Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б аймгийн Ж сумын харъяат, эмэгтэй,  яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуульд нийгмийн багш ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, З овогт Г.Г-д холбогдох эрүүгийн 1820001650081 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Э.Б-тэй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 3-ын хаалтан дээр машины очер дарааллаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2018 оны 07 сарын 27-ны өдөр 17 цагийн үед би аав Г, ээж С нарын хамт Эрээн гарах дараалалд машинаа оруулах гээд ухарч байтал нэг 469 машин түрүүлээд дараалалд оруулаад тавьчихсан. Тэр үед нь аав машинаасаа буугаад юу болоод байнаа, осол гаргах нь байна шүү дээ гэхэд хохирогчийн нөхөр нь наад сэгнүүдээ аятайхан оруулж чадахгүй бол хохино шүү дээ гэж хэлэхэд аав залуу хүн байж яасан арчаагүй юм бэ гэхэд Б-н нөхөр аавын нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгээд хоорондоо заамдалцаад байхад ээж салгах гээд гарнаас нь татахад Б гарч ирээд нөхрийг нь зодох гэж байна гэж ойлгосон уу ээжийн үснээс зулгаасан. Тэгэхээр нь би ээжийг өмөөрөөд наанаас нь очоод Б-н үснээс хажуу тийш нь зулгаасан, Б ч миний үснээс  зулгаагаад бид 2 зүүн талаараа газарт унасан. Энэ үед Б-н нөхөр нь наад хүн чинь жирэмсэн шүү гэж хэлсэн. Би энэ үед үснээс нь тавьсан, харин Б миний үсийг зулгаасан хэвээрээ байсан. Би Б-г өшиглөөгүй, харин бид 2-ыг зууралдаад унах явцад Б-н биед хөнгөн гэмтэл учирсан, ийм үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би уучлалт гуйнаа. Энэ асуудалд манай ээж ямарч буруу байхгүй. ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2018 оны 06 сарын 27-ны өдөр 16 цагийн орчим О-н хамт  Замын-Үүд  сумын М шатахуун түгээх станцын харалдаа Эрээн гарах гээд  машины цуваанд машинаа тавих гэхэд тэнд бас машинаа тавих гэж байсан Г аав, ээж 2-тойгоо ирээд  хэрүүл хийгээд байсан. Тэгээд ямбий машиныг чинь урагшаа гаргаж чадахгүй болгоно шүү, чам шиг чацаг даврах болоогүй шүү гээд заамдаад авсан. Г-н ээж нь нөхөртөө хандаж наад залуудаа нэг цохиулчих  гэж байсан. Манай нөхөр чам шиг хөгшин юмны хаана нь цохидог юм гэсэн чинь чи хөгшрөхгүй юү гээд Г-н ээж нь манай нөхрийн хөл рүү өшиглөөд мөр рүү нь цохисон.. би очоод Г-н ээжийнх нь  гараас бариад  хойш нь салгаж түлхсэн.  Тэгтэл Г миний үснээс  зулгааж доош нь дараад  миний салтаа руу 2-3 удаа өишглөсөн. Тэгээд Г-н ээж  миний нуруун дээр тохойлдоход  миний гэдэс шахалдсан...хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байсан “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд нөхөр Г, охин Г нарын хамт Эрээнээс орж ирээд Эрээн гарах нөгөөдрийн машинуудын араас очерт машинаа ухраагаад оруулж байтал нэг бор ногоон өнгийн УАЗ-469 машин араасаа нэг машинаар түрүүлчихсэн мөргөх шахуу хүчтэй орж ирээд манай зогсох гэж байсан газарт шахаад машинаа тавьчихсан. Манай нөхөр буугаад яаж байнаа, осол гаргалаа шүү дээ гэтэл түрүүлж орж ирсэн машины жолооч залуу машинаасаа бууж ирээд манай нөхөртэй хэрэлдээд байсан. Тэгээд машины цаана тэр 2 заамдалцаад барилцаад авчихаар нь би салгах гээд очиж байтал тэр залуу манай нөхрийг нүүр лүү нь цохих шиг болсон. Салгаж амжаагүй байтал хажуунаас нэг хүүхэн гарч ирээд намайг үсдээд хойш нь дарсан, энэ үед манай охин Г ирж намайг тэр Б-с салгаж хоорондоо үсдэлцээд газар унасан. Үсдэлцээд л тавилцахгүй бөгсөөрөө суусан. Манай охин үсийг нь тавьсан. Б тавихгүй болохоор нь манай нөхөр очиж салгасан. Энэ үед би үс гэзэгээ янзалаад цаана очоод зогсчихсон. Б-н нөхөр нь утсаар яриад цаана оччихоод ирэхгүй байсан. Холоос жирэмсэн хүүхэд шүү гээд ойртохгүй байсан. Утсаар хүн дуудсан юм шиг байна лээ. Бид хоорондоо хэрэлдээд байж байтал Б-н аав, ээж ирээд нийлээд нөхөр, охин бид гурвыг цохих нь цохиод, хараах нь хараагаад элдвээр хэлээд явсан. Харааж зүхэж, элдвээр хэлж байсныг нь мэдүүлэгт оруулаад яахав...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06  дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед шиг санаж байна, Эрээн гарах машинуудын араас очерт өөрийн УАЗ-469 маркийн автомашинаа ухраагаад оруулж байтал нэг бор ногоон өнгийн УАЗ-469 машин араасаа нэг машинаар түрүүлчихсэн хүчтэй орж ирээд миний зогсох гэж байсан газарт шахаад машинаа тавьчихсан. Тэр үед би эхнэр болон охинтойгоо хамт явж байсан. Би буугаад яаж байнаа гэтэл нэг залуу машинаасаа бууж ирээд та нар сэг тавьж очерлодог биз дээ гэсэн. Би тэгэхээр нь чам шиг 2-ын хооронд сэг тавьдаггүй гэсэн. Тэр залуу өөрөө асдаггүй машин түрүүлээд явж байсан болохоор нь тэгж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу цаашаа явж байснаа машины араар тойрохоор нь би урдуур нь тойроод машины нөгөө талд уулзаад заамдалцсан. Манай эхнэр боль боль гэсэн чинь тэр залуу манай эхнэрийг чамайг Эрээнийхэн бүгд мэднэ ш дээ, янхан гичий минь гэсэн. Би юу яриад байгаа юм бэ, хүнийг ингэж доромжилж болдог юм уу гэтэл өөдөөс чамайг бол яасан ч яадаг юм гээд гараараа миний уруул руу цохиод авсан. Манай эхнэр салгах гээд ирчихсэн намайг татаж байх энэ үед хаанаас ч юм тэр залуугийн эхнэр нь гээд Б гэх эмэгтэй гүйж ирээд бид хоёрыг хэрэлдэж байхад манай эхнэрийн үснээс зулгаасан. Тэгтэл л манай охин Г ирээд Б тэр 2 үсдэлцээд авсан. Үсдэлцээд 2-уулаа газар уначихсан. Би очоод салгах гэтэл Б манай хүүхдийн үснээс зулгаагаад муухай орилоод салахгүй байсан. Б-н нөхөр нь ирж салгалцахгүй, цаана утсаар яриад суугаад байсан. Тэгсэн хирнээ наадах чинь жирэмсэн шүү, хүүхэдтэй шүү гээд байсан. Би арай гэж салгаад бид хоорондоо маргаад байж байтал Б-н аав, ээж 2 нь ирээд хэрүүл хийсэн. Б аав, ээж 2-ыгоо хараад орилж, чарлаад эхнэр бид 2-ыг өшиглөж аваад байсан. Наад охиноо болиулаач гэсэн чинь аав, ээж 2 нь бухимдаад л тэгж байгаа биз гээд хорихгүй байсан. Ер нь тэр хүмүүс тэр цаг үед бид нарыг их зодсон, элдвээр хэлсэн. Тэр үед нь их ажил гараагүйсэн бол хөхөрч, халзарсан газраа эмнэлэгт үзүүлэх байсан юм, даанч одоо зүгээр болчихсон болохоор батлах юм алга. Миний уруулнаас цус гарсан байсан. Өөр гэмтэл аваагүй. Одоо зүгээр болчихсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч Я.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг өнгөрөөгөөд М колонкын харалдаа элсэнд улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ-31512 маркийн автомашинаа барьж яваад элсэнд суулгасан. Уг нь Эрээн гарах машинуудын очерт оруулах гэж явсан юм. Тухайн үед эхнэр Э.Б-н хамт явж байсан. Ингээд машинаа элснээс гаргаж чадахгүй акумляторыг нь суулгачихсан. Очерт орох гэж байгаа машинуудын замыг хаагаад элсэнд суучихсан байсан тул араас очерт орох гэж байгаа машин түрж өгсөн. Тэр машины жолоочийг зүс л танина. Би машины араас түрээд өг гэж гуйсан юм. Тэгээд миний араас түрээд шууд очерлуу орж зогссон. Очерт орж байхад хажууд нэг ачаатай УАЗ-469 маркийн машин ухарч байсан. Тэр машин миний араас түрсэн машины ард орж очерт зогссон. Тэр машин дотор байсан нэг настайвтар эмэгтэй нь машин дотроосоо гуйлгачин түүлэгчингээр нь дуудаж, авсан очероос ямбий машинаа аваад зайл гээд салаавч өгсөн. Би зөрүүлээд хаана нь очер авсан юм бэ, та нар өөрсдөө ямбийгүй юу гэсэн. Тэгээд би машинаасаа холдоод жижиг тэрэг рүүгээ явж байтал Г ах бууж ирээд муу чацга минь хэзээ ийм болчихсон юм гэхээр нь би таны машин эвдэрчихсэн байхад чинь хаяад явж байсан удаа байхгүй, тус дэм болж байсан шүү гэсэн. Тэгтэл намайг Г ах заамдаад авсан, би хариу заамдаад авсан. Хоорондоо хэрэлдэж байхад хажуунаас эхнэр нь орж ирээд хэл амаар доромжилж, миний хөл рүү ганц нэг өшиглөж, гараараа шуу руу ганц нэг нударсан. Эхнэрийг нь холдуулах гээд түлхтэл Г ах миний паскнаас зуураад над руу дайрсан. Энэ үед манай эхнэр ирээд Г ахын эхнэрийн араас нь таттал тэдний охин Г машинаасаа бууж ирээд Б-г үсдэж газар унаган 4 хөллүүлсэн. Б зөрүүлээд Г-н цамцнаас нь татсан байсан ба Г-н ээж нь элс шороо самардаад, толгой руу нь цацаад, энд тэнд ганц нэг өшиглөөд байсан. Би тэрүүхэн хооронд Г ахаас мултарч чадахгүй, эхнэрээ салгаж чадахгүй байсан. Би паскаа хүзүүнээсээ мулталж салаад эхнэр дээрээ очиж салгасан. Г ах миний паскаар намайг ороолгож, эхнэр бид 2-луу тэр гурав их дайрсан. Заримдаа энд тэнд цохиж байсан. Би эхнэрээ жирэмсэн гэдгийг ойлгуулах гээд наадах чинь жирэмсэн хүүхэд ш дээ гээд хэлчихсэн чинь чи хүүхэд жирэмслүүлдэг юм уу гээд муухай муухай инээгээд, гах түй энэ тэр гээд байсан. Миний машиныг урагшаа гаргахгүй, гааль дээр номерыг нь хураалгана, цагдаа дуудаад нэмэргүй үйлчлэхгүй гээд байсан. Тэгээд би хадам аав, ээж рүүгээ залгаж дуудсан. Удаагүй хадмууд ирээд тэд нартай бас баахан хэрэлдэж байгаад явсан...” /хх-ийн 18-19/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд дэх Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н “1. Э.Б-н биед умайн тонус, баруун бугалганы ар дээд хэсэгт, зүүн бугалганы дотор дээд талд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдээс умайн тонус гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба нь баруун бугалганы ар дээд хэсэгт, зүүн бугалганы дотор дээд талд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт Гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэсэн 04/114 тоот дүгнэлт /хх-ийн 23/

Шүүгдэгч Г.Г нь урд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35/

Хохирогч Э.Б шүүхэд гаргасан “ Би хувийн зүгээс гомдолтой байгаа, хэлэх, хэлэхгүй үгээр сэтгэлд сэв суутал харааж доромжилсон. Миний хувцас эд зүйлийг, эвдэж урсан. Би тухайн үед 5 сартай жирэмсэн байсан.Тэд ганц намайг биш миний хүүхэд амь орсон байсан учир хоёр хүн зодсон гэж үзэж байгаа. Тэд хүний ёсоор ирж надаас уучлалт гуйгаагүй, хийсэн хэрэгтээ  гэмшихгүй байгаа, хуулийн мэдлэг дутмагаас болоод хохирсон эд зүйл эмчилгээний зардлын баримтаа цуглуулж чадаагүй. Надад  цуглуулсан  баримт нотолгоо  байхгүй учир би мөнгө нэхэмжлэхгүй. Ийм учраас энэ хүмүүст хуулийн дагуу зохих арга хэмжээ авч  өгнө үү гэж хүсч байна” гэсэн хүсэлт /хх-ийн 42/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах гурвын хаалт дээр машины дараалалаас болж хохирогч Э.Б-тэй маргалдан, улмаар бие, биенийхээ үснээс зулгааж, зууралдан унах явцдаа хохирогчийн биед умайн тонус гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан.

Шүүгдэгч Г.Г-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан хохирогч Э.Б, гэрч А.С, Д.Г, Я.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд дэх Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04/114 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Г-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Э.Б нь салтаа хэсэг рүүгээ өшиглүүлсэн гэх боловч А.С, Д.Г, Я.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд дээрх байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Э.Б нь өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч тэрээр энэ талаар нотлох баримт байхгүй тул хохирол нэхэмжлэхгүй болохоо шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З овогт Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Г нь 450,000 төгрөгийн торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          А.Ц