| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0080/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Б сумын харъяат, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Х овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1720001870043 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 10 км зайд хот хоорондын хатуу хучилттай асфалтан зам дээр улсын дугаартай Норд бенз маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.1-ийг зөрчиж улсын дугаартай Соната 6 маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар улсын дугаартай Соната 6 маркийн автомашиныг жолоодож явсан Б.Б, зорчигч Н.А нар нь нас барж Б.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр Эрээнээс ачаа ачаад Монголын хилээр гарсан. Тэгээд жин тонн хэтэрсэн байсан учраас пүүг тойрч жуулчины баазын цаагуур гарч пүүний хойд талд очсон. Тэгээд засмал зам руу орохдоо машиныхаа гэрлийг асаагаад дохиогоо өгөөд орсон. Засмал руу урсгал сөрж ороод баруун гар тал руугаа эргэж эгнээндээ орох гэтэл гэрэлгүй, жолооч талдаа бүдэг хөх гэрэлтэй жижиг машин өөдөөс ирээд миний машины зөв талаас мөргөсөн. Би буугаад очиход машин жалга руу орж онхолдсон байсан. Анх бол гэрэл гэгээ ерөөсөө харагдаагүй, нилээн дөхөж ирэхэд нь гэрэл муутай мотоцикль байна гэж харсан. Ийм зүйл болсонд маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч А-н ар гэрт оршуулгын зардал 5,000,000 төгрөг, хохирогч Б-н ар гэрт оршуулгын зардал 1,000,000 төгрөг, хохирогч О-д 4 сая гаруй төгрөг, иргэний нэхэмжлэгч Б-д 4 сая гаруй төгрөг тус тус төлсөн. Би тухайн үед жолоодож явсан машиныг хөлсөөр барьдаг бөгөөд машины эзэн надад хохирол төлбөрөө төлөөрэй гэж 8,500,000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. ” гэсэн мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-13/
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 14/
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хх-ийн 15/
Шүүгдэгч Б.Б-н биеэс 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинжилгээнд цусны дээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16/
Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...А нь 2017 оны 09 дүгээр сард манай гэрээр ороод гарсан. Түүнээс хойш уулзаагүй байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 03-ны шөнө Замын-Үүдийн цагдаагаас бид нарт мэдэгдсэн. Би Б, О нарын хүмүүсийг танихгүй, эдгээр хүмүүстэй яагаад хамт явах болсон талаар мэдэхгүй байна...хүн нас барсан хэрэгт бид нарт бол хохролтой байна. Талийгаачийн оршуулгын зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 18-20/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Цаашаа явж байгаад пүүний наана байрлах шатахуун түгээх станцын цаад талын туслах замаар шороон зам руу буусан. Тэгээд жуулчны баазыг тойроод пүүний цаад талд гараад засмал зам руу орсон. Шороон замаар гэрэлгүй явсан. Харин засмал зам руу орохдоо гэрлээ асаасан. Засмал руу ороод өөрийн эгнээ рүүгээ эргэж байтал өөдөөс гэнэт баруун гар талаас ганц жижиг цэнхэр гэрэлтэй автомашин маш хурдтай ирсэн. Энэ үед би өөдөөс мотоцикль ирлээ гэж бодсон. Би гэрэл ирж байгааг хараад Б-д хандаж “гэрэл ирж байна шүү. Замаа чөлөөл” гэтэл нөгөө машин хажуугаар өнгөрөх шиг болоод машин мөргөсөн. Энэ үед машин маш хүчтэй доргилт өгсөн. Тэгээд Б одоо яанаа гэж хэлээд буусан. Би мөргөлдөнгүүт машинаас буутал нөгөө жижиг машин эргээд цаашаа жалга руу тонгойсон байсан. Би тэр машин руу ойртож очоогүй. Хойд талаар ирсэн машины жолооч бууж ирээд эмнэлэг, цагдаа дуудсан уу гэж асууж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/
2017 оны 12 сарын 06-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 35-42/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “ 1. Амь хохирогч Б.Б-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээ Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх зэргээс үзэхэд баруун зулай, чамархай, шанаа, эрүү ясны хугарал, хүзүүний 4,5 дугаар нугаламын их биеийн хугарал. Тархины баруун тал бөмбөлгийн дагз, гадна хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал. Зүүн уушигний уналт шалчийлт, цээжний хөндийн хий хуралт, баруун 3,4,5,6,7 дугаар хавирга, зүүн 3,4,5,6,7,8 дугаар хавирганы хугарал. Элэгний эдийн язралын шугам. Нүүрний олон тооны шарх, хамрын үзүүр, дээд уруул, цээж, баруун шуу, баруун шилбэ, зүүн өвдөгний зулгаралт, зүүн бугалганы зулгаралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
