Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 137/ШШ2025/00526

 

 

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 137/ШШ2025/00526

Дорноговь аймаг

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 19… оны … сарын …-ний өдөр У.. хотод төрсөн, … настай, э…эгтэй, З…дэх н… шатахуун түгээх газрын гадаад худалдааны менежер ажилтай, Д… аймгийн З… сумын С… багийн …-р байрны … тоотод оршин суух, Т… овогт Н-ын Б… /РД: …, утас: …/-ын нэхэмжлэлтэй,

 

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Н.Б, гэрч Ц.Л нар оролцов.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл мөн нэмэгдүүлсэн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие Н.Б нь 19… оны … дугаар сарын …-ны өдрийн … тоот тушаалаар Авто тээврийн барилга угсралт засварын трестэд слесариар орж хөдөлмөрийн дэвтэр нээлгэж ажилд орсон билээ. Энэ дэвтрийг 10 жил 5 сараар ажиллахаар тооцоо хийж 519480 тоот нийгмийн даатгалын дэвтэр шинээр нээсэн билээ. Анхны дэвтэр маань удаан хадгалагдсаны улмаас дэвтэр дээрх биеийн байцаалт маань хоорондоо наалдаад бичвэр нь арилсан тул энэхүү дэвтэр нь Н… овогтой Б… миний дэвтэр мөн болохыг тогтоож өгнө үү.

Миний бие нь 19… оны … сарын …-ны АТБУЗТ-ын 1-р конторын даргын 19… оны … сарын …-ны өдрийн … тоот тушаалаар ажилд орсон 19… оны … сарын …-ны өдөр хүртэл ажилласан. 19.. ны … сарын …-ны БХЯ-ны сайдын 234-р тушаалаар АА-ийн 124-р ангид цэргийн албанд мордож 19… оны 10 сарын 14-ний өдрийн 2…-р тушаалаар хасагдсан. 19… оны 10 сарын 18-ны 37 тоот тушаалаар АТБУЗТ-ын 2-р ангид гагнуурчнаар ажилд орсон. 19… оны 02 сарын 05-ны өдрийн … тоот тушаалаар зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул Ган торх түкийн мэдэлд шилжсэн. 19… оноос 19… оны 04 сарын 13-ны өдрөөс гагнуурчнаар ажилласан. 1992 оны 04 сарын 13-ны өдрөөс 19… оны 05 сарын 23-ныг хүртэл Ган торх ХХК-д ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 19… оны 07 сарын 15-ны Авто тээврийн барилга угсралт засварын трестийн 1-р конторын даргын 1984 оны 07 сарын 15-ны өдрийн 64 тоот тушаалаар ажилд орсон 1987 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. 1987 оны 10 сарын 18-ны БХЯ-ны сайдын 234-р тушаалаар АА-ийн 124-р ангид цэргийн албанд мордож 1989 оны 10 сарын 14-ний өдрийн 266-р тушаалаар хасагдсан. 1989 оны 10 сарын 18-ны 37 тоот тушаалаар АТБУЗТ-ын 2-р ангид гагнуурчнаар ажилд орсон. 1991 оны 02 сарын 05-ны өдрийн 03 тоот тушаалаар зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул Ган торх түкийн мэдэлд шилжсэн. 1991 оноос 1992 оны 04 сарын 13-ны өдрөөс гагнуурчнаар ажилласан. 1992 оны 04 сарын 13-ны өдрөөс 1996 оны 05 сарын 23-ныг хүртэл Ган торх ХХК-д ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ шинэчилж нийгмийн даатгалын дэвтэр нээсэн. Хөдөлмөрийн дэвтэр маань олон жил болж миний биеийн байцаалт дэвтэр дээр баларсан байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь хөдөлмөрийн дэвтэр минийх болох нь тодорхойгүй болсон гэж ажилсан жил маань тогтоогдохгүй байгаа юм. Хөдөлмөрийн дэвтэр нь Н-ын Б… минийх мөн болохыг тогтоолгож, 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл улсад ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Гэрч Ц.Л шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Б… нь 1985, 1986, 1987 оны үед Д… Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн харьяа 1-р конторт сав тоног, төхөөрөмж угсралтын гагнуурчнаар ажиллаж байсан. 19… онд Дундговийн 1-р контор миний ажиллаж байсан Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн харьяа 1-р анги хоёр нэгдэж нэг анги болсон. 1989 он хүртэл хамт ажилсан. Б… нь сав угсралтын гагнуурчнаар ажиллаж байсан. Би тооцооны нягтлан хийж байгаад 1989 онд Их сургуульд орсон. 1987-1994 он хүртэл хамт ажилсан. Дунд нь нэг завсарласан юм. Б-ын дүү М-ын Б… гэж хүн хамт ажиллаж байсан. Мөн аав нь Х-ийн Пиодор гэж хүн хамт ажиллаж байсан. Гэхдээ аав нь төрсөн аав нь биш юм. Хөдөлмөрийн дэвтэр дээрх гэрэл зураг Н-ын Б-ийн зураг мөн байна. Б-ын төрсөн ээж нь Д-ын Н… гэж хүн байсан. Мөн бид нартай хамт ажиллаж байсан юм. Б… нь ээжээрээ овоглодог юм. Б-ын төрсөн эцгийг би харж байгаагүй, мэдэхгүй гэв.

Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, 19… оны 07 сарын 20-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Х.П, Я.Б нарын тодорхойлолт, Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын тодорхойлолт, гэрэл зураг, гэрч Ц.Л-ийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1984 оны 07 сарын 20-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т… овогт Н-ын Б… мөн болох нь гэрч Х.П-ын ээжийг нь Д-ын Ц.. гэдэг, аавыг нь сайн мэдэхгүй байна. Ер нь танихгүй, нэрийг нь М… гэж хүн байсан санагдаж байна. Ээжийг Н… гэдэг иргэний бүртгэл болон бүх бичиг баримт нь Н-аар явдаг гэх мэдүүлэг, гэрч Я.Б-ийн Ээж нь Д-ын Н… гэдэг хүн байсан. 2006 онд нас барсан. Аавыг нь танихгүй, ээжээрээ овоглодог, ээжтэйгээ хамт амьдардаг байсан. гэх мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр дээрх гэрэл зураг нь нэхэмжлэгч Н.Б-ын хэрэгт өгсөн гэрэл зурагтай ижил, мөн гэрч Ц.Л-ийн шүүх хуралдаан дээр өгсөн ...хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг нь Н-ын Б-ын гэрэл зураг мөн байна гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Н.Б нь 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 сарын 15-ныг хүртэл Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн 1 дүгээр конторт сав монтажийн слесариар, 1987 оны 10 сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл Ардын армийн 124 дүгээр ангид цэргийн алба хаасан, 1989 оны 10 сарын 18-ны өдрөөс 1991 оны 02 сарын 01-ны өдрийг хүртэл Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн 1 дүгээр конторт сав монтажийн бригадад гагнуурчин, 1991 оны 02 сарын 01-ны өдрөөс 1992 оны 04 сарын 13-ны хүртэл хугацаанд Ган торх пүүст сав монтажийн бригадад гагнуурчин, 1992 оны 04 сарын 13-ны өдрөөс 1992 оны 10 сарын 15-ныг хүртэл Ган торх ББХК-д гагнуурчин, 1992 оны 10 сарын 15-ны өдрөөс 1996 оны 05 сарын 22-ныг хүртэл Ган торх ХХК-д брокер, 1996 оны 05 сарын 23-наас Ган торх ХХК-ны хамтарсан үйлдвэрийн монгол талын даргаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Х.П-ын ...Сав тоног төхөөрөмж барилга угсралтын трестийн нэгдүгээр конторт сав тогтог төхөөрөмжийн гагнуурчин слесарь хийдэг. Болд нь 1984-1989 оны хооронд ажиллаж байсан. Бид энэ үед хамт ажиллаж байсан. Би инженер хийдэг байсан ба Б… нь 1989 оны дуустал ажиллаж байгаа 1989 онд цэрэгт явсан. Цэргээс 1991 онд ирээд энэ газраа үргэлжлүүлээд гагнуурчин, слесариар ажилласан. Тэгээд би 1996 онд ажлаасаа гаргасан. Намайг ажлаас гарахад Б… ажлаа хийгээд үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч Я.Б-ийн ....1984 оноос 1990-ээд оны үед Тээврийн яамны харьяа Авто тээврийн барилга угсралт, засварын трестэд ажиллаж байсан. Энэ байгууллага нь аймгийн төвүүд болон Улаанбаатар хотод нефтийн байгууллага, нефтийн агуулга, конторуудыг барьж байгуулж байсан газар юм. Уг байгууллагад Н.Б нь сав шугам, хоолой, монтаж, слесарь, гагнуурчны ажил хийдэг хүн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/, гэрч Ц.Л-ийн шүүх хуралдаан дээр өгсөн Б-той 1985, 1986, 1987 оны үед Дундговьд Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн харьяа 1 конторт сав тоног, төхөөрөмж угсралтын гагнуурчинаар ажиллаж байсан. 1987 онд Дундговийн 1 дүгээр контор миний ажиллаж байсан Автотээворийн барилга угсралтын засварын трестийн харъяа 1 дүгээр анги хоёр нэгдэж нэг анги болсон. 1989 он хүртэл хамт ажилсан. Б… нь сав угсралтын гагнуурчнаар ажиллаж байсан. Би тооцооны нягтлан хийж байгаад 1989 онд Их сургуульд орсон. 1987-1994 он хүртэл хамт ажилласан. Дунд нь нэг завсарласан юм. Болдын дүү М-ын Б… гэж хүн хамт ажиллаж байсан. Мөн аав нь Х-ийн П… гэж хүн хамт ажиллаж байсан. Гэхдээ аав нь төрсөн аав нь биш юм. Хөдөлмөрийн дэвтэр дээрх гэрэл зураг Н-ын Б-ийн зураг мөн байна. Б-ын төрсөн ээж нь Д-ын Надмид гэж хүн байсан. Мөн бид нартай хамт ажиллаж байсан юм. Б… нь ээжээрээ овоглодог юм. Б-ын төрсөн эцгийг би харж байгаагүй, мэдэхгүй гэх мэдүүлэг, гэрэл зургууд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч Н.Б 1987 оны 09 сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Улаанбаатар хот /Сүхбаатар район/-оос 1987 оны 10 сарын 15-ны өдөр хугацаагд цэргийн албанд татагдан Ардын армийн 124 дүгээр ангид алба хааж 1989 оны 09 сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 сарын 15-ны өдөр 650430 дугаар цэргийн батлахтай халагдсан болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 олны 04 сарын 21-ний өдрийн 08/1736 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 32/-гаар батлагдаж байна.

         Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1984 оны 07 сарын 20-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т… овогт Н-ын Б… /РД: …/ мөн болохыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т… овогт Н-ын Б… нь 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 сарын 15-ныг хүртэл Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн 1 дүгээр конторт сав монтажийн слесариар, 1987 оны 10 сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл Ардын армийн 124 дүгээр ангид цэргийн алба хаасан, 1989 оны 10 сарын 18-ны өдрөөс 1991 оны 02 сарын 01-ны өдрийг хүртэл Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн 1 дүгээр конторт сав монтажийн бригадад гагнуурчин, 1991 оны 02 сарын 01-ны өдрөөс 1992 оны 04 сарын 13-ны хүртэл хугацаанд Ган торх пүүст сав монтажийн бригадад гагнуурчин, 1992 оны 04 сарын 13-ны өдрөөс 1992 оны 10 сарын 15-ныг хүртэл Ган торх ББХК-д гагнуурчин, 1992 оны 10 сарын 15-ны өдрөөс 1996 оны 05 сарын 22-ныг хүртэл Ган торх ХХК-д брокер, 1996 оны 05 сарын 23-наас Ган торх ХХК-ны хамтарсан үйлдвэрийн монгол талын даргаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.Б