| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2429 00102 1015 |
| Дугаар | 2026/ДШМ/442 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/442
2026 04 16 2026/ДШМ/442
Д.Г-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ган-Эрдэнэ,
хохирогч Б.Ж-, түүний өмгөөлөгч Л.Намнансүргэн,
яллагдагч Д.Г-, түүний өмгөөлөгч Г.Цолмон,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЗ/1043 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Г-ад холбогдох эрүүгийн 2429 00102 1015 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С- овогтой Д-ийн Г-, 1986 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой санхүүгийн удирдлага мэргэжилтэй, “Д-” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, охины хамт ........ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ЕД-/;
Яллагдагч Д.Г- нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /B-/-д 2023 оны 05 дугаар сараас эхлэн Оюу толгойн баяжмалын тээвэрт машин явуулбал ашигтай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, төөрөгдөлд оруулан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 587.248.600 төгрөгийн үнэ бүхий “North benz” загварын 2 ширхэг тээврийн хэрэгсэл, 4 ширхэг чиргүүлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын хилээр оруулан “Д-” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн улсын дугаар авч, тус тээврийн хэрэгслүүдийг “B-” ББСБ-д 185.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: ...Шүүх өөрийн санаачилгаар яллагдагч Д.Г-ад холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг зарлан явуулсан бөгөөд тус хуралдаан дээр хяналтын прокуророос “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг төгссөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй бол тухайн шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ гэж заасны дагуу шилжүүлэх боломжтой гэж үзэж байна...” гэсэн;
-өмгөөлөгч Г.Цолмонгоос “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд шилжүүлнэ гэж заасан. Шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Яллах дүгнэлтэд үйлдэл төгссөн газрыг Хан-Уул дүүрэгт үйлдсэн гэж үздэг...” гэсэн;
-өмгөөлөгч Д.Цолмонгоос “Хэргийн нөхцөл байдлын тухайд Д.Г-ыг хоёр машин залилсан гэж үзэж байгаа бол Өмнөговь аймагт машин авснаар үйлдэл дууссан байгаа. Харин залилсан зүйлээ ломбардад тавих, зарах нь дараагийн асуудал. Банк бус санхүүгийн байгууллагад тавьснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэж байгаа бол банк бус байгууллага хохирогч байх ёстой. Тус үйлдэл Өмнөговь аймагт авснаар төгсөж байгаа бол залилан мэхлэх гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Яллах дүгнэлт шаардлага хангахгүй байна...” гэсэн агуулга бүхий тайлбар, хүсэлтүүдийг гаргаж оролцлоо.
Яллагдагч гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэрэг төгссөн газрыг мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд нотолбол зохих байдал гэж үзэж, хэргийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлэх учиртай.
Тодруулбал, энэ хэргийн тухайд БНХАУ-аас Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт-Ганцмод боомтоор орж ирсэн тээврийн хэрэгсэл, чиргүүлийг яллагдагч Д.Г- захиран зарцуулах эрх үүссэнээр гэмт хэрэг төгссөн эсэхэд хяналтын прокурор хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан “Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх” мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.” мөн зүйлийн 3 дахь хэсэгт Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана.” мөн зүйлийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгахаар яллах дүгнэлт үйлдэхэд тавигдах хуулийн шаардлагыг хуульчлан тогтоосон байна.
Яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг нотлох баримтад тулгуурлан хуулийн үндэслэлтэйгээр бичиж тусгалгүйгээр, чухам ямар үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн харьяалал тогтоогдож байгааг огт дурдалгүйгээр хэргийг тус шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” хэргийг прокурорт буцаах хуулийн үндэслэл болж байна. Иймд хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.” гэж хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд яллах дүгнэлтээс хальж шийдвэр гаргах эрхгүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн прокурорын газраас “...Д.Г- нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /B-/-д 2023 оны 05 дугаар сараас эхлэн Оюу толгойн баяжмалын тээвэрт машин явуулбал ашигтай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, төөрөгдөлд оруулан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 587.248.600 төгрөгийн үнэ бүхий “North benz” загварын 2 ширхэг тээврийн хэрэгсэл, 4 ширхэг чиргүүлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын хилээр оруулан “Д-” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн улсын дугаар авч, тус тээврийн хэрэгслүүдийг “B-” ББСБ-д 185.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан” гэж дүгнэн, шүүхэд шилжүүлсэн байдаг. Прокуророос “...тээврийн хэрэгслүүдийг “B-” ББСБ-д 185.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан...” гэж дүгнэсэн байх ба тухайн “B-” ББСБ нь Улаанбаатар хотод байрладаг, Д.Г- нь тухайн тээврийг хэрэгслүүдийг Улаанбаатар хотод байрлах салбар дээр барьцаанд тавьсан байдаг тул хэргийг Өмнөговь аймгийн шүүх шийдвэрлэх үндэслэлгүй юм. Анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Яллагдагч Д.Г- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Хохирогч Б.Ж-ын өмгөөлөгч Л.Намнансүргэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний зүгээс яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг агуулгыг нэг талаас нь зөв гэж харж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ…” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн агуулга нь “...гэмт хэрэг хаана төгссөн болохыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна. Хэрэг хаана төгссөн талаар тогтоох ажиллагаа явуул...” гэх агуулгатайгаар буюу дээрх хууль зүйн үндэслэлээр захирамж гарсан. Прокурор яллах дүгнэлтийнхээ хэргийн товч агуулга болон тогтоох хэсэгт гэмт хэргийн сүүлийн үйлдлийг “...яллагдагч Д.Г- нь тухайн тээврийн хэрэгслүүдийг “B-” ББСБ-д 185.000.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг нь хувьдаа зарцуулж залилах гэмт хэрэг үйлдсэн...” гэж дүгнэсэн. Тодруулбал, яллагдагчийн банк бус санхүүгийн байгууллагад машиныг барьцаанд тавьсан үйлдлээр уг гэмт хэргийг төгссөн гэж дүгнэсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 232 дахь талд яллагдагч Д.Г-ын мэдүүлэг авагдсан. Тэрээр “...зөвшөөрөл авалгүйгээр Банк бус санхүүгийн байгууллагад тавьсан...” гэж мэдүүлсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь талд “мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл”, фидуцийн гэрээ, 3 дугаар хавтаст хэргийн 51, 62 дахь талд зээлийн гэрээнүүд авагдсан байдаг. Тухайн зээлийн гэрээ байгуулагдсан хаягуудаас уг гэмт хэрэг хаана төгсөж байгаа болох нь тодорхой харагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...Уг гэмт хэргийн сүүлийн үйлдэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйлдэгдсэн болох нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяалал зөв байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Хохирогч Б.Ж- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс яллагдагчийн өмгөөлөгч Г.Цолмонгийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Энэ хэрэгт харьяаллыг зөв тогтоосон. Анхан шатны шүүх захирамждаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй...” гэж тусгасан байдаг. Гэтэл дээрх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Мөн шүүх захирамждаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж тусгасан байдаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэргийн оролцогчдын хэнийх нь эрхийг зөрчсөн, процессын хуулийг хэрхэн зөрчсөн болох нь тодорхойгүй байх тул захирамжид заагдсан ажиллагааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргийн дийлэнх оролцогчид нь Улаанбаатар хотод байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлүүд тогтоогдоогүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЗ/1043 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Д.Г-ад холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг яллагдагчийн өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Прокуророос яллагдагч Д.Г- нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /B-/-д 2023 оны 05 дугаар сараас эхлэн Оюу толгойн баяжмалын тээвэрт машин явуулбал ашигтай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, төөрөгдөлд оруулан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 587.248.600 төгрөгийн үнэ бүхий “North benz” загварын 2 ширхэг тээврийн хэрэгсэл, 4 ширхэг чиргүүлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын хилээр оруулан “Д-” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн улсын дугаар авч, тус тээврийн хэрэгслүүдийг “B-” ББСБ-д 185.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хүлээн авч хянаад, прокурорыг “яллагдагч гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэрэг төгссөн газрыг мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд нотолбол зохих байдал гэж үзэж, хэргийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлэх учиртай” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж байгаа нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон төгссөн газрыг хангалттай тогтоогоогүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-уудыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгахаар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, прокурор 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 516 дугаар яллах дүгнэлтдээ яллагдагч Д.Г- нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /B-/-д 2023 оны 05 дугаар сараас эхлэн Оюу толгойн баяжмалын тээвэрт машин явуулбал ашигтай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, төөрөгдөлд оруулан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 587.248.600 төгрөгийн үнэ бүхий “North benz” загварын 2 ширхэг тээврийн хэрэгсэл, 4 ширхэг чиргүүлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын хилээр оруулан ирж, улмаар тээврийн хэрэгслүүдийг “Д-” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн улсын дугаар авснаар гэмт хэрэг төгсөөд байгаа юм уу эсхүл уг оруулж ирсэн тээврийн хэрэгслүүдийг “B-” ББСБ-д 185.000.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг авч залилснаар гэмт хэрэгт төгсөөд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй, гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ төгссөн болох нь ойлгомжгүй, яллах дүгнэлт хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн, хохирогч нар нь хэн болох, хохирогч нарыг хэрхэн яаж хохирсон талаар тодорхой дурдаагүй, тус гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан буюу 587.248.600 төгрөг эсхүл 185.000.000 төгрөгийн хохирлын аль нь болох талаар нарийвчлан тусгаагүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг зөв тогтоох нь гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх, хэргийг харъяаллыг зөв тогтоох зэрэг нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.
Иймд дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЗ/1043 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Д.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