| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/31770/И |
| Дугаар | 197/ШШ2026/02857 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2026/02857
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Ц.Жигжиджавын гудамж, Сүхбаатарын талбай, Богд цамхаг 3 хаягт байрлах, /РД:2088606/, “Бодь даатгал” ХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 73 тоото хаягт байрлах, /РД:5384052/, “Пазал” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн 15.586.006 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Бодь даатгал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “Пазал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК нь хариуцагч “Пазал” ХХК-д холбогдуулан даатгуулагч “Макс лайн” ХХК-д даатгалын нөхөн төлбөрт төлсөн 15.586.006 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ:
- “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Макс Лайн ХХК нь “Бодь даатгал” ХК-тай 2025 оны 04 сарын 26-ны өдөр бараа материалын даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Даатгалын гэрээний хүчинтэй хугацааны дотор даатгуулагч “Макс лайн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороод байрлах Хүннү молл Худалдааны төвд байрлах “GEOX” хувцасны дэлгүүрийн дээд давхраас нь 2025 оны 07 сарын 02-ны өдөр ус алдаж, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн /дан гуталнууд байсан/ усанд автаж, худалдан борлуулж ашиглагдах боломжгүй болж, даатгалын тохиолдол үүссэн тухайгаа мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтээ холбогдох баримтуудын хамт манай компанид ирүүлсэн. Тухайн даатгалын тохиолдлыг судлан үзэхэд даатгалын гэрээний даатгалын зүйлд бараа материалын үлдэгдэл хавсралтын дагуу мөн гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдлээс учрах эрсдэлийг тооцож даатгуулсан учраас 15.586.006 төгрөгийг манай компани даатгуулагчид олгосон нь шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа.
“Туул арвижих өргөө” ХХК-ийн техникийн комиссын дүгнэлтээр “Пазал” ХХК-ийн ажиллуулдаг “Том н томс” кофе шопын доторх талбайн баруун талд байрлах угаалтуурын холигчийн Ф15 шугам, хоолойны уян нь ашиглалтын явцад элэгдэлд орсны улмаас тус кофе шопод ус алдаж, улмаар доод давхар луу нэвчсэн байсан. Мөн тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө даатгал, хохирол үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК нь 2025 оны 07 сарын 03-ны өдөр “Макс лайн” ХХК-д учирсан хохирлын үнэлгээг гаргуулсан байсан. Иймд даатгагдсан барааны жагсаалтыг тулган үзэхэд нийтдээ 71 хос гутал усанд автсан байсан нь тогтоогдсон ба үүнээс 44 хос гутал нь манайд даатгалтай байсан. Даатгалын гэрээний хавсралтад тусгагдсан байсан учир 44 хос гутлын хохирлыг үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр тооцож даатгуулагчид нөхөн төлсөн. шилжүүлсэн. Энэ нь гутлын хохиролд ААНОАТ-ын 1.451.100 төгрөгийг суутган тооцоод үлдсэн 13.059.905 төгрөгийг даатгуулагч компанийн данс руу, мөн үнэлгээний ажлын хөлс 1.075.000 төгрөгийг “Мастер үнэлгээ” компанийн дансанд тус тус шилжүүлж төлсөн бөгөөд энэ талаарх холбогдох баримтыг хэрэгт хавсарган өгсөн байгаа.
Хариуцагч байгууллагын татгалзал үндэслэлгүй байна. Учир нь сантехникийн шугам холбоос цаг хугацааны явцад элэгдэж муудаж, асуудал гарсан нь даатгалын эрсдэлд хамаардаггүй. “Туул арвижих өргөө” ХХК-ийн ерөнхий инженер, ээлжийн диспетчер, инженер гээд 3 хүний тогтоосон актад дурдсан “Том н томс” шопод ус алдсаныг олж тогтооход дотор талбай, угаалтуурын холигчийн шугам хоолой элэгдэлд орсон гэдэг нь нийтийн эзэмшлийн талбай бус зөвхөн “Пазал” ХХК-ийн эзэмшдэг талбай дотор байрлах уян холбоо задарснаас болж доод давхарт байрлах “Макс лайн” ХХК-ийн дэлгүүрт хохирол учруулсан үйл явдал болсон.
Менежментийн төлбөр нь нийтийн эзэмшлийн тэд зүйлсийг ашиглаж хэрэглэсний төлөө төлдөг төлбөр бөгөөд өөрийнхөө эзэмшлийн талбайг ашигласандаа түрээсийн төлбөр төлдөг. Тэгэхээр хариуцагчийн гаргаж байгаа үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй. Том н томсын буруутай болоод доод давхар руу ус алдсан байна гэдгийг Туул арвижих өргөө ХХК тогтоогоод өгсөн байна.
Даатгуулагч “Макс лайн” ХХК нь “Бодь даатгал” компанитай 2025 оны 09 сарын 17-ний өдөр “Шаардах эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, уг гэрээнд зааснаар даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр шаардах эрхийг манай компанид шилжүүлсэн. Иймд “Бодь даатгал” ХК нь Монгол улсын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8.7 дугаар зүйл, мөн талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний 10.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Пазал” ХХК-аас 15.586.006 төгрөг гаргуулахаар “Бодь даатгал” ХК нь нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
2. Хариуцагч “Пазал” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар “Бодь даатгал” ХК нь манайд албан бичиг хүргүүлсэн. Даатгал нь даатгагч, даатгуулагч нарын хооронд үүсэх гэрээний харилцаа бөгөөд гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр өгөх харилцааг хэлж байгаа. Нөхөн төлбөр олгож байгаа асуудал нь манай байгууллагад хамааралгүй гэж үзэж байна. Учир нь манай байгууллага үл хөдлөх хөрөнгийн эзнээс буюу Хүннү молл компаниас талбай түрээслэн ажиллуулж байсан бөгөөд сантехникийн гэмтлийн улмаас манай байгууллагад мөн нэлээдгүй хэмжээний хохирол учирсан. Түрээслэгчийн хувьд гэрээт компаниар халаалт, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгаан, эд зүйл угсарч суурилуулах ажил гүйцэтгүүлдэг бөгөөд сар бүр үйл ажиллагааны зардал, түрээсийн төлбөрөө төлөөд явдаг. Сантехникийн доголдлоос болж үүссэн гэмтэл нь манай компани санаатай эсвэл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан тухай тогтоогдсон зүйл байхгүй. Элэгдэл, хорогдлыг бид нар мэдэх боломжгүй тул даатгал хийлгүүлсэн тул энэ бол даатгалын тохиолдол.
Шаардлагын үндэслэл нь даатгалын гэрээ гэж үзээд байгаа. Энэ гэрээний оролцогч тал Макс лайн ХХК байх тул манай компаниас төлбөр нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Хоёрдугаарт Макс лайн ХХК нь Бодь даатгал ХК-тай 2025 оны 09 сарын 25-ны өдөр байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээ гээд нөхөн төлбөр олгосон хэмжээгээр буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх төлбөр тодорхойлсон байна. Тус шаардлагын үндэслэл болсон буруутай этгээдийг олж тогтоосон байх ёстой. Манай компанийг буруутай этгээд гэж үзсэн нь тодорхойгүй байна. Гуравдугаарт, бид бүгд Хүннү молл компанийн түрээслэгч нар, түрээсийн гэрээнд заасан ёсоор Туул арвижих өргөө гэдэг орон сууцны конторын төлбөрийг түрээслэгч төлдөг. Хүннү молл компанийн түрээсийн гэрээнд заасан ёсоор даатгалын гэрээгээ жил болгон хийлгэдэг. Сантехник, цахилгааны аливаа асуудлыг “Туул арвижих өргөө” орон сууцны контор хариуцан ажилладаг. Давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн ослын даатгалыг түрээслэгч нар даатгалын гэрээгээр тухайн даатгалын компаниас авах ёстой. Хариуцагч талаас татгалзах татгалзал хүртэл өгч байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэсэн утга бүхий тайлбар өгч маргасан.
3. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
3.1. Нэхэмжлэгч Богд даатгал ХХК нь тус компанитай Бараа материалын үлдэгдлийн №PIA06C25000203 дугаартай даатгалын гэрээ байгуулсан даатгуулагч “Макс лайн” ХХК-ийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүннү молл худалдааны төвийн нэг дүгээр давхарт байрлах салбар дэлгүүрээр худалдаалагдаж буй бараа материалд даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2025 оны 07 сарын 02-ны өдөр тус Хүннү молл худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах “Пазал” ХХК-ийн хариуцан ажиллуулах “Tom’n Toms” кофе шопын дотор талбайн баруун урд талд байрлах угаалтуурын холигчийн уян ашиглалтын явцад элэгдэлд орсны улмаас ус алдсанаас уг кофе шопын харалдаа доод давхарт үйл ажиллагаа явуулдаг “Макс лайн” ХХК-ийн салбар дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн усанд автан норж, даатгалын гэрээнд заасан “гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдлээс учрах эрсдэл” буюу хохирол учирсан үндэслэлээр даатгуулагчийн гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу нөхөн төлбөрт ААНОАТ-ын 1.451.100 төгрөгийг суутган тооцож, үлдсэн 13.059.905 төгрөгийг даатгуулагч компанийн данс руу, мөн үнэлгээний ажлын хөлс 1.075.000 төгрөгийг даатгалын хохирлын үнэлгээ тогтоох ажил гүйцэтгэсэн “Мастер үнэлгээ” компанийн дансанд тус тус шилжүүлэн төлсөн үйл баримт зохигчийн тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан талуудаас гаргасан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хүннү молл худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах “Tom’n Toms” кофе шопын угаалтуурын холигчийн уян ашиглалтын явцад элэгдэлд орсны улмаас ус алдсан...” гэх үйл баримтад маргаагүй хэдий ч
- Пазал ХХК нь Хүннү молл худалдааны төв дэх кофе шопын талбайг тус барилгын эзэмшигч, өмчлөгтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашигладаг, 2025 оны 07 сарын 02-ны өдрийн ус алдалт нь сантехникийн хэрэгслийн элэгдлээс үүдэлтэй ус алдалт болсон, Пазал ХХК түрээсийн гэрээний дагуу менежментийн төлбөрийг тухай бүрд нь “Туул арвижих өргөө” ОСНААК-т төлдөг тул сантехник, цахилгаанаас үүдэлтэй аливаа асуудлыг орон сууцны контор хариуцах ёстой, сантехникийн шугам хоолойн гэмтэл, доголдлын улмаас ус алдаж хохирол учирсан асуудалд манай компанийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, нэхэмжлэлийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргасан.
3.2. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Бодь даатгал” ХК болон даатгуулагч “Макс лайн” ХХК нарын хооронд байгуулсан №PIA06C25000203 дугаартай Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээний хүчинтэй хугацааг гэрээний талууд 2025 оны 04 сарын 26-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 сарын 25-ний өдрийг дуустал 1 /нэг/ жил гэж тогтоосон байх ба уг гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д “Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дугаар зүйлд заасныг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгэдээс хохирол нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгоглсон нөхөн төлбөрийн, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж,
- мөн даатгагч, даатгуулагч нарын хооронд 2025 оны 09 сарын 17-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээг талууд бичгээр байгуулсан, энэхүү гэрээгээр талууд “даатгуулагчийн Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Хүннү шоппинг молл хаягт байрлах GEOX дэлгүүрт 2025 оны 07 сарын 02-ны өдөр дээд давхраас ус алдсаны улмаас тус дэлгүүрийн лангуу болон агуулахад байсан бараа, бүтээгдэхүүнд хохирол учирсан тул даатгагчөөс нөхөн төлбөр олгох, энэхүү олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхийг даатгуулагчаас даатгагчид шилжүүлэх, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах”-аар гэрээний нөхцөлөө тодорхойлж, гэрээний 2.1, 2.2-т зааснаар даатгуулагч нь учирсан хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх өөрийн шаардах эрхээ даатгагчид, түүнээс олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр шилжүүлсэн байна.
3.3. Нэхэмжлэгчээс хэрэгт гаргасан 2025 оны 07 сарын 02-ны өдрийн19/25 дугаартай техникийн комиссын актаар “...2025 оны 07 сарын 02-ны өдрийн 07 цагийн үед Хүннү молл ХХК-ийн түрээслэгч “Пазал” ХХК-ийн Tom'n Toms кофе шопод ус алдсан шатгааныг олж тогтоохоор .... шалгахад дотор талбайн баруун урд буланд байрдах угаалтуурын холигчийн ф15 шугам хоолойн уян ашиглалтын явцад элэгдэлд орсны улмаас цоорч, ус алдсан болох”-ыг тогтоож, дүгнэсэн байна.
Тухайн нөхцөлд хариуцагч Пазал ХХК нь өөрийн түрээсээр эзэмшиж, ашиглаж буй талбайн доторх эд зүйлс болон кофе шопыг ажиллуулахад шаардлагатай угаалга цэвэрлэгээний зориулалт бүхий угаалтуур, түүний холбох хэрэгслийн арчлалт хамгаалалт, засвар үйлчилгээг хийх зэргээр бүрэн бүтэн, хэвийн байдлыг хангах үүрэгтэй гэж үзэх бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хариуцагчийн эзэмшилдээ байлгаж байгаа шугам хоолойноос ус алдсан; уг ус алдалтын улмаас даатгуулагч “Макс лайн” ХХК-ийн Хүннү Молл дахь салбар дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн усанд норж, чийг татах зэргээр хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.
3.4. Хариуцагч нь Хүннү молл худалдааны төв дэх кофе шопын талбайг тус барилгын эзэмшигч, өмчлөгтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашигладаг, түрээсийн гэрээнд зааснаар менежментийн төлбөрийг тухай бүрд нь “Туул арвижих өргөө” ОСНААК-т төлдөг тул сантехник, цахилгаанаас үүдэлтэй аливаа асуудлыг орон сууцны контор хариуцах ёстой гэсэн тайлбар хийж маргаж буй боловч өөрийн татаглзлын үндэслэлд хамаарах баримт нотолгоог хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй байна.
3.5. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7 дахь хэсэгт “Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мөнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй хүлээнэ” гэж, “Даатгуулагч нь учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” гэж тус тус зааж хуульчилсан байна.
Хуулийн дээрх зохицуулалт болон даатгагч, даатгуулагч нарын хооронд байгуулагдсан Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс хохирол гаргуулна гэх Бодь даатгал ХК-ийн шаардах эрхийн үндэслэлийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлэр “Бодь даатгал” ХК-аас даатгалын нөхөн төлбөр, түүнтэй холбоотой гарсан зардлын төлбөрт тус тус тооцон 2025 оны 09 сарын 23-ны өдрийн төлбөрийн даалгавар баримтаар “Макс лайн” ХХК-д шилжүүлсэн 13.059.905 төгрөг, 2025 оны 09 сарын 18-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл баримтаар Мастер Үнэлгээ ХХК-д шилжүүлэн төлсөн 1.075.000 төгрөг, нийт 14.134.905 төгрөгийг хариуцагч Пазал ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн 1.451.100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Пазал” ХХК-аас 14.134.905 /арван дөрвөн сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бодь даатгал” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.451.100 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, ИХШХШТХ-ийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Пазал” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 228.624 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бодь даатгал” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД