| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2013/00082/И/Т |
| Дугаар | 210/МА2022/01273 |
| Огноо | 2022-07-06 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2022/01273
| 2022 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2022/01273 |
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01373 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Н-ийн хариуцагч М.Ц д холбогдуулан гаргасан хамтран ажилласан болохыг тогтоолгож, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгаас 797,819,796 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, Т.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбулаг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Н нь дүү Д.Б-ийн хамт 1997-1998 онд Говь-Алтай аймагт хонь ямааны өлөн гэдэс авч Улаанбаатар хотын өлөн гэдэс боловсруулах цехэд тушааж амьдрал ахуйгаа залгуулан ажилладаг байсан. Хариуцагч М.Ц тухайн үед Говь-Алтай аймгийн захын дэлгүүрийн гадна талд хүний гурил зарж өгдөг худалдагчийн ажил эрхэлдэг байсан. 1998 онд М.Ц нь Д.Н-ийн хийж буй өлөн гэдэс авч борлуулдаг ажлыг хамтран хийх санал тавьсанаар тэдний хамтын ажиллагаа эхэлсэн. Анх хамтран 3,000,000 төгрөгийн өлөн гэдэс авч Улаанбаатар хотод авчран борлуулж олсон ашгаараа Говь-Алтай аймагт түүхий эд хүлээн авч хадгалах склад барьж ажлын байртай болсноор түүхий эдийн бизнес эрхлэх болсон. Улаанбаатар хотод байх газаргүй тул нэхэмжлэгчийн ах Д.А-ийнд түр амьдарч ажил хэргээ гүйцэлдүүлдэг байсан. Энэ үед М.Ц Говь-Алтай аймаг руу явж түүхий эд цуглуулан, хот руу ачуулах үүргийг хүлээж, Д.Н хот руу явуулсан арьс түүхий эдийн борлуулалтыг хийх, борлуулалт хийсэн мөнгийг буцааж шилжүүлэх, М.Цгийн ээжийг асрах зэрэг үүргийг хүлээж хоёр талд харилцан хамтран ажиллах болсон. Д.Н-ийн ах Д.А 2005 онд 9,500,000 төгрөгөөр байраа зарахад нь Д.Н мөнгийг нь авч хамтарсан бизнестээ хөрөнгө оруулж нэг жилийн хугацаанд бизнестээ ашиглан эргэлдүүлж байгаад буцаан өгч байсан. Нэхэмжлэгч нь М.Цтай хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээний дагуу 15 жил хамтарч ажилласан. Д.Н, М.Ц нар анх мөнгө багатай хүний машин гуйж, авсан түүхий эдээ дайж ачуулдаг байгаад бизнес өргөжин тэлж тусдаа их хэмжээгээр ачуулдаг болсон. Д.Н өөрийн үүргийг биелүүлж түүхий эдийг хотод зарж борлуулан, борлуулсан мөнгөө М.Ц руу шилжүүлж, Улаанбаатар хотод түүхий эдийн бизнес эрхэлж байгаа БНХАУ-ын иргэд болон Монгол иргэдээс мөнгө бэлнээр нь зээлэн авч М.Ц руу шилжүүлж хамтын ажиллагаа бизнесээ тасалдуулалгүй явуулсны үр дүнд тодорхой хөрөнгө, мөнгөний хуримтлал үүссэн. М.Ц нь Говь-Алтай аймагт түүхий эд авах, цуглуулах, хот руу ачуулж явуулах ажил, хамтын үйл ажиллагааны мөнгө санхүүгийн зарцуулалтыг хариуцдаг байсан. М.Ц мөнгө санхүүгийн зарцуулалтыг хариуцдаг байсан давуу байдлаа ашиглан, хамтарч бий болгосон эд хөрөнгө, мөнгө төгрөгийг дур мэдэн зарцуулж бүхнийг өөрийн нэр дээр болон ах дүү, хамаатан садан, үр хүүхэддээ шилжүүлэн өгч, Д.Нд ашиг орлогоос хувь хүртээлгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэлд дурьдсан 17 ширхэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н, М.Ц нарын хамтын үйл ажиллагааны дүнд бий болсон дундын хөрөнгө, мөнгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгч 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа М.Цгийн ах дүү, үр хүүхдэд холбогдох хөрөнгүүдийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хассан. М.Ц нь Д.Н-ийн сайхан сэтгэл, итгэлийг эвдэж хамтран ажиллаж байснаа үгүйсгэсэн, хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгийг дангаар эзэмшиж захиран зарцуулах болсон, мөн нэхэмжлэгч, түүний ах дүү хамаатан садан, үр хүүхдүүдийнх нь өмнө нэр төр алдар хүндийг гутаан доромжилж, гүтгэсэн, өөрийн хөлсний ажилтан байсан гэж эрээ цээргүй, ёс зүйгүй аашилж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэгүйдүүлсэн, нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулж танхайрсан, үүний улмаас хууль хяналтын байгууллагад гомдол гарган шалгуулж байсан зэргээс талууд цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байна. Талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгоор 15 жил хамтарч ажилласан. Хамтын үйл ажиллагааны дүнд 600,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний хуримтлал, .......... хаягт байрлах 27,47 м.кв 2 өрөө орон сууц, гражын хамт 55,000,000 төгрөг, .......... хаягт байрлах 39,4 м.кв 2 өрөө орон сууцыг гараашийн хамт 60,000,000 төгрөг, .......... 58 м.кв 2 өрөө орон сууц, автомашины зогсоолын хамтаар 120,000,000 төгрөгөөр, Ланд Крузер 105 маркийн .......... улсын дугаартай автомашин 70,000,000 төгрөгөөр, хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгоор, хамтын үйл ажиллагааны дүнд бий болсон бэлэн мөнгө болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нийт 905,000,000 төгрөгийн 50 хувь болох 452,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн нэхэмжлэгчийн ах Д.Аээс 207,643,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг хүсч хамтын бизнестээ хөрөнгө оруулалт хийлгэсэн ба уг мөнгийг 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 18 удаагийн мөнгөн шилжүүлгээр хариуцагч М.Цгийн “ХБ” ХХК-ийн .........., .......... тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар нотлогддог тул нэмж 207,643,000 төгрөг нэхэмжилсэн. Талууд 1998 оноос хойш түүхий эдийн бизнес хамтран эрхэлж, бизнесээ өргөтгөх зорилгоор 2003 онд М.Цгийн нэр дээр ХБанд данс нээж, нэхэмжлэгч нь эгч Д.А, ах Д.А нараас зээл авч хөрөнгө оруулалт хийж байсан нь нотлох баримтаас харагддаг. М.Цгийн ах М.С нь тухайн үед Л.Б гэх хүний гурил, сахар, будааг зардаг байсан ба дүү М.Цгийн итгэлийг авч Д.Н, М.Ц нарын дундын хөрөнгийг захиран зарцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд М.Сыг Д.Н, М.Ц нарын мөнгөөр худалдан авсан хөрөнгө болох Баяншанд баг ....... зах дотор үйлчилгээний зориулалтай 196 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2013 онд барьж 206,970,000 төгрөг оруулсан, М.С нь н.Т-ийн хамт 27,47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2005 оны 5 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлэн авсан ба 31,500,000 төгрөгөөр үнэлсэн, М.Сын өмчлөлд бүртгэлтэй ............. хаягт байрлах 96 м.кв талбайтай 3 өрөө агуулахыг 22,700,000 төгрөгөөр үнэлж, нийт 261,170,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. М.Ц нь Д.Н, М.Ц нарын хамтран ажиллах гэрээний дагуу хуримтлуулсан мөнгөнөөс ах М.Стаа захиран зарцуулах эрхийг олгож түүнийг үндэслэлгүй хөрөнгөжих боломжоор хангасан гэж үзэж байгаа тул тус үнийн дүнгийн 50 хувь болох 130,585,000 төгрөгийг М.Цгаас гаргуулна.
1999-2013 он хүртэл хугацаанд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг хамтран ажиллаж байсныг тогтоолгоно. М.Ц “2005 оноос Д.Н нь Улаанбаатарт миний ажилтнаар ажиллаж хий гэсэн ажлыг хийж гүйцэтгэдэг байсан” гэдэг. Үүнээс нэхэмжлэгч болон хариуцагч нар Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотод түүхий эдийн бизнес эрхэлж байсан гэх дүгнэлт гарна. Хэн аль нь ажил үүрэг гүйцэтгэж байсан нь нотлогдож байгаа. Талуудын хүсэлтээр асуугдсан гэрчүүд нэхэмжлэгч, хариуцагч нарыг хамтран ажиллаж байсан талаар тодорхойлсон. Мөн “ЭБСД” ХХК-ийн баталгаат тайлбар гаргах тухай албан тоотоор 2003-2006 онд тухайн хуулийн этгээдээс нэхэмжлэгч Д.Н-ийн бизнесийн үйл ажиллагаанд зориулж тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгч байсан баримт байдаг. Мөн МГ, ШТББСБ-аас авсан баримтаар нэхэмжлэгч нь БНХАУ-ын нэр бүхий иргэдэд тодорхой хэмжээний юанийг шилжүүлж байсан. Үүнээс нэхэмжлэгч, хариуцагч нар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулж хамтын үйл ажиллагааг эхлүүлсэн байгаа нь харагдана. Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулиар тодорхойлогддог, нийгмийн даатгал, татварын асуудал яригдана. Хариуцагчийн зүгээс өнөөдрийн байдлаар ажилтан гэдгийг нотолж чадаагүй. Хэрэв Д.Н нь ажилтан байсан бол ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс няцаагаагүй. Талуудын 2002-2013 оны хамтын үйл ажиллагааны үр ашгийн тооцоог нэхэмжлэгч нь санхүүгийн зохих мэдлэгтэй этгээдээр гаргуулахад 1,500,179,577 төгрөгийн тооцоог гаргасан. Үр ашгийн тооцоог гаргахдаа Үндэсний статистикийн газраас 2002-2013 оны хооронд Улаанбаатар болон Говь-Алтай аймгийн хоорондох түүхий эдийн ханш, Д.Н-ийн гар тооцооны дэвтрийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны шинжээчийн дүгнэлтээр Д.Н-ийн данснаас М.Цгийн данс руу тодорхой хэмжээний мөнгө шилжиж байсан нь тодорхой болсон. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Д” ХХК-ийн гаргасан тайланг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна гэсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4.3 дахь хэсэгт эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гарсан бол шинжилгээний объектын шаардлага хангасан гэж үздэг. 119 тоот дүгнэлт гаргахаас өмнө “Д” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн боловч шинжилгээний тайлан гэх нэршлээр шүүхэд ирүүлсэн. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд хамтын үйл ажиллагааны түүхий эдийн материалын хэмжээ нь таамаглан тооцоолсны дагуу явагдсан гэсэн. Таамаглан тооцоолох аргыг Шүүхийн шинжилгээний байгууллага хэрэглэдэггүй. Зөвхөн Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангасан шинжилгээний объект дээр дүгнэлт хийдэг талаар тайлбарласан. Мөнгө шилжүүлсэн, хүлээж авснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хамтран ажиллах, хамтын бизнесийн харилцаа байсныг нотолдог. Мөнгө нь нэхэмжлэгчээс хариуцагч руу буюу нэг л урсгалаар орсон байдаг. Харин хариуцагчаас нэхэмжлэгч рүү шилжүүлсэн мөнгөн урсгал байхгүй гэж шинжээч дүгнэлт гаргасан. Талууд хамтран ажилласан, ашиг олсон, түүний тооцоолол зэргийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн болон бусад компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргуулсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасаагүй. Хариуцагчийн зүгээс Д.Нгээс авсан нэг ч төгрөг байхгүй, Жуковт авсан байрыг Д.Н-ийн хүүхэд н.Э-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан. Бусад ажилтнуудад байрны урамшуулал өгдөг байсан гэдэг. Бусад ажилтнуудад байрны мөнгө, урамшуулал өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. Харин эсрэгээрээ Жуковт авсан байрыг Д.Н-ийн хүүхэд н.Э-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Хамтын бизнесийн үйл ажиллагаа хэнээс эхэлсэн нь чухал биш бөгөөд энэ бизнесийн үйл ажиллагаа хэдэн төгрөгийн ашиг олсон бөгөөд тухайн ашгаас хэн хэдэн төгрөгийг өөртөө захиран зарцуулсан нь чухал. Хариуцагч нь ажилтандаа олгож байсан цалин, хөлсийг ямар хэлбэрээр олгож байсан талаар нотлох үүрэгтэй. Ажилтан ажиллуулж байгаа бол заавал цалин хөлс өгөх үүрэгтэй, цалингүйгээр хүнийг ажиллуулна гэж байхгүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд цалин, хөлс олгож авч байсан талаар бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд хариуцагч М.Ц нь нэхэмжлэгчийг ажилтнаар ажиллуулж байсан гэсэн тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй, талууд түүхий эдийн бизнест хамтарч ажиллаж байсан гэж харагдаж байна. Талууд хамтран ажиллах гэрээ амаар байгуулсан учир тухайн үеийн Д.Н-ийн гаргаж өгсөн 19 тэрбум төгрөгийн орлого нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хамтран ажиллах гэрээнээс бий болсон дундын хөрөнгө гэж үзэж байна. Талууд бизнес эхлэхэд хэн хэдэн төгрөг гаргасан талаар тохиролцоогүй нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тодорхой болсон. Д.Н нь Улаанбаатар хотод бүх түүхий эдийг зарж борлуулдаг байсан. Бизнес нь мөнгө нийлүүлж бизнес эхлэхээс илүүтэй оролцооны хэлбэр байсныг харж болно. Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим буюу хариуцагчийн өөртөө худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүд хаанаас эх үүсвэртэй талаар асуухад хариуацгч “манай хадам аав 1000 малтай байсан, тэрийгээ зарсан” гэж хэлдэг. Гэвч 1999 оны үед 1000 малтай хүн байдаггүй байсан. 1000 малтай болно гэдэг 2000 оны дунд үеэс эхлэн боломжтой байсан. Зах зээлийн үед хэн ямар хэмжээний мал хувьчилж авч байсан талаар хүн бүхэн мэднэ. Иймд хариуцагчийн тайлбар худал байна. Үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэр нь хамтран ажиллах гэрээнээс үүссэн үр ашиг байсан нь тогтоогдож байна. Хариуцагч нь 5 ажилтантай байсан гэх боловч М.Цгаас ажилчид нь цалин хөлс хэрхэн авдаг талаар тодорхой хэлээгүй. Хамтран ажиллах гэрээнээс олсон дундын хөрөнгөөс хоёулаа эд хөрөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. Ажилтан гэх Д.Н нь хөрөнгө завшиж, мөнгө шамшигдуулсан гэж хэлсэн боловч ажлаас халаагүй байдаг. М.Цгийн гараар бичсэн “М.Ц, Д.Н нь хамтарч ажиллаж дундын асуудлаа шийдвэрлэнэ” гэх бичиг байдаг. Гэрч н.Д мэдүүлэхдээ “намайг түүхий эдээ авах гэж байхад манай талийгаач аавыг Д.Н сураглаад явж байсан. Тэгээд ааваар шороо татуулдаг байсан. Тэгэхэд би өрх тусгаарласан байсан. Манай аав Д.Нн аав Дарамзагдтай нэг газар ажилладаг байсан учир бие биенээ мэддэг байсан. Тэгээд Д.Нтэй уулзаад шороо татаж өглөө гэж ярьдаг байсан” гэсэн. Энэ нь Өгөөж захыг барьж эхлэх талаар хэлсэн. Гэтэл хариуцагч нь Өгөөж захыг барихад Д.Н оролцоогүй, Говь-Алтай аймагт ч байхгүй байсан гэж тайлбарладаг. Д.Н тухайн үед суурийн шороо татах асуудлаар н.Дгийн аавтай ярьж шороо татуулаад явж байсан. Д.Н-ийн гараар тэмдэглэсэн дэвтрийг шүүхэд эхээр нь гаргаж өгсөн. Үйл ажиллагааны үр ашгийн тооцооллыг хийхдээ шүүхэд гаргаж өгсөн 8 дэвтэр, М.Ц, Д.Н нарын дансны хуулга, шүүхээс бүрдүүлсэн Үндэсний статистикийн газрын мэдээлэл, гэрчийн мэдүүлгүүд зэргээр хамтатган гаргасан. Энэ тооцоолол дээр 2002 оноос эхлэн хэнээс хэдэн төгрөг зээлж авсан, Говь-Алтайгаас авсан түүхий эд, Улаанбаатарт зарсан түүхий эдийн үнэ, шилжүүлсэн мөнгө, хэдэн төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хэрхэн авсан талаар бичсэн байдаг. Эдгээр баримтаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой болсон. “Д” ХХК болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж байхад хариуцагчийн зүгээс түүхий эдийг авахад ямар хэмжээний хөрөнгийг хэрхэн гаргаж байсан талаар баримтаа гаргаж өгөх ёстой байсан. Шинжээч шүүх хуралдааны үед хавтаст хэрэгт авагдсан баримт, “Д” ХХК-д байгаа мэдээллийн баазад тулгуурлан хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартын дагуу тооцооллыг гаргасан талаар хэлсэн. Хариуцагч шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс болж тооцоолол зөв гарсан эсэх талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн боловч бодит баримтын хүрээнд үнэлгээг хийсэн. Иймд “Д” ХХК-ийн тайлан хууль зөрчөөгүй, хамтын ажиллагааны гэрээний үр дүнгээс 817,438,512 төгрөгийн ашиг олсон талаар тогтоосон нь хуульд нийцсэн. Иймд Д.Нг М.Цтай 1999 оноос 2013 оны 9 дүгээр сар хүртэл түүхий эдийн бизнес хамтран эрхэлж байсныг тогтоолгох, хамтран бизнес эрхэлж байх хугацаанд нийт 19,084,628,200.00 төгрөг олсон болохыг тогтоолгох, мөн хамтран ажиллаж байх хугацааны орлогоос 1,595,639,592.00 төгрөгийн ашиг олсныг тогтоолгож, нийт олсон ашгийн 50 хувь болох 797,819,796.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бодит байдал дээр Д.Нтэй хамтран ажиллаагүй. Харин Д.Н нь Н.Ц-ийн удирдлаганд ажилладаг ажилтан байсан. Д.Н Н.Ц-ийн бизнесийн арьс шир, ноос ноолуурыг борлуулах ажилд туслах ажилтнаар ажиллаж байсан. Говь-Алтай аймаг болон бусад хөдөө орон нутгаас хариуцагчийн цуглуулж, ялгаж, савлаж бэлтгэсэн арьс шир, ноос ноолуурыг ..... дэх түүний эзэмшлийн агуулахад хүрэлцэн ирэх үед тоо ширхэг, жин зэргийг хариуцагчийн өгсөн жагсаалтын дагуу тулган авах үүрэг хүлээдэг. Хариуцагчийн мөнгөөр ачигч хөлслөн ажиллуулдаг байсан. ..... дээр түүхий эд авч буй хүмүүстэй уулзаад тэдэнд түүхий эдийг үзүүлж үнийн саналыг нь аваад хариуцагчид мэдэгддэг байсан. Энэ үед хариуцагч түүхий эдийг цуглуулахад гарсан болон тээврийн зардал түүнчлэн бусад урсгал зардлаа тооцож байгаад зарах эсэхээ шийддэг. Хэрэв тухайн үед нь үнэ тохиролцвол ачиж ирсэн машинаас шууд борлуулалт хийгдэж худалдан авагч өөрийн тээврийн хэрэгсэлд ачин авч явдаг. Зарим тохиолдолд валютын ханш болон бусад нөхцөлөөс шалтгаалан алдагдал үүсэхээр байвал хариуцагчийн зааврын дагуу .....эд байрлах агуулахад буулгаад манаач харж үлддэг. Харин борлуулалт хийгдсэн тохиолдолд худалдан авагчаас шалтгаалан төлбөр нь зарим үед шууд хариуцагчийн данс руу, зарим үед Д.Н-ийн дансаар дамжин хариуцагчид ирдэг. Д.Н нь хариуцагчид ажиллаж байх хугацаанд түүний хөдөлмөрийг үнэлж санхүүгийн тусламжийг үзүүлсэн. Тухайлбал, 1999 онд Говь-Алтай аймагт байрлах өөрийн нэр дээрх 2 өрөө орон сууцаа бэлэглэсэн. 2004 онд 18,900,000 төгрөгөөр ..... маркийн автомашин авч өгсөн. 2007 онд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороололд 2 өрөө орон сууцыг тавилгын хамт 60,000,000 төгрөгөөр авч өгсөн. 2010 онд 19,500,000 төгрөгөөр Клюгер маркийн автомашин авч өгсөн. Д.Н-ийн том охин н.А-ийг ЭМШУИС-д 2,500,000 төгрөгийн хандив өгч оруулаад 4 жилийн сургалтын төлбөрт 3,200,000 төгрөг төлж, сургуулиа төгссөнийх нь дараа 4,500,000 төгрөгийн дэмжлэг өгч нийт 10,250,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Хүү Э нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 1,500,000 төгрөгийн хандив өгч оруулаад сургалтын төлбөрт 2,600,000 төгрөг өгсөн. 8,400,000 төгрөг өгч АНУ руу явуулж нийт 12,500,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Бага хүү А-ыг нь БНХАУ-ын Шанхай хотод хэлний бэлтгэлд оруулахад 2,500 ам.доллар өгч 2 жилийн сургалт, байр, хоолны төлбөрт 40,000,000 төгрөг, 1-р курсын төлбөрт 11,000,000 төгрөг, 2-р курсын төлбөрт 3,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. 2004-2013 оны 10 сар хүртэл авч өгсөн автомашиныхаа бензин, тос, сэлбэг зэрэгт 38,880,000 төгрөг өгсөн. 2003-2013 оны 10 дугаар сар хүртэл утасных нь төлбөрт 8,230,000 төгрөг өгсөн. Бэлэглэсэн байрныхаа сар бүрийн төлбөрт нийт 7,140,000 төгрөг өгсөн. Д.Н-ийн төрсөн ах А-ийн банкны зээлэнд 4,000,000 төгрөг 2001 онд өгсөн. Дүү Б-аас нь М.Цгийн бэлтгэсэн өлөн гэдсийг зарсан орлого болох 2,500,000 төгрөг, эгч Туяад нь өгсөн 1,150,000 төгрөгийг тус тус нэхээгүй. Д.Н, түүний 3 хүүхдийн хамт 4 ам бүл айлыг 15 жилийн турш өмсөх хувцас, идэх хоол зэрэг бүхий л хэрэгцээгээр нь тухай бүр хангаж байсан. 2009 онд заруулахаар явуулсан алтны мөнгө болох 125,376,500 төгрөгийг дээрэмдүүлсэн гэж өөртөө ашигласан. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаад дээрэмдүүлээгүйг нь тогтоосон ба Д.Н ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2010 онд ачуулсан түүхий эдийн борлуулалтын орлогоос 16,500,000 төгрөгийг зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө хувийн өрийг төлсөн. 2011 онд миний борлуулалтын орлогоос 500,000 төгрөгийг өөрийнхөө өрийг төлсөн гээд өгөөгүй. 2011 онд мөн борлуулалтын орлогоос 15,750,000 төгрөгийг Д гэдэг хүнд тавьсан өрөө төлсөн гээд авч ашигласан. 2012 онд мөн борлуулалтын орлогоос 1,180,000 төгрөгийг өөрийнхөө өрөнд өгсөн гээд авч ашигласан. 2013 оны 8 дугаар сард ..... дэх миний агуулахаас 280 кг ноолуурыг надад хэлэлгүйгээр хулгайлан авч зараад 19,500,000.00 төгрөгийг өөртөө авч ашигласан. 2013 оны 8 дугаар сард ..... дэх агуулахаас 3,407 кг тэмээний ноосыг надад хэлэлгүйгээр хулгайлан авч зараад 15,376,000.00 төгрөгийг өөртөө авч ашигласан. Эдгээрийг нэгтгэн тооцвол Д.Нд сайхан сэтгэлээр ажлын хөлс болгож өгсөн болон хулгайлж учруулсан хохирлын нийт дүн нь 446,352,500 төгрөг болж байна. 15 жилийн хугацаанд Д.Нг түүхий эд борлуулалтын ажилдаа туслах ажилтнаар ажиллуулж байхдаа үнэнч ажилтан гэж ойлгон, итгэж байсан. Тиймээс түүний хийсэн ажлын хөлснөөс хэд дахин их хэмжээний мөнгөн хөрөнгийг түүний ахуй амьдрал, ар гэр, үр хүүхдийнх нь төлөө зарцуулж байсан. Гэтэл Д.Н дээр дурьдсан алтны мөнгөнөөс хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хувьдаа ашиглаж итгэлийг эвдэж, ихээр гомдоосон. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. Д.Н хүний мөнгийг авч ашиглаад энэ нь шалгагдаад эхлэхээр зориуд үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бодит байдал дээр хамтран ажилласан талаар гэрээ хэлцэл огт байхгүй, энэ нь нотлогдохгүй гэдэгт итгэлтэй байна. Түүхий эд бол жилийн 4 улиралд эргэлддэг наймаа биш. Хаврын цагт малын арьс нимгэрээд чанар муудаад түүхий эд борлогддоггүй. Түүхий эд зогсдог бүх үед бүх хөрөнгө хариуцагчийн дансанд байршдаг. Н.Ц-ийн ах бүтэн сар газар хөөцөлдөөд хоосон газар авах зөвшөөрөл авч, Д.Н ааваараа дамжуулан трактор гуйгаад н.Ж гуайгаар ногоон шороо ачуулж байсан. Энэ нь Д.Н-ийн өмч гэсэн үг биш. Хариуцагчийг бизнес эрхэлж байхад 8 дэвтэр байгаагүй, 8 дэвтрийн бүх бичиг данстай нийлж байгаа. Уг дэвтрүүдийг сүүлд нөхөж хийсэн. Д.Н-ийн ганц барьдаг зүйл нь дансны хуулга. М.Ц нь Д.Нд 3 хүүхдийг нь хоолонд нь хүргэж өгнө гэж хэлсэн. Түүхий эд авах бүртээ Хятадуудаас мөнгө авдаггүй. Ноолуур гарах үед болон ямааны арьс авахад мөнгө авдаг. Хятадууд 50,000,000 төгрөгөөс дээш мөнгө өгдөггүй. Хариуцагч өөрийнхөө мөнгөөр түүхий эд худалдаж авдаг байсан. Хариуцагчийн нөхөр түүхий эдийн хажуугаар контейнер дүүрэн гурил будаа худалдан борлуулдаг байсан. Энэ бол хариуцагчийн хөрөнгө. 1993-2013 он хүртэл 20 жил бизнес хийсэн. Гэрчүүд ченж хийгээд 10 орчим жил болж байгаа бөгөөд хариуцагч болон түүний ахыг мэдэхгүй. Д.Н бүх ченжүүдийн машинд суулгаад тэгж хэлээд өг гэж хэлж байсан талаар ярьж байсан. н.А 2000 онд байраа зарсан. 1 дүгээр хороололд зарсан байр нь 3 хүний нэр дээр байсан. 9,500,000 төгрөгийг мөнгөгүй болоод гуйгаагүй, 3 сар эргэлдүүлээд буцаагаад өгсөн. 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдөр н.А-ийн данс руу 2,000,000 төгрөг явуулсан. 9,500,000 төгрөгийг 10 гаруй жил эргэлдүүлсэн зүйл байхгүй, ашиг олохоосоо илүүтэй алдагдалд орсон.
797,000,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч үндэслэл нь тодорхойгүй байна. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэхэмжилж байгаа гэж ойлгосон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Д.Нг М.Цгийн ажилтан биш гэдгийг нотлох зүйл биш. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсныг талуудын хооронд үүссэн асуудалтай холихгүй байхыг хүсэж байна. Хамтран ажил хийж байсныг нотолсон 12 хуудастай тооцооллыг нотлох баримтаар судлаагүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. 8 ширхэг дэвтэрийг сүүлд нь хийсэн баримт. Иймд 8 ширхэг дэвтэр болон 12 хуудастай тооцооллыг нотлох баримтаас хасах нь зүйтэй. 2000-2013 оны хооронд 21 аймгийн бүх сумдын мэдээлэл байгаа гэсэн боловч нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Статистикийн мэдээлэл бол өдөр тутамд цагаар гардаг мэдээлэл биш. Сар, хагас бүтэн жилээр гардаг. Энд итгэлцэл гэдэг зүйл байхгүй учраас ямар учраас байгуулагдсан хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан талаар нэхэмжлэгч хариулж чадаагүй. Нэхэмжлэлээ нотолж чадаагүй. Гүйлгээний орлого, зарлагын урсгалаар хөрөнгийн эх үүсвэрийг нотлоогүй. “Д” ХХК-ийн үнэлгээг шүүх үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Таамаглал тооцоо нь олон улсын ямар стандартад нийцсэнээр уг дүгнэлт гарч ирсэн талаар байхгүй байна. “Дабл аксеом” аудитын дүгнэлтийг Д.Н-ийн хүсэлтээр хийсэн. Д.Н-ийн хөрөнгийн асуудал оролцсон талаар нэг ч өгүүлбэр дүгнэлтэд байхгүй. Хэвлэж гаргасан зүйлсийг дэвтэр дээр гараар бичсэнийг нотлох баримт гэж үзэхгүй. 1000 хонь гэж дэндүү мушгиж ярьж байна. Нотлох баримаар юуг нотлох гэж байгаа нь тодорхойгүй бөгөөд таамаглал төдий байна. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин тохиролцоогүй учир байр машин авч өгч байгаа нь хамтран ажилласны үр шимээ өгч байгаа хэлбэр байна. Талуудын хооронд ямар харилцаа үүссэн бэ гэдэг нь асуудлын гол зүйл юм. Иргэний хувьд эдгээр хүмүүс гэрт нь очдог, гэр оронд нь тусалдаг байсан нь тусдаа асуудал. Дундын хөрөнгө, хуваарьт өмчийг хэрхэн тооцох талаар байхгүй, хэдэн төрөг гаргасан нь нотлогдоогүй учир 50 хувиар тооцно гэсэн. Бусад ажилтнуудад зээл өгдөг Д.Нд байр өгдөг учир хамтран ажилласан, мөн хэдэн төгрөг оруулсан нь чухал биш гэж байна. М.Цтай хамтарч ажилладаг бөгөөд Д.Н шиг үүрэг гүйцэтгэдэг 3 хүнийг гэрчээр асуулгахад нөхцөл байдлыг хэлсэн. Харин Д.Н-ийн асуулгасан 20 орчим хүн нь Д.Н-ийн ярьсан зүйлсийг тоть шиг давтсан. Д.Н-ийн хэдэн төгрөг оруулсан талаар мэдэхгүй. Тийм учраас эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нотлох баримтын эх сурвалж болохгүй. Д.Н-ийн ах оруулсан хөрөнгөө буцаагаад авсан гэж хэлсэн тул тус хөрөнгийн үр өгөөжийн асуудал байхгүй. Д.Нг үйл ажиллагаанд оролцсон талаар маргаагүй. Өмч шамшигдуулсан бол ямар учраас халаагүй талаар М.Ц тодорхой хариулт өгсөн. Эрүүгийн хэрэгт хоёулаа яваад яахав гээд хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд бичиг хийж өгсөн. Түүхий эд авсан эх үүсвэрээ хариуцагч биш нэхэмжлэгч нотлох ёстой. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд нотлоогүй. “Д” ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгөө нотолж чадаагүй учир хамтран ажиллагч биш. Хэрэв гэрээ гэж үзэж байгаа бол талуудын хооронд ямар хэлцэл хэрхэн байгуулагдсан талаар асуудал гарч ирнэ. Хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрлөсөн хөлсийг нь хэд дахин давуулж өгсөн, нэхэмжлэгч няцааж чадаагүй. Д.Н нь 1993 оноос хойш гадаад руу гарсан. 1999 онд анх удаа уулзаж 1,000,000 төгрөг гуйж өлөнгийн бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд өлөнгийн н.Нэргүй гэдэг нь өөр эрэгтэй хүн байсан. н.Д, н.А нараас зээл аваад ХБнаас 15 удаагийн зээл аваад нийтдээ 2.6 тэрбум төгрөг болж байгаа. Хэрэв энэ хөрөнгөөс ашиг хуваана гэж байгаа бол хамгийн түрүүнд хамтран ажиллах гэрээгээ байгуулаад хувь хөрөнгө оруулсан байх ёстой. Нэгэнт хувь хөрөнгө оруулаагүй учир хамтран ажилласан үр ашгийг хүртэх асуудал яригдахгүй. М.Цгийн зүгээс Д.Н-ийн хөдөлмөрийг үнэлж 440,000,000 төгрөгийн ашиг өгсөн талаар маргахгүй. Олон жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр тодорхой хэмжээний бизнес хийж өөртөө болон гэр бүлийн хүмүүсдээ үл хөдлөх хөрөнгүүдийг авч өгсөн. Хэрэв Д.Н энэ бизнест өөрийн хөрөнгөө оруулсан гэж үзсэн бол хамтран өмчлөгч болох боломжтой байсан. Гэтэл энэ талаар шаардаагүй учир зөрчигдсөн үйлдэл байхгүй. Энэ хоёр хүн хамт явдаг байсан учир гуравдагч этгээдийн хувьд хамтран ажилладаг байсан гэсэн ойлголт төрүүлж байсан байна. Энэ хугацаанд талуудын хооронд ашгаа хуваах талаар тохиролцоо болж байгаагүй. Апорел аудитын дүгнэлтэд энэ дансаар орсон мөнгийг Д.Н-ийн мөнгө гэж үзэх үндэслэлгүй, сэжигтэн М.Ц, н.С нарын бизнесийн орлогын эх үүсвэр, Д.Н-ийн хувьд хөрөнгө оруулаагүй нь түүхийн эдийн орлогод хамааралгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь маш чухал бөгөөд хүчин төгөлдөр юм. Энэ дүгнэлтээр эрүүгийн хэрэг хаагдсан байдаг. Апорел аудитын дүгнэлт хамгийн их ач холбогдолтой. “Д” ХХК-ийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4 дэх хэсэгт заасныг хангаагүй. Гэтэл шүүхээс 8 дэвтэр болон 12 хуудас баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлээгүй. Энийг нотлох баримтын шаардлага хангаагүй санхүүгийн дэмжих баримт байхгүй учир ашиг орлогын талаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна гэж шинжээч н.Б 2 удаа дүгнэлтдээ заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжээч шинжилгээ хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Гэтэл “Д” ХХК-ийн дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримтлаагүй. Шинжилгээний зүйл нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шууд дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3.1.2, 3.1.5, 8, 9 дүгээр зүйлийг зөрчсөн учир нотлох баримтын эх сурвалж болж чадахгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гэж оролдож байгаа нотлох баримтууд нь нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохгүй байна. Гаргасан баримтууд нь хөндлөнгийн эсхүл бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. “Д” ХХК-ийн дүгнэлтийн үндэслэл болсон 8 дэвтэр болон 12 хуудас баримт нь сүүлд гаргаж ирсэн, эх сурвалж нь дансны хуулгыг тэр чигээр нь хуулж бичсэн байдаг. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхэд хэзээ ч гаргаж өгч байгаагүй баримтыг сүүлд гаргаж өгсөн, өөрсдөө бэлдэж ирсэн баримт учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Талуудын хооронд хамтран ажиллах хэлцэл амаар болон бичгээр байгуулагдаагүй учир шаардах эрх үүсэхгүй. Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн гаргасан дүгнэлт, Апорел аудитын дүгнэлт нь хүчин төгөлдөр бөгөөд “Д” ХХК-ийн гаргасан дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д тус тус заасныг үндэслэн хариуцагч М.Цгаас 408,719,256 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 389,100,540 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,435,240 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 2,201,546 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тус бүрээс 4,190,000 төгрөгийг гаргуулж шинжээч Монголбанкинд 320,000 төгрөг, шинжээч “Лендс” ХХК-нд 110,000 төгрөг, шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэд 2,400,000 төгрөг, шинжээч “Д” ХХК-нд 7,150,000 төгрөгийг тус тус тэнцүү хэмжээгээр хувааж төлөхийг даалгаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
4.1. Шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд, М.Ц 1993-1995 оны хооронд ах М.С, бэргэн П.Т нарын хамт ганзагын наймаа хийж эхэлж, 1995 оноос гурил,будаа, түүхий эдийн наймааг одоог хүртэл хийж байна. Уг наймааг хийхэд ачиж буулгах, ангилан ялгах, савлах, тээвэрлэх, борлуулах, түгээх зэрэг ажилд олон хүмүүсийг ажиллуулж ирсэн. Д.Т, Д.Н, О.С, Б.Д, А.Н, Д нар түүхий эдийн наймаа эхлэх цаг үед буюу 5 сараас 2 сар хүртэл байнгын байдалтай ажиллаж хөлсөө авч байсан. Эдгээр хүмүүсээс Д.Н нь М.Цгийн бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод хүлээн авч, бидний зөвшөөрсөн үнээр зарж, тухай бүрд өөрт тохирсон ашиг гарвал авдаг, ашиг гаргаж чадаагүй бол биднээс хөлс авдаг. Д.С нь Д.Нг ашиг гаргаж ажиллаж чадаагүй, эсвэл түүхий эдийн наймаа зогссон үед ажлын хөлсийг нь дансаар “huvi Д.Саас” гэж байнга өгдөг байсан. Д.Н нь хөлсгүйгээр ажиллах хүн биш. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дансны хуулгуудаас харвал Д.С, П.Т, М.Ц, мөн ажилтан мах борлуулагч А.Н, Д.Т гэх мэт маш олон хүнээс маш их хэмжээний мөнгийг Д.Нтэй адилаар шилжүүлсэн байгаа. Энэ нь бараа захиалгын болон борлуулалтын мөнгө аль аль нь байгаа. Д.Н-ийн зан ааш 2008 оноос эхлэн илт хувирч их хэмжээний мөнгө эд хөрөнгийг янз бүрийн аргаар ил, далдаар авах болсон. Борлуулагч А.Ны данс руу борлуулалтын орлого шилжүүлсэн дансны хуулгыг шүүхэд гаргаж өгөөд А.Н надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж нэхэмжлэл гаргаж байсан. Шүүх хурал дээр маш итгэл үнэмшилтэйгээр бодитой юм шиг худал ярьсан. Д.Нд бусад ажилтнуудаасаа илүү хандаж урамшуулал өгч, илүү санаа тавьж байсан нь энэ шийдвэр гарах үндэслэл болсон. Д.Нд өгч байсан урамшуулал нь ашиг олсондоо биш садан төрөл байсан, мөн үр хүүхдээ алдахад амьдралд хэсэг хугацаанд ойр байсанд нь үзүүлж байсан тус дэм байсан. Д.Н амьдралдаа арчаагүй доожоогүй, хүний огт санаагүй санааг гаргаж хуурамч дэвтэр хүртэл бэлдэж гаргаж ирсэн. Уг дэвтэр дээрх Д.Н-ийн бичсэн тооцоог зөвшөөрч гарын үсэг зурж байгаагүй, дэвтэр барьсан байгааг харж байгаагүй.
4.2. М.С болон манай гэр бүлүүд энэ түүхий эдийн наймааг хийхийн тулд зээлийн шугамын гэрээг байгуулж, 2002 оноос эхлэн өнөөдрийг хүртэл эргэлтийн үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэх замаар ХБнаас зээл авч, зээлийн хүүг төлсөөр ирсэн.
4.3. “Д” ХХК-ийн үнэлгээнд бидний зээлийн хүү, алданги, ажилчдийн хөлс, урамшуулал, Д.Нд урамшуулал болгон өгсөн эд хөрөнгө зэрэг зардал тусгагдаагүй. Хэрэв шүүх хамтран ажилласан гэж тогтоож байгаа бол энэ наймаанд хэдэн хүн оролцсон, эдгээр хүмүүс хэдэн төгрөг нийлүүлж ажилласан, ямар ашиг, алдагдал, зардал гарсан, ашгийг ямар хэмжээгээр авах эрхтэй зэрэг нөхцлийг тогтоох ёстой. Гэтэл наймаанд нэг төгрөг оруулаагүй, борлуулсны хөлс, хувь авч ажилладаг Д.Н ашиг хүртэх эрхгүй. “Д” ХХК-ийн үнэлгээгээр 2002 оны 08 сараас 2013 оны 09 сар хүртэл хугацааны мөнгөн гүйлгээний шилжүүлэг түүхий эдийн үнэ ханшийн мэдээ болон тээвэр зардал зэргийг үндэслээд энэ хугацаанд ашиг 817,438,512 төгрөг олсон гэж дүгнэсэн. 2002 оны 08 сараас 2013 оны 09 сар хүртэл Д.Н хөлс, урамшуулал, машин, байр, хулгайлж авсан нийт 446,352,500 төгрөг болсон. Гэтэл шүүх 2002 оны 08 сараас 2013 оны 09 сар хүртэл 817,438,512 төгрөгийн ашиг олсон байх тул Д.Нд ашгийн 50 хувь болох 408,719,256 төгрөгийг гаргуулж өгөхөөр шийдсэн. Д.Нд баримттай, баримтгүй өгсөн хөлс урамшуулал, мөн байр, машин, хулгайлж авсан нийт 446,352.,500 төгрөгийг ашигаас хасах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.
