд чиний надад өгсөн 5.000.000 төгрөг би чамд өгнө хохиролгүй болгоно мөн Т-ын машины чинь мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг надад өгсөн санагдаж байна тэр мөнгийг чинь давхар өгөөд чамайг хохиролгүй болгож өгнө гэж түүнд хэлсэн.” /хх 131-132/,
мөн гэрч Ж.Ч- дахин мэдүүлэхдээ “...Тухайн үед байрны зөрүү болгож 10.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд тус мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг Т- нь амьдрал хэцүү байна гэж байгаад газар дээр нь авсан. Тухайн өдрөө Т- надад У-аас машин аваад зарчихлаа гээд 2.000.000 төгрөг өгөөд үлдсэнийг хэрэглэчих үү гээд явсан. Түүнээс хэд хоногийн дараагаар Т-, А- эгчтэйгээ хамт ирээд надаас 3.500.000 төгрөгийг аваад явсан. Би тус мөнгийг 3.000.000 төгрөгөөр нэг удаа, 500.000 төгрөгөөр гээд 2 удаагийн гүйлгээгээр ...шилжүүлж байсан. ...Ингээд харахаар Т- надаас 3.500.000 төгрөгөөр л байр авчих гээд байгаа юм.” гэх мэдүүлэг /2 хх 119-120/,
Ч.Т- яллагдагчаар мэдүүлэхдээ “...Ч- нь тухайн үедээ хэд хэдэн газарт хөрөнгө оруулчихсан байсан бөгөөд хөрөнгө оруулсан байрнаасаа У-т зарах гээд, бид 3 уулзаж байгаад У-аас 10.000.000 төгрөгийг Ч-ын данс руу шилжүүлсэн бөгөөд түүнээс 5.000.000 төгрөгийг би Ч-аас авч байсан ба Тоёота Премио загварын тээврийн хэрэгслийн 12.000.000 төгрөгт тооцож надад өгснийг би 7.000.000 төгрөгөөр үл таних хүнд худалдан борлуулж байсан. Би машиныг зарсан 7.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг бас өгч байсан. Түүнээс хойш У- нь байрандаа ороогүй бөгөөд Ч- нь байрыг барьж байсан хүмүүстэй учраа олоогүй юм шиг байсан.” гэх мэдүүлэг /2 хх 124-126/ зэрэг хэрэгт авагджээ.
Дээрхээс дүгнэхэд, хохирогч С.У-, яллагдагч Ч.Т- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгээр С.У- нь 10.000.000 төгрөгийг Ж.Ч-т шилжүүлэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн Ж.Ч-ын мэдүүлгээр тухайн 10.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг Ч.Т-т өгсөн, мөн Ч.Т-ын “Тоёота премио” маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнийн дүнгээс 2.000.000 төгрөгийг авсан гэх боловч С.У-ын Хаан банкны 5А-5 дугаартай дансны хуулгаар “...5Ч-5, 5А-9 дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...” баримт авагдсан боловч уг 2 данс нь хэний эзэмшлийн данс болох, Ж.Ч-, Ч.Т- нарын эзэмшлийн данс мөн эсэх, Ж.Ч-, Ч.Т- нар нь хоорондоо мөнгийг хэрхэн шилжүүлж авсан, өгсөн талаарх дансны хуулга хэрэгт авагдаагүй. Ж.Ч- нь өөрийн авсан гэх үнийн дүнгээс хэдэн төгрөгийг Ч.Т-т өгсөн, мөн өөрийн зарцуулсан гэх мөнгийг хохирогчид буцаан өгсөн эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Ж.Ч- нь “А-” ХХК-ийн Геологи 21 гэдэг нэртэй баригдаж байгаа байрнаас 400 сая төгрөгийн төлбөрт байр авна, уг байрнаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Ч-” хотхон 4 давхарт 2 өрөө 43.5 м.кв талбайтай орон сууцыг м.кв-ыг нь 2.000.000 төгрөг, нийт 87.000.000 төгрөгөөр тооцож, Ч.Т-ын өмнөх өр төлбөрийг хасаж, үнийн дүнгийн зөрүү төлбөр авч, С.У-ын нэр дээр шилжүүлэх боломжтой мэтээр хохирогч С.У-ыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч С.У- нь дээрх орон сууцыг 87.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, байрны зөрүүнд Ж.Ч-т 10.000.000 төгрөг шилжүүлсэн талаар үйл баримт хэрэгт авагджээ.
Мөн хохирогч С.У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч- гэдэг хүнийг энэ хэргээс хасчихаар чинь би дахиж гомдол гаргах ёстой юм уу. Би энийг ойлгохгүй байна. Би Ч- гэдэг хүнийг байх ёстой л гэж харж байна. Тэгэхгүй бол би тэр хүнээс хохирлоо авч чадахгүй байна. Т- гэдэг хүнтэй хэрэг нь хамт байгаа гээд ойлгоод явж байсан...” талаараа мэдүүлсэн зэргээс дүгнэхэд Ж.Ч- нь мөрдөн шалгах ажиллагааны үед тухайн мөнгийг ажилдаа зарцуулсан, өөрийн авсан мөнгийг хохирогчид буцаан өгнө гэдгээ мэдүүлсэн хэдий ч одоо болтол хохирогч хохирол төлбөрөө авсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс хохирол төлбөртэй холбоотой асуудлаар эцэслэн дүгнэхэд учир дутагдалтай болно.
Өөрөөр хэлбэл, Ж.Ч- нь хохирогчийн анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээллээс татгалзуулах, улмаар түүнд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг өөрөө бүрэн хариуцах буюу Ч.Т-ыг батлан даах мэтээр бусдыг санаатай гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэхэд дэмжлэг үзүүлж, урьдач нөхцөлийг бүрдүүлж, хамтран оролцсон эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг огт хийгээгүй байна.
Түүнчлэн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад прокуророос Ж.Ч-ын үйлдэлд гэмт хэргийн хамтран оролцоо байж болзошгүй боловч түүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж буй боловч нэр бүхий гэрчүүд нь энэ хэргийн ямар оролцогч болохыг зөв тогтоох, хэрэв хамтран оролцоо бий гэж үзвэл тэдгээрийг яллагдагчаар татахад эрх зүйн ямар хоригтой хэрхэн зөрчилдөж буй талаар цогц байдлаар яллах дүгнэлтэд мөн л дурдалгүй орхигдуулжээ.
Ийм байдлаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй, нотлох баримтын хүрэлцээт байдал үл хангагдаж буй тул дээрх ажиллагааг бүрэн гүйцэт, нэг мөр гүйцэтгэх нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагч Ч.Т-т яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэтэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай.” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан хэсэг зөрүүтэй бичигдсэн байх тул яллах дүгнэлтийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нийцүүлэн дахин гардуулах ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар яллагдагч Ч.Т-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор М.Сүхчулууны бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт гэрчээр тогтоогдсон Я.Б- нь яллагдагч Ч.Т-аас урьд өгсөн зээлийн харилцаатай холбоотой өр төлбөрийн асуудал байсан, түүнийгээ төлөх саналыг Ч.Т- гаргасан учир би Ч.Т-ын дуудсаны дагуу очиж “BMW X5” загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, хохирогч С.У-тай ямар нэгэн харилцаагүй гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд уг мэдүүлгийг яллагдагч Ч.Т- үгүйсгэж няцаагаагүй, энэ мэдүүлэг бодит байдалтай нийцэхгүй байгаа талаар гомдол, хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд гаргаж байгаагүй. Гэрч Я.Б-ын хувьд бусдын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч байгаа үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр гэж тооцох боломжгүй бөгөөд Я.Б- болон хохирогч С.У- нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэнийг нотлох бичгээр байгуулсан гэрээ, орон сууц, эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ гэх мэт баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно. Мөн гэрч Я.Б-ыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дуудан оролцуулж, түүнээс хохирогч С.У-, яллагдагч Ч.Т- нартай тухайн үед үүссэн харилцаа, “BMW X5” загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах болсон шалтгаан, бусад тодруулах шаардлагатай асуудлын талаар мэдүүлэг авах замаар хэргийн хүрээнд бүрэн тогтоох боломжтой байна. Гэрч Ж.