...3. Амь хохирогч Б.Б нь хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогч Б.Б-н цогцост учирсан дээрх гэмтлүүдээс баруун зулай, чамархай, шанаа, эрүү ясны хугарал, хүзүүний 4,5 дугаар нугаламын их биеийн хугарал. Тархины баруун тал бөмбөлгийн дагз, гадна хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал. Зүүн уушигний уналт шалчийлт, цээжний хөндийн хий хуралт, баруун 3,4,5,6,7 дугаар хавирга, зүүн 3,4,5,6,7,8 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь үхэлд хүргэсэн ба эмнэлгийн байгууллага шаардлагатай арга хэмжээг авч тусламж үйлчилгээг үзүүлсэн боловч амь насыг аврах боломж муутай байсан байна” ...гэсэн 72 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 43-45/
2017 оны 12 сарын 04-ний өдрийн цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 89-91/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “ 1. Талийгаач Н.А-н биед хавсарсан хүнд гэмтэл: гавал тархины ил гэмтэл, цохноос орой руу чиглэсэн арьс, булчин, ясыг хамарсан ил шарх, орой ясны цөмөрсөн хугарал, суурь ясны урд дунд хонхороос түрк эмээл дамнасан хугарал, тархины эдийн дух хэсгийн дутагдал, тархины зөөлөн бүрхүүл дорх цус хуралт, дагз хэсгийн тархины эдийн няцрал, шилбэ ясны ил хугарал, хоёр талын дунд чөмөгний дунд хэсгийн далд хугарал, элэгний язралт, нүүрний баруун тал,зүүн эгэм өвчүүтэй бэхлэгдэх хэсгийн, зүүн бугуйд ,зүүн гарын ар тал, баруун шилбэний урд дунд хэсэгт дэх зулгаралт, зүүн бугуйны ар талд дах цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
...3. Талийгаач Н.А нь гавал тархины ил гэмтэл: цохноос орой руу чиглэсэн арьс,булчин,ясыг хамарсан ил шарх, орой ясны цөмөрсөн хугарал, суурь ясны урд дунд хонхороос түрк эмээл дамнасан хугарал, тархины эдийн дух хэсгийн дутагдал, тархин зөөлөн бүрхүүл дорх цус хуралт, дагз хэсгийн тархины эдийн няцрал, шилбэ ясны ил хугарал, хоёр талын дунд чөмөгний дунд хэсгийн далд хугарал, элэгний язралт гэсэн амь биед аюултай амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ.
...5. Нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой байсан байна” гэсэн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-94/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн “ Цус Н.А 47 нас эр” гэж хаягласан цусанд 3,5 промилли спиртийн агууламж илэрч байна” гэсэн 11450 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 97/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн “Б эр” гэж хаягласан цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрч байна” гэсэн 11454 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 100/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна” гэсэн 11453 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-рхх-ийн 104/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “ 1. Б.О-н биед хацар ясны бяцарсан хугарал, зүүн дунд чөмөгний толгойн урд үзүүр 1/3 зөрөөтэй бүрэн хугарал, түнхний үений мултрал, нүүрний олон тооны зүсэгдсэн шарх, гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүдийн нүүрэн дэх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэг зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хацар ясны бяцарсан хугарал, зүүн дунд чөмөгний толгойн урд үзүүр 1/3 зөрөөтэй бүрэн хугарал, түнхний үений мултрал нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” 04/018 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 109/
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Б-н 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “ 1. Норд Бенз маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлэг /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/-ийн 7.11-д заасан “Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд, дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Жолооч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСЕ ангиллын 108405 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.
2. Х.Соната-6 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд дээрх заалтыг зөрчсөн байна. Жолооч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох вангиллын 353651 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.
3. Осол хэргийн материал болон хэргийн газрын үзлэгийн схем зурагтай танилцахад Норд Бенз маркийн , Х.Соната-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс үүссэн тоормосны мөргүй байв. Уг автомашинууд тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсаныг тодорхойлох боломжгүй. Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг хэтрүүлсэн эсэхийг тодорхойлох боломжгүй.
4. Тухайн осол гарсан автозам нь нийтийн хэрэгцээний зам бөгөөд суурин газрын гаднах замд хамаарна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасан байна....” гэсэн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 150-150/
Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийн үнэлгээний 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 4.459.000 төгрөг” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 158-161/
Соната маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 162-165/
Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийн үнэлгээний 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 1.500.000 төгрөг “ гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 168-171/
Норд бенз маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 172-173/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр 23 цагийн орчимд би гэртээ байж байтал миний төрсөн ээж над руу утсаар ярьж ах чинь осолд орсон байна Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би Замын-Үүд сум дахь нэгдсэн эмнэлэгт ирэхэд талийгаач ах маань яаралтай түргэн тусламжийн өрөөнд байсан ба харагдах байдал нь нүүр нь зүсэгдсэн, зүсэгдсэн хэсгийг оёсон, бие нь битүү цус болсон байсан гэхдээ ухаантай байсан. Би талийгаач ахтай уулзахад шингэн зүйл уумаар байна гэж надаас нэхэж байсан ба би ахыгаа хараад ослын талаар асууж чадаагүй. Ингээд удалгүй Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн эмч нар талийгаач болон түүний хамтран амьдрагч О нарыг Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү яаралтай явуулах шийдвэр гарсан. Энэ үед би талийгаач ах болон О-тай хамт явж байсан хүн ослын дараа газар дээрээ нас барсан гэж сонссон. Тэрнээс эмэгтэй эрэгтэй хэнийнх нь найз гэдгийг нь ч мэдээгүй байсан. Осол болдог өдөр талийгаач хаашаа хэнтэй яах гэж явж байгаа талаараа огт хэлээгүй байсан. Би талийгаачтай хамгийн сүүлд осол болохоос 2-3 хоногийн өмнө ээжийн гэрт таарсан. Тэрнээс хойш утсаар яриагүй уулзаагүй байсан. Оршуулгын зардалд Б гэдэг хүн 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Бид нарын хувьд Б-с нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 181-182/
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... хөдөө айл руу явахаар Замын-Үүд сумаас гарч явсан. 16 цагийн орчимд айлдаа ирсэн. Хөдөө айлд ирээд Б, А малчинтай хамт худалдан авсан архи уусан. Би Б-д чи жолоо барьж байж архи ууж болохгүй гэж зөндөө хэлсэн боловч Б миний үгийг тоогоогүй. 17 цагийн үед.. явахаар болсон...Б, А бид 3 Замын-Үүд рүү явсан...Бид нарыг Замын-Үүд рүү ирж явахад А нилээн согтсон байсан ба Б-г жолоо бариад явахаар нь согтолт нь гайгүй байна гэж харж байсан. Бид нар малчин айлын гаднаас хөдлөөд машинтайгаа нилээн явж байсан, яг хаана гэдгийг мэдэхгүй байна, харанхуй оргиод явчихсан. Нэг мэдсэн би сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан...Талийгаач машиныг 150 км цагийн хурдтай жолоодон явж байсан, хурдны заалтыг хараад зөөлөн яв гэж хэлж байсан болохоор мэдэж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 187-188/
Иргэний нэхэмжлэгч Ү.Б мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “ ...Би Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 11 сарын эхээр 5,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед би бэлэн 3,000,000 төгрөг өгч үлдэгдэл 2,000,000 төгрөгт машиныхаа бичиг баримтыг Х нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тавьж үлдэгдэл мөнгийг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Норд бенз маркийн машиныг жолоодон явсан Б нь ломбардны мөнгийг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /1-хр хх-ийн 190-191/
Иргэний хариуцагч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2016 оноос Б ахтай танилцсан Б ахаар машинаа жолоодуулан ачаа зөөлгөдөг болсон. БНХАУ, Улаанбаатар хот хооронд явсан тоогоор нь цалинжуулдаг байсан. 2017 оны 12 дугаар сарын 03 ны өдөр 21 цагийн орчимд Б ах надруу утсаар ярьж осол болчихлоо нэг хүн нас барсан гэж хэлсэн. Үүнээс хойш 2 цагийн дараа дахиад нэг хүн нас барсан гэж хэлсэн. Тухайн өдрийн ачаа манай ачаа байсан. ...Тухайн ачаа болон тээврийн хэрэгслийн жинтэй нийлээд 48.400 тонн болсон байна. Миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй завсар үйлчилгээнд тогтмол оруулдаг байгаа. Би анх осол болоход хохирогч нарт хохирол нөхөн төлөөрэй гэж Б ахад 10.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг хохирогч нарт өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Би өөрийн тээврийн хэрэгслийн үнэлгээтэй танилцсан, эд зүйлийн санал нийлэхгүй. Нэг дугуй нь зах зээлийн ханш нь 500.000-1.000.000 төгрөгний үнэ ханштай байдаг, гэтэл маш доогуур үнэлсэн байна. Би өөрийн эвдрэл гэмтлийн хохирлыг даатгалын компаниас гаргуулна. Би замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэй танилцсан, санал хүсэлт байхгүй гэжээ. /1-р хх-ийн 207-210/
Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 218/
Т.Б-н өмчлөлийн улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-хх-ийн 219/
Шүүгдэгчийн талаас хэрэгт хавсаргасан хохирол төлсөн гэх баримтууд /1-р хх-ийн 249-250/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “Талийгаач Б.Б-н хууль ёсны төлөөлөгч миний бие Б нь оршуулгын зардалд 1.000.000 төгрөг хүлээн авлаа. Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тодорхойлолт /2-р хх-ийн 2/
Хохирогч Б.О шүүхэд гаргасан “ Миний бие нь Б-н хохирогч бөгөөд 2018 оны 07 сарын 27-ны өдрийн шүүх хуралд оролцох боломжгүй, намайг эзгүйд шүүх хурлыг хийж өгнө үү. Б хохирол төлбөрт 3 сая төгрөг өгсөн. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй “ гэсэн хүсэлт /2-р хх-ийн 42/
Хохирогч Н.А шүүхэд өгсөн “Тус сумын нутагт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болсон авто ослоос миний төрсөн дүү Н.А нь нас барж том оврын авто машиныг жолоодож явсан Б.Б-д гомдолтой байгаагаа илэрхийлж, талийгаачийг нутаглуулахад гарсан зардал болох 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байсан юм. Б нь уг нэхэмжилсэн мөнгийг бүрэн барагдуулсан, мөн гэм буруугаа хүлээж эгч, дүү нараас нь уучлал эрж байгаа тул бид гаргасан өргөдлөө буцааж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэжээ. /2-р хх-ийн 40/ гэсэн хүсэлт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 10 км зайд хот хоорондын хот хатуу хучилттай зам дээр Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцох явцдаа Замын Хөдөлгөөний дүрмийн 7.11-т заасан “Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ” гэж заасныг зөрчсөний улмаас Соната маркийн машин нь шүүгдэгч Б.Б-н жолоодон явсан Норд бенз машиныг мөргөж, улмаар уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Б, зорчигч Н.А нар нь нас барж, хохирогч Б.О-н биед хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэм хэргийн шинжийг агуулж байгаа тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан хохирогч Б.Б-н /1-р хх-ийн 181-182/, хохирогч Н.А-н /1-р хх-ийн 18-20/, хохирогч Б.О-н /1-р хх-ийн 187-188/, гэрч А.Б-н /1-рхх-ийн 27-28/, иргэний нэхэмжлэгч Ү.Б-н /1-хр хх-ийн 190-191/, иргэний хариуцагч Т.Б-н /1-р хх-ийн 207-210/ мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-13/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 14/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хх-ийн 15/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн талийгаач Б.Б-н үхлийн шалтгааныг тогтоосон 72 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн талийгаач Н.А-н үхлийн шалтгааныг тогтоосон 46 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 12-ны өдрийн хохирогч Б.О-н биед учирсан гэмтлийн тогтоосон 04/18 тоот шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Б-н 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон 13 тоот дүгнэлт, Соната маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 162-165/, Норд бенз маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 172-173/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Б-н 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон “2. Х.Соната-6 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. “ гэсэн 13 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн “Б эр” гэж хаягласан цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрч байна” гэсэн 11454 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 100/ зэргээс үзэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х нь шүүгдэгчийг бага насны хүүхэдтэй, ганц бие эцэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл болон 7.6 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулах боломжтой гэж дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь хөнгөн гэмт хэрэг анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарах тул шүүгдэгчид хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Мөн шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, ганц бие эцэг болох нь хэрэгт тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан журамыг хэрэглэх боломжгүй юм.
Хохирлын хувьд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Амаржаргалын ар гэрт оршуулгын зардал 5,000,000 төгрөг, хохирогч Б-н ар гэрт оршуулгын зардал 1,000,000 төгрөг, хохирогч О-д 4 сая гаруй төгрөг, иргэний нэхэмжлэгч Б-д 4 сая гаруй төгрөг тус тус төлсөн гэж мэдүүлдэг болно. Хэрэгт авагдсан хохирогч Н.А-н шүүхэд өгсөн хүсэлтээр оршуулгын зардалд 5,000,000 төгрөг, хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон тодорхойлолтоор оршуулгын зардалд 1,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна. Харин хохирогч Б.О-д 4 сая гаруй төгрөг, иргэний нэхэмжлэгч Ү.Б-д 4 сая гаруй төгрөг тус тус төлсөн нь хэрэгт тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгчийн талаас хэрэгт хавсаргасан хохирол төлсөн гэх баримтууд /1-р хх-ийн 249-250/ нь хэнээс хэнд хэдэн төгрөг шилжүүлсэн, төлсөн нь тодорхойгүй байна. Иймд хохирогч Б.О-н шүүхэд өгсөн “ хохиролд 3,000,000 төгрөг өгсөн “гэсэн тодорхойлолт, иргэний нэхэмжлэгч Ү.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн үед би бэлэн 3,000,000 төгрөг өгч үлдэгдэл 2,000,000 төгрөгт машиныхаа бичиг баримтыг Х нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тавьж үлдэгдэл мөнгийг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Норд бенз маркийн машиныг жолоодон явсан Б нь ломбардны мөнгийг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /1-хр хх-ийн 190-191/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг хохирогч Б.О-д 3,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ү.Б-д 2,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн иргэний хариуцагч Т.Б-н өмчлөлийн улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь хэрэгт тогтоогдож байгаа, түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй боловч Т.Б нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалын компаниас гаргуулж авах талаараа мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нар хохирлоо авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.А-д оршуулгын зардалд 5,000,000 төгрөг, хохирогч Б.Б-д оршуулгын зардалд 1,000,000 төгрөг, хохирогч Б.О-н эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ү.Б-н эд хөрөнгөд учирсан хохиролд 2,000,000 төгрөг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц