| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0085/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Г.М
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т аймгийн Б сумын харъяат, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б.А-д холбогдох эрүүгийн 1820001640082 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 06 сарын 30-ны өдөр Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ иргэн Н.М-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэр өдөр архи уусан байхдаа эхнэртэйгээ муудаж, нүүрэнд нь хэд, хэдэн удаа цохиж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Дахиж ийм асуудал гаргахгүй, улсын яллагчийн санал болгож байгаа 460,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 06 сарын 30-ны өдөр 22 цагийн үед ажлаасаа гэртээ очтол А архи уучихсан байсан. Би түргэн зантай болохоор уурлаад архи уусан байна гэж загнасан, эхлээд уучлалт гуйгаад байснаа гаднаас ээж, дүү 2 нь гэрт ороод ирсэн ба А гэнэт уурлаад босоод ирсэн. Тэгээд намайг цохих гээд байсан. Дүү П нь дундуур орж холдуулаад байсан.Тэгээд хүүхдээ авах гээд тонгойтол А гараараа миний нүд рүү 1 удаа цохисон. Энэ үед А-г ээж, дүү 2 нь хориод А-г гэрээс гаргасан. Гэрийн цонх онгорхой байсан ба түүгээр орж ирээд над руу уурлан дайрч олон удаа толгой руу цохьсон. Удаагүй цагдаа ирээд А-г авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/
Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 06 сарын 30-нд 22 цаг өнгөрч А-нд очиход эхнэр М-тай гэртээ хэрэлдээд сууж байсан. Би хэрэлдэх юм болоогүй байхад дандаа хэрэлдэж байх юм гээд П-н хүүхэд уйлаад байхаар нь саатуулах санаатай гэрээс нь аваад гарсан. Удалгүй аллаа гээд М хашгирахаар нь ороод очтол А М-н нүд рүү цохьсон гээд байж байхаар нь А-г гаргасан “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ахынд очиход ах А жаахан согтуу байсан ба эхнэртэйгээ гал тогтоондоо хэрэлдээд сууж байсан. Би гадаа гараад ээж, охин 2-ыг харах гэтэл М эгч орилоод П гичий минь ахыгаа аваачээ гээд орилсон. Би буцаад ортол ах чинь намайг алгадлаа гээд хамраас нь цус гарчихсан зогсож байсан. Тэгээд ээж, бид 2 ахыг аваад гадаа гарсан. Бэр эгч зайл гэж хөөгөөд гэрээ дотроос нь цоожилчихсон чинь ах уурлаад том өрөөнийхөө онгорхой цонхоор ороод бэр эгчийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохьчихсон. Миний мэдэхээр ингэж их уурлаж байгааг нь урьд нь хараагүй. Архи уулаа, хүүхэд харсангүй гэж хэрүүл хийж эхэлсэн юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн /
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н 2018 оны 07 сарын 02-ны өдрийн “ 1. Н.М-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний доор буланд цус хуралт, зүүн шууны дотор дунд талд, зүүн шууны гадна доод талд, зүүн бугуйд цус хуралт, баруун шууны дотор талд, баруун бугуйд цус хуралт, хуйхаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэсэн 04/118 тоот дүгнэлт /хх-ийн 20/
Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/
Хохирогч Н.М-н эрсдлийн түвшин дунд зэрэг гэсэн аюулын зэргийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 40-41/
Хохирогч Н.М-н шүүхэд гаргасан “ 2018 оны 08 сарын 02-ны өдөр шүүх хурал болохыг мэдлээ. М миний бие нь хуралд оролцохгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2018 оны 06 сарын 30-ны орой 22 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг өөрийн оршин суух гэртээ эхнэр Н.М-г "архи уулаа“ гэж хэлсэний улмаас маргалдаж, таарамжгүй байдал бий болгож, улмаар түүний нүүр, толгой хэсэгт цохисоны улмаас хохирогч Н.М-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний доор буланд цус хуралт, зүүн шууны дотор дунд талд, зүүн шууны гадна доод талд, зүүн бугуйд цус хуралт, баруун шууны дотор талд, баруун бугуйд цус хуралт, хуйхаар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан хохирогч Н.М, гэрч Б.П, Ч.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 04/118 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.А-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо шүүхэд бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуу мянга / төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.А нь 700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.Ц