Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Г.М                  

Шүүгдэгч Т.М, А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.М-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн Ж сумын харъяат, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хүүхдийн хамт амьдрах, Х аймгийн Ж сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт түр оршин суух, “Ж” ХХК-д харуул ажилтай,  улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, О овогт Т.М,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө аймгийн Б сумын харъяат, эрэгтэй,  яс үндэс халх, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр багт оршин суух,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Б овогт А.А нарт холбогдох эрүүгийн 1820001590078 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч А.А нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг байрны гадна Т.М-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Т.М нь 2018 оны 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг байрны гадна А.А-тэй хувийн таарамжгүй  харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                        

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Г хотхоны байранд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг юм. Тэр өдөр байрны хажууд нүх ухаж хашаа татсан байдаг ба тийшээгээ хүүхдүүд ороод байсан учраас орж болохгүй гэдгийг хэлсэн, тэгтэл дахиад ирээд тоглоод байхар нь өөр газарт очиж тогло гэж хэлсэн чинь А ахын хүүхэд нь өөдөөс салаавч гаргаад байсан, би айлгах санаатай дор граж байгаа, тийшээ хийнэ шүү гэж хэлсэн. Ингээд байж байтал  А ах ирээд хүүхэд зодсон байна гэхээр нь би зодоогүй гэж хэлсэн. Тэгтэл А миний зүүн шанаа руу алгадсан. Би тонгойгоод А ахыг нуруугаар нь тэвэрсэн. Бид зууралдаад хайс, сандал 2-ын завсараар газарт унасан ба тэр үед нүүр, хамар ам урагдсан байсан, би босож ирээд А-н 2-3 удаа нүүр рүү нь цохьсон. А-н биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.  Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр гэрээсээ гарч ирэхэд хүүхдүүд тал, талаас гүйлдэж ирээд А ахаа танай хүүхдийг харуул ах зодсон гэж хэлсэн. Тэгээд эхлээд би хүүгээ том хүний үгэнд орсонгүй гэж хэлчихээд буцаад орох гэж байтал хүү маань намайг боогоод, гэдэснээс базсан гээд уйлсан. Тэгээд М гэх залуу цаанаас хүрээд ирэхээр нь Т-н аав байна, яагаад хүүхэд зодсон юм бэ гэж хэлэхэд өөдөөс  уурлахаар нь би уурлаад нүүр рүү нь нэг алгадсан. Тэгээд л бид зууралдаад газар унасан, М миний нүүр рүү цохьсон. Бид бие, биедээ гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Хууль сайн мэдэхгүйн улмаас  ийм асуудалд орчихлоо, би уг нь шууд цагдаагийн байгууллагад хандаж ёстой байсан юм билээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг

Т.М шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн “ Энэ асуудал болсоны улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан, бие зүгээр байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй ” гэсэн мэдүүлэг     

А.А шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн “ Миний хамарын яс баруун талдаа цөмөрч хугарсан, баруун нүдний  ухархайн дотор хана бас цөмөрч хугарсан байна гэсэн. Одоо биеийн байдал зүгээр байгаа, ер цаашдаа үзүүлнэ. Надад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй “ гэсэн мэдүүлэг

Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр намайг Эрээнд байхад эхнэр утсаар манай хүү Т-г байрны харуул М гэдэг залуу алгадаад зүүн чихных нь хэнгэрэгийг хагалчихсан байна гэсэн. Би тэр өдөр нь Эрээнд хоносон ба орж байгаад уулзъя гэж бодоод 2018 оны 06 сарын 25-ны өдрийн орой 19 цагийн үед гэртээ ирээд М-г байрандаа унтаж байна гэхээр уулзъя гэж дуудуулаад гаргаж ирсэн. М-г гарч ирэхэд би ганцаараа байсан М-той уулзаад зогсож байхад манай хамаатны хүргэн Т эхнэрийн эгчийнх нь хүүхэд Б нар ирсэн. Би М-д чи яагаад жаахан хүүхэд алгаддаг юм бэ, хэлж ярьж болдоггүй юм гэхэд М би яахлаараа алгаддаг юм бэ, хүүхдээсээ асуугаач гэсэн. Манай хүүхэд болохоор харуул ахад алгадуулсан, толгой дүүрээд гуйваад явсан гэж хэлдэг. Тэгэхээр нь би манай хүүхдийн хэнгэрэг хагарсан байвал чиний хэнгэргийг бас хагална шүү гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс жуумалзаад, ёжлоод инээмхийлээд байхаар нь би зүүн гараараа М-н баруун хацарлуу 1 удаа алгадсан. М тонгойгоод босоод ирсэн ба намайг тэврэх гэхээр нь би баруун өвдгөөрөө нүүр хэсэг нь өвдөглөөд гараараа түлхэж холдуулсан. М зугтаад Н ресторан руу гүйгээд орсон. Нааш ир гэсэн чинь гүйгээд орчихсон. Би араас нь орсон чинь М нэг өрөө рүү ороод явчихсан. Хүмүүс орилолдоод эхэлсэн ба тэр өрөөнөөс тогооч байрын 1 залуу гарч ирээд та яаж байгаа юм бэ гэхээр нь наадах чинь манай хүүхдийг зодсон байна гэж хэлчихээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийг 15-16/