4.4. М.Ц нь Хадгаламж банкны өмчлөлд байсан .....ийн агуулахын худалдаж авахаар агуулахын үнэ 46,600,000 төгрөгийг Д.Н-ийн дансаар дамжуулж төлсөн. Гэтэл Д.Н агуулахыг өөрийн нь өмчлөлийнх гэж маргаж шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн гаргасан дүгнэлтийг хууль ёсны дүгнэлт гэж үзэж байна. Д.Н нь хариуцагч болон түүний ах дүүстэй хэзээ ч хамтарч ажиллаж байгаагүй. 2002 оны 08 сараас 2013 оны 09 сар хүртэл ажиллахдаа 817,438,512 төгрөгийн ашиг олоогүй. “Д” ХХК-ийн үнэлгээ эргэлзээтэй. Шинжээч дүгнэлт гаргахдаа нотлох баримт, санхүүгийн баримтыг дэмжих баримтгүй бол дүгнэлт гаргах эрхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний төв дүгнэлт гаргасаар байхад “Д” ХХК-д захиалгаар үнэлгээ гаргуулсныг нэг талд үйлчилсэн, хууль бус нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хохиролтой шийдвэрийг гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй бодрож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
5.1. Зохигчдын маргаж буй эрх зүйн маргааны талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхэд бүдүүлгээр халдсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлж, түүнийгээ өөрөө нотлох баримт гаргах замаар нотлох нь шүүхийн нотолгооны процессын нотлох үүргийн хуваарилалт байдаг. Гэтэл шүүх энэ ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүх өөрөө нотолж шийдвэрлэх үүрэгт хамааруулж, хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхэд мэдүүлэх болон мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчихөд хүргэсэн. Шүүх шийдвэр гаргахдаа хамтран ажиллах талаар ярилцаагүй, тохиролцоогүй гэж дүгнэсэн атлаа агуулгын хүрээнд тогтоох нь шүүхийн үүрэг гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн гол зарчмууд зөрчигдсөн болохыг харуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү нэхэмжлэгч, хариуцагч талууд гаргадаг. Тэдний гаргасан тайлбар нотлох баримтад үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэдэг. Гэтэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу “хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан, хэлцэл хийгдсэн талаар нотлох баримт байдаггүй. Энэ талаар хариуцагчийн зүгээс эрс няцаадаг бол Д.Н энэ талаар огт ярьдаггүй, шүүхийн мэтгэлцээний явцад нотлоогүй, шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүхээс нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд тухайн харилцаа байсан эсэхийг тогтоох учиртай. Шүүхээс нэгэнт хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол талуудын хооронд гэрээ байгуулагдсан байх, хамтран ажиллах зорилгоо тодорхойлсон эсэх, хамтран ажиллах үүрэг хүлээсэн байх хуулийн шаардлага тавигдсан. Нэхэмжлэгч Д.Н 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэл болон удаа дараагийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “гэрээг амаар байгуулсан” гэж бичсэн хэдий ч энэ талаар ямар нөхцөл, зорилгоор, ямар хувь хөрөнгө оруулж, ямар хугацаагай байгуулсан талаар огт дурьдаагүй. Түүнчлэн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа “Миний бие 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. М.Цтай 1999 оноос 2013 оны 09 дүгээр сар хүртэл түүхий эдийн бизнес хамтран эрхэлж байсан болохоо тогтоолгох, нийт ашгийн 50 хувь болон 797,819,796 гөгрөг М.Цгаас гаргуулах” гэж тодорхойлсон байдаг.
Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргаснаас хойш 10 орчим жилийн хугацаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хуулийн хүрээнд нотолж чадаагүй. Шүүх хуралдаан болон шүүхийн мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн өгсөн хариултуудаас үзэхэд зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, хувь хөрөнгө нийлүүлээгүй, зорилго тодорхой биш, ашиг хуваарилах талаар ямар нэгэн яригдсан зүйл байхгүй болох нь нотлогддог. Иймд зохигчдын хооронд тодорхой зорилгыг хэрэгжүүлэх үүднээс гэрээний үндсэн дээр хамтран ажиллах талаар тохиролцсон тохиролцоо, тодорхой нөхцөлүүд байхгүй гэдэг нь тодорхой байна. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар болон бичгээр байгуулагдаагүй. Иймд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.
5.2. Оролцогчийн хураамж, хувь хэмжээний тухайд, анхан шатны шүүхээс зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан мэтээр хийсвэр таамаглал бүхий дүгнэлт хийж шийдвэртээ тусгасан явдлыг зөвтгөх боломж байхгүйн адил тэдний хувь хураамжийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагч нь Д.Аээс 19,900,000 төгрөгийг нийлүүлсэн болохыг хүлээн зөвшөөрдөггүй. Хятадууд Д.Нд хэзээ ч зээлээр бизнесийн үйл ажиллагааг нь дэмжиж мөнгө өгч байгаагүй. Д.Нд итгэхгүй, гагцхүү хариуцагчийн нийлүүлдэг түүхий эд болох ноос, ноолуур, арьс шир илүү чанартай, найдвартай байдаг учраас авахын тулд тодорхой хэмжээнд урьдчилгаа мөнгө олгодог. Энэ мөнгө Д.Н-ийн дансаар дамжиж, хариуцагчийн дансанд ордог. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 23-26; 28-29; 30-31; 33-р хуудсуудад мэдүүлсэн. Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй тул хувь, хураамж, түүний ашиг шим, дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэг тохиролцоо байхгүй, нотлох баримт байдаггүй. Гэтэл шүүхээс Д.Н нь түүхий эд худалдан авах мөнгийг Хятадуудаас авч, урьдчилж явуулдаг, Д.Н, М.Ц нар нь бусдаас илүү нягт харилцаатай байсан, зарим гэрчүүдийн мэдүүлгээр хамтран ажилладаг байсан, зарим аж ахуйн нэгжүүдээс зээлийн гэрээгүй мөнгө авч /зээл хэлбэрээр/, хөрөнгө оруулсан мэтээр шүүхээс дүгнэж, энэ нь хамтын ажиллагааны нэгэн хэлбэр хэмээн бусад хөлсний ажилчдаас ямар нэгэн илүү нөхцөлгүй байхад шууд хамтран ажилласан хэмээн дүгнэж байгаа нь хэт өрөөсгөл, үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Шүүх хуралдааны тэмдэглэлд ... хариуцагч М.Ц “Н зүгээс миний эрхэлж байсан бизнест нэг ч төгрөг оруулаагүй, би хөрөнгийн эзэн босс байсан, би энэ хүнийг /Д.Н/ олон удаагийн гэмт хэргээс хамгаалж, хөдлөх хөрөнгийг өөрийнхөө мөнгө хөрөнгөөр худалдаж авсан, түүнээс биш Д.Н-ийн мөнгөөр аваагүй, тэр өөрийнхөө мөнгөөр авсан гэж үзээд байгаа юм бол энэ олон жилийн хугацаанд шүүхдэхгүй юугаа хийж байсан юм бэ” гэх мэдүүлгүүдээр тэрээр хамтын үйл ажиллагаанд хувь хураамж, хөрөнгө оруулсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт няцаагдаж байна. Нэхэмжлэгч нь хэдэн төгрөг, ямар хөрөнгийг, ямар зорилгоор, ямар хугацаатай гэрээний дагуу хувь, хураамж болгон оруулсан талаараа нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн мэтгэлцээний явцад энэ талаар үндэслэл бүхий нотолгоотой зүйл хэлээгүй. Хөрөнгө нийлүүлээгүй болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн байтал шүүхээс түүнийг хувь, хураамж нийлүүлсэн хэмээн хураамжийн хэмжээг тогтоож, тэнцүү хэмжээтэй хэмээн дүгнэж байгаа нь хэтэрхий өрөөсгөл, хийсвэр, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх, нотлох эрхэд ноцтой халдсан гэж үзэж байна.
5.3. Ашиг алдагдлын тухайд, М.Цгийн шийдвэр зөвхөн түүнд хамаатай буюу түүний бие даан эрхэлж байгаа ажилтай холбоотой гэж үзэхгүй бөгөөд хамтран ажиллаж байгаа этгээдээ төлөөлөн ийм шийдвэр гаргасан гэж тооцогдоно. Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, хувь хураамж гэх хөрөнгө нийлүүлсэн үйл баримт байхгүй тул дундын өмч /дундаа хэсгээр болон хамтран өмчлөх/, ашиг, алдагдлын талаар ямар нэг зүйл яригдах үндэслэлгүй. Шүүх дундын өмчийн хэсгээр буюу хамтран өмчлөх аль хэлбэр нь М.Ц, Д.Н нарын дундын өмчид хамааралтай болохыг огт авч үзээгүй, ялгаж салгахгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. М.Ц нь банкнаас удаа дараа зээл авч, өөрийн болон эгч дүү нарынхаа хөрөнгө мөнгийг нийлүүлж, бизнес эрхлэн ашиг орлого олж түүгээрээ хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, барьж байгуулж, бүтээн босгосон үйл гэж үзэх үндэслэлгүй атал шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, хийсвэр таамаглалд үндэслэгдсэн. Хэрэв Д.Н хөрөнгөө оруулж, хамтарсан бол ашиг, алдагдлаа хамтран үүрэх, ашиг хуваах талаар шаардах, хөрөнгөнүүдээс өөрт ногдох, хэсгийг шаардан гаргуулах, хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрх нь хамтарсан гэх 1999 оны 12 дугаар сараас, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2013 оны 12 дугаар сараас мөн адил нээлттэй байсан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй явдал нь түүнийг шаардах эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг давхар нотолж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, хувь хураамж төлөөгүй тул ашиг алдагдлыг хуваарилах асуудлаар шаардах эрх үүсэхгүй, хамтын ажиллагааны гэрээгүй тул зорилго тодорхойгүй нь нэхэмжлэгч хөлсний ажилтан байсныг давхар нотолсноор шүүхээс хийсэн хамтран ажиллах гэрээ байгуулагдсан мэт хийсэн дүгнэлт нь бүрэн няцаагдаж байна.
5.4. Гадаад болон дотоод харилцааны тухайд, талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, байгуулсан болох нь нотлогдоогүй тул гадаад дотоод харилцаа гэх дүгнэлтийг шүүхээс ямар зорилгоор, юуг нотлох гэж хийсэн болохыг ойлгохгүй байна. Хөдөө орон нутагт түүхий эдийг ямар үнээр худалдан авч байгааг Д.Н огт мэдэхгүй тул М.Цгаас өгсөн даалгавар, үүргийг шууд биелүүлж, түүний хэлсэн үнээр, хэлсэн худалдан авагчид нь түүхий эдийг тоо ёсоор нь хүлээлгэн өгч, төлбөрийг дансандаа авсны дараагаар М.Цгийн дансанд тэр даруй шилжүүлдэг. Иргэний хуульд заасан даалгаварын болон хөлсөөр ажиллах гэрээний үүргийг гүйцэтгэж, үүнийхээ төлөө тодорхой шан харамж авдаг байсан нь хэргийн материалд тодорхой авагдсан. Энэ тохиолдолд Д.Н нь даалгавар биелүүлэгч болохоос М.Цг шийдвэр гаргахад оролцдог, зөвшилцдөг, санал бодлоо илэрхийлдэг, хамтран шийдвэр гаргадаг субьект биш. Гэрчүүдийн мэдүүлгээс иш татаж дурьдсан атлаа хэн ч танихгүй, зохигч талуудтай ямар нэг байдлаар хамтарч ажиллаж байгаагүй Л.О-ийн мэдүүлэгт онцгой ач холбогдол өгч шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Д.Нтэй адил түүхий эдийн өөр бусад төрлийг даалгаврын гэрээгээр гүйцэтгэдэг н.Т, О.С, Б.Д нарын мэдүүлгийг үнэлэхээс зайлсхийн орхигдуулж, зөвхөн Л.О-ийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь туйлын эргэлзээтэй.
5.5. Шинжээчийн дүгнэлтийн талаар, шүүхээс томилогдсон “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь хэтэрхий өрөөсгөл, үндэслэл муутай, шинжлэх ухаан, тоо, тооцоолол нь бодит биш, үнэн зөв нотлох баримтуудад үндэслээгүй, холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн, таамаглалд үндэслэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд зориулагдаж хийгдсэн, шинжилгээний обьект нь хуулийн шаардлага хангаагүй, дүгнэлтэд дурдагдсан материалын болон бусад тоо хэмжээнүүд нь бодитой биш таамаглалд үндэслэсэн. Бодит амьдрал дээр хэрэгжинэ гэх амлалт гаргаагүй гэх зэргээр илэрхий хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг шүүгч ямар ч сонголтгүйгээр шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн. “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Д.Н, М.Ц нарын 2002-2013 оны хамтын ажиллагааны үр дүнг бүрэн илэрхийлж чадахгүй талаар тодорхой бичиж тусгасан байдаг. “Д” ХХК-ийн удирдлагууд хийсэн тайлан нь Шүүхийн шинжилгээний хуулийг удирдлага болгоогүй, таамаглалд үндэслэсэн гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрдөг.
Шинжээчийн мэдүүлгээс үзэхэд хөрөнгийн үнэлгээний тайланд бичигдсэн ашиг гэх тоо нь нэхэмжлэгч Д.Н-ийн дансаар орж гарсан мөнгөн урсгалыг ихээс нь багыг хасаад зардал гэх хийсвэр мөнгөн дүнг хасаад ашиг гэх тооцоог гаргасан.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаар дүгнэлтээр ... нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нарт холбогдох 2002 оноос 2013 оны хоорондын хамтын үйл ажиллагааны үр ашгийн тооцооллыг хандлагыг 100%-ийн ач холбогдолтойд тооцон тогтооход 817,438,512 төгрөгөөр үнэлэгдсэн гэж тайлагнасан. “Д” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн тайлан санхүүгийн иж бүрэн баримтгүй, гараар бичсэн тэмдэглэлийг үндэслэж, хамтын үйл ажиллагааны түүхий эд материалын тоо хэмжээг таамаглан тооцоолсон нь үндэслэлгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2018 оны 204 дугаар, 2019 оны 053 дугаар шинжээчийн дүгнэлтээр ашиг орлогыг тооцох боломжгүй гэж дүгнэсэн. Шүүх хуралдаанд шинжээч Ж.Б оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн.
“Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгосон. Талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллаж болохыг Иргэний хуулиар зөвшөөрсөн тул зохигчийн хувьд 1999-2013 оны хооронд хамтдаа ажиллаж байсан нь Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний хүрээн дэх хамтын үйл ажиллагаанд хамаарах эсэх, хуульд заасан хамтран ажиллах урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх, үйл ажиллагаа нь гэрээний дагуу хамтынх байсан эсэх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох учиртай. 1999-2013 оны хооронд хариуцагч нь нэхэмжлэгчид хамтын үйл ажиллагааны ашиг бус ажлын хөлс, урамшуулалд 446,352,500 төгрөгийн эд хөрөнгө, мөнгө өгсөн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь энэ хамтын ажиллагааны ашиг гэж тайлбарладаг. Гэтэл энэ тайлбар үндэслэлгүй болох нь нэхэмжлэгчийн гэмт хэрэг үйлдэх замаар М.Цгаас авсан 130 гаруй сая төгрөгийг бусдаас авсан өрөндөө өгч, төлбөр барагдуулсан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчтай түүхий эдийн бизнесийг хамтран эрхлэхээр хамтын үил ажиллагаандаа зориулж хураамж төлсөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Говь-Алтай аймгийн төвд түүхий эд худалдан авах үйлчилгээний /М.Сын өмчлөлд бүртгэлтэй/ төв, агуулах болон орон сууцнууд, Улаанбаатар хот дахь/ Сонгинохайрхан 1 дүүргийн 5 шар, Кристал таун/ орон сууцнууд, .....ийн агуулах, Дархан-Уул аймаг 1 дахь орон сууц, суудлын автомашинууд болон бусад хөрөнгүүдийг хамтран ажиллаж бий болгосон түүхий эдийн бизнесийн мөнгөөр авсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т зааснаар дурдсан эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч хамтран өмчилдөггүй, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлгүй байдаг. Уг хөрөнгүүд нь 2002-2013 оны 08 дугаар сарын хооронд буюу зохигчийг хамтран ажиллаж байх хугацаанд бий болсон нь нэхэмжлэгч уг эд хөрөнгүүдийг хамтран ажиллах гэрээний үр шим гэж үзсэн тохиолдолд дундын өмчлөлд бүртгэхийг, өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах боломжтой байхад хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийг хариуцагчтай хувь, хураамжаар нэгтгэж ашиг олох зорилгоор хамтран ажилласан гэж үзэх үндэслэлийг бүрэн няцааж байна. Нэхэмжлэгч нь түүхий эдийн борлуулалтын орлогыг хүлээн авч байсан нь хамтран ажиллах гэрээний дагуу биш нэхэмжлэгч ажилтны үүргээ биелүүлдэг байсан болохыг давхар нотолж байна. Талууд харилцан мөнгө шилжүүлж байсан, нэхэмжлэгч өөрийн дансаар болон бэлнээр хариуцагчид байнга мөнгө шилжүүлдэг байсан явдал нь зохигчийг хамтран ажиллаж байсныг шууд илэрхийлэх нотлох баримт болохгүй. Холбогдох газруудаас ирүүлсэн баримтаас үзэхэд ХБ ХХК дахь нэхэмжлэгч Д.Нн ............ тоот, хариуцагч М.Цгийн .........., .......... тоот дансуудыг зохигчийн хэн аль нь хамтран эзэмшдэггүй, тус дансууд дахь мөнгөн гүйлгээ, орлого, зарлагыг харилцан хяналттай, зөвшилцөлийн үндсэн дээр зарцуулж байсан гэх үйл баримт тогтоогдоогүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн ............ тоот дансанд хариуцагч 2005.05-2011.03 дугаар сарын хооронд 5 удаагийн гүйлгээгээр 30,300,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагчийн .........., .......... тоот дансуудад нэхэмжлэгч 2005-2013.08 дугаар сарын хооронд тогтмол мөнгө шилжүүлсэн зэргээр зохигч тус тусын дансны мөнгөн гүйлгээг харилцан хамааралгүйгээр зарлагын гүйлгээ хийж байсан болох нь тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хариуцагч М.Цтай хамтран бизнес эрхэлсэн 2000-2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 14 жилийн бизнесийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн хийсэн дүгнэлтээр 2003-2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны нэхэмжлэгчийн дансны хуулга болон М.Цгийн дансны хуулгыг эдийн засгийн шинжээч мөнгөн урсгал болон орлогын борлуулалтыг графикаар харуулсан. Үүгээр тасралтгүй үйл ажиллагаа явагдаж байсан гэдгийг нотолсон. Мөн хамтрагч М.Ц, Д.Н нар нь дарга ажилтан гэх байр суурьтай байгаагүй, хамтрагч, хамтран ажиллагч гэх байр суурьтай байсан. Зорилгодоо хүрэхийн тулд гар нийлэн ажиллаж, уг үр дүнд хүрсэн. Мөн ажил, амьдрал, гэр бүлийн асуудлаа хамтран даван туулсан. Хэргийн материалын 6 дугаар хавтасны 172 дугаар талд М.Ц өөрийн гараар бичсэн “Д.Нтэй хамтран ажиллаж, дундын асуудлаа шийдвэрлэв” гэх бичиг, 4 дүгээр хавтасны 116 дугаар талд БНХАУ-ын Бээжин хотын цэргийн эмнэлэгт М.Цг эмчлүүлэхээр очиж, Д.Нтэй хамт авахуулсан фото зураг, 122 дугаар талд Д.Н, М.Ц нар хамтын бизнесийн хүчинд анхны Ниссан маркийн автомашин авч М.Цгийн аавын гадаа авхуулсан зураг, 4 дүгээр хавтасны 123 дугаар талд Д.Н, М.Ц нарын хамтын бизнесийн үйл ажиллагааны үр дүнд Ланд крузер 80 маркийн улаан хүрэн өнгөтэй автомашин авч Д.Н-ийн ахын гадаа авхуулсан зураг, 4 дүгээр хавтасны 140 дүгээр талд Д.Н-ийн нэр дээр авсан ланд 80 маркийн автомашин худалдаж авсан баримт, 4 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр талд ажлын протер, бонго автомашиныг Д.Н-ийн нэр дээр авсан баримт, 3 дугаар хавтасны 217 дугаар талд бизнесийн орлогоос М.Цгийн ХБны ............ тоот данснаас байр, машин, гараашны үнэ 116,341,400 төгрөг гаргасан баримтууд байдаг. Эдгээр баримтууд нь анхны бизнес хэрхэн эхэлж байсан, М.Ц хөрөнгө мөнгөтэй байсан эсэхийг харуулдаг. М.Ц 2003 онд .......... тоот харилцах данс нээж, энэ өдрөөс Д.Нгээс мөнгө орсон. Мөн 2005 он хүртэл М.Цтай бизнес хийдэг байсан бөгөөд М.С гэх хүмүүс байгаагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд Д.Нгээс М.Цд 2003-2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл шилжүүлсэн 17,000,000,000 төгрөг, мөнгөн урсгалыг он, сар жагсаалтаар ирүүлсэн. Уг бизнесийн үйл ажиллагаа 2003 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн. Миний бие Говь-Алтай аймагт хонь, ямааны өлөн гэдэс авч байхад М.Ц миний ард О.Б-ийн гурилыг зардаг байсан. О.Б гэрчийн мэдүүлэг өгсөн. Иймд М.Ц миний бизнес рүү орж, гурил зөөж үүрч явахад хэцүү байна гэж хэлсэн. Энэ үйл явдал нь Говь-Алтай аймгийн түүхий эдийн ченжүүдийн мэдүүлэг болон санхүүгийн баримтаар тогтоогдоно. 2001 онд Говь-Алтай аймагт зуд болж байхад ахаасаа анх мөнгө авч, уг бизнесийг эхлүүлсэн. Бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлсэний үр дүнд бид өлөн гэдэс, арьс шир, ноос ноолуур, мах авдаг болсон. Ж.С уг бизнест нэг ч төгрөг оруулаагүй. М.С нь Д.Нгээс 617,000,000 төгрөг нэхэмжилснийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх зээлийн харилцаа биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч талаас 2003-2013 он хүртэлх хугацааны санхүүгийн баримт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Цгаас 797,819,796 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
3. Зохигчид 1999-2013 онуудад түүхий эдийн бизнесийг эрхэлж байсан гэрээний харилцааны талаар маргадаг бөгөөд нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээгээр ажиллаж байсан тул хамтын ажиллагааны үр дүнд бий болсон ашгаас авна, хариуцагч нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулдаг байсан тул ашиг нэхэмжлэх эрхгүй гэж маргажээ. Тэрээр шаардлага, татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарласан.
4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “дүү Д.Б-ийн хамт 1997-1998 онд Говь-Алтай аймагт хонь, ямааны өлөн гэдэс худалдан авч, Улаанбаатар хотод өлөн гэдэс боловсруулах цехэд тушаадаг байсан, М.Ц тухайн үед Говь-Алтай аймгийн зах дээр хүний гурил зардаг худалдагч байсан, 1998 онд М.Ц хамтран бизнес хийх санал тавьж хамтын ажиллагаа эхэлсэн, ингээд хамтран 3,000,000 төгрөгийн өлөн гэдэс авч Улаанбаатар хотод авчран борлуулж олсон ашгаараа Говь-Алтай аймагт түүхий эд хүлээн авч хадгалах склад барьж ажлын байртай болсон, түүхий эдийн бизнес хамтран эрхэлж байсан ...” гэж тайлбарласан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... нэхэмжлэгчтэй хамтран ажиллаагүй, Д.Н нь миний удирдлага дор арьс шир, ноос ноолуур борлуулах ажилд туслах ажилтнаар ажиллаж байсан, энэ хугацаанд Д.Н-ийн хөдөлмөрийг үнэлж санхүүгийн тусламж удаа дараа үзүүлсэн, нэхэмжлэгчийн хийсэн ажлын хөлснөөс хэд дахин их хэмжээний мөнгөн хөрөнгийг түүний ахуй амьдрал, ар гэр, үр хүүхдийнх нь төлөө зарцуулж байсан .., ” гэж үгүйсгэж байна.
5. Анхан шатны шүүхээс талуудыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр түүхий эдийн худалдаа эрхэлж байсан гэж үзсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн гэж дүгнэв.
6. Хариуцагчийн “Д.Нтэй хамтарч ажиллаагүй, миний туслах ажилтан байсан, ажлын хөлсийг нь тухай бүрт өгч байсан” гэх тайлбар үндэслэлгүй.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байх боломжтой бөгөөд ингэхдээ бие даан, хараат бусаар гүйцэтгэдэг онцлогтой.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллуулж байсан гэдээ баримтаар нотолж чадаагүй. Ажлын хөлсийг нь өгч байсан гэх боловч 2002-2013 оны 14 жилийн хугацаанд цалин хөлсийг хэрхэн тооцож байсан талаар баримтгүй.
Шүүх, хариуцагчид хөлсөөр ажилладаг байсан ажилтнуудын ажил үүргийг нэхэмжлэгч Д.Н-ийн ажил үүрэгтэй харьцуулан дүгнэж зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн нь зөв.
7. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд талууд 1999 оноос 2013 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгоор түүхий эдийн худалдаа эрхэлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл баримт, шинжээчийн дүгнэлт зэрэг нь нотолгооны хэрэгсэл болно.
9. Зохигчид түүхий эдийн худалдаа хамтран эрхэлдэг байсан талаар гэрч Л.О “..., Д.Нгээс ямааны өлөн авч Хятадуудад өгдөг байсан, Д.Н Улаанбаатар хотод түүхий эд борлуулдаг, Хятадуудаас их хэмжээний мөнгө авч өгдөг, буцааж шилжүүлдэг байсан, М.Ц тухайн үед гурил будаа зардаг байсан, М.Ц 1999 оноос хойш Д.Нгээр дамжуулж түүхий эд борлуулдаг байсан, Хятадууд Д.Нтэй ажилладаг байсан, маш их хэмжээний мөнгө өгч түүхий эд авдаг байсан .., Д.Н Говь-Алтайд бараг байдаггүй, энэ хоёрын бизнес сайн байсан, Өгөөж төвийг хамтарч нээсэн ...,” гэж, гэрч Г.Жамбалдорж “... Бгийн эгч байсан Д.Нг таньдаг байсан, голдуу Д.Н өлөн өгдөг байсан, М.Ц, Д.Н нарыг хамтран ажилладаг байсан гэж ойлгож байсан” гэж, гэрч Д.Т “... М.Цгийн авсан түүхий эдийг Д.Н Улаанбаатар хотод борлуулдаг байсан, ноолуур арьс шир авч худалдан авагч нарт тушаадаг байсан, Д.Н нь М.Цгийн ажилтан байсан гэж ойлгож болно ...” гэж, гэрч Б.Батбаясгалан “ ... Д.Н өлөн авч байсан, ачааг хүлээж авдаг, Д.Н-ийн ачаа буулгах газар очдог байсан, М.Ц гурил зардаг байсан, тэгж байгаад түүхий эд авдаг болсон .., ” гэж, гэрч О.С “... Д.Н эгч өлөнгөөс бусад түүхий эдийг шуудайгаар тоолж өгдөг байсан, М.Ц эгчтэй ярьж тохироод өлөнгийн мөнгийг түүний данс руу хийдэг байсан, Д.Н Хятадуудад бусад түүхий эдийг зардаг, бүх ажлыг Улаанбаатар хотод Д.Н эгч бид 2 зохицуулдаг, эцсийн шийдвэрийг М.Ц утсаар ярьж шийддэг байсан” гэж, гэрч Б.Д “ ... Нэргүй нь түүхий эдийг М.Цгийн хэлсэн үнээр өгдөг байсан, М.Ц эхлээд Хятадуудтай үнэ ханшийн талаар ярьдаг байсан, М.Цгийн заавраар зардаг байсан ...” гэж тус тус мэдүүлсэн байна. /8хх123-137/ Мөн маргаан бүхий үйл баримтын талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг 6 дугаар хавтаст хэргийн 32-78 дугаар талд авагджээ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх цаг хугацаанд буюу “2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр .................хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр, Говь-Алтай аймаг, Есөн булаг сум, ................. хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 22,700,000 төгрөгөөр, ................. хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 44,200,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, ................. хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхонд 4 өрөө орон сууц 165,862,500 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, ................. хаягт байрлах 2 өрөө орон сууц 35,000,000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 11 дүгээр байранд 2 өрөө орон сууцыг 116,341,400 төгрөгөөр, ланд круйзер 105 маркийн автомашиныг 55,870,863 төгрөгөөр, ланд круйзер 80 маркийн автомашиныг 29,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан ” гэж, харин хариуцагч нь нэхэмжлэгчид “1999 онд Говь-Алтай аймагт байрлах өөрийн нэр дээрх 2 өрөө орон сууц бэлэглэсэн, 2004 онд 18,900,000 төгрөгөөр ..... маркийн автомашин, 2007 онд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороололд 2 өрөө орон сууцыг тавилгын хамт 60,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч өгсөн, үр хүүхдүүд, ар гэрт нь санхүүгийн дэмжлэг байнга үзүүлж байсан, авч өгсөн автомашиныхаа бензин, тос, сэлбэг, утасны төлбөр, бэлэглэсэн байрныхаа сар бүрийн төлбөр зэргийг төлдөг байсан, Д.Н-ийн төрсөн ах А-ийн банкны зээлэнд 4,000,000 төгрөг төлж, 4 ам бүл айлыг 15 жилийн турш өмсөх хувцас, идэх хоол зэрэг бүхий л хэрэгцээгээр нь тухай бүр хангаж байсан, харин ч Д.Н нь 2009 онд заруулахаар явуулсан алтны мөнгө 125,376,500 төгрөгийг өөртөө ашигласан ба цагдаагийн байгууллага шалгаж, Д.Н ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, түүхий эдийн борлуулалтын орлогоос өөрийнхөө өрийг төлсөн, ..... дэх агуулахаас ноолуур хулгайлан түүнийгээ зарж борлуулан ашигласан” гэж тус тус тайлбарласан.
10. Зохигчдын дансны хуулга, шинжээчийн дүгнэлтээр 2003-2013 онуудад нэхэмжлэгч Д.Н-ийн данснаас хариуцагч М.Цгийн данс руу тогтмол мөнгөн шилжүүлэг хийдэг байсан нь тогтоогдсон.
10.а. Монгол банкны 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн а-6/163 дугаартай, 2015 оны 06 зугаар сарын 04-ний өдрийн а-6/579 дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн шинжээчдийн дүгнэлтэд 2003-2012 оны хооронд Д.Н нь М.Цгийн ХБны .........., .......... тоот дансанд нийт 15,757,407,100 төгрөг, 2013 онд .......... тоот дансанд 2,938,742,000 төгрөг тус тус шилжүүлсэн гэж, /4хх8-10, 72/
10.б. “ДА аудит” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хараат бус аудиторын тайланд “ ... Д.Нгээс М.Цгийн ХБны .........., .......... тоот дансуудад 2003 оноос 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 19,084,628,200 төгрөг, Д.Аээс 207,453,000 төгрөг, Д.Агаас 24,900,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж, /5хх121-138/
10.в. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 204 дугаар дүгнэлтэд “ Д.Н-ийн ХБны ............ тоот данснаас М.Цгийн ХБны .......... тоот данс руу 2005 оны 05 дугаар сараас 2012 оны 12 сарыг дуустал хугацаанд, М.Цгийн ХБны .......... тоот данс руу 2003 оны 11 сараас 2005 оны 05 сарыг дуустал хугацаанд шилжүүлсэн мөнгөний тооцооллыг хийж, Д.Н-ийн ХБны ............ тоот данснаас М.Цгийн ХБны .......... тоот данс руу 2005 оны 05 сараас 2012 оны 12 сарыг дуустал хугацаанд 14,846,167,000 төгрөг шилжүүлсэн. Д.Н-ийн ХБны ............ тоот данснаас М.Цгийн ХБны .......... тоот данс руу 2003 оны 11 дүгээр сараас 2005 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд 908,240,100 төгрөг шилжүүлсэн, дансны хуулгуудаас тооцоолол хийхэд мөнгөний зориулалтын талаар ажил гүйлгээний утга байхгүй байгаа нь юунд зориулагдсан мөнгө болохыг тогтоох боломжгүй болгож байна, шинжээчид хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрч болох баримтууд ирүүлсэнгүй, иймд нийт орлого, ашгийг тооцох боломжгүй байна ...” гэж, /8хх92-106/
10.г. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 053 дугаар дүгнэлтэд “Д.Н-ийн ХБны ............ тоот данснаас болон бэлэн мөнгөөр хариуцагч М.Цгийн ХБны .......... тоот данс руу 2005 онд 415,000,100 төгрөг, 2006 онд 1,582,966,000 төгрөг, 2007 онд 1,801,640,000 төгрөг, 2008 онд 3,039,595,000 төгрөг, 2009 онд 2,159,575,000 төгрөг, 2010 онд 2,709,562,900 төгрөг, 2011 онд 2,016,048,000 төгрөг, 2012 онд 1,243,280,000 төгрөг, 2013 онд 3,001,352,000 төгрөг, нийт 17,969,019,000 төгрөг, ХБны .......... тоот дансанд 2003 онд 76,200,000 төгрөг, 2004 онд 632,540,000 төгрөг, 2005 онд 199,500,100 төгрөг нийт 908,240,100 төгрөг шилжүүлсэн, 2000-2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түүхий эдийн бизнес эрхэлж орлого, ашгийг тогтоох боломжгүй” гэж, /8хх150-164/
10.д. “Д” ХХК нь зохигчид хамтын үйл ажиллагааны явцад нийт 19,808,496,698 төгрөгийн түүхий эд худалдан авч, 20,834,739,360 төгрөгөөр худалдан борлуулахдаа 208,185,000 төгрөг үйл ажиллагаанд зарцуулж, 817,438,512.00 төгрөгийн ашиг олсон гэх тооцооллыг гаргажээ. /9хх190/
11. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Д.Н, хариуцагч М.Ц нар 1999 оноос 2013 оны 09 дүгээр сар хүртэл ашиг олох зорилгоор Говь-Алтай аймгаас малын чанартай, хямд бүтээгдэхүүн, түүхий эд худалдан авч, Улаанбаатар хот дахь худалдан авагч нарт үнэ нэмэх хэлбэрээр худалдаа эрхлэн хамтран ажилласан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх энэ талаар “хариуцагч нь хөдөө орон нутгаас чанартай, хямд түүхий эд хайж олж худалдан авах, түргэн муудахаас сэргийлж цэвэрлэх, давслах гэх зэргээр хадгалаад Улаанбаатар хот руу ачуулах ажил үүргийг хэрэгжүүлдэг, нэхэмжлэгч уг бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод хүлээн авч, үйлчлүүлэгчдэд худалдаж, ашиг олдог байсан байна” гэж дүгнэсэн нь зөв.
12. Зохигчид хамтран ажиллах гэрээ хэрэгжих явцад хэн, хичнээн төгрөгийн хураамж оруулсан талаар бүртгэл хөтөлж харилцан баталгаажуулаагүй.
Нэхэмжлэгч нь “ах Д.А нь 2005 онд 9,500,000 төгрөгөөр байраа зарахад мөнгийг нь авч хамтарсан бизнестээ хөрөнгө оруулж нэг жилийн хугацаанд бизнестээ ашиглан эргэлдүүлж байгаад буцаан өгч байсан, ах Д.Аээс 207,643,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг хүсч хамтын бизнестээ хөрөнгө оруулалт хийлгэн уг мөнгийг 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 18 удаагийн мөнгөн шилжүүлгээр хариуцагч М.Цгийн “ХБ” ХХК-ийн .........., .......... тоот дансанд шилжүүлсэн, 1998 оноос хойш түүхий эдийн бизнес хамтран эрхэлж, бизнесээ өргөтгөх зорилгоор 2003 онд М.Цгийн нэр дээр ХБанд данс нээсэн, нэхэмжлэгчийн эгч Д.А, ах Д.А нараас зээл авч хөрөнгө оруулалт хийж байсан, “ЭБСД” ХХК-аас Д.Н-ийн бизнесийн үйл ажиллагаанд зориулж тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгч байсан” гэж тайлбарласан.
Д.Н-ийн ах Д.А-ийн зарсан орон сууцны үнэ 19,000,000 төгрөгийг түүхий эд худалдан авах бизнест ашиглаж байгаад буцаан төлсөн талаар зохигчид маргаагүй. Д.Аээс 2003-2013 онуудад 207,453,000 төгрөг, Д.Агаас 24,900,000 төгрөг хариуцагч М.Цгийн ХБ дахь дансанд шилжүүлж байсан нь “ДА аудит” ХХК-ийн аудитын тайланд тусгагдсан байна. /5хх122-123/
Мөн “ЭДСП” ХХК-аас 2003-2007 онуудад Д.Нд нийт 895,000,000 төгрөг шилжүүлж байсан тухай 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичиг байна. Нэхэмжлэгч нь “ХК” ХХК-аас 2007-2008 онуудад 340,000,000 төгрөг зээл хэлбэрээр авч, түүхий эд буцаан нийлүүлдэг байсан тухай, хариуцагч М.Ц 2002-2013 онуудад 15 удаа ХБнаас 1,038,337,900 төгрөгийн зээл авч байсан, түүхий эдийн бизнес эрхлэхдээ М.С, Д.Д, Н.А нараас зээл авч байсан талаар тайлбарласан. /3хх9-59, 4хх107-110 /
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсэгт хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заасан.
Зохигчид бусдаас зээл авах, үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтын ажиллагааны эх үүсвэрийг бий болгосон гэж үзэхээр байх ба уг үйл баримтад хйисэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
13. Мөн шүүх хамтран ажиллах гэрээний явцад бий болсон эд хөрөнгийг өмчлөх, тэдгээрийг талуудад хуваарилах тухай Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд зохигчдын хамтран ажиллах явцдаа өөрт авсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг 817,438,512 төгрөгийн ашгаас хасаагүй үндэслэл нь буруу биш. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлохоор баримтууд ирүүлснийг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй, хууль бусаар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдон ажилласан “Д” ХХК, Монгол банк, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, “ДА” ХХК-ийн гэрээний талуудын хооронд хийгдсэн мөнгөн гүйлгээний дүн илт хол зөрүүгүй байна. “Д” ХХК шинжээчийн тайланг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон улсын стандартууд, Монгол банкны хүүгийн мэдээлэл, Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, Санхүүгийн тайлагийн Олон улсын стандартыг үндэслэн, 8 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, Д.Н, М.Ц нарын 2002-2013 оны хамтын үйл ажиллагааны үр ашгийн тооцооллыг 9 хавтаст хэргийн материал, банкны дансны хуулга,түүхий эдийн үнэ ханшийн мэдээлэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзжээ.
Зохигчид өөрсдөө нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тодорхойлдог боловч шүүх талуудын хооронд үүссэн эрх харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэнэ. Иймд нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “хамтын үйл ажиллагааны ажил үүрэг, хураамж, удирдлага, гадаад-дотоод харилцаанд төлөөлөх, шийдвэр гаргах зэрэг талаар тухайлан ярилцаагүй байх тул тэдгээрийг хамтран ажилласан эсэхийг зохигчдын хооронд үүссэн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын хамтын үйл ажиллагааны ажил үүрэг, тохиролцооны агуулгын хүрээнд тогтоох нь шүүхийн үүрэг” гэх хэсэгт гаргасан гомдол үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн шийдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,201,456 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.МӨНХЗУЛ