Ч- нь яллагдагч Ч.Т-ын гуйсан хүсэлтийн дагуу яллагдагч Ч.Т-, хохирогч С.У- нарын хооронд үүссэн өр төлбөрийг барагдуулах талуудыг хооронд нь эвлэрүүлэн, маргааныг эцэслэх зорилгоор өөрийн хөрөнгө оруулалт хийсэн орон сууцны барилгаас 2 өрөө орон сууцыг төлбөрийг нь төлсөн тохиолдолд хохирогч С.У-т шилжүүлэн өгөхөөр хэлцэл хийж тохиролцон улмаар уг байрны үнийн дүнгийн зөрүүнд тооцож, арилжааны банк дахь харилцах дансаараа 2021 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 10.000.000 төгрөг, “Тоёота примо” загварын тээврийн хэрэгсэл зэргийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талуудын хооронд маргаан байхгүй. Эдгээр 3 хүний хооронд хийгдсэн хэлцэл, түүний дагуу байгуулсан гэрээ нь биелэгдээгүй шалтгаан нь гэрээний нэг тал болох Ч.Т- нь гэрээгээр өөрийн хүлээсэн үүрэг болох, орон сууцны төлбөрийн зөрүүг төлж барагдуулах үүргээ биелүүлээгүйгээс болсон болох нь гэрч Ж.Ч-, яллагдагч Ч.Т- нарын өгсөн мэдүүлгээр тодорхой тогтоогддог. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй...” гэж заасан. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Т-т холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэгт 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Ч.Т-т холбогдох хүнд ангиллын сүүлийн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 04 жил 01 сарын дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шийдвэрийг прокуророос гаргасан байна. Хэрвээ анхан шатны шүүхийн дүгнэж байгаагаар Ж.Ч-ыг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзвэл түүний хувьд 2021 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 10.000.000 төгрөгийг дансаараа хүлээн авсан үйлдэл, “Тоёота примо” загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг авсан үйлдлүүдэд хамааралтай байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг гэж тооцвол хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, хөөн хэлэлцэх хугацааг нь тооцоход гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жилээр хугацаа тоологдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ж.Ч- нь хохирогч С.У-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэж дүгнэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл нөхцөл байдал огт тогтоогдоогүй бөгөөд тэрээр С.У-, Ч.Т- нарын хооронд үүссэн эд хөрөнгө, өр төлбөртэй холбоотой асуудлыг Ч.Т-ын хүсэлтээр шийдвэрлэх зорилгоор Ч.Т-, С.У- нарыг байлцуулан хэлцэл хийж, улмаар гэрээ байгуулсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. Гэрч Ж.Ч- нь хохирогч С.У-аас хүлээн авсан мөнгөнөөс өөрийн хариуцах хэсгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүнийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дуудан оролцуулж, дэлгэрэнгүй мэдүүлэг авах, шүүх бүрэлдэхүүн болон бусад оролцогч нар асуулт тавьж хариулт авах замаар түүнээс хэргийн талаарх бусад нөхцөл байдал хариуцан төлөх мөнгөний хэмжээ зэргийг нарийвчлан тогтоох боломжтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Иргэний хариуцагчаар татахдаа шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэж заасан бөгөөд иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шүүх, шүүгч шийдвэрлэх боломжтой байна. Яллагдагч Ч.Т-т холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан, яллагдагч Ч.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт үйлдсэн 1512 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан байдлаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан зүйлийн хэсэгт өөрчлөлт оруулсан мэтээр үйлдэгдсэн нь бичиг техникийн шинжтэй алдаа бөгөөд энэ алдааг засаж яллах дүгнэлтийг дахин хэвлэн гаргаж, шүүгдэгчид гардуулан өгөх боломжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж шийдвэрлэх боломжийг олгосон байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанд дүгнэлт хийж, хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Хохирогч С.