| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0080/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Г.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн У сумын харъяат, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4-р багт оршин суух, Д аймгийн У сумын ... ажилладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Ц овогт Ц.Э-д холбогдох эрүүгийн 1820001300077 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хамтран амьдрагч Р.У-г хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Цагдаагийн байгууллагад үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч У-тай энэ явдал болсноос хойш 2 удаа тааралдсан, өөрөөр уулзаагүй, одоо бид тусдаа амьдарч байгаа. Дахин ийм алдаа зөрчил гаргахгүй. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн байгаа” гэсэн мэдүүлэг
Хохирогч Р.У-н аюулын зэргийн үнэлгээ дунд зэрэг гэж тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээний баримт /хх-ийн 3-4/
Хохирогч Р.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 05 сарын 11-ний өдөр би У сумаас С сум руу албан ажлаар явсан 2018 оны 05 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 24:00 цагийн орчим гэртээ ирсэн манай гэрт миний охин Э 5 дугаар анги, дүү Э 3 дугаар анги, эгч Ш-н охин ... настай Ш, хамтран амьдрагч Ц.Э нар байсан би хоолоо идээд ороо засаад орондоо орсон хүүхдүүд хажуу талын өрөөнд тусдаа унтдаг орондоо ороод унтах гэж байтал Ц.Э секс хийх гээд байсан миний сарын тэмдэг ирчихсэн гэж хэлсэн чинь чи битгий худлаа хэлээд бай чи өчигдөр над руу утсаар томроод байсан гэж хэлээд гал тогоо ороод үзүүр нь хугарчихсан хүрэн иштэй хутга авч ирээд надад тулгаад хоёр гарт үзүүрээр нь ээлжилж хатгаад чи Шандад дөрөв хоносон талаараа нэг нэгэнгүй ярь ямар нэртэй буудалд хэнтэй байсан гээд хутганы ар ишээр нь толгой, хөл, гарт цохиж миний дух руу гараараа нэг удаа цохисон одоо миний зүүн нүд рүү хөх туяа татаад байгаа намайг авч явсан 100.000 /нэг зуун мянган төгрөгөө нэг нэгэнгүй зарцуулсан талаараа бич нэг л төгрөг дутах юм бол би чамайг ална гээд гартаа барьж байсан хутгаараа дүрчих гээд чичээд байсан, би үсээ засуулсан байсан, гэтэл чиний хэндээ сайхан харагдах гэж үсээ засуулдаг юм бэ, би огтлоод хаячихсан ч чадна гээд хутгаар миний үснээс туг үс /5 см орчим үс/ огтолсон тухайн үед бол хажууд хүн байгаагүй миний хоолойг хоёр гараараа боомилоод чи орилох уу гээд байсан намайг үгүй гэхээр гараа аваад зурагтны дуугаа чангалаад дарамталсан, урд нь бас 10 гаруй удаа иймэрхүү байдалтай дарамталж байсан тодорхой он сарыг санахгүй байна. Их л хардаж хэл амаар доромжилж байсан би цагдаад хандаж байгаагүй энэ удаад бол үнэхээр тэсвэр алдаж байна миний хоёр хүүхэд Ц.Э-н хүүхдүүд биш урд сууж байсан, нөхрийн хүүхдүүд. Ц.Э бид хоёроос хүүхэд гараагүй миний хоёр хүүхдийг Ц.Э загнаж байгаагүй гэж миний хоёр охин надад хэлсэн, гэхдээ би сайн мэдэхгүй байна, намайг хүний нүднээс далд тамладаг юм чинь юу ч болдог юм билээ, би одоо хоёр хүүхэддээ болон өөртөө маш их санаа зовж байна тэр шөнө Ц.Э намайг амлалт бич гээд өөрийнхөө нимгэн хавтастай төмөр нуруутай дэвтрийн голоос нэг цаас авч өгөөд би эр нөхрөө хүндэлнэ, өглөө эрт босно, архи огт амсахгүй, нөхрөөсөө хэзээ ч салахгүй би энэ амлалтаа зөрчвөл үхсэн ч харамсахгүй гэж бичүүлж авсан тэгээд дух хавдсан байсан чинь чи хүмүүст машинд унтаж яваад юм мөргөөд дух хавдсан гэж хэлээрэй гээд чи цустайгаа холилдох уу сэвстэйгээ холилдох уу гээд хутгаараа чичээд байсан….Хүн харахад бол гаднаасаа сайн хүн шиг харагддаг хардалт нь өвчин болчихсон уурлахаараа бол элдэв янзаар харааж ямар ч авир гарч юу ч хийж магадгүй хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “ 1. Р.У-н биед тархи доргилт, зүүн нүд дээд зовхи, баруун шуу, зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт, зүүн тавхайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 02/0187 дугаартай дүгнэлт /хх-ийн 10/
Хүний их эмч Н.М-н хохирогч Р.У-н эрүүл мэндэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/
Шүүгдэгч Ц.Э-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/
Гэрч Р.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15:00 цагийн орчим миний төрсөн эгч Р.У-н хоёр охин ээж орой Ш-с ирэх гэнэ гээд гэрлүүгээ явсан би эгч рүү утсаар залгаад та өнөөдөр ирэх юм уу гэж асуухад тиймээ орой очиноо гэж хэлсэн орой 19:00 цагийн орчим миний нөхөр С.М миний эгч Р.Ш-н 4 настай хүүхдийг Ц.Э-н гэрт хүргэж өгсөн маргааш өглөө нь буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ний өглөө 06:30-н орчим миний ... дугаарт эгч Р.У-н дугаараас би айж байна яах вэ гэсэн мессеж ирсэн байсан, би 07:50-нд уншаад гар утсаараа залгасан тэгтэл эгч хоолой нь зангираад намайг шөнө ирэхэд Ц.Э хардаад зодсон гэсэн би гэрт нь очиход Р.У-н хүзүү нь улайсан дух нь хавдсан байсан Ц.Э согтуу байсан юм уу гэж асуухад эрүүл байсан гэж эгч надад хэлсэн би 08:40 цагийн орчим Ц.Э-н гар утас руу залгаад юу болоод байгаа юм бэ би чамтай ярилцаж байгаагүй одоо би чамаас нэг удаа сонсоё гэж хэлэхэд Ц.Э надад хэлэхдээ за ийм юм болсон юм хоёр хоногийн өмнө бид хоёр жоохон маргалдсан өчигдөр шөнө жоохон муудалцсан гэсэн би, чи урд шөнө хийсэн зүйлээ зөв гэж бодож байна уу хутга бариад гэхэд тэр ч миний буруу л даа гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/.
Д аймгийн У сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37/
Хохирогч Р.У-н нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 05 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Д аймгийн У сумын 4 дүгээр багт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Р.У-г “ үсээ засуулсан байна, хэнд сайхан харагдах гэсэн бэ, би эр нөхрөө хүндэлнэ, өглөө эрт босно, архи огт амсахгүй, нөхрөөсөө хэзээ ч салахгүй би энэ амлалтаа зөрчвөл үхсэн ч харамсахгүй гэж бичүүлж, хэрэглэсэн 100,000 төгрөгийн тайлангаа гаргаж өг, буудалд хэнтэй байснаа хэл “ гэж доромжилж, улмаар хутганы ар ишээр нь толгой, хөл, гарт нь, гараарай дух руу нь цохиж бие махбодид нь тархи доргилт, зүүн нүд дээд зовхи, баруун шуу, зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт, зүүн тавхайн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан хохирогч Р.Уламбаяр, гэрч Р.Төгсбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/0187 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Э-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Р.У нь энэ гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Э-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Э нь 1,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.Ц