Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2026/ДШМ/469

 

2026           04            21                                                                        2026/ДШМ/469

 

Э.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

хохирогч Н.А-ийн өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн,

цагаатгагдсан этгээд Э.Д-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,  

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/339 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч  прокурор Г.Намжилын бичсэн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Д-т холбогдох 2405 00691 1649 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б- овгийн Э-гийн Д-, 1979 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Улаанбаатар Э- ажилтай, ам бүл 1, ...... оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙЭ-/;                        

Цагаатгагдсан этгээд Э.Д- нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э-” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа хохирогч Н.А-ийн биед халдаж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас Э.Д-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405 0069 11649 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2405006911649 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 783 дугаартай яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 240500691 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж, Э.Д- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар хохирол, хор уршиг арилгуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Г.Намжил бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт... хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон, энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэжээ. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн Н.А-аас гаргасан гомдол, хохирогчоос удаа дараа тогтвортой мэдүүлсэн “... Д- намайг дуудахаар нь явж очиход шууд миний уруул хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед амнаас цус гараад дээд үүдэн 3 шүд хөдөлсөн... цагдаа дээр очоод Ц- гомдолгүй гээд байхаар нь бид нар гомдлоо буцаасан... 2023 оны 12 дугаар сарын 22-ны өглөө ...залгахад утсаа авахаар нь “хоёулаа уулзъя, миний шүд унаад баларлаа, нүүр нүүрээ хараад ярилцъя” гэхэд “...хоёулаа бие биеийгээ таньдаг юм чинь янзлаад өгье, төлөөд өгчихье” гэж хэлсэн. Миний Хаан банкны 5Ц-0 дугаарын данс руу 2 сая төгрөг хийсэн... 16 цагийн үед 5.000.000 төгрөг миний Хаан банкны данс руу шилжүүлчихсэн байсан...” гэх мэдүүлэг нь гэрч Х.Г-ын “...А-ийг өөр хүн цохисон байна гэж байхгүй. Учир нь, өөр хэрүүл маргаан болоогүй цагдаагийн газар шууд ирсэн”, гэрч М.Т-ын “... Удалгүй цагдаа нар ирээд Ц-, А-, Д- бид 4-ыг 10 дугаар хорооллын хэсгийн байранд авчирсан. Тэгээд бид нараас “хоорондоо гомдолтой юу, хэн нэгэн гэмтэж бэртсэн зүйл байна уу” гэж асуухад бүгд “байхгүй, бид нар найзууд юм” гэж хэлээд тэндээс гарсан...”, гэрч Б.Ц-ийн “...Д- куртикээ манай ширээн дээр орхичихоод авах гэж ирэхдээ үг хэлийн зөрүүгүй шууд цохичихоод яваад өгсөн. Тэгээд цаад ширээн дээр очиж суугаад А-тай муудалцсан... А- “Д- ...шүд рүү цохичихлоо, 00-ийн өрөө орж нүүрээ угаачихлаа” гээд ирсэн. ... тэгсэн цагдаа нар надаас гомдол гаргах уу гэж асуухаар нь би гомдол саналгүй гэж хэлээд А-тай тус газраас гарсан... А- бид хоёр буудал ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө нь ...А- “юм идэж болдоггүй ээ, энийг хардаа” гээд дээд соёо хэсгийн шүдээ гараараа хөдөлгөж үзүүлэхэд шүд нь аймар хөдөлж байсан ... А- шүд өвдөөд болохгүй байна гэж хэлээд Д-тэй уулзахаар ажил руу нь явсан ...” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Н.А-аас маргааны дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, мөн Н.А-аас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг хэн учруулсан болохыг гэрч Б.Ц-ид тодорхой зааж өгүүлсэн байх ба хохирогч Н А-ийн биед учирсан гэмтлийн шинж байдлыг гэрч Б.Ц- нь нүдээр харсан талаар тодорхой мэдүүлсэн. Мөн хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр хохирогч Н.А-ийн биеийн нүүр хэсэгт 1 удаа цохиж, халдаж байгаа дүрс авагдсан ба хохирогчийн Э.Д- нэг удаа хүчтэй цохисон гэх мэдүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1435 дугаартай шинжээчийн “... Н.А--н биед баруун дээд 1, 2-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлтээр давхар нотолсон байхад дээрх нотлох баримтуудыг цагаатгах тогтоолд хэрхэн үгүйсгэж байгааг дурдаагүй, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход чухал ач холбогдолтой болоход дүгнэлт хийгээгүй байна. Мөн прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Бичиг баримт гаргуулан авах тухай 759 дүгээр тогтоолоор “...эмнэлэгт үзүүлсэн өвчний түүх, төлбөр төлсөн баримтад үзлэг хийж, нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авах...” мөрдөгчид зөвшөөрлийн дагуу мөрдөгч нь Платинум эмнэлгээс баримтыг гаргуулан, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулсан бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Ганзориг, Б.Сэргэлэн, Б.Цолмон нараас 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЕГ0526/33 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1435 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үзлэг хийж цуглуулах, бэхжүүлэх мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуулийн 5 дахь хэсэгт заасан ажиллагаанд эзэмшигчийг байлцуулах учиртай бөгөөд эзэмшигч байлцуулах боломжгүй тохиолдолд хөндлөнгийн 2-оос доошгүй гэрч оролцуулахаар хуульчилсан ба мөрдөгчөөс тухайн байгууллагаас прокурорын зөвшөөрлөөр бичиг баримт гаргуулан авахад хөндлөнгийн гэрч оруулах хууль зүйн үндэслэлгүй болно. Гэтэл шүүх, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойших цагдаагийн байгууллагад H.А-аас гомдол гаргах хүртэл цаг хугацаанд Э.Д-тэй харилцсан дансаар мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйлдэл, тэдний хоорондын харилцан хамаарлын илрэл болон түүндээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага зэрэг хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримтат мэдээллийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан тогтоолгүйгээр яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эмнэлгийн байгууллагаас гаргуулсан баримтыг хэрхэн гаргуулан авсан эх сурвалж тодорхойгүй, бичиг баримтад үзлэг хийхэд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй хэмээн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хэрэгт хохирогч Н.А- нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө “Э-” шөнийн цэнгээний газраар үйлчлүүлээд гарахдаа биедээ “баруун дээд 1, 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал” гэмтлийг мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр авч, эмнэлгийн байгууллагаар тусламж үйлчилгээ авч эмчлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Гэтэл шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүйгээр, улсын яллагчийн яллах дүгнэлтийг анхаарч үзэлгүй орхигдуулсан, хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд дурдалгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Н.А-ийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. ... 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЕГ0526/33 дугаартай дүгнэлтийн үндэслэл болсон “Платинум” эмнэлгээс шүдний имплант, бүрээс, оёдол тавих зэрэг эмчилгээнүүд хийгдсэн талаар эмч нарын тухай бүрт гарын үсэг зурсан баримт ирүүлсэн байх бөгөөд Н.А-ийн шүдний рентген зургийг дахин авч гаргасан дүгнэлт эргэлзээгүй. Ямар эмчилгээ хийлгүүлсэн, өвчний түүх зэрэг бичгийн баримтгүй байхад шинжээч дүгнэлт гаргасан гэх анхан шатны дүгнэлт нөхцөл байдал, хэргийн бодит байдалтай нийцээгүй. Э.Д- нь миний үйлчлүүлэгч Н.А-ийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисны улмаас хөнгөн гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах баримтуудаар тогтоогдоно. Үүнд, Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2 удаагийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зөрүүгүй, тогтвортой мэдүүлдэг. Мөн Н.А-ийн “...Д- миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед амнаас цус гараад дээд үүдэн 3 шүд хөдөлсөн. ... Д- хоёулаа бие биенээ таньдаг юм чинь эмнэлгээр яваад асуудалгүй янзлаад өгье гэж хэлсэн ... шүдээ янзлуулчих гээд 2 сая төгрөг өгсөн .... Дараа нь Д-тэй ажил дээр таарахад 8 сая төгрөг чинь их мөнгө байна 5 сая болгоё гэж тохирсон. Д- надад 01 дүгээр сарын 05-ны өдөр 5 сая төгрөг хийчихье гэж хэлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны орой 2 сая төгрөг хийхээр нь маргааш нь залгасан утсаа аваагүй, тэрнээс хойш утсаа аваагүй...” гэх мэдүүлгийн эх сурвалж хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдоно. Тодруулбал, гэрч Х.Г-, Ц- нарын мэдүүлэг, мөн Э.Д-ийн сэжигтнээр өгсөн “Та гэм буруутай үйлдэл хийснээ зөвшөөрч байна уу... гэхэд “Зөвшөөрч байна, Г- бид хоёр эууралдаж байтал Т- бид хоёрыг салгасан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Учир нь би их согтолттой байсан. ...” гэх мэдүүлэг, түүний яллагдагчаар өгсөн “...А-ийг хохирлын мөнгө гэж нэхэмжилснийг би дүүгээсээ зээлж А-ийн данс руу шилжүүлсэн. ...Сонсгосон ялыг зөвшөөрч байгаа юу гэхэд “Зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЕГ0526/33 дугаартай дүгнэлт, “Платинум” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн талаарх тодорхойлолт, Н.А-ийн дансны хуулга, эмчилгээний төлбөр төлсөн НӨАТ-ын баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр баримтуудаар Э.Д- нь Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан мөн яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байхад шүүхээс түүнийг үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/339 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.А-ийн өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 70 дугаар тал болон яллах дүгнэлтэд авагдсан гэрч Ц-ийн мэдүүлэгт “...Э.Д- куртикээ манай ширээн дээр орхичхоод авах гэж ирэхдээ үгийн зөрүүгүй шууд цохичхоод яваад өгсөн. Тэгээд цаад ширээн дээр очиж суугаад А-тай муудалцаж байгаад цохисон. Н.А- хэлэхдээ “Э.Д- шүд рүү цохичихлоо 00-ийн өрөө орж нүүрээ угаачихлаа” гэж байсан...” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед ямар үйл явдал болсон нь Ц-ийн мэдүүлгээс илэрхий харагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хамгийн чухал нотлох баримт нь шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт байдаг. Уг хэрэгт нийт 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тухайн дүгнэлтүүдээр хохирогч Н.А-ийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогддог. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос мэдүүлэг авахдаа хууль сануулж мэдүүлэг, тайлбар авсан. Тэрээр болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Уг хэрэг өмнө нь анхан шатны шүүхээр 1 удаа, давж заалдах шатны шүүхээр мөн 1 удаа шийдвэрлэгдэж байсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үед манай зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулах хүсэлтийг гаргаж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хэлэлцэгдсэн боловч шүүх хүсэлтийг хүлээж авахгүйгээр хэргийг гэм буруугийн шүүх хуралдаан руу шилжүүлж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгосон баримт болон хууль зүйн дүгнэлт хийсэн хэсэгтээ гэрч М-ы мэдүүлгийг үнэлсэн байдаг. М- гэх хүн нь цагдаагийн байгууллагын ажилтан, цагдаагийн байгууллагын албан хаагчийн мэдүүлгийг цагаатгах талын нотлох баримтаар үнэлэх нь өөрөө учир дутагдалтай. Г-ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхдээ Э.Д-ийн хамааралгүй байх боломжтой хэсгийг үнэлсэн. Мөн хохирогчийн мөрдөгчид гаргаж өгсөн эмнэлгийн баримтыг мөрдөгч авахдаа үзлэг хийж авах ёстой байсан гэх агуулгаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогчийн гаргаж өгсөн эмнэлгийн баримтыг үнэлэх эсэх нь дүгнэлт гаргаж байгаа шинжээч эмчийн асуудал гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Анхан шатны шүүх “шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдоогүй байна” гэх агуулгаар цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хацарынх нь шонтгор яс руу нь нэг удаа цохисон. Түүнээс нүүрнийхэн өөр хэсэгт цохиогүй, биеийнхэн бусад хэсэгт хүрээгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Д-ийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдсан гэж үзэж байна. Прокурор манай үйлчлүүлэгчийг яллахдаа зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэдэг. Гэтэл хохирогч үнэн зөв мэдүүлдэггүй, түүний бүх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй байхад хохирогчийн мэдүүлэгт үндэслэж Э.Д-т хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоох гэж 2 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Гэтэл сүүлийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгээс зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл, манай үйлчлүүлэгч Н.А-ийн нүүрэн хэсэгт халдаагүй байхад, халдсан мэтээр дүгнэлт гарсан байдаг. Уг хэрэгт анх хяналт тавьж байсан прокурор нь энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэх үндэслэлээр мөрдөгч руу 6 удаа буцаасан. Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдүүд нь Э.Д-, Н.А- нарыг биенээ цохиж байхыг хараагүй. Өөрөөр хэлбэл, манай үйлчлүүлэгч Э.Д-ийг Н.А-ийн биед халдаж байхыг харсан, шууд заасан ямар ч гэрч байхгүй. Хэргийн материалд авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүйгээр тогтоосон ямар ч баримт байхгүй. Уг хэргийн үйл баримт 2023 онд гарсан түүнээс хойш мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь хангалттай хийж гүйцэтгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Д-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Намжилын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Э.Д-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Баянгол дүүргийн Прокурорын газраас Э.Д-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405 0069 11649 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ДШМ/806 дугаар магадлалаар “... хохирогч Н.А- нь тухайн үйл явдал болсноос хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн газарт гомдол гаргасан байх ба улмаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1435 дугаар шинжээчийн дүгнэлтээр “Н.А-ийн биед баруун дээд 1, 2-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол” тогтоогдсон гэх дүгнэлтээ “М-” шүдний эмнэлгийн Э.Мөнхжин гэх эмчийн үзлэгт үндэслэж гаргасан гэх боловч тус эмнэлэгт ямар эмчилгээ хийгдсэн, өвчний түүх зэрэг бичгийн баримтгүй байхад дүгнэлт гаргасан, мөн “М-” шүдний эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн их эмч О.Сувд-Эрдэнийн тодорхойлолт болон хэнийх болох нь тогтоогдохгүй рентген зураг зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд хохирогч Н.А-ийн анх тус эмнэлэгт үзлэг хийлгэсэн эсэх, ямар эмчид үзүүлсэн, ямар эмчилгээ хийлгэсэн, өвчний түүх зэрэг шинжээчийн дүгнэлт гаргахад ач холбогдол бүхий баримтуудыг хэрэгт хавсаргасны эцэст шинжээч томилуулж, дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргах нь хэргийн үйл баримтыг нэг мөр тогтоох, хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой гэж шийдвэрлэсэн ба дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дээрх ажиллагааг бүрэн хийгдээгүй, нотлох баримт бүрэн гүйцэт цуглараагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон эх сурвалжийг магадлаж, логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг.

Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.

Анхан шатны шүүх Э.Д-ийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлсон дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, үнэлж дүгнэхдээ шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлийг бий болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох бөгөөд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/339 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор прокурор Г.Намжилын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/7272 дугаартай шүүхийн шийдвэрийг залруулах тухай /2хх 23-24/ шүүгчийн захирамж гаргасан боловч хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл хавсаргагдаагүй болохыг анхааруулан тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/339 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.  

2. Э.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                          Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