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б- гэх хүн яллагдагч Ч.Т-тай холбоотой. Тэрээр Ч.Т-ыг обой авахад нь хамт явсан, машин авахад нь мөн хамт явсан. Миний зүгээс уг хоёр хүнийг анхнаасаа холбоо хамааралтай байсан, гэмт хэргийг хамтран үйлдсэн хүмүүс гэж үзэж байна. Ч- гэх хүн анх надтай уулзаад, надад хандаж “би, Ч.Т-ын найз нь байгаа юм, өөрт тань байр өгье, та Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гаргасан гомдлоо авчих, би Ч.Т-ыг батлан дааж байна” гэж хэлсэн. Би хариуд нь “би бодож үзье, эхнэртэйгээ ярилцаад үзье” гэж хэлсэн. Тухайн үед Ч-ын хэлээд байсан байрыг нь очиж үзэхэд баригдаж байсан. Тэр үед Ч-ын хэлсэн бүхэнд итгээд 20.000.000 төгрөгийг 10 сая, 10 саяар нь Ч.Т-, Ч- нарт өгсөн. Унаж явсан машинаа Ч-ын ажлынх нь гадаа үлдээгээд, автобусанд суугаад явсан. Би анх гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг 2021 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өгсөн. Цагдаад бүртгүүлчхээд Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт долоо хоног болгон очиж, хэрхэн шалгагдаж байгааг нь, Ч.Т-аас байцаалт авсан эсэхийг шалгадаг байсан. Энэ хэргийн шалгах процесс маш удаан явагдсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас намайг дуудахгүй байж байснаа нэг л өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газар луу хэргийг шилжүүлсэн. Шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй 3-4 жил Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт байсан хэрэг гэнэт Баянзүрх дүүргийн прокурорын газар луу шилжсэн байгааг миний зүгээс гайхаж байна. Хэрэг Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжсэний дараа тус прокурорын газраас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гэх зүйлийг яриад байгаа нь хачирхалтай байна. Цагдаа Ч.Т-ыг олж чадаагүй, би өөрөө түүнийг цагдаад олж хүлээж өгсөн. Миний мэдэхийн Ч.Т- нь гар утасны дугаараа 7-8 удаа сольж байгаа. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Яллагдагч Ч.Т-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийн агуулгыг “анхан шатны шүүх захирамждаа хийх ёстой ажиллагааг тодорхой заагаагүй байна” гэх агуулгаар гаргасан байна гэж ойлголоо. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа ерөнхий байдлаар дүгнэж, захирамж гаргаж болно. Өөрөөр хэлбэл, хийгдэх ажиллагааг заавал захирамждаа тусгах шаардлагагүй. Прокурор эсэргүүцэлдээ шүүгчийн захирамжийг үндэслэх хэсгийг үндэслэлтэйгээр үгүйсгэж чадаагүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Т-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч Ч.Т-ыг нь хохирогч С.У-аас цахим, интернэт орчинд “БНСУ-д үйлдвэрлэгдсэн обой худалдан борлуулна” гэх зар байршуулсны дагуу хохирогчтой 2017 оны 07 дугаар сард холбогдон уулзаж, “Би танай обойг авна, төлбөрт нь тооцож Улаанбаатар хот Баянгол дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн баруун талд “Ч-” ХХК-ийн барьж байгаа 12 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалтай байрнаас 2 өрөө байр өгье, би тус компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, танайхаас авсан обойг тус компанид нийлүүлнэ, тус компаниас ажлын хөлсөнд авч байгаа орон сууцаа танайд худалдана...” гэж ярьж итгүүлэн, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Ч-” ХХК болон хохирогч С.У- нарын хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Тээврийн дээд сургуулийн баруун талд баригдаж байгаа, үйлчилгээ бүхий 66 айлын орон сууцны барилгын А блок 5 давхар 2 өрөө 48.99 м.кв талбайтай орон сууцыг м.кв-ыг нь 1.800.000 төгрөг нийт 88.182.000 төгрөгөөр худалдан авах гэрээг талуудын дунд зуучлан байгуулж, хохирогчоос орон сууцны төлбөрт гэх зориулалтаар 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1 ширхэг нь 20.000 төгрөгийн үнэтэй 1900 ширхэг БНСУ-д үйлдвэрлэсэн хананы обой цаас авснаас 477 ширхэг хананы обой цаасыг буцаан өгч, 1423 ширхэг обой цаасыг, 2.000.000 төгрөгийн 20 тонны чингэлэг 1 ширхэг 28.000.000 төгрөгийн үнэтэй 2008 онд үйлдвэрлэгдсэн “BMW X5” загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Хаан” банк дахь Э.Н-гийн эзэмшлийн 5Н-6 дугаарын дансаар 3.200.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бэлнээр “байрны 2 дахь төлбөр” гэх зориулалтаар 5.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч С.У-тай холбогдож, урьд өмнөх өр төлбөрөө төлж барагдуулъя, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрээд ир гэж дуудуулан, улмаар өмнөх өр төлбөртөө тооцож Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны барилгад 2 өрөө орон сууцыг өөрийн найз Ж.Ч-ын дэмжлэгтэйгээр өр төлбөртөө тооцож шилжүүлэн өгье, тухайн орон сууцны төлбөрт би өөрийнхөө чамд төлөх өр зээлээ оруулж төлнө, зөрүү төлбөрийг төлөх шаардлагатай гэж ярьж итгүүлэн, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “С-” ХХК болон хохирогч С.У- нарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Ч-” хотхон 4 давхарт 2 өрөө 43.5 м.кв талбайтай орон сууцыг м.кв-ыг нь 2.000.000 төгрөг, нийт 87.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээг талуудын дунд зуучлан байгуулж, хохирогчоос орон сууцны төлбөрийн зөрүүнд гэх зориулалтаар, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 5Ч-5 дугаарын дансаар “Т- байрны зөрүү” утгаар 10.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 5Ч-9 дугаарын дансаар “С.У-аас” гэх утгаар 10.000.000 төгрөг, 15.000.000 төгрөгийн үнэтэй 2007 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота примо” загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 101.660.000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын их хэмжээний эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс Ч.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд, хохирогч С.У-ын эзэмшлийн “BMW X5” тээврийн хэрэгсэл Я.Б-ын нэр дээр шилжсэн шалтгаан, үндэслэл, оролцогч нарын хоорондын бодит тохиролцоо тодорхой бус, Ч.Т-, Я.Б-, С.У- нарын мэдүүлгүүд зөрүүтэй, уг зөрүүг арилгаагүй, дансны хуулгыг бүрэн шалгаж тогтоогоогүй, тухайлбал, 10.000.000 төгрөг шилжсэн данснууд хэний эзэмшлийнх болох, Ж.Ч-ын оролцоо, түүний авсан мөнгө, шилжүүлсэн дүн, мөн гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаагүй, хохирогчийг төөрөгдөлд оруулсан байж болзошгүй орон сууцны хэлцэлтэй холбоотой нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй, болзошгүй хамтран оролцогчдыг яллагдагчаар татах асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаарх прокурорын дүгнэлт хангалтгүй, яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд хэрэглэсэн хуулийн зүйл, заалт зөрүүтэй...” гэсэн агуулга бүхий үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Харин хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЗ/1437 дүгээр шүүгчийн захирамжийг шийтгэх тогтоолын бланк дээр хэвлэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул цаашид анхаарахыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЗ/1437 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сүхчулууны бичсэн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Ч.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