Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн Ж сумын харъяат, эрэгтэй,  яс үндэс урианхай, тусгай дунд боловсролтой, танк эсэргүүцэх залуурт пуужингийн  оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1-р багт оршин суух, хувираа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Ө овогт Б.Ц холбогдох эрүүгийн 182.0001.48.0079 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Хил буюу  авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр иргэн Б.Ш, Б.П, Б.Н, Б.О нартай таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.Ш-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                          

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Манай дүү намайг зодлоо гэсэн, тэгээд л яахаараа хүүхэд зоддог юм бэ? гээд л маргаан үүсч, би Ш-н нүүр рүү алгаараа цохиход газарт унасан, дараа нь дахиад дэгээдээд газарт унагасан. Буруу үйлдэл хийсэн байна лээ, өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед тэр хүмүүс архи уусан байсан, бужигнасан юм л болсон.” гэсэн мэдүүлэг,

            Хохирогч Б.Ш  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 05 сарын 11-ний  өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд рүү орох гээд төрсөн эгч Б.Н, төрсөн дүү Б.О, найз Б.П нарын хамт  Хятадын хил дээр штамб  даруулах гээд  явж байтал урд 2 охин алхаж байгаад эргэж хараад  хоорондоо инээлдээд архичид, янхан гэх мэт зүйл ярьсан. Бид  нарыг хэлж байна гэж ойлгосон ба П гүйж очоод  С-н үснээс  нь зулгаачихаад  буцаад гүйгээд ирсэн. Би П-н таньдаг охин нь болоод л тэгж үснээс нь зулгааж тоглож байна гэж бодсон. Хоорондоо  хэрүүл хийгээгүй болохоор тэгж л бодсон. Тэгээд хятад дээр штамб даруулаад зогсож байхад Г.О нь өөрсдийг олуулаа явж байгаа шүү, Замын-Үүдийнх шүү гээд  байсан.  Бид нэр тоогоогүй, вагоноос хоцорчихно гэж бодоод яараад штамбаа даруулаад гарчихсан. Штамба даруулаад бид 4-ийг гарсаны дараа Г.О, С нар гарчихсан байсан ба бас бид 4-ийг архичин гээд  байсан. Тэгэхээр нь би уурлаад яагаад доромжлоод  байгаа юм бэ? гэтэл Г.О миний үснээс зуураад  авсан, би түлхсэн боловч дийлээгүй, тонгойчихсон, энэ үед С хажуунаас  миний нүүрлүү 1 удаа  өшиглөсөн. Миний хамраас цус гарсан. Тэгээд  хүмүүс  шаагилдаад салгасан. Хажуугаар ямар хүмүүс  байсныг  мэдэхгүй дандаа л явуулын хүмүүс байсан байх. Тэгээд Монголын хил дээр штамбаа даруулчихаад  машинаа хүлээж байсан чинь нэг махлаг эрэгтэй   хүн ирээд бид 4-ийн цүнхийг булааж  паспортоо өг гэсэн. Н, Б.О нараас паспортыг нь булаагаад авсан ба би өгөхгүй, яагаад хүний  хүний юманд хүчээр хүрдэг юм бэ, өөрөө юун хүн бэ гэж эсэргүүцсэн чинь өөдөөс дайраад миний нүүрлүү гараараа 1 удаа цохиод заамдаж аваад чирсэн, би өвдөг, тохойгоороо чирэгдсэн. Гар руу бас цохисон. Миний цүнхийг булаах гээд дайраад байсан. Б.Ц-г салгах гээд цүнхээ өгөхгүй П зууралдсан. Тэгээд цүнхээ  өгчихөөд  түр салаад байж байтал цагдаа ирээд бид 4-ийг аваад явсан. Хамар хөхөрсөн, баруун гар бугалга хэсэгтээ  хөхөрсөн, зүүн бөөрний  орчим бас хөхөрсөн, цээжин дээр маажсан, баруун өвдөг урагдсан байсан. Б.Ц-т хуулийн дагуу арга хэмжээ авахад л болно. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

            Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 12:00 цагийн үед БНХАУ-н Эрээн хотод найз Ш, Н, О нартай таараад хоолонд оронгоо нэг хүний 5-6 пиво уугаад Монгол улс руу явах машинд нэг хүний 50 юанаар суугаад Хятад улсын хил рүү орох замд явж байсан чинь урьд талд алхаад явж байсан 2 эмэгтэй 4 архичин хүүхнүүд гэсэн чинь О та 2 юү гээд байгаа юм бэ гээд хэрүүл өдөхөөр нь хар хувцастай таргандуу хүүхний үснээс нь гараараа татчихаад хажуугаар нь өнгөрөөд явсан тэгээд Хятадын штамбан дээр нөгөө 2 хүүхэн чинь та нарыг алнаа за юү штамбаа даруулчихаад гараад ир гэсэн, тэгээд би Ш-н араас гарсан чинь нөгөө хүүхэн Ш-г үсдээд доош нь дарчихсан байхаар нь очсон чинь олуулаа болчихсон зогсож байсан Ш-н хамраас нь цус гарчихсан байсан тэгээд хил рүү ороод цусаа угаагаад гараад ирсэн чинь машин ирээд явсан дараа нь Монголын Хил гараад гадаа зогсож байсан нөгөө 2 хүүхэн чинь нэг залуу дагуулж ирээд эд нар гээд заасан чинь нөгөө залуу та нар яахаараа манай дүүг зоддог юм бэ гээд Ш-с цүнхийг нь булааж аваад дараа нь Ш-н хамар луу нь гараараа цохиод цус гаргаад цамцыг нь урчихсан, нараагийн цүнхийг бас авсан байсан тэгээд машиндаа суусан чинь олуулаа машин тойрч зогсоод наад хүүхнүүдээ буулга гээд байсан. Тэгээд байж байсан чинь цагдаа хүрч ирээд бид 4-г шууд авч яваад эрүүлжүүлсэн . Бид нар БНХАУ-н Эрээн хотод 4-лээ 0,33 гр лаазтай харбин нэртэй пиво нэг хүн нь 6 лаазыг уусан байх. Нөгөө 2 хүүхний ах гээд залуу Ш-н үснээс бас миний үснээс зулгаагаад бид 2-г хооронд нь мөргөлдүүлээд газар унгаагаад чирээд байсан тэгээд хамран тус газар нь гараараа цохиж хамраас нь цус гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

            Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 13:30-15:00 цагийн үед Бүгд найрамдах Хятад улсын хил дээр би 2 эгч, бас эгчийн найз гэх Н, Ш, Д нарын хамт пиво уугаад явж байсан 2 хүүхэн бид нарын эргэж хараад муусайн архичид гэхээр нь би уурлаад та нар мэдрэл муутай юм уу хүн архи ууж болохгүй юм уу гээд уурласан чинь өөдөөс туранхай О гээд байгаа хүүхэн нь та нар дуугуй яваарай бид нар олуулаа, ах эгч нартайгаа хамт явж байгаа шүү, Замын-Үүдэд очоод та нарыг амьтан болгоно шүү гэхээр нь би хажуугаар нь гараад цаашаа гараад БНХАУ-н хил дээр оочир аваад зогсож байсан чинь хамт явсан 3 маань хүрээд ирсэн тэгээд бид нар хил гараад гадаа гарсан чинь манай эгч Ш, О гэдэг хүүхэнтэй үсдэлцээд зогсож байхаар нь салгах гэсэн чинь цаанаас баахан хүн хүрч ирээд манай эгч рүү бүгдээрээ дайраад манай эгчийг зодож хамраас нь цус гаргачихсан. Тэгээд цаашаа Монгол улсын хил дээр очоод штамбаа даруулаад би банкинд мөнгө тушаачихаад доошоо буугаад нөгөө 3 дээрээ очсон чинь гэнэт нэг ах гарч ирээд Ш эгчийг заамдаад газар унгаагаад үс болон үүрчихсэн байсан үүргэвчнээс нь бариад 10 гаран алхам газар чираа газар унчихсан байхад нь нүүрэн тус газар луу нь хөлөөрөө өшгөлөөд, нуруун тус газар бор бусад хэсэг рүү нь бараг 5 минут өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ш нь паспортаа өгөхгүй гээд орилоод болсон. Ах цагдаа дуудсан, иртэл нь паспортаа надад өгчих гэхэд Ш өгөхгүй гээд ахын өөдөөс сарвалзсан, энэ үед Ц ах нүүр лүү нь гараараа нэг түлхэх шиг болсон, Ш ахын өөдөөс нь цустай шүлсээр нулимсан, энэ үед ах Ш-г хавираад унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн “ 1 . Б.Ш-н биед баруун нүдний дээд, доод цус хуралт, баруун тохойд зулгаралт, цус хуралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы доод хэсэгт цус хуралт, баруун мөрөнд цус хуралт, хөхний дунд талд зулгаралт, баруун гуяны дотор доод талд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт, хэвлийн зүүн ар талд ташаа орчимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн буюу шинэ гэмтлүүд байна.

4. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 04/066 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49/

Шүүгдэгч Б.Ц нь урьд ял шийтгэлгүй гэсэн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/

Б.Ш нь 1,50 хувийн согтолттой эрүүлжүүлэгдсэн гэсэн эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-75/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 05 сарын 11-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр иргэн Б.П, Б.Н, Б.О, хохирогч Б.Ш нартай “ хүүхэд зодлоо “ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар хохирогч Б.Ш-н нүүрэн тус газарт цохиж, хөлөөрөө дэгээдэн газарт унаган түүний биед баруун нүдний дээд, доод цус хуралт, баруун тохойд зулгаралт, цус хуралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы доод хэсэгт цус хуралт, баруун мөрөнд цус хуралт, хөхний дунд талд зулгаралт, баруун гуяны дотор доод талд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт, хэвлийн зүүн ар талд ташаа орчимд цус хуралт бүхий гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц-н тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ш,  гэрч Б.П, Г.О, Б.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 04/066 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Ш нь энэ гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-т ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан торгуулийн ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байна.

Түүнчлэн уг гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч, гэрч нарын бусадтай харьцахдаа  зүй бус байдал гаргасан зан харьцааны байдал нөлөөлсөн байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Ө овогт Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ц-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 460,000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч  Б.Ц нь 460,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ            А.Ц