| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/13349/И |
| Дугаар | 197/ШШ2026/02854 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2026/02854
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, ******* оршин суух хаягтай, /РД:*******/, Булган бурхан овогт *******гийн гаргасан
Хариуцагч: “Улаанбаатар Төмөр зам” Монгол-Оросын ХНН-ийн Зорчигчийн вагон депогийн газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэрт гарах дутуу тооцож олгосон ээлжийн амралтын олговор 481.167,17 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-ын Зорчигчийн вагон депогийн газарт холбогдуулан дутуу олгосон ээлжийн амралтын олговорт 481.164,17 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа:
“... нь “УБТЗ” ХНН-ийн харьяа Зорчигчийн вагон депогийн газрын даргын 2022 оны 10 сарын 06-ны өдрийн Б-671 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж, ажлаас чөлөөлөгдөн өндөр насны тэтгэвэртээ гарсан. Уг тушаалын дагуу ээлжийн амралтын цалин бодож олгохдоо дутуу олгосныг хожим мэдсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар баталсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох” тухай журмын 3.4-т “ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж, ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно” гэсний дагуу болоогүй. Байгууллага ээлжийн амралтын цалинг тооцохдоо тухайн саруудад ажилласан ажлын өдрөөр тооцоогүй, илүү цагаар болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ажилласан цаг, ээлжийн амралтын хоногийг оруулан ажилласан цагаар тооцсон нь журмын заалтад нийцээгүй.
2022 онд ажлаасаа гарчхаад одоо маргаад яваад байна вэ гэж хариуцагч талаас тайлбарлаад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэсэн тайлбарыг үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хувьд ээлжийн амралтын мөнгөө дутуу авсан гэдгээ 2025 оны 3 дугаар сард мэдсэн. Учир нь тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хэд хэдэн хүн ээлжийн амралтын олговор болон тэтгэмж буруу тооцож олгосон талаар маргаж, аудитын байгууллагад хандан шалгуулахад аудитын дүгнэлтээр ээлжийн амралтын олговор болон өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн тооцоолол буруу бодож олгосон нь тогтоогдсон. Ингээд "Ингүүмэл жаргалант аудит" ХХК-н дүгнэлт 2025 оны 3 дугаар сард гарснаар энэ тухайгаа мэдсэн юм.
Үүний дараа аудитын дүгнэлтийг аваад Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисс, дүүргийн маргаан таслан комисст тус тус гомдол гарган хандсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Тухайн үед маргаан таслах комисс дээр хариуцагч тал хугацааны талаар огт маргадаггүй. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн ээлжийн амралтын олговроос гадна тэтгэмжтэй холбоотой маргаан өөр шүүх дээр хянан хэлэлцэгдээд явж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч “Улаанбаатар Төмөр зам” Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Зорчигчийн вагон депогийн газар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь: “...Нэхэмжлэгч гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь Зорчигчийн вагон депогийн даргын Б/671 тоот тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Тухайн үедээ ээлжийн амралтын тооцоог танилцуулсан. Ээлжийн амралтын тооцоог хийхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар баталсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-д заасныг мөрдлөг болгон бодсон.
гийн ээлжийн амралтын сүүлийн тооцоог тооцохдоо 2021 оны 7 сараас 2022 оны 9 саруудын түүврээр буюу ажилласан хугацааны 41.32 хоногоор тооцон 3.589.770 төгрөг тооцон олгосон байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын "Журам батлах тухай" 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын 1.5-д заасны дагуу “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт, тэтгэмж нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт, нөхөн төлбөр, хөнгөлөлт унаа, хоолны үнийн хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасны дагуу 2021 оны 07, 08, 09, 12, 2022 оны 3 саруудын цалингийн дунджаар сул зогсолтын үеийн олговрыг хасаж тооцсон байгаа.
Мөн 2022 оны 06 дугаар сард баяр ёслолын 18 цаг, 07 дугаар сард баяр ёслолын 6 цаг, илүү цагаар ажилласан 4 цагийг ажилласан цагт нь оруулан тооцож бодсон болно. Өөрөөр хэлбэл гийн 2021 оны 07 сараас 2022 оны 09 саруудад ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг тооцохдоо тухайн хугацаанд ажилласан цаг, хоногийн түүвэр болох 41.32 хоногоор тооцон 3.589.770 төгрөгийг 2022 оны 09 сарын сүүлийн хагасын цалин дээр бодож олгосон. Нэхэмжлэгчийн үндэслэл болгоод байгаа хараат бус "Ингүүмэл Жаргалант Аудит" ХХК-ийн тооцоолсон дүн нь сул зогсолтын олговрыг цалин хөлсний дунджид оруулж тооцсон учир дундаж цалин манай бодолттой зөрж байгаа юм байна. Нэхэмжлэгч гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болгосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т “... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн тул маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч гийн хувьд ээлжийн амралтын тооцсон дүнг 2022 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгож, ажлаас чөлөөлөгдөх үедээ мэдсэн байх боломжтой боловч 2025 оны 04, 05 сар хүртэл огт гомдол гаргаагүй байж байгаад 2025 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан Хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбар өгч маргасан.
3. Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт талуудаас гаргасан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. Нэхэмжлэгч нь Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депогийн газарт вагоны үйлчлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б-671 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгон 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн ба ажил олгогчоос түүний ээлжийн амралтын цалинг тооцон олгохдоо ажилтны 2021 оны 07 сараас 2022 оны 09 саруудад ажилласан цаг, мөн нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд болон илүү цаг ажилласан нийт цаг, ээлжийн амралтын хоногийг оруулан ажилласан өдрөөр тооцож, 2022 оны 10 дугаар сард ажилласан хоногийг /2 хоног/ оруулж тооцолгүйгээр нэг өдрийн дундаж цалин хөлсийг 86.877,30 төгрөг гэж тогтоон, ээлжийн амралтын 41.32 хоногоор бодож, ээлжийн амралтын олговорт 3.589.770 төгрөг олгосон үйл баримт тогтоогджээ.
3.2. Нэхэмжлэгчийн хувьд Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депогийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан нэр бүхий хүмүүсийн хамт өндөр насны тэтгэвэрт гарах үед байгууллагаас олгох нэг удаагийн тэтгэмж болон ажилласан хугацааны ээлжийн амралтын цалинтай холбоотой асуудлаар хөндлөнгийн аудитын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаснаар нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хөндлөнгийн хянан баталгаажуулалт, зөвлөгөө үйлчилгээний итгэмжлэгдсэн байгууллага болох “Ингүүмэл Жаргалант аудит” ХХК-ийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн дүгнэлтээр байгууллага нь өндөр настан иргэн д 5.608.458,56 төгрөгийн тэтгэмж, 481.164,17 төгрөгийн ээлжийн амралтын цалинг тус тус дутуу тооцож олгосон болохыг тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл: Хариуцагч Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депогийн газар нь өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд ээлжийн амралтын цалинг тооцохдоо тухайн саруудад ажилласан ажлын өдрөөр тооцоогүй, илүү цагаар болон нийтээр амрах баярын өдөр ажилласан илүү цаг, ээлжийн амралтын хоногийг оруулан ажилласан өдрөөр тооцсон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/91 тушаалаар баталсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-н холбогдох зохицуулалтад нийцээгүй талаар аудитын дүгнэлтэд тусгагдсан байна.
3.3. Ийнхүү нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх байгууллагын зүгээс ээлжийн амралтын цалин, нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг буруу тооцон олгосон талаарх 2025 оны 03 сарын 27-ны өдрийн “Ингүүмэл Жаргалант аудит” ХХК-ийн тайлан дүгнэлтийг хүлээн авсан даруй Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, мөн Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан боловч маргааны талууд харилцан тохиролцоонд хүрч чадаагүй учир Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг 2025 оны 05 сарын 05-ны өдөр гардан авснаар 2025 оны 05 сарын 09-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба шүүхийн 2025 оны 05 сарын 14-ны өдрийн 197/ШЗ2025/23869 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг захирамжид нэхэмжлэгч тухайн шүүхэд хуульд заасан хугацааны дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргаагүй тул 2025 оны 05 сарын 24-ны өдрөөр шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон ба тэрээр шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилган 2025 оны 05 сарын 26-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн эрхийн зөрчлийн талаарх гомдол маргааныг шийдвэрлүүлэх талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2 дахь заалт, мөн зүйлийн 154.6, 154.7, 154.8 дахь хэсэгт тус тус заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
3.4. Түүнчлэн хөдөлмөрийн хэм хэмжээ тогтоосон актууд өөр хоорондоо зөрчилдсөн гэж үзвэл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д заасан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депогийн газраас 481.164,17 төгрөг /дөрвөн зуун наян нэгэн мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Зорчигчийн вагон депогийн газраас 481.164,17 төгрөг /дөрвөн зуун наян нэгэн мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг арван долоон мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15.085 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД