| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/31521/И |
| Дугаар | 197/ШШ2026/02153 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2026/02153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ,, 7 давхар 707 тоотод байрлах, /РД:/, “*******” ХХН-ийн гаргасан
Хариуцагч: *******, *******, ******* дугаар байр 13 давхарт байрлах, /РД:/, “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлс болон алдангид нийт 1.590.270 /нэг сая таван зуун ерэн мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал ******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХН нь хариуцагч “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гэрээний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 1.060.180 төгрөг, алданги 530.090 төгрөг, нийт 1.599.277 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ: “...2024 оны 09 сарын 15-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба гэрээнд заасны дагуу “Азийн дөрвөн бэрх” СӨХ нь авлагатай айл өрхүүдийн жагсаалтыг манай өмгөөллийн нөхөрлөл рүү ирүүлсэн.
Үүний дагуу өр төлбөртэй сууц өмчлөгч нартаа уулзах, ярилцах, шаардлага тавих зэргээр харилцаж төлбөр гаргуулах, уг ажиллагаа амжилтгүй бол шүүхэд хандах, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах, шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх зэрэг байдлаар өр авлагыг барагдуулан ажиллах, ингэснээр барагдуулсан авлага, төлбөрийн үнийн дүнгээс тодорхой хувиар тооцож буюу гэрээний 5.1.1, 5.12-т заасан хувь хэмжээгээр тооцож, ажлын хөлс авах тохиролцоотой эрх зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Ажлын хөлсийг сууц өмчлөгч төлбөрөө бодитой төлж барагдуулсан тухайн бүрд нь тэмдэглэж, сар бүрийн 25-ний өдрийн дотор нэхэмжлэгч талын Хаан банк дахь харилцах дансанд шилжүүлэн төлөх үүргийг СӨХ хүлээсэн боловч зарим төлбөр тооцоог бүрэн хийгээгүй байдаг.
Тухайлбал: Тус СӨХ-ны харьяалах 421 дүгээр байрны 1 тоот айлын 1.350.000 төгрөг, мөн байрны 48 тоотын айлын 1.119.000 төгрөг, мөн байрны 19 тоотын 907.600 төгрөг, мөн 424 дүгээр байрны 9 тоот айлын 157.600 төгрөг, нийт 3.534.200 төгрөг тус тус төлөгдсөн байгаа учир уг төлөгдсөн төлбөрийн 30 хувь болох 1.060.180 төгрөгийг гэрээний дагуу хариуцагч төлөөгүй учир нэхэмжилж байна. Мөн дээрх төлбөр тооцоо нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар төлөгдсөн талаар Сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогчийн [email protected] хаягаар харилцан баталгаажуулж тооцоо нийлсэн ба гэрээний 5.2-т заасан хугацаанд төлөөгүй учир хууль зүйн тулалцаа үзүүлэх гэрээний 6.1-д заасан журмын дагуу алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээр байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хувь хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр алдангид 530.090 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Мөн хариуцагч нь 424-9 тоотын төлсөн 157.600 төгрөгийг төлбөрийн 30 хувь болох 47.280 төгрөгийг манай өмгөөллийн нөхөрлөлд 2025 оны 07 сарын 02-ны өдөр шилжүүлэн төлсөн гэдэг ч энэ мөнгө манай байгууллагын дансанд орж ирээгүй. Хариуцагч тал баримтаа гаргаж өгөөгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” хэмээн тайлбарласан.
2. Хариуцагч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба тус СӨХ-ны захирлаас татгалзлын үндэслэлээ: “...*******” ХХН-тэй манай СӨХ нь хууль туслалцаа үзүүлэх авахаар 2024 оны 09 сарын 15-ний өдөр гэрээ байгуулсан нь үнэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 421 дүгээр байрны 01 тоот айлын 1.350.000 төгрөг, мөн байрны 48 тоотын айлын 1.119.000 төгрөг, мөн байрны 19 тоотын 907.600 төгрөг, мөн 424 дүгээр байрны 9 тоот айлын 157.600 төгрөг, нийт 3.534.200 төгрөгийн төлбөрийн гүйцэтгэлийн хувьд нэхэмжлэгч тал хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үйлчилгээ үзүүлээгүй. Гэрээний 5.2.2-т зааснаар холбогдох маргаан шүүхээр амжилттай шийдвэрлэгдсэн үед ажлын хөлсийг авах ёстой бөгөөд өмгөөллийн үйл ажиллагааг зохих түвшинд явуулаагүй. 421-9 тоот, 421-48 тоотын айлуудын хувьд гүйцэтгэх захирал миний бие өөрөө биечлэн уулзаж, харилцаа холбооны хэрэгслээр холбогдож байж төлбөр төлөх хугацаатай гэрээ байгуулан эдгээр айлуудаас сөх-ийн төлбөр тооцоог хийж дуусгасан.
Мөн 421-1-1 тоот тоот дахь “Түшигт үжин” дэлгүүрийн хувьд шүүхийн шатанд тодорхой үр дүнд хүрээгүй, давж заалдах журмаар гомдол гаргана гэж тэмдэгтийн хураамж төлүүлээд ажлаа хийлгүй алга болсон. 424-9 тоот айлын 157.600 төгрөгийн 30 хувь болох 47.280 төгрөгийг нэхэмжлэгч талд 2025 оны 07 сарын 02-нд шилжүүлж төлсөн гэж манай нягтлан хэлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбар өгч мэтгэлцсэн.
3. Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт талуудаас гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.
3.1. Хариуцагч “Азийн дөрвөн бэрх” Сууц өмчлөгчдийн холбоо болон нэхэмжлэгч “*******” ХХН нар нь хоорондоо 2024 оны 09 сарын 15-ний өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” №24158 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээний 1.3.1, 1.3.2-т зааснаар “*******” ХХН нь “Азийн дөрвөн бэрх” Сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагдах нийт сууц өмчлөгчдийн зардлыг төлүүлэх ажиллагаанд үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, хариуцагчаас гаргаж өгсөн авлагын жагсаалт баримтын дагуу СӨХ-ийн зардал төлөх үүрэг бүхий орон сууцны өмчлөгч эзэмшигч нартай харилцаа холбооны хэрэгсэл ашиглан харилцах, уулзах, ярилцах, албан бичиг, мэдэгдэл хүргүүлэх, төлбөр барагдуулах гэрээ байгуулж зардлыг гаргуулах, эдгээр ажиллагаанууд нь үр дүнд хүрээгүй нөхцөлд хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлчлүүлэгчийг төлөөлөн шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх зэргээр сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс төлбөр барагдуулах ажлыг гүйцэтгэх, үйлчлүүлэгч буюу хариуцагч СӨХ нь сууц өмчлөгчийн төлөх СӨХ-ын зардлыг бэлэн болон бэлэн бус арилжааны хэлбэрээр хүлээн авсан тухай бүрд төлөгдсөн зардал бүрд гэрээний 5.1, 5.2-т заасан хувь хэмжээгээр тохирсон хугацаанд нь ажлын хөлсийг “*******” ХХН-д төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд гэрээний 1.3.1-д заасан ажлын хөлс нь сууц өмчлөгчийн СӨХ-нд төлөх зардал буюу барагдуулах авлагын 15 хувь байхаар, 1.3.2-т заасан ажлын хөлс нь сууц өмчлөгчийн СӨХ-нд төлөх зардал буюу барагдуулах авлагын 30 хувь байхаар харилцан тохирсон, мөн гэрээний 6.1-д үйлчлүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг өмгөөллийн нөхөрлөлд төлөхөөр хэлэлцэн тохирч, талууд гэрээг бичгээр байгуулан хуулийн этгээдийн удирдлага, төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, баталгаажуулсан баримттай байна.
Зохигчийн хооронд байгуулсан дээрх гэрээ нь “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байх талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэх үндэслэлтэй. байна.
3.2. Талуудын хооронд байгуулагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний нөхцөл, агуулгаас зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.
“Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба энэхүү гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно” гэж Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2 дахь хэсэгт заасан.
3.3. Нэхэмжлэгч нь гүйцэтгэвэл зохих ажлын хүрээнд талуудын маргаан бүхий 421 дугаар байрны 01, 48, 19 тоотын болон 424 дүгээр байрны 09 тоотын эзэмшигч, өмчлөгч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардлыг гаргуулан “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд олгуулах тухай нэхэмжлэлийг харьяалах шүүхэд нь гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцох, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зэргээр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний гэрээний 1.3.2 дахь заалтад тухайлан заасан ажил үйлчилгээг үзүүлсэн, тухайн айл өрхүүд нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардлыг зохих журмын дагуу хариуцагч СӨХ-нд төлсөн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчээс хэрэгт гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх бичиг баримтууд болон талууд өөр хоорондоо мэдээлэл солилцож цахимаар харилцсан захидал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч өмгөөллийн нөхөрлөл нь гэрээнд заасан ажлыг хийгээгүй, орхиж алга болсон гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Түүнчлэн хариуцагчийн зүгээс 424 дүгээр байрны 09 тоотын өмчлөгч эзэмшигчийн төлсөн 157.600 төгрөгийн 30 хувь болох 47.280 төгрөгийг нэхэмжлэгч талд 2025 оны 07 сарын 02-нд шилжүүлсэн гэх боловч энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
3.4. Дээрх үндэслэлээр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсний хөлсийг гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр тооцож, алдангийн хамт гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэгчийн шаардлагыг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “*******” Сууц өмчлөгчдийн холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлс 1.060.180 төгрөг, алданги 530.090 төгрөг, нийт 1.590.270 /нэг сая таван зуун ерэн мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулж “Цогц Өмгөөлөл” ХХН-д олгохоор шүүх шийдвэрлэсэн болно.
Жич: Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 08 сарын 17 болон 2025 оны 07 сарын 02-ны өдрийн цахим шуудангаар харилцсан захидалд /и-мэйл/ үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээс татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан журмын дагуу шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах замаар татгалзсан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759 .2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “*******” Сууц өмчлөгчдийн холбооноос 1.590.270 /нэг сая таван зуун ерэн мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулж “Цогц Өмгөөлөл” ХХН-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40.395 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАЗАРХАНД