Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01251

 

 

 

 

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01251

 

 

 

 

                                      Б.С-ын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01273 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С-ын хариуцагч “.............” төрийн байгууллага, албан газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.С нь .............нд 2018 оны 3 дугаар сараас мэдээллийн ажилтнаар, 2018 оны 9 дүгээр сараас Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэлийг танилцуулаагүй, нэхэмжлэгчийг корона вирусын халдвар авч гэртээ тусгаарлагдсан байх үед ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж дуудаж өгсөн. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2122 тоот тогтоолоор мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авч,  журамд заасан шалгуурыг бүрэн хангасан. 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас дүгнэлт өгөхөөс татгалзсантай холбогдуулан ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэсний аудитын газрын санал дүгнэлт 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад  хүүхэд асрах чөлөө авсан. Энэ хугацаанд  3-4 ерөнхий нягтлан бодогч солигдсон нь уг аудитын дүгнэлтэд нөлөөлсөн талаар .............сайдын албан тоотод дурдсан байдаг. Нэхэмжлэгч тухайн үед ажиллаагүй байхад ямар шалтгаанаар ажлаас чөлөөлснийг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон гэрээнд заасан сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Иймд Б.Сыг ............. сангийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.С нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ авч, шалгуурт тэнцэхгүй байсан үедээ ажиллаж байсан тул ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлагад тохирохгүй гэж үзсэн. ............. сайдын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/1767 тоот аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх, зөрчил дутагдлыг арилгах тухай албан бичгийн 2-т заасан дүгнэлт өгөхөөс татгалзсантай холбогдуулан ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Ерөнхий нягтлан бодогч Б.С-ын ажиллаж байх үеийн санхүүгийн асуудлаар хяналт шалгалт хийгдэж ихээхэн хэмжээний зөрчил илэрсэн нь ажлаас халах үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сыг .............ны Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч .............наас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13.369.020 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийхийг хариуцагч .............нд даалгаж,  нэхэмжлэгч Б.С нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч .............наас улсын тэмдэгтийн хураамжид 224.795 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Н.Б хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож шүүх хуралдаанд оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг эхлүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

4.2. Шүүхийн шийдвэрээр хариуцагч байгууллагаар улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус байгууллага нь Засгийн газрын тусгай сангийн статустай төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй оролцсон. 2021 оны 07 дугаар сард гаргасан нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сард албадаж гардуулан өгсөн. Уг маргаан нь хөдөлмөрийн маргаан бөгөөд нэг талд ажил хөдөлмөр эрхэлсэн цалин хөлстэй холбоотой эрх нь ноцтой зөрчигдсөн. Хариуцагч гомдолдоо хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэж хэлсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.Бд итгэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 24-нд олгосон. Мөн шүүх хуралдааны товыг 14 хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр болсон. хариуцагч нь 14 хоногийн дотор хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой байсан. Хариуцагч нь эрх эдлүүлээгүй гэх боловч өөрөө үүргээ биелүүлээгүй. Мөн 14 хоногт хүрэлцэн ирж танилцах боломжгүй гэдгийг нотлосон хүндэтгэн үзэх баримт өгөөгүй. Хариуцагч хуулийн этгээдийг төлөөлж н.Б гэх хүн итгэмжлэлээр явсан бөгөөд хэргийн материал, эрх үүрэг нөлөөллийн материалтай танилцсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.С хариуцагч .............нд холбогдуулан тус газрын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            3. .............ны захирлын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Сыг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, аудитын байгууллагын дүгнэлт, ажлын хэсгийн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Ажил олгогчийн дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журмын 2.1.3, 3.5.2 дахь заалт, ............. сайдын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/1767 тоот албан бичгийн 2 дахь заалт, ............. сангийн дүрмийн 2.3.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.16.6, 3.16.16 дахь заалт, гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/91 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн зөвлөмжийг тус тус үндэслэжээ. /хх6/

            4. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заасан.

            Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба үүнд “ ... хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 3 дахь удаа гаргасан, эсхүл нэг сахилгын зөрчил давтан гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаварыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзан, 2-оос дээш хоног албан үүргээ гүйцэтгээгүй ...” зэргүүд байна. Ажил олгогчийн тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хх64-67/

Нэхэмжлэгчийг ажлын байранд тавигдах шалгуурт тэнцээгүй, аудитын газрын шалгалтаар ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн болох тогтоогдсон, ажиллаж байсан үеийнх нь санхүүгийн асуудлаар хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн гэж хариуцагч тайлбарлах боловч хэрэгт энэ талаар нотолсон баримтгүйгээс гадна, эдгээр үндэслэлүүд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй.

5. Хариуцагч бага насны буюу 2 настай хүүхэдтэй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нийцээгүй байна. /хх13/

Ажил олгогчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/95 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Б.Сыг .............ны ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

6. Шүүх нэхэмжлэгч Б.Сыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,369,020 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалтай нийцэж байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

7.а. Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх гомдлын тухайд,

Нэхэмжлэгчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлд анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч талаас шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ. Анхан шатны шүүх хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Д.Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгөх зэрэг ажиллагааг хийсэн байна. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа байсан, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. /хх1-4, 24-29, 33, 78/ Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

7.б. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар гаргасан гомдлын тухайд,

Шүүх хариуцагч .............наас улсын тэмдэгтийн хураамжид 224,795 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн  нь зөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасан.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалт нь төсвийн байгууллагаас нэхэмжлэл гаргасан тохиолдолд хамаарна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                    ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                                     А.МӨНХЗУЛ