| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2021/02354/И |
| Дугаар | 210/МА2022/01274 |
| Огноо | 2022-07-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2022/01274
“КВД” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/00349 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “КВД” ХХК-ийн хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60,468.18 ам.доллар буюу 172,304,684 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, Л.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “КВД” ХХК 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “М” ХХК-тай 03/21 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих Улаанбаатар хотын бага дунд сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн төслийн барилгын цонх, хаалга, металл сетка, усны хаялага, шилэн самбар зэрэг уг барилгуудад шаардах материал, бүрдэл хэсгийг бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу ажлын үр дүнг хүлээж авах талаар хариуцагчид мэдэгдэхэд угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгүүлэх санал тавьж 14/63, 11/55, 20/07 тоот гэрээнүүдийг байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээнд заасан ажил захиалагч талын барилгын бүтэц, угсралт, суурилуултад бэлэн болоогүй, санхүүжилтээ хугацаанд нь хийгээгүй зэргээс шалтгаалан удаашралтай явагдаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. 2 талын нягтлан бодогч нар гэрээнүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, захиалга өөрчлөгдсөн, нэмэгдсэн болон хасагдсан ажлуудын талаар эцсийн байдлаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлсэн. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дээрх гэрээнүүдэд заасны дагуу баталгаат хугацаа дууссаны дараа авах барьцаа төлбөр нийт 29,664.41 ам.доллар, барьцаа төлбөр орохгүйгээр захиалагч талаас төлбөл зохих төлбөр 78,915.25 ам.долларын үлдэгдэлтэй гарсан. Гэрээт ажлыг 2021 оны 02 сард Улсын комиссод хүлээлгэн өгч, албан ёсоор эзэмшигч байгууллагад шилжүүлээд дууссан. Самбарыг санхүүгийн тайлан тооцондоо нийлж, санхүүгийн тамга, тэмдгээ дарж Татварын албанд баталгаажуулан өгсөн. Тооцоо нийлсний дараа “М” ХХК-аас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж албан бичгээр мэдэгдсэн. “М” ХХК-д үлдэгдэл төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулсан тохиолдолд өмнө нь нэхэмжилж байсан алдангиас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн талаар мэдэгдсээр байтал 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17,546.88 ам.доллар, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 7,018.76 ам.доллар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15,792.19 ам.доллар, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 17,546.88 ам.доллар, нийт 57,904.71 ам.доллар төлсөн. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 21,010.55 ам.доллар төлөгдөөгүй байна. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан валютын ханш 2,849.51 төгрөгөөр тооцон ам.долларт хөрвүүлэн тооцсон. Нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар талуудын байгуулсан гэрээний дагуу алдангийг тооцоход 50 хувиас хэтэрч байсан тул хуульд нийцүүлэн 03/21 тоот гэрээний алданги 31,619.63 ам.доллар, 20/07 тоот гэрээний алданги 7,838 ам.доллар, нийт 39,457.63 ам.доллар болсон. Иймд “М” ХХК-аас 03/21 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 12,353.31 ам.доллар, 20/07 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 8,657.24 ам.доллар, нийт 21,010.55 ам.доллар, хоёр гэрээний дагуу тооцсон алданги 39,457.63 ам.доллар, нийт 60,468.18 ам.доллар буюу 172,304,684 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус компани нь Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа энгийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамтдаа суралцах зориулалттай, газар хөдлөлтөд тэсвэртэй, гамшгийн үед ашиглах болон хорогдох байрны зориулалттай жишиг сургуулиудыг барьж ашиглалтад оруулсан. Ажлыг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас төслийг хүлээлгэж өгөх хугацааг сунгаж 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. “КВД” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/21 тоот материал нийлүүлэх гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11/55 тоот угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14/63 тоот угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20/07 тоот угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ, нийт 655,315 ам.долларын дүнтэй гэрээг байгуулсан. Гэрээний явцад хариуцагч нь 2018 онд 327,600 ам.доллар, 2019 онд 96,144.58 ам.доллар, 2020 онд 170,279 ам.доллар, 2021 онд 57,904.7 ам.доллар, нийтдээ 651,928.27 ам.доллар төлсөн. “КВД” ХХК-аас үндэслэлгүйгээр гэрээний төлбөр болон алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 29,664.41 ам.доллар нь 2 жилийн баталгаат хугацааны барьцааны төлбөр бөгөөд 7,287.6 ам.долларын үнэлгээтэй ажлын зураг хийж гүйцэтгэх гэрээний үүргээ “КВД” ХХК биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрөөс хасуулна. 15,064.16 ам.долларыг төлөх үндэслэлгүй. Энэ дүн нь сургуулийн барилгад нийлүүлэхээр гэрээ хийгдсэн боловч нийлүүлэлт хийгдээгүй шилэн самбарын үнэ юм. Шилэн самбар нь төслийн шаардлагын дагуу техникийн үзүүлэлт хангасныг нотлох холбогдох бүх бичиг баримт, зураг загвараа төслийн зөвлөх компанид өгч батлуулсны дараа нийлүүлэгдэх ёстой байсан боловч “КВД” ХХК уг шаардлагыг биелүүлээгүй. Ерөнхий гүйцэтгэгч Япон Улсын компани өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өөр бэлтгэн нийлүүлэгч сонгосон. Тухайн үед энэ талаар “КВД” ХХК-ийн захиралд утсаар мэдэгдэхэд “манай тал нэгэнт үйлдвэрлэсэн тул танайх авах ёстой, бид зөвлөх компаниар чинь загвараа батлуулсан, авахгүй бол бүх ажлаа зогсооно” гэх мэтээр хэлж 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 75 дугаар сургуулийн талбай дээр авч ирж тавьсан байсан ба уг самбар нь дагалдах бичиг баримт буюу техникийн үзүүлэлтийг баталсан бичиг, лабораторийн дүгнэлт, үйлдвэрийн сертификат огт байхгүй, зориулалтын хайрцаг савлагаагүй, бөөнд нь давхарласан байдалтай орхисныг албан ёсоор хүлээн аваагүй ба өнөөдрийг хүртэл огт ашиглаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт стандарт шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч лабораторийн бичиггүй гэх үндэслэлээр дүгнэлт гаргах боломжгүй хариу өгсөн. Иймд төслийн барилгад нийлүүлэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй, техник үзүүлэлтийн дагуу үйлдвэрлээгүй, чанарын баталгаагүй, сургуулийн орчинд хэрэглэх аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын баглаа боодол, хайрцаг савалгаагүй шилэн самбарын төлбөр төлөх үүргээс татгалзаж байна. Гэрээний дагуу хийгдвэл зохих ажлын нийлбэр дүнгээс нийт төлсөн дүн, хасуулах дүн, хүлээн зөвшөөрөхгүй дүн зэргийг хасч тооцоход баталгаат хугацааны барьцаа төлбөрийн хэсэгт хамаарах 28,023.3 ам.долларын өглөг үлдэж байна. Хүү, алданги тооцох үндэслэлгүй тул алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас 31,515.825 ам доллар буюу 89,804,658 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “КВД” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,952.355 ам доллар буюу 82,500,026 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “М” ХХК-аас 606,979 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “КВД” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,019,473 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
4.1. Шүүх “.... Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ... хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 39,457.63 ам долларын алдангийн 50% болох 10,505.275 ам.долларыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Шүүхийн уг дүгнэлтийн “39,457.63 ам.долларын 50%” гэдгийг техникийн алдаа бөгөөд үлдэгдэл төлбөр 21,010.57 ам.долларын 50% гэж ойлгож байна. Алдангийг төлбөр төлөх хугацаа хэтэрсэн үеэс тооцох ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч “М” ХХК-д хүргүүлсэн албан бичигтээ тодорхой хугацаа тогтоож, уг хугацааны дотор төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд алданги тооцохгүй талаар урьдчилан сануулж байсан боловч хариуцагч заасан хугацаанд төлөөгүй. Иймд гэрээний 3.3-т заасны дагуу алдангийг төлбөрийг төлбөл зохих хугацаанаас хойш тооцсон бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 17,546.88 ам.доллар 147хоног*2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 7,018.76 ам.доллар 173 хоног хугацаа хэтрүүлсэн, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 15,792.19 ам.доллар 182 хоног хугацаа хэтрүүлсэн, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 17,546,88 ам.доллар 185 хоног нийт 57,904.71 ам.доллар төлсөн талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргасан.
4.2. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “М” ХХК-ийн “КВД” ХХК-д төлбөл зохих төлбөр буюу гүйцэтгээгүй үүрэг 78,915.26 ам.доллар байсан бөгөөд гэрээнд заасны дагуу төлбөр төлөх хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байсан. Гэрээний 3.3-т заасны дагуу “М” ХХК-аас төлбөр төлөгдөх хүртэл хугацааны алдангийг үнэн зөв тооцож гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хариуцагч тал гэрээнд заасны дагуу төлбөр төлөх хугацааг 212 хоногоор хэтрүүлсэн бөгөөд ажил хүлээлгэн өгснөөс хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 147 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийж эхэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
5.1. Төслийг 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас төслийг хүлээлгэж өгөх хугацааг сунгаж 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг төсөл дээр “КВД” ХХК-тай Налайх дүүргийн 109-р сургуулийн өргөтгөл, Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн өргөтгөл, Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 149-р сургуулийн барилга, Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн барилгын цонх, хаалга, металл сетка, усны хаялага, шилэн самбар зэрэг материалыг бэлтгэх, нийлүүлэх, мөн угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг тус тус байгуулсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/21 тоот материал шйлүүлэх гэрээ /гэрээний дүн 546,000 /, 2019 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 11/55 тоот угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /гэрээний дүн 54,249 ам.доллар/, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14/63 тоот угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ /гэрээний дүн 15,880 ам.доллар/, 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 20/07 тоот угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ /гэрээний дүн 39,186 ам.доллар/, нийт 655,315 ам.долларын дүнтэй гэрээ байгуулсан. Хариуцагч нь 2018 онд 327,600 ам.доллар, 2019 онд 96,144.58 ам.доллар, 2020 онд 170,279 ам.доллар, 2021 онд 57,904.7 ам.доллар, нийт 651,928.27 ам.доллар төлсөн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний төлбөрийг төлөх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “тооцоо нийлсэн акт”-ыг нотлох баримтаар үнэлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л-ийн и-мэйл хаягт үзлэг хийсэн баримт болон и-мэйлээр харилцаж тооцоо нийлж акт үйлдсэн гэх тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд и-мэйлээр тооцоо нийлэх биш гэрээгээ дүгнэж, нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй бүртгэл, данс тооцоо зэргийг тулгасны эцэст акт үйлдэж тооцоо нийлнэ. Нэхэмжлэгч тал өөрсдөө тооцоолол гаргаад түүнийгээ и-мэйлээр явуулж гарын үсэг зуруулсан нь ямар ч эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх эргэлзээ бүхий нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн.
5.2. “КВД” ХХК гэрээнд заасан хугацаанд стандарт шаардлагад нийцсэн шилэн самбарыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Шүүх ямар нотлох баримтыг үндэслэж шилэн самбарыг хугацаандаа нийлүүлсэн гэж үзэж байгаа талаар дурьдаагүй. “М” ХХК шилэн самбарыг албан ёсоор хүлээж аваагүй талаар маргасан үйл баримт дээр хуулийн дагуу үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч талаас өгсөн хэн, хэзээ үйлдсэн нь нь тодорхойгүй “Зарлага”-ын баримтыг үндэслэн “М” ХХК-аас шилэн самбарын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
5.3. Шүүх хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзал болон нотлох баримтуудад хууль зүйн талаас нь хэрхэн үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй. Дан ганц нэхэмжлэгч талын гаргасан эргэлзээ бүхий хоёр баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Нийт 651,928.27 ам.долларыг “КВД” ХХК-д өгсөн гэдэгт талууд ямар нэгэн байдлаар маргаагүй. Ажлын нийт үнэлгээ 47,288.25 ам.доллараар нэмэгдэж, нийт ажлын дүн 702,603.25 ам.доллар болсон. Гэрээнд заасны дагуу “КВД” ХХК нь барьцаа хөрөнгө болох 29,664.41 ам.долларыг нэхэмжлээгүй. Уг гэрээнд заасны дагуу 5 хувь байгаа бөгөөд 702,603.25 ам.долларыг “М” ХХК нь хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч талаас нотлох баримтыг буруу үнэлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж шүүхийг буруутгадаг. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв дүгнэсэн. Учир нь тухайн үед дэлхий нийт ковид-19 цар тахлын өвчний улмаас аж ахуй нэгж байгууллагууд тодорхой хэмжээ хязгаарын дотор хоорондоо харилцах боломжгүй байсан. Иймд аж ахуйн нэгж байгууллагууд мэйлээр харилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдэж байсан. Уг тооцоо нийлсэн акт нь “М” ХХК-иас , “КВД” ХХК-д ирүүлсэн хэрэгт авагдсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/28 тоот албан бичиг байна. Үүнд: шилэн самбар, зураг хийж гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх мэтчилэн уг асуудлуудад маргаангүй гэх нь тогтоогдсон. ... 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах боломж олгож, мөн энэ хугацаанд алданги тооцохгүй байхыг хүсэж байна гэж хэлсэн. Энэ хугацаанд “КВД” ХХК-иас, “М” ХХК-д хүргүүлж байсан, мөн захирлын гарын үсэгтэй 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тооцсон алданги тооцсон холбогдох албан бичгүүд хэрэгт авагдсан. Иймд тооцоо нийлсэн акт болон шилэн самбар хүлээлгэж өгсөн зарлагын баримтад мөн “М” ХХК”-ийн инженерүүд хүлээн авч гарын үсэг зурсан. Эдгээр албан бичгүүдээс үзэхэд ямар нэгэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэх нь илэрхийлэгдсэн. Шилэн самбар, зураг төслийн асуудлыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн төлбөрөө төлөхөө больж, хугацаа хожих замаар асуудалд хандсан. Гэрээний дүн, хийсэн ажилд маргаан үүсээгүй. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх асуудалд алдаа гаргаагүй гэв.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талаас ямарч үндэслэлгүйгээр алданги нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч “КВД” ХХК-ийн 03/21 тоот ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 12,353.31 ам.доллар, 20/07 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 8,657.24 ам.доллар, уг 2 гэрээний алданги 39,457.63 ам.доллар, нийт 60,468.18 ам.доллар буюу 172,304,684 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч “М” ХХК эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд Улаанбаатар хотын бага дунд сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 7-р хорооны сургууль, Баянзүрх дүүргийн 53-р сургууль, Налайх дүүргийн 109-р сургууль, Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн барилгын цонх, хаалга, цонхны усны хаялга, шилэн самбар, агааржуулалтын хаалт зэргийг стандартын дагуу үйлдвэрлэх, тээвэрлэж суурилуулах, захиалагч ажлыг хүлээн авч төлбөр төлөх тухай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/21 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 11/55 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14/63 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20/07 дугаар гэрээг тус тус байгуулсан байна. Дээрх гэрээнүүдийн нийт ажлын хөлс 655,315 ам.доллар байхаар тохиролцсон байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон ажлын хөлсний хэмжээнд маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан аил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. /хх5-21/
3. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх нь талуудын маргааны зүйл болж байна.
4. Анхан шатны шүүх хэргийн 22-23, 155-162 дугаар талд авагдсан “КВД” ХХК, “М” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч нарын АГГ-03/21, 14/63, 11/55, 20/07 тоот гэрээнүүдийн төлбөрийн талаар цахимаар тооцоо нийлж баталгаажуулсан баримт, талуудын хүсэлтээр уг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, төлбөр төлөх талаар харилцаж байсан албан бичиг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ.
4.1. “КВД” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр АГГ-03/21, 14/63, 11/55, 20/07 тоот гэрээний нийт гүйцэтгэл 594,023.58 ам.доллар, барьцаа 5 хувь 29,664.41 ам.доллар, үлдэгдэл төлбөр 78,915.26 ам.доллар” болохыг баталгаажуулсан баримт үйлдэж, [email protected] хаягаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “М” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч [email protected] хаяг руу илгээснийг хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “сайн байна уу, тооцоо нийлсэн актыг баталгаажуулж илгээлээ, тооцооны төлбөрийг цагаан сараас нааш хийх боломжгүй байна, уучлаарай, баярлалаа” гэж хариу и-мэйл бичсэн байна. /хх158-165/
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын дээрх цахимаар илгээсэн баримтад шүүхийн журмаар үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үзлэгийн тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болно. Тухайн цаг хугацаанд дэлхий нийтэд ковид цар тахлын нөхцөл байдалтай байсан, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд зохигчид ажлын хөлсний үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
4.3. Түүнчлэн зохигчид ажлын хөлсний үлдэгдлийг төлөх талаар албан бичгээр харилцаж байсан баримт хэрэгт авагдсан. Тодруулбал хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “... бидэнд тулгараад байгаа нөхцөл байдлаас шалтгаалан манай компанийн төлбөрийн чадварт хүндрэл үүсч танай компанийн төлбөрийн үлдэгдэл тооцоог барагдуулж чадахгүй байгаад хүлцэл өчиж байна” гэх, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “... танай үлдэгдэл төлбөрийг 2021.07.01-ний дотор барагдуулах боломж олгон, алданги тооцохгүй байхыг хүсч байна” гэх, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “... 2021.07.01-ний дотор төлөх үлдэгдэл төлбөрийн дүнд оруулж нэхэмжилж байгаа шилэн самбар болон модон хаалганы төлбөр /шилэн самбар 15064,86 ам.доллар, модон хаалга 442 ам.доллар/-ийг зөвшилцөх хүртэл түр хасч тооцуулмаар байгаа тул бидний саналыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтүүдийг явуулж байжээ. /хх209-211/
4.4. Хариуцагч нь нэхэмжлэгчид тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш нийт 57,904 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Анхан шатны шүүх дээрх дүнг тооцоо нийлсэн актаар төлөх дүнгээс хасч 21,010.57 ам.доллар /78,915.26-57,904/, алдангид 10,505.275 ам.доллар гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв. /хх107-132/
4.5. Хариуцагчийн “... 29,664.41 ам.доллар нь 2 жилийн баталгаат хугацааны барьцааны төлбөр, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй 7,287.6 ам.долларын үнэлгээтэй ажлын зураг хийж гүйцэтгээгүй, 15,064.16 ам.долларын шилэн самбарыг нийлүүлээгүй, баталгаат хугацааны барьцааны төлбөрийн хэсэгт хамаарах 28,023.3 ам.долларын өглөг үлдсэн, барьцаа төлбөрт хүү алданги тооцохгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгчийн алдангийн талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих явцад дэлхий нийтэд ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоосон, хариуцагч талаас ажлын хөлсийг төлж байсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний төлөгдөөгүй дүн 21,010.55 ам.долларын 50 хувиар алдангийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
6. Хариуцагчийн “гэрээний зүйл болох шилэн самбарыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгчийн хэн, хэзээ, хаана үйлдсэн нь тодорхойгүй “Зарлага”-ын баримтыг үндэслэн шилэн самбарын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэргийн 100 дугаар талд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “3300*1500 мм 46 ш, 3300*2100 мм 11ш, 1200*1200 мм 4 ш шилэн самбарыг нэхэмжлэгч нь хариуцагч талд хүлээлгэн өгсөн зарлагын баримт байна. Үүнээс гадна хэрэгт авагдсан хариуцагч “М” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/50 дугаар албан бичигт “... танай талаас нэгэнт үйлдвэрлэсэн учраас хүлээж авах ёстой гэж үзэн барилгын талбай дээр авчирч буулгасан ...” гэж, мөн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт “.. танай үлдэгдэл төлбөрийг 2021.07.01-ний өдрийн дотор төлж барагдуулах боломж олгон алданги тооцохгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна” гэж дурдсан байгаагаас үзэхэд хариуцагч нь шилэн самбарыг хүлээн авч, төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан гэж үзэхээр байна. /хх209, 211/
7. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/21 дугаар ажил гүйцэтгэх ерөнхий гэрээгээр ажлын зургийг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул 7,287.6 ам.долларыг ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөөс хасуулна гэж тайлбарласан. Талуудын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 03/21 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 4.1-д “гүйцэтгэгч тал ажлыг төлөвлөсөн зураг төслийн дагуу стандартын шаардлагад нийцүүлэн захиалсан тоо хэмжээ загвараар нь чанарын өндөр түвшинд гэрээнд заасан хугацаанд нийлүүлж захиалагч талд хүлээлгэх өгөх”, 5.1-д “захиалагч тал өөрийн объектод хийлгэх цонх болон хаалганы хэмжээ загвар хийц, хэмжээ, материалын төрөл онцлог, өнгөний талаар үндсэн саналаа гаргаж, батлагдсан зураг төслөөр нарийвчилсан хэмжилт хийсний үндсэн дээр загвар ажлын зургийн дагуу загвараа баталж гэрээ байгуулах үндсэн нөхцлийг бүрдүүлнэ” гэж заажээ. Үүнээс үзэхэд гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгч нь ажлын зургийг гаргах үүрэг хүлээгээгүй, харин батлагдсан зураг төслийн дагуу ажлыг хийж гүйцэтгэх байжээ. /хх19-20/
8. Дээр дурьдсан үндэслэлээр зохигчдын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/00349 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 570,450 төгрөг, хариуцагч талаас төлсөн 607,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.МӨНХЗУЛ