Насанд хүрээгүй гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэр өдөр би хүүхдүүдтэй байрныхаа гадаа нүх ухсан хашаан дотор тоглож байтал хар нүдний шилтэй, цэнхэр подвалкатай нэг ах хашааны гаднаас бид нар луу пизда нар минь та нар наанаасаа гар гэсэн. Бид нар зугтаарай гээд гарч байтал тэр ах намайг хөөж байгаад барьж аваад миний араас гарынхаа тохойг нуглаж боогоод, гэдэснээс базаад гараш руу хийж цоожилно гээд аваад явсан. Намайг гражид оруулаад байх үед манай байрны Т, И нар орж ирээд тэр ахын гарнаас И зулгааж, Т ах түлхээд намайг аварсан. Тэгэхэд тэр ах Т ахын баруун талын хацар, чих рүү 2 удаа алгадсан. И ахын баруун хацар луу нь 1 удаа алгадсан. Тэгээд бид 3 гараад зугтсан. Би гэрийнхээ орцны гадаа очиход манай аав А.А гэрээс гарч ирж байсан. Тэгээд би аавд граж руу намайг дагуулж ордог ахын талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Насан хүрээгүй гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байрныхаа хүүхдүүдийн хамт байрны хойд талд байх барилга барих гээд нүх ухчихсан хашааны 2 талд нь гараад гар бөмбөг тоглож байсан. Тэгтэл манай байранд харуул хийдэг М гээд ах ирээд зайлцгаа гөлөгнүүдээ, нүдний шилээ аваад 5 тоолоход алга болсон байгаарай, алга болоогүй бол ална шүү гэсэн. Бид нар зугтацгаасан ба байрны хажуугийн улаан хашааны ард гараад байж байтал Т буцаад нөгөө барилга барих гэж байгаа хашаа руу гүйгээд орчихсон. Т-г гар гэж М ах загнаад хашаа руу ороод хөөж байгаад Т-г барьж аваад гараараа хүзүүгээр нь боож өргөөд гэдэснээс нь нөгөө гараараа базаад граж руу хийнэ гээд явсан. Т уйлаад байхаар нь би И-тэй хамт гражийн үүдэнд очоод Т-н гараас татсан. Энэ үед М ах И бид 2-ын хацар руу алгадсан. Намайг ахиад 1 удаа алгадахад чих дүнгэнээд явчихсан. М ах Т-г граж руу оруулахаар нь би очоод хаалгыг нээгээд Т-г гаргаад зугтсан, тэгтэл М ах хойшоос нааш ир банди минь, ална шүү гээд үлдсэн. Бид нар зугтсан. Байрны орцны үүдэнд ирэхэд А ах гарч ирээд бид нар хэлсэн. Тэгээд А ах, М ах 2  хэрэлдээд, хоорондоо зууралдаад авсан. Хажууд нь байсан А ахын 2 дүү салгасан. А ахын нүүр лүү М ах довжоон дээрээс үсрээд цохисныг харсан. М ах та нар бөөндөө намайг зодлоо гээд подвалка, нүдний шилээ тайлаад байсан. Ийм зүйл болсон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 06 дугаар  сарын 14-нд Улаанбаатар хотоос Замын-Үүдэд ах А.А-н гэрт ирсэн, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ахын гэр байдаг байрны гадаа утсаар яриад сууж байтал орцны үүдэнд хүмүүс чанга чанга яриад байхаар нь хартал А ах нэг хүнтэй маргаж байсан. Юм бодолгүй хүрээд очтол бужигнаад А ах орцны хажуугийн сандал дээр суучихсан, дээр нь харуул залуу өөдөөс нь хараад дараад хажуу байрлалтай хэвтсэн байсан. Тэр 2 бие биенээ тэвэрсэн байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг салгах гээд харуул залуугийн хойноос нь цээжнээс нь татаад салгах гэтэл дийлээгүй, тэгтэл 2 босоод ахиад хэрэлдээд унасан. Урд нь намайг очиж байхад М, А ахын нүүр лүү цохиод авч байгаа харагдсан. Тэр 2 зууралдаад сандал, газар дээр өнхөрч байхад нь А ахын эгчийнх нь хүүхэд А бас салгах гэж оролдсон. А бид 2 салгах гэснээс цохисон зүйл байхгүй, салгах гээд нааш цааш нь татсныг л нийлээд зодож байна гэж ойлгосон байх. Юунаас болоод маргасныг нь ч мэдээгүй, дараа нь хүүхдээс болоод маргасан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г ирээд ҳамт тэр хоёрыг салгасан. Очоод салгах үед А, М ҳоёрын хоёулангийнх нь хамраас цус гарсан байсан. Бие биеэ л цохисон юм шиг байна лээ. ...Очоод салгахад М гэрлүүгээ ороод, нөгөөх нь гадаа үлдсэн. Хэн хэнийгээ цохиж байгааг хараагүй, салгахад хэрэлдээ ч үгүй салцгаагаад 2 тийшээ болсон. Лав л хоёулангийнх нь хамраас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна, оройхон Г хотхоны харуулын байранд байхад хүн зодолдоод байна гэхээр нь харуулын байрнаас гүйгээд иртэл байрны А байрны 2 дугаар орцны сандлын хажууд М нэг залуутай барилцчихсан хажуугаас нь тогооч О, бас 2 залуу салгах гээд хэдэн тийш нь татаад зогсож байсан. М-той мууддаг А гэх залуу нь байрны оршин суугч юм билээ. Тэгээд М, А 2-ыг салгасан. Хоёулангийнх нь хамраас цус гарчихсан байсан. Намайг ирэхээс өмнө зододсон юм шиг байна лээ. Намайг очсноос хойш зодолдоогүй, 2 тийшээ салсан. Зодолдож байх үед нь хажууд нь А-н дүү гэх 2 залуу байсан юм шиг байна лээ, өөр нээх хүн харагдаагүй, байрны баахан хүүхдүүд гүйгээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр оройхон /цагийг нь санахгүй байна/ А ахын машинаас юм аваад гэрт нь оруулж өгөөд буцаад байрных гадаа гараад иртэл орцны үүдний хажууд А ах, харуул М-той хүүхдийн талаар яриад маргалдаад зогсож байсан. Тэгээд бие биенийх нь дуу нь өндөрсөөд А ах М-н бие рүү түлхтэл М зайгаа аваад довжоон дээр гишгээд А ахын нүүр лүү 1 удаа гараар цохисон. Тэгээд барилцаад авсан ба сандал, газар гээд зууралдаад өнхөрөлдөөд байсан. Би хамаатныхаа У-тай салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Өнхөрөлдөж байгаад босоод ирэхэд нь хоёулангийнх нь хамраас цус гарчихсан байсан. Өнхөрч байгаад юм мөргөсөн үү, нэг нэгнийгээ цохисон уу мэдээгүй. У бид 2 хоёр талаас салгах гэж зуурахад салахгүй байсан. Тэгтэл хажуугаас нэг эгч, бас нэг харуул гарч ирээд салгацгаасан. Ийм л юм болсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “ А.Т-н биед гэмтэл тогтоогдсонгүй “ гэсэн 04/108 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн  “1. Т.М-н биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсгээр зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн ар талд зулгаралтууд, хүзүүний баруун урд талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно ” гэсэн 04/106 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/

Шүүхийн шинжилгээний үндэсний  үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “ А.Т-н биед гэмтэл тогтоогдсонгүй “ гэсэн 04/109 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “ 1.А.А-н биед хамар яс баруун талдаа цөмөрсөн хугарал, баруун талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус  хуралт, арьсан дор хий хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно ” гэсэн 04/107 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/

Шүүгдэгч Т.М-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/

Шүүгдэгч А.А-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд 2018 оны 06 сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Г хотхоны байрны гадна талд “ А.А нь Т.М-г хүүхэд зодлоо гэж, харин Т.М нь зодоогүй “ гэж  хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, хоорондоо маргалдаж, улмаар Т.М нь А.А-н нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед хамар яс баруун талдаа цөмөрсөн хугарал, баруун талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус  хуралт, арьсан дор хий хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч А.А нь Т.М-н нүүрэн тус газарт цохиж, мөн хоорондоо зууралдан тухайн газар байсан сандал хайс 2-ын завсараар унаж, түүний биед нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсгээр зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн ар талд зулгаралтууд, хүзүүний баруун урд талд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул тэднийг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А, Т.М нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчоор өгсөн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн  “1. Т.М-н биед хөнгөн гэмтэл учирсан” гэсэн 04/106 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “ 1.А.А-н биед хөнгөн гэмтэл учирсан” гэсэн 04/107 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/

гэрч Б.У, Б.О, Б.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдлийг Замын-Үүд сум дахь сум дундын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тэдний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт харилцан бие, биедээ хөнгөн гэмтэл учруулсан байдаг бөгөөд энэ хэрэгт санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг шүүхэд өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна тэдний хувийн байдал, ажил, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд торгуулийн ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О овогт Т.М, Б овогт А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.М, А.А нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.М, А.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.М, А.А нарт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг  2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.М, А.А нар нь 500,000 төгрөгийн торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ            А.Ц