Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01252

 

 

 

 

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01252

 

 

 

                             “ТББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00226 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ТББСБ” ХХК-ийн хариуцагч “ТД” ХХК-д холбогдуулан гаргасан хохирол 12,620,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хангай, Б.Маралмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Э, түүний нөхөр нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Япон Улсаас оруулж ирсэн суудлын зориулалттай Тоёота аква маркийн тээврийн хэрэгслийг “ТББСБ” ХХК-аас зээлээр худалдан авсан. Тээврийн хэрэгслийн даатгалаа “ТД” ХХК-д, жолоочийн хариуцлагын даатгалыг “ХД” ХХК-д даатгуулан .......... улсын дугаар авсан. Б.Э жил бүр автомашиныг үзлэг, оношилгоонд хамруулж, даатгалын гэрээний сунгалтыг хугацаандаа хийдэг байсан. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “ТД” ХХК-тай гэрээний сунгалтыг хийсэн. Автомашиныг ашиглах явцад 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Э нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт машинаа асаах үед автомашинаас гэнэт гал гарсны улмаас автомашин устаж үгүй болсон. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс уг асуудлыг шалгаж, шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүсч богино холболт үүссэний улмаас гал гарсан гэж дүгнэсэн. Б.Э нь “ТД” ХХК-д даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргасан боловч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үндэслэлгүй татгалзсан хариу өгсөн. “ТД” ХХК-ийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэх үндэслэл хуульд нийцээгүй. “ТД” ХХК-тай даатгалын хамгааллын төрөл багц-4 гэх ангиллаар гэрээг байгуулсан. Даатгалын үнэлгээ 12,300,000 төгрөг, гэрээний хугацаа 1 жил байхаар тохиролцсон. “ТД” ХХК-тай байгуулсан гэрээ нь машины бүрэн бүтэн даатгалын гэрээ бөгөөд “ТД” ХХК-аас даатгаж байгаа бүх төрлийн үйлчилгээг хамруулсан. Гэтэл одоо уг автомашиныг ашиглах боломжгүй устсан байхад даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Гэрээний үндсэн хамгаалах хэсгийн 7-д жолоочийн гэнэтийн ослын даатгалд 1,000,000 төгрөг хүртэлх нөхөн төлбөр олгохоор заасан боловч даатгалын тохиолдол үүсээгүй гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгоогүй. Тухайн үед жолоо барьж байсан Б.Эийн эрүүл мэндэд 320,650 төгрөгийн хохирол учирсан талаарх баримт хэрэгт авагдсан. Б.Э, “ТД” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд Даатгалын тухай хуулийн зорилгод нийцэхгүй байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасны дагуу иргэн болон хуулийн этгээдийн хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн. Даатгалын тохиолдол үүссэн. Харин гэрээгээр ямар тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй, даатгалын эрсдэл ямар нөхцөлд хамаарахгүй талаар тохиролцсон. Даатгалын эрсдэл үүссэн байхад нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь Даатгалын тухай хууль, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “ТББСБ” ХХК нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулж, даатгалын хамгааллын багц 4 гэх ангиллаар .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээнд заасан эрсдэлүүдээр даатгасан. Б.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлт ирүүлсэн ба нотлох баримтуудыг судлан үзэхэд нөхөн төлбөрөөс татгалзах үндэслэлүүд бүрдсэн байсан. Хүсэлтэд дурьдсан тохиолдол нь гэрээнд заасан эрсдэлүүдийн улмаас гараагүй болох нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэнээс үүдэн богино холболт үүсч улмаар гал гарахад хүргэсэн болох нь тогтоогдсон. Гэрээнд заасан гадны нөлөөтэй гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт гэсэн 2 эрсдэлийн улмаас гал түймэр гараагүй болохыг шинжээч тогтоосон. Гэрчийн мэдүүлгээр уг дүгнэлтээ бататгасан. Даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна тухайн хохирол учирсан шалтгаан нь тохиролцсон болзол буюу гэрээгээр заасан эрсдэлд хамаарч байгаа эсэхийг хамтатган үзсэний үндсэн дээр даатгалын тохиолдол болсон эсэхийг тогтоодог. Иймд даатгалын гэрээнд заасан эрсдэл шалтгааны улмаас хохирол үүсээгүй, даатгалын тохиолдол бий болоогүй тул даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн .... тоот албан бичгээр Б.Эт урьдчилсан шийдвэрийг хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.4, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТД ХХК-иас 12,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 320,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ТД” ХХК-аас 211,750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй тухайд, нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө уг асуудлыг Санхүүгийн зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлээгүй, маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна.

4.2. Даатгалын гэрээний нөхцөлийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд, Талуудын хооронд байгуулагдсан 209031300300263 тоот “В” ангиллын тээврийн хэрэгслийн даатгал гэрээт баталгаа”-ны даатгалын хамгаалалт хүснэгтийн 2 дахь хэсэгт “Галын эрсдэл” гээд “гадны нөлөөтэй гал түймэр”, “тэсрэлт, дэлбэрэлт” гэсэн 2 төрлийн эрсдэлийг даатгасан. Даатгалын зүйлийг Б.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт ашиглаж явах үед шатсан гэж нөхөн төлбөрийн хүсэлтийг гаргасан байдаг. .......... улсын дугаартай тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл нь даатгалын гэрээнд заасан эрсдлээс бус өөр шалтгаанаар шатсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын газрын шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Анхан шатны шүүх хуралдааны үеэр уг баримтыг шинжээч гэрчээр оролцож нотолсон байдаг. Даатгалын гэрээгээр даатгалын эрсдэлийг гадны нөлөөтэй гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт гэж тухайлан зааж, уг эрсдэлээр даатгалын зүйлийг хамгаалахаар тохиролцсон. Гэрээнд тусгагдсан “Гадны нөлөөтэй гал түймэр” .“Тэсрэлт, дэлбэрэлт”-ээс шалтгаалан гал түймэр гараагүй нь нотлогдсон.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээгээр даатгалын эрсдлийг гадны нөлөөтэй гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт гэж тухайлан зааж энэхүү эрсдлээс даатгалын зүйлийг хамгаалахаар тохириолцсон тул тухайн үүссэн нөхцөл байдлын хувьд даатгалын тохиолдол үүсээгүй гэж үзэж байна.

Нэхэмжпэгч өөрийн нэхэмжлэлдээ "... шинжээчийн дүгнэлтээр “...цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэнээс үүдэн богино холболт үүссэний улмаас гал гарч... ”улмаар тэсэрч, дэлбэрсэн болохыг тогтоосон." гэсэн шинжээчийн дүгнэлтийг гуйвуулан тайлбарласан байдаг. 310/1356 тоот шинжээчийн дүгнэлтэд тэсрэлт, дэлбэрэлт нь гал түймэр гарахын шалтгаан болохуйц шинж тэмдэг илрээгүй гэж үзсэн. Цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүсэж богино холболт үүссэний улмаас гал гарсан нь гэнэтийн ослын тохиолдол биш. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-т зааснаар даатгуулагч нь даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Даатгуулагч нь даатгалын зүйлийн ашиглалт, эдэлгээний явцад даатгалын тохиолдол үүсэх, түүнд хохирол учрах, гэмтэх, устахаас сэргийлэн шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй байсан. Гэтэл эзэмшигч, ашиглагч уг зүйлийг өөрийн хариуцлагын хүрээнд засаж сайжруулах үүргээ биелүүлээгүйгээс хоёр талын гэрээнд заагдаагүй нөхцөлөөр даатгалын зүйлд хохирол учирсан. Даатгалын гэрээнд заагдаагүй эрсдэл, нөхцөлөөр хохирлыг барагдуулах нь даатгуулагчдын хураамжаар бүрддэг компанийн даатгалын сангийн хөрөнгийг зохисгүй зарцуулах үйлдэл байх бөгөөд даатгагчдын эрх ашгийг хохироож буй хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл болон даатгалын гэрээний 7-р зүйлд заасан “дугуйнд учирсан хохирол” зэрэг нь тусдаа ойлголт буюу дугуйнд учирсан ямар ч хохиролд даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Даатгуулагч даатгалын зүйлийг даатгуулахдаа тодорхой багцуудаас өөрийн сонголтыг хийдэг бөгөөд компанийн санал болгодог бүх багцад “2.Галын эрсдэл, 2.1. Гадны нөлөөтэй гал түймэр, 2.2. Тэсрэлт, дэлбэрэлт”-ээс даатгалын зүйлд учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохоор тусгагдсан байдаг. Харин дээрх галын эрсдэлээс бусад буюу гэрээнд тусгагдаагүй галын эрсдэл учирсан тохиолдолд даатгуулагч өөрөө хариуцахаар талууд тохиролцсон. Гэтэл талуудын харилцан тохиролцож байгуулсан даатгалын гэрээний 7-р зүйлд тусгасан “Даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөлийг” шүүх илтэд буруу тайлбарлаж, даатгагчид хохиролтой шийдвэр гаргаж, гэрээний чөлөөт байдлын зарчимд халдсан. Шүүх шийдвэр гаргахдаа Даатгалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шүүхийн шийдвэрт “Даатгалын эрх зүйн харилцаа нь хариу төлбөртэй харилцаа бөгөөд даатгалын гэрээ байгуулж, хураамж төлсний дараа даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг даатгагчид үүсдэг” гэжээ. Уг хэсгийг тодруулбал даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгагч учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэсэн атал даатгалын гэрээн дэх даатгалын тохиолдол бий болоогүй байхад нөхөн төлбөрийг гаргуулах шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Даатгалын гэрээний 4.6-т зааснаар даатгалын зүйл буюу автомашиныг бүхэлд нь даатгасан гэж ойлгосон. Даатгалын зүйл болох автомашин устсан, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгааг анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн. Даатгалын гэрээний 7, 8 дугаар зүйлд даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцлийг дурдсан бөгөөд 8.1-т нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцлийг дурдсан. Даатгалын компани хураамжаар орлого олох зорилготой биш, харин бусдын эд хөрөнгийг даатгаж, эрсдлээс хамгаалах, учирсан хохирлыг арилгуулах зорилгоор даатгалын гэрээг байгуулдаг. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “ТББСБ” ХХК хариуцагч “ТД” ХХК-аас  даатгалын нөхөн төлбөрт 12,620,650 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар Г.С /Б.Эийн нөхөр/ Япон улсад үйлдвэрлэгдсэн Тоёота акуа маркийн .......... улсын дугаартай суудлын автомашиныг “ТББСБ” ХХК-ийн зээлээр 12,300,000 төгрөгөөр худалдан авч “ТББСБ” ХХК тус автомашины өмчлөгчөөр  бүртгэгдсэн, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “ТД” ХХК-тай В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, маргаан бүхий автомашиныг даатгалын багц-4 төрлөөр даатгуулан 307,500 төгрөгийн хураамж төлсөн, даатгалын гэрээний хугацаанд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Эийг ......... хотхоны хойд талд тус тээврийн хэрэгслийг жолоодож байх үед автомашинд гал гарч шатсан үйл баримт тогтоогдсон. /хх12, 14-17, 20-21/

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төв 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэн /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүйцэл/ үүдэн богино холболт үүсэн улмаар гал гарсан, тэсрэлт, дэлбэрэлт нь гал түймэр гарахын шалтгаан болсон гэх шинж тэмдэг илрээгүй” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Хариуцагч “даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоогүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн нь зөв.

Хавтаст хэргийн .... талд авагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний  үндсэн хамгаалалт хэсгийн утга нь ойлгомж муутай байхын зэрэгцээ гэрээний талууд  үндсэн хамгаалалт 2 хэсгийн галын эрсдэл, 2.1 гадны нөлөөтэй гал түймэр, 2.2 тэсрэлт, дэлбэрэлт гэсэн хэсгүүдийн аль алийг нь зөвлөн сонгосон байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.4 дэх хэсэгт гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох, хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байхад гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэж заасан. Иймд гэрээний 7 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөлийг “галын эрсдэл” гэсэн 2 дахь хэсгийн заалттай харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Уг гэрээний 7 дугаар зүйлд даатгалын эрсдэлд хамаарахгүй 18 төрлийн нөхцөлийг нэрлэн заасан бөгөөд үүнд тухайн маргаанд хамааралтай даатгалын хамгаалалтын төрөл болох Багц 4-ийн галын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг нэрлэн заагаагүй байна.  /хх78-81/

Автомашины жолооч Б.Э ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хувьд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн бичиг, эмийн сангаас эм, эмийн бүтээгдэхүүн худалдаж авсан баримтаас өөр нотлох баримтгүй байх ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  /хх18-19/ 

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж заасан. “ТД” ХХК 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Эрсдэлийн хорооны тогтоолоор нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгохоос татгалзаж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгджээ. Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчийн дээрх шийдвэрт гаргасан гомдлыг хангахгүй орхисон баримт хэргийн 107-108 дугаар талд авагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тухайн маргаанд хамааралтай талаас нь үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

    ШҮҮГЧИД                                                    Г.ДАВААДОРЖ

                                                                    А.МӨНХЗУЛ