Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01222

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01222

 

 

                               “ӨЭБЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/01105 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ӨЭБЭ” ХХК-ийн хариуцагч Н.Б д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 60,049,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцацрал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ӨЭБЭ” ХХК  Н.Бтай 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, ........, 115.48 м.кв 3 өрөө орон сууцыг 294,474,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Захиалагч гэрээний төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулах үүргээ зөрчиж, урьдчилгаа 45,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 249,474,000 төгрөгийг төлөөгүй. Иймд шүүхэд алданги, амьдарсан хугацааны төлбөр, торгууль, байрнаас албадан гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийг байрнаас чөлөөлөх, нэхэмжлэгч нь хариуцагчаас амьдарсан хугацааны төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Энэ удаа хариуцагчаас зөвхөн амьдарсан хугацааны төлбөрийг нэмж шаардаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний 4.10.1 дэх хэсэгт зааснаар сарын түрээс 2,309,600 төгрөг, 15 сар амьдарсны түрээсийн төлбөр 34.644.000 төгрөг нэхэмжилсэн. Иймд гэрээний 4.10.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 26 сар бусдын өмчлөлийн орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөрт 60,049,600 төгрөгийг Н.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн төлбөрийг шаардах хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч хариуцагчид уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхдээ түрээс төлөхөөр харилцан тохиролцоогүй. Нэхэмжлэгч нь 2019 онд нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримт, гэрээний зүйл заалтуудыг үндэслэн гэрээнээс татгалзаж, түүнтэй холбоотой хохирлыг шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргасан. Шүүх гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 45,000,000 төгрөгийг хариуцагч Н.Бд буцаан өгч, хариуцагч байрыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн үндэслэл, үйл баримтыг өмнө нь шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол, магадлал байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүчин төгөлдөр гэрээний дагуу шаардах эрхтэй боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар талуудын байгуулсан гэрээ дуусгавар болсон тул гэрээний заалтын дагуу төлбөр шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Улсын Дээд шүүхийн тогтоол гарах хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Уг маргаан хэрхэн шийдвэрлэгдэх нь ойлгомжгүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул байрыг чөлөөлж өгөх боломжгүй байсан. Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч нь хариуцагчид 45,000,000 төгрөг, хариуцагч нь нэхэмжлэгчид 34,664,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Н.Б зөрүү 15,000,000 төгрөгийг “ӨЭБЭ” ХХК-аас авах ёстой бөгөөд уг мөнгийг өгсөн нөхцөлд байрыг чөлөөлж өгөх боломжтой байсан. Гэтэл одоог хүртэл өгөөгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний дагуу өгсөн 45,000,000 төгрөгийг эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэж, бизнесээ явуулж байгаа. Н.Б гэрээний дагуу уг байранд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь үнэн. Шударга ёсны дагуу аль аль нь гэрээний дагуу өгсөн зүйлийг ашиглаж байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Н.Бгаас 56,431,218 /тавин зургаан сая дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун арван найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ӨЭБЭ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,618,382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 440,106 төгрөг гаргуулж “ӨЭБЭ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1  дэх хэсгийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.10.1 дэх хэсгийг үндэслэл болгож төлбөр шаардсан. Гэвч уг гэрээ, гэрээний заалттай холбоотой асуудлыг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр байсаар байтал уг гэрээг дахин нэхэмжлэлийн үндэслэл болгож төлбөр шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117.1 дахь хэсэгт хамаарна.

4.2. Хүчингүй болгож шийдвэрлэсэн гэрээний заалтыг үндэслэж төлбөр гаргуулсан тухайд, шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн атлаа төлбөр гаргуулж шийдвэрлэхдээ хүчингүй болгож шийдвэрлэсэн гэрээний заалтыг үндэслэсэн. Гэрээний 4.10.1 дэх заалт нь гэрээний хүчин төгөлдөр хугацаанд захиалагч нь мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангуулах буюу хохиролтой холбоотой заалт бөгөөд гэрээтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарснаар талууд хэн аль уг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөж талуудын хоорондох гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон. Гэвч шүүх гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болгосон тухай дүгнэсэн атлаа дуусгавар болгосон гэрээний заалтаар төлбөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 

4.3. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болсон ба энэ үеэс хойш Н.Б орон сууцыг зориулалтын дагуу ашиглаж төлбөл зохих мөнгийг хэмнэсэн буюу энэ өртгөөр үр шим олсон гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх өөрийн үзэл бодлоо бичсэнд гомдолтой байна. Хариуцагчид уг байранд амьдраад олсон орлого, хүртсэн үр шим байхгүй. Гэрээнээс татгалзах нэрийдлээр бүтэн байрны үнэтэй дүйцэх төлбөрийг шаардсан байхад шүүх хариуцагчийг орлого олсон, үр шим хүртсэн гэсэнд гомдолтой байна. Байр авах захиалга өгөөд урьдчилгаанд өгсөн төлбөргүй, байргүй гудамжинд гарах нөхцөл байдалтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан даруйд байрыг чөлөөлж өгөх боломжгүй, талуудын хоорондох маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. Энэ хугацаанд хариуцагч байранд амьдарч харин нэхэмжлэгч урьдчилгаа мөнгийг ашиглаж үр шимийг нь хүртсээр байсан. Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл хариуцагчид өгөх ёстой мөнгийг өгөөгүй.

4.4. Дуусгавар болгосон гэрээний 4.10.1 дэх заалтыг үндэслэж төлбөр гаргуулсан үндэслэлээ хариуцагч маргаагүй, баримтаар няцаагаагүй гэж шүүх өөрийн үндэслэлээ зөвтгөсөн тухайд,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх талуудын тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх боломжоор хангах үүргийг хүлээнэ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбарын хүрээнд мэтгэлцсэн ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492, 493.1 дэх хэсгийг үндэслэл болгоогүй шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр энэ тухай хэлээгүй. Хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж ойлгон тайлбар гаргаж, энэ тухай баримт бүрдүүлэх мэтгэлцэх боломжгүй байсан атал шүүх энэ тухай маргаагүй, баримтаар няцаагаагүй гэж дүгнэснийг ойлгохгүй байна.

4.5. Иргэний хуулийн 492.1.1, 493.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд, Иргэний хуулийн 492.1.1 дэх заалт талуудын хооронд үүссэн харилцаанд хамааралгүй. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсч, уг харилцаа дуусгавар болж талууд гэрээгээр харилцан шилжүүлсэн зүйлээ буцааж өгөхөөр болж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Улсын дээд шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болмогц хариуцагчийн мөнгийг өгөөд байраа авахыг хэлсэн, энэ асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүй атал шүүх шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 492.1.1 дэх заалтыг иш татсан нь ойлгомжгүй. Уг зохицуулалтын хүрээнд орлого олсон байх ёстой боловч огт орлого олоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 3 шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч 15 хоног буюу 450 хоног амьдарсан. Амьдарсан хугацааны түрээс 34,309,000 төгрөгийг Улсын Дээд шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. 45,000,000 төгрөгөөс 34,309,000 төгрөгийг хасахаар 10,000,000 төгрөгийн зөрүүтэй байгаа. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл орон сууцад амьдарч байгаа. Шүүх орон сууц ашигласан гэж дүгнэсэн болохоос биш ашиг орлогын талаар дурьдаагүй. Хариуцагч орон сууцанд амьдарч байгаа учраас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан шаардах шаардлага гаргасан. Гэрээ дуусгавар болсон боловч хариуцагч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлөөгүй тул түрээсийн төлбөрийг шаардаж байгаа. 3 өрөө орон сууц учраас 2,309,600 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан.  Хариуцагч орон сууцыг чөлөөлөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “ӨЭБЭ” ХХК хариуцагч Н.Бгаас амьдарсан хугацааны түрээсийн төлбөр гэж 60,049,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ.

 

3.а. Хариуцагч Н.Б 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “ӨЭБЭ” ХХК-тай ........ 115,48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 294,474,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор хуваарийн дагуу төлөх тухай орон сууц захиалгаар барих гэрээг байгуулан, хариуцагч 45,000,000 төгрөг төлж, нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгчээ. /хх130-134/

 

3.б. Уг гэрээний үүргийн биелэлтийн талаар талуудын хооронд маргаан үүсч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 102/ШШ2019/02646 дугаар шийдвэрээр Н.Б гийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлж, Н.Б гаас амьдарсан хугацааны төлбөрт 34,644,000 төгрөг, торгууль 4,500,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 89,144,000 төгрөг гаргуулж, “ӨЭБЭ” ХХК-д олгон, талуудын байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, “ӨЭБЭ” ХХК-аас 5,856,000 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Бд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх138-141/

 

3.в. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 55 дугаар магадлалаар Н.Бгийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлж, Н.Бгаас 34,664,000 төгрөг гаргуулж “ӨЭБЭ” ХХК-д олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “ӨЭБЭ” ХХК-аас 45,000,000 төгрөг гаргуулан Н.Бд олгохоор шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 001/ХТ2021/01175 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ. /хх100-105, 142-145/

 

Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл амьдарсан хугацааны төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь энэ хэргийн хувьд 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойшх хугацаанд бусдын өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүй амьдарсан төлбөрийн 1 сард төлөгдөх төлбөрийн дүнг 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний 4.10.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Тодруулбал 1 сарын 2,309,600 төгрөгөөр тооцоолох гэснийг үндэслэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлээ амьдарсан хугацааны төлбөр гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд “гэрээ дуусгавар болсон боловч хариуцагч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлөөгүй, орон сууцанд амьдарч байгаа учраас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан,” гэж тайлбарласан. Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулж, маргаантай харилцааг тодорхойлсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэдэг тул анхан шатны шүүхээс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл амьдарсан хугацааны төлбөрийг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь буруу биш.

Хариуцагч гэрээ дуусгавар болсноос хойш орон сууцыг зориулалтын дагуу ашиглаж, төлбөл зохих мөнгөн хөрөнгийг хэмнэсэн буюу энэ хэмжээгээр үр шим олсон гэж үзээд талуудын 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр харилцан тохиролцож 115 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг түрээслэн суухаар тогтоосон үнэ буюу 2,309,600 төгрөгт дүйцүүлэн сар тутамд төлөгдөх төлбөрийн хэмжээг тогтоосон нь нотлох баримт үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 102/ШШ2019/02646 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууцыг эзэмшиж ашигласан төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,618,382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талын “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, дуусгавар болсон гэрээний заалтаар төлбөр гаргуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ буруу тодорхойлсон” гэх гомдлыг хангагүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/01105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,00 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД                                                    Д.БЯМБАСҮРЭН                                                                                                                      

                                                                А.МӨНХЗУЛ