| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2520000000141 |
| Дугаар | 2026/ДШМ/22 |
| Огноо | 2026-03-16 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | А.Хулан |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/22
2026 03 16 2026/ДШМ/22
Б.Э.д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор А.Хулан /цахим/,
шүүгдэгч Б.Э
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаагийн даргалж хийсэн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа нарын давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Э.д холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд: ....................
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Э. нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 01 цаг 30 минутын орчимд ...................
хаягт байх өөрийн эзэмшлийн гражид Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан Ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүү гэх 4 килограмм 45 грамм ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Хулан, Б.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Э. нь хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар байгаль экологид учруулсан 4,390,847.5 төгрөгийг шүүгдэгч Б.Э.с гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүхэд хэрэг хүлээн авах үеийн жингээр 4 килограмм 45 грамм “дэрэвгэр, жиргэрүү” ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурджээ.
5.Шүүгдэгч Б.Э. давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хилийн хоригоо цуцлуулах хүсэлтэй байна. Хил гарч амьдрал ахуйгаа залгуулж, үр хүүхдүүдээ тэжээдэг. Гэртээ ажилгүй байх юм бол хүүхдүүдээ тэжээн тэтгэх чадваргүй болчихоод байгаа учраас гомдол гаргасан. ......н нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэн харгалзах ялыг оногдуулж өгнө үү.”гэв.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өрх толгойлсон эх, хилээр ачаа бараа зөөж амьдардаг гэж мэдүүлсэн боловч анхан шатны шүүхээс энэ байдлыг нь харгалзан үзээгүй нь эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчим алдагдсан. Хуулийн энэрэнгүй ёсны нийтлэг зарчмыг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн. Мөн шүүхээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгаагүй, хохирол төлөхөө илэрхийлээгүй гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасныг зөрчин энэрэнгүй ёсны зарчмаас хазайсан шийдвэр гаргасан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т заасныг журамлан тэнссэн хугацаанд хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эсхүл дээрх хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хойшлуулах буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруу, хохирол төлбөр дээр маргадаггүй. Зөвхөн шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь түүний амьжиргааны эх үүсвэрт нөлөөлж байна гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар түүний хамтран амьдрагч Шинэбаяраас мэдээлж гомдол гаргасан байдаг. Гомдол мэдээлсэн өдрөөсөө хойш түүний нөхөр үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг, амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл байдал өөрт нь хамааралгүй мэтээр эхнэр, хүүхдүүдээ орхиж яваад өнөөдрийг хүртэл холбоогүй байгаа. Шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар долоон хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Насанд хүрсэн хүүхдүүдээс нь тусдаа гарч амьдарсан хүн байхгүй, Э. тэжээн тэтгэдэг. Мөн тэрээр Эрээн-Замын-Үүд, Замын-Үүд-Эрээн чиглэлд өдөр бүр бага зэргийн ачаа авч гарч амьжиргаагаа залгуулж амьдардаг. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь түүний амьжиргаагаа залгуулах боломжийг хязгаарлаж байна гэж үзэж байгаа. Түүний холбогдсон хэргийн ялын тухайд сонгох санкцтай хэрэг байгаа учраас түүний хувийн байдал, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэм буруугийн хувьд маргадаггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан.” гэв.
8.Прокурор А.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хор уршиг, гэмт хэрэгт холбогдож байсан байдал зэргийг харгалзан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр түүнд уг ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан, эх сурвалжийг магадлан хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Хулан, шүүгдэгч Б.Э.г 2025 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 01 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар баг, Усны 1-34 тоот хаягт байх өөрийн эзэмшлийн гражид Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан Ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүү гэх 4 килограмм 45 грамм ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
2.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шийтгэх тогтоол гаргасан нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжид нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э.г “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хэргийн бодит байдал болон эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.
3.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны зэрэгцээ цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх ба хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Түүнчлэн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ДОГ0325/002 дугаартай дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн ургамлын нийт дээж нь дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricate (Turz) Schischk.)-ийн үндэс байна. Дэрэвгэр жиргэрүүгийн нийт жингийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 878,169.5 төгрөг /хх -ийн 20-23х/ гэж дүгнэсэн, дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн буюу Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу гарсан ба дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан, тэдний зүгээс дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй байх тул дүгнэлтэд үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу ургамалд учирсан хохирлыг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 4.390.847.5 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Мөн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд нотолсон, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай байна.
4.Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид 4,390,847.5 төгрөгийн учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн хувийн байдлыг, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэх эсхүл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан, шийтгэх тогтоол гарснаас хойшхи хугацаанд шүүгдэгч Б.Э. гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөөс төлөөгүй, төлөлт огт хийгээгүй мөн хохирол нөхөн төлөгдөх боломжтойг нотолсон баримтгүй байх тул шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА