Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/477

 

2026            04            22                                                                           2026/ДШМ/477        

 

 Л.Э-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

яллагдагч Л.Э-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан, 

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/714 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Болорзулын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар эсэргүүцлийг үндэслэн Л.Э-д холбогдох эрүүгийн 2309009912000 дугаар хэргийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө- овгийн Л-гийн Э-, 1981 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Л-” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт ...... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ЧЛ-/,

Яллагдагч Л.Э- нь 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хохирогч Б.Т-д “сарын дотор сонирхсон газар, байршилд худалдан авахыг хүсэж буй байрыг нь олж өгнө, урьдчилгаа 20-30 хувийг нь одоо төлчих, би таны өмнөөс таны байр орон сууцыг олоод үлдсэн төлбөрийг нь байгууллагаас зээлүүлнэ” гэж хуурч хохирогчоос шилжүүлсэн 14,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Т-” ХХК-ийн Голомт банкны 1Т-6 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад 14,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

хохирогч Р.Т-аас “Т-” ХХК нь банк санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг, банк бус маань мөнгөгүй болчихлоо, удахгүй мөнгөнүүд эргэж орж ирнэ, Хаан банкны эдийн засагч зээлээд чөлөөлөөд өгөөч гэж гуйж байна, 3-4 зээл чөлөөлөөд 5-6 хоногийн дараа буцаагаад олголт хийгдэхээр нь 10 хувийн хүүтэй гаргаж өгнө” гэж хуурч үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бусдын эзэмшлийн Хаан банкны 5Т-1 дугаартай дансаар 10,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 45,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5113066548 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад нийт 155,000,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

хохирогч Ц.Булганаас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хэрлэн төвийн 3 давхарт байрлах оффист уулзаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчид “би танд 1 тэрбум төгрөг жилийн 5 хувийн хүүтэй зээлүүлэн” гэж хуурч өөрийн Хаан банкны 5Т-8 дугаар дансаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 11 удаагийн гүйлгээгээр 107,200,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр С.О-ийн Хаан банкны 5Т-1 дугаартай дансаар 20,000,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Х-гийн Хаан банкны 5О-7 дугаар дансаар 10,000,000 төгрөгийг нийт 137,200,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,

хохирогч Г.Н-ид 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 27-ны өдөр “Төрийн сангаас төрийн албан хаагчдыг орон сууцжуулах ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа байрнаас хямд урьдчилгаатай байр олж өгч чадна” гэж хуурч, “Н-” ХХК-тай хамтран ажилладаг, байранд орох үедээ гэрээ байгуулаарай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн Н- тоотод байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 4Н-3 тоот дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад нийт 326,200,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагчийн зарим үйлэлд хууль зүйн бүрэн дүгнэлт хийх шаардлагатай талаар шүүх дүгнээд, тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн 4797 дугаартай захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй байх тул хэргийг дахин прокурорт буцаах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтанд үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай байж болох нотлох баримтуудыг бүхэлд нь шалгаж, нотлох баримтын хүрэлцээтэй, эргэлзээгүй байдлыг хангаж, эх сурвалж дахь баримт мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэх ажиллагааг хийх нь мөрдөгч, прокурор нарт хуулиар хүлээлгэсэн үүрэг билээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, яллагдагч Л.Э- нь Б.Б-тай хамт хохирогч Р.Т-аас 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 200,000,000 төгрөгийг авч, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Л.Э- дангаараа 155,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдсан байтал прокуророос зөвхөн нэг үйлдэлд буюу 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Л.Э- дангаараа 155,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хохирогч Р.Т-аас Б.Б-гийн данс руу 200,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх, энэ хэрэгт Б.Б-гийн оролцоо байгаа эсэхийг прокуророос хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр эрүүгийн “2309 00991 2000” дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж, яллагдагч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргас таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эрүүгийн 2309 00991 2000 дугаар хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорзул тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Хэрэгт урьд 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 4797 дугаар хэргийг прокурорт буцаах тухай захирамжид..., хохирогч Р.Т-аас 2021 оны 04 дүгээр сарын 28, 05 дугаар сарын 13-ны өдөр тус бүр иргэн Б.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 5Б-1 дугаартай данс руу 200,000,000 төгрөг оролцсон буюу хамтран үйлдсэн эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, прокуророос хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргасны эцэст хэрийг шүүхэд шилжүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, түүнчлэн прокуророос яллагдагч Л.Э-ын үйлдэлд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж байгаа эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийвэл зохино..” гэсэн агуулгаар бичигдсэн ба дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогч Р.Т- нь 2021 оны 04 дүгээр сарын 28, 05 дугаар сарын 13-ны өдөр тус бүр Б.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 5Б-1 дугаартай данс руу 200,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 14-өөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Л.Э-ын эзэмшлийн Хаан банкны 5Т-8 дугаарын данс болон бусдын данс руу нийт 155,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл нь Л.Э-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тогтоогдоогүй гэж дүгнэж хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хууль зүйн хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор зохицуулсан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд прокурорын зүгээс яллагдагч Л.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай бөгөөд хүрэлцээтэй гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” хэмээн тодорхойлсон.

Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүх нь зөвхөн прокуророос Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ба прокурорын яллах дүгнэлтээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдохоор заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх процесс ажиллагааны зөрчлийг арилгах, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх зохицуулалттай.

Тухайлбал, хэрэгт хохирогч Р.Т-ын “...Тэгээд Э-, Б- хоёр Х-ыг нэг онгоцонд ганцаарыг нь Хятад улс руу явуулах гэж байгаа тэрэнд 65 мянган ам.доллар хэрэгтэй гэж хэлээд, тэгээд бид хоёр зээлж байгаа юмаа гэж хэлээд 200,000,000 төгрөг нотариатаар ороод зээлж авсан...” гэж хэдийгээр мэдүүлдэг боловч хэрэг цугларсан бусад баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга, яллагдагчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар хохирогч Р.Т-аас 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.Б-гийн данс руу 200,000,000 төгрөг шилжүүлсэн үйлдэлд яллагдагч Л.Э-ын үйлдэл оролцоо тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүгнэхэд хүрэлцээгүй, эсхүл мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах зайлшгүй шаардлага үүссэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ямар зөрчил гаргасныг тодорхойлохгүйгээр ерөнхий байдлаар хэргийг буцаасан нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд яллагдагч Л.Э-д холбогдох эрүүгийн 2309009912000 дугаар хэргийг прокурорт буцаасан 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 714 дүгээр шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Хонгорзул, мөн прокурор Болорзулын бичсэн эсэргүүцлийг өмнө нь товч танилцуулсан. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлахад, уг хэргийг өмнө нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Хэргийн нөхцөл байдлын хүрээнд авч үзвэл, хохирогч Р.Т- нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болон 5 дугаар сарын 13-ны өдөр тус бүр Б.Б-гийн эзэмшлийн Хаан банкны дансанд нийт 200 сая төгрөг шилжүүлсэн байна. Мөн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Э-ын эзэмшлийн Хаан банкны данс болон бусдын дансанд нийт 155 сая төгрөгийг шилжүүлсэн үйлдэл тогтоогдсон. Дээрх үйлдлүүдийг Э-, Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, уг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаагаар уг үйлдлийг бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Хууль зүйн зохицуулалтын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд төдийгүй шүүх хуралдааны явцад мөн нотлогдох боломжтой гэж үзсэн. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх нь хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд яллагдагч Л.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд нотлох баримтуудыг хангалттай шинжлэн судлах боломжтой гэж дүгнэсэн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ, хязгаар нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээгээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, шүүх нь прокуророос Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсэгт заасны дагуу шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд яллах дүгнэлт нь шүүх хуралдааны хэмжээ, хязгаарыг тогтоодог. Ийм зохицуулалтын хүрээнд шүүх нь зөвхөн процесс ажиллагааны зөрчлийг арилгах, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, өөрчлөх үндэслэл бүхий тохиолдолд хэргийг прокурорт буцаах боломжтой. Харин бусад тохиолдолд шүүх нь хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган, хөндлөнгийн байр сууриас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх зохицуулалттай. Тухайлбал, хэрэгт авагдсан хохирогч Р.Т-ын мэдүүлэгт “Э-, Б- нар намайг Хятад улс руу ганцааранг нь явуулах гэж байгаа, үүнд 65,000 ам.доллар шаардлагатай байна, бид хоёр зээлж байна” гэж хэлэн, улмаар 200,000,000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан зээлж авсан талаар дурдсан байдаг. Хэдийгээр дээрх байдлаар мэдүүлэг өгсөн боловч хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга, яллагдагчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар хохирогч Р.Т-аас 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Б.Б-гийн данс руу 200,000,000 төгрөг шилжүүлсэн үйлдэлд яллагдагч Э-ын хамтран оролцоо тогтоогдоогүй гэж дүгнэсэн байна. Мөн хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоох, үнэлэлт дүгнэлт хийхэд хүрэлцээгүй эсэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааг нэмж тодруулах зайлшгүй шаардлага үүссэн эсэх талаар шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг тодорхой заалгүй, ямар зөрчил гарсныг тодорхойлон дурдалгүйгээр ерөнхий байдлаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Иймд шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэжээ. Түүнчлэн, яллагдагч Л.Э-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 714 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Л.Э-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь, яллагдагч Л.Э-д холбогдох хэргийн хүрээнд прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, түүнчлэн хэргийн бусад нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Тодруулбал, Б-тай хамтран үйлдсэн байж болзошгүй гэх нөхцөл байдлыг дурдсан боловч уг үйлдэл нь эрүүгийн хэрэгт хамаарах эсэх, хэргийн шинжийг бүрэн тодорхойлсон дүгнэлт хийгээгүй байхад зөвхөн Л.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  Мөн тухайн хэрэгтэй холбогдуулан зайлшгүй хийгдэх ёстой мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүй, нотлох баримтыг хангалттай цуглуулж, бэхжүүлэлгүйгээр дүгнэлт хийж шүүхэд шилжүүлсэн байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор С.Болорзулын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр  хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Л.Э-ыг хохирогч Б.Т-аас 14,000,000 төгрөг, Р.Т-аас 155,000,000 төгрөг, Ц.Б-аас 137,200,000 төгрөг, Г.Н-оос 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 326,200,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлэг, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/714 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Болорзулын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

                                               ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР