Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Ө.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Ө сумын харьяат, эрэгтэй, яс үндэс халх,  боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Д аймгийн С суманд оршин суух, энэ хэрэгт татагдахдаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 сарын 18-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, О овогт Ө.Н-д холбогдох эрүүгийн 182.0000.210.032 тоот хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ө.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 16-17-ний өдрийн хооронд Д аймгийн Ө сумын 1 дүгээр баг Хөмсөг гэх газар нутаглах иргэн Н-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг  мөнгөн аяга хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “ Би сар өдрийг нь сайн санахгүй байна, эхнэртэйгээ жаахан муудалцсан байсан юм. Тэгээд тэр өдөр тодорхой зорилгогүйгээр өөрийн Тоёото королла машинтайгаа  Сайншандаас гараад  мянганы замаар урагшаа явж байгаад зүүн урагшаа эргэж шороон замд орж явж байгаад айлын бууцан дээр ирсэн ба тэнд улаан тоосгон байшин байсан. Би машинаасаа буугаад байшин дээр очиж вакум цонхыг нь түлхэхэд онгойсон. Тэгээд дотор нь ороход цагаан зурагтны тавиур байхаар нь онгойлгож үзтэл 2 мөнгөн аяга байхаар нь авсан. Ингээд нэг мөнгө аягыг нь аймаг дээр очоод Тамхи Со-гийн гадаа машинаа тавьж орхихдоо алдсан, нэг мөнгөн аягыг нь гэртээ аваачсан. Х болон эхнэртээ хулгайн аяга гэж хэлээгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э-д нэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн, нэг мөнгөн аяганы мөнгийг тогтоогдсон үнэлгээгээр төлж барагдуулсан. Машиныг түрүү жил Э сумаас хүнээс машинаар сольж авч байсан, миний эзэмшлийн машин байгаа юм” гэсэн мэдүүлэг

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчим манай төрсөн дүү Б.Б малаа хайгаад мотоцикльтой явж байхдаа хаваржааны хажуугаар чинь гарсан байшингийн цонх нь онгорхой хөшиг нь хийсээд, мөн таамбарын хаалга чинь онгорхой байна, та хэд байшиндаа  ирсэн юм уу? гэж утсаар ярихаар нь  нөхөр рүүгээ утсаар хэлсэн. Тэгээд манай нөхөр Н очиж үзэхэд Б-н хэлснээр цонх нь онгорхой хөшиг нь хийсээд таамбарын хаалга онгорхой байсан. Тэгээд гэрлүүгээ орж шүүгээнд байсан дунд гарын мөнгөн аяга 2ш, мөнгөн бөгж 1ш, мөнгөн бугуйвч 1ш байхгүй байсан тул надруу утсаар хэлсэн. Мөнгөн бөгж хар тольтой дотроо төрийн сүлдтэй, мөнгөн бугуйвч  нь содон шинж тэмдэг байхгүй цулгай мөнгө байгаа, мөнгөн аяганы  нэг нь ёроолдоо доороо хээтэй цэнхэр шигтгээтэй, нөгөө мөнгөн аяга нь голдоо хүрэн тагштай цулгай мөнгөн аяга байгаа.....Надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол  санал байхгүй, шүүх хуралд суухгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 88/

Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим хөдөө гэртээ байхад манай эхнэр Э утсаар яриад манай хаваржааны байшингийн хаалга, цонх нь онгорхой байна гэж байна, хулгай орчихсон юм шиг байна гэхээр нь хаваржааны байшин дээрээ ирсэн таамбарын хаалганы цоожийг юмаар цохиод, цонхыг юмаар хөшөөд онгойлгосон байсан, гэр рүүгээ ороод шүүгээн дотор байсан мөнгөн аяга, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч байсан алга болсон байсан хаалга үүд, цонхоо янзалсан. Намайг очиход байшингийн зүүн талд машины мөр, гутлын мөр байсан, дунд гарын мөнгөн аяганууд байсан, 1 мөнгөн аяга нь улаараа хүрэн тагштай, улан дороо хээтэй мөн ногоон өнгийн шигтгээтэй 2008 онд Д аймгийн намын хорооны ломбарднаас 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. 1 мөнгөн аяга нь нөгөө мөнгөн аягаа бодвол арай жижигхэн 2015 онд сумын сайн малчин болоход манай хамаатангууд нь бэлгэнд өгч байсан 200.000 төгрөгөөр үнэлж байна, содон тэмдэг байхгүй шинээрээ аяга байсан хээ янз бүрийн шигтгээ байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 01 сарын 17-ны өдөр байх цасны маргааш нь Н өөрийнхөө Т.Королла маркын тээврийн хэрэгсэлтэй  ганцаараа ирсэн ба үдээс хойш байх ирж том дундаа хүрэн тагштай  мөнгөн аяга авчирч  өгсөн ба энэ юун мөнгөн аяга  юм бэ гээд Н-с асуусан Монгол тамхи со дэлгүүрийн манаач хүнээс 80,000 төгрөгөөр  авлаа гэж авчирч  өгсөн ба орой нь өөрийнхөө автомашинтай Сайншанд руу явсан. Өөр эд зүйл авчирч өгөөгүй ганцхан мөнгөн аяга авчирсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тоёото королла маркийн машиныг 2017 оны 07 дугаар сард Эрдэнэ сумаас Д гэдэг хүнээс сонота-2 маркийн машинаар сольж  авсан ба анх авахад хөдөлдөггүй байсан юм. 8 сард намайг төрөөд эмнэлгээс  гарахад  машинаа асаачихсан очиж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

Гэрч Г.Н “... би гэрийнхээ  гадаа хөрзөн янзалж байхад  Н-н хаваржаа чиглээд хойноос жижиг суудлын хар бараан өнгийн автомашин  явж байсан ба хөрзөнгөө  янзалж дуусчихаад  гэр рүүгээ шуудай авах гээд алхаж  байхад нөгөө хар бараан өнгийн автомашин эргээд хойшоо явж байсан “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 28-29/

А ХХК-ний 2018 оны 01 сарын 25-ны өдрийн “Мөнгөн бугуйвч 1ш, 130,000 төгрөг, хуучин цагийн, мөнгөн бөгж 1ш, 70,000 төгрөг, шинэ цагийн, дунд гарын мөнгөн аяга 2ш, 240,000 төгрөг” гэсэн 762 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/

Шүүгдэгч Ө.Н-с 1 ширхэг мөнгөн аяга  хураан авсан тэмдэглэл /хх-ийн 44/

Хохирогч Б.Э-д 1 ширхэг мөнгөн аяга хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46/

Шүүгдэгч Ө.Н нь урьд ял шийтгэлтэй гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 59/

Тоёото королла тээврийн хэрэгслийн  өмчлөгч нь Т.О гэсэн лавлагаа /хх-ийн 77/

Прокурорын 2018 оны 05 сарын 07-ны өдрийн “Тоёота корола маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэх “ тухай 5/13 тоот тогтоол /хх-ийн 122-123/

Прокурорын 2018 оны 07 сарын 16-ны өдрийн  “  яллагдагчид Ө.Н-т холбогдох  мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж” зэргийг хулгайлсан  үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай 5/06 дугаар тогтоол /хх-ийн 166/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд Д аймгийн Ө сумын 1 дүгээр багт нутаглах иргэн О.Н-н хаваржааны байшингийн цонхоор нэвтрэн орж  2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан үйл баримт болсон байна.

О.Н-н хаваржаанд байгаа байшин нь хүн байнга амьдрах орон байр болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Э, О.Н нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Н-н хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Э-н /хх-ийн 14, 88/, гэрч О.Н-н  /хх-ийн 15/, гэрч О.А-н /хх-ийн 24/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, шүүгдэгч Ө.Н-с 1 ширхэг мөнгөн аяга  хураан авсан тэмдэглэл /хх-ийн 44/, хохирогч Б.Э-д 1 ширхэг мөнгөн аяга хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46/, прокурорын 2018 оны 07 сарын 16-ны өдрийн  “  яллагдагчид Ө.Н-т холбогдох  мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж” зэргийг хулгайлсан  үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай 5/06 дугаар тогтоол /хх-ийн 166/ зээрг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ө.Н-н үйлдлийг прокуророос зүйлчилж, ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол  санал байхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 88/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Түүнчлэн хэрэгт битүүмжлэгдсэн байгаа тээврийн хэрэгсэл нь хх-ийн 77 дугаар хуудсанд Т.О-н эзэмшлийнх гэсэн лавлагаа байгаа боловч шүүгдэгч нь уг тээврийн хэрэгслийг 2017 оны 07 дугаар сард худалдан авсан болох нь шүүгдэгч болон гэрч О.М нарын мэдүүлгээр хэрэгт тогтоогдож байгаа тул прокурорын 2018 оны 05 сарын 07-ны өдрийн “Тоёота корола маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” 5/13 тоот тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгох зүйтэй байна. Мөн шүүгдэгч нь уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт үйлдэхдээ зориулж ашиглаагүй, Сайншанд сумаас гарч явах замдаа нь иргэн О.Н-н хаваржааны байшингаас хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт тогтоогдож байна. Иймээс тухайн тээврийн хэрэгслийг хураах үндэслэлгүй байхгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.3-т заасныг журамлан  хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Ө.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө.Н-г  1 /нэг / жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгч Ө.Н-т оногдуулсан 1 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ө.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар прокурорын 2018 оны 05 сарын 07-ны өдрийн “Тоёота корола маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” 5/13 тоот тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               А.Ц