Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01307

 

 

М.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00285 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.М-ын хариуцагч “МП” ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас буруу халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Асланбек /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М.Мыг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон тоо цомхотгож, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Эдийн засгийн болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэл заасан. ... Улсын дээд шүүхийн 2012 оны Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан зөвлөмжийн 2.1 дэх хэсэгт орон тоо цөөрүүлэх гэдэгт ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгоно гэж заасан. Дасгалжуулагч багшийн 2 орон тоо буюу ажил албан тушаалаас 1 багшийг ажлаас орон тоо хассан гэж чөлөөлсөн. Гэтэл энэ нь орон тоо хассан биш, орон тоо цөөрүүлсэн болох нь хариуцагч талын тайлбараар нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоох зарчмыг зөрчиж орон тоо цөөрүүлж хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж үзэж байна. Мөн хуулийн 8.1.4 дэх хэсэгт заасан талууд эрх, тэгш байх зарчмыг зөрчсөн. Нэг ижил албан тушаалаас аль нэгийг нь цөөрүүлсэн бол 2 албан тушаалд ажиллаж байгаа этгээдүүдээс шударга ёсны зарчмын дагуу буюу тэгш эрхийг хангах, давуу байдал олгохгүй байдлаар шалгаруулалт явуулж аль нэгийнх нь хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөхдөө 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл нэг сарын өмнө мэдэгдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгч М.М гарын үсэг зураагүй. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэх хуудас дээр гарын үсэг зураад өгчих гэдэг байдлаар гуйгаад байсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Ажил олгогч ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэггүй мэдэгдэл байсан. Иймд М.Мыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 63,513,609 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  М.М нь “МП” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс дасгалжуулагч багшаар ажиллаж эхэлсэн. Компанид учирсан санхүүгийн хүндрэлийг даван туулж, үйл ажиллагааг доголдуулахгүй явуулахын тулд дасгалжуулагч багшийн албан тушаалыг цомхотгосон. Энэ талаар 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр М.М ад мэдэгдэж н.У гэх гарын үсэгтэй мэдэгдлийг гаргаж өгсөн. Компанийн зүгээс мэдэгдэх үүргээ 30 хоногийн өмнө хэрэгжүүлж, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан.  М.М нь “МП” ХХК-д ажиллаж байхдаа Хөдөлмөрийн дотоод журмын 15.14.12 дэх заалтыг зөрчиж ажлын байрыг хувийн өмч мэтээр андуурч, ажлын байранд хөзөр тоглож компанийн бусад ажилтнуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж байсан ба энэ талаар М.Мад аман сануулгыг удаа дараа өгч байсан. М.Мыг ажлаас халаагүй харин хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа талаар М.Мад 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халсныг мэдсэн гэх агуулгаар нэхэмжлэлдээ тусгаж хүлээн зөвшөөрдөг. Харин мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан. М.Мад компанийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын тэтгэмжийг олгосон. Хавтаст хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас харахад М.М нь 2019 оны 09 дүгээр сараас эхлээд Сэлэнгэ аймагт бүртгэлтэй компанид ажилд орсон үйл баримт тогтоогдож байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь цомхотголд орсон үйл баримтыг зөвшөөрөөд өөр ажил, албан тушаалд орсон нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар М.Мыг МП ХХК-ний дасгалжуулагч багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1дэх хэсэгт зааснаар “МП” ХХК-аас ажилгүй хугацааны олговор 42,767,171 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,746,438 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “МП” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2021/05212 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй байхыг дурдаж, нэхэмжлэгч М.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “МП” ХХК-аас 371,785 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Шүүх ажил олгогчийн тушаалыг яагаад үндэслэлгүй гэдэгт дүгнэлт хийж чадаагүй. Хариуцагчийн гаргасан тушаалын талаар тодорхой дурдаагүй буюу шүүхийн байр суурийг бичээгүй, гаргах гэж байгаа санаагаа гүйцэт гаргаагүй.

4.2. Мөн шүүх “хариуцагч ажилтанд хөдөлмөрийн хуулинд заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19/01 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх” тухай баримтыг ирүүлсэн уг мэдэгдэл ажилтанд М.М гарын үсэг зураагүй, хожим буюу 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр энэ дээр гарын үсэг зураад өгчих гэдэг байдлаар гуйгаад байсан гэж нэхэмжлэгч тайлбарласан нь үндэстэй тайлбар гэж үзэв” гэж дүгнэсэн нь хэт нэг талын мэдүүлэгт хөтлөгдсөн байна. Нэхэмжлэгч М.М нэхэмжлэлдээ “Намайг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирал “ цомхотгол” гэх үндэслэлээр халагдсан талаар мэдэгдсэн гэж дурдсан байдаг. Хариуцагч талаас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М.Мыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Гэтэл М.М 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримтуудаас үзэхэд М.М 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх асуудлыг хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн өмнө мэдсэн гэдэг нь нотлогдож байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас 30 хоногийн өмнө тушаалыг ажилтанд мэдэгдсэн нь нотлогдсон үйл баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар няцааж 30 хоногийн өмнө мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 тоот тушаалын 1-д “тус компаний дасгалжуулагч багшийн орон тоог 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр цомхотгож гэж тусгагдсан. Үүнээс үзэхэд хариуцагч  нь дасгалжуулагч багшийн орон тоог цомхотгосон буюу цөөрүүлж, 2 дасгалжуулагч багшийг 1 болгосон болохоос дасгалжуулагч багшийн ажлын байрыг компаний бүтцээс хасаагүй нь тодорхой байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн орон тоог цөөрүүлэх тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Шүүх 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 068 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг бодитоор, үндэслэл бүхий тогтоож чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хариуцагч талаас 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаас өмнө нь хэрэг үүсгэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар тайлбарлаагүй. Ажил олгогчоос 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мэдэгдэл болон 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тушаалыг шүүхэд хэрэг үүссэний дараа нөхөж гаргасан өгсөн. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдлийг хүлээж авсан талаар маргаагүй. Үүнийг өмнө нь гаргасан, дараа нь гаргасан гэдгээс үл хамаарч ажилтныг ажил олгогч ямар нэгэн байдлаар ажлаас халсантай холбоотой үйл баримтыг шүүх шийдвэрлэсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарладаг. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 068 дугаар тушаалын үндэслэх хэсэгтээ цар тахлыг дурдаагүй,  мөн хариу тайлбартаа энэ талаар дурдаагүй. 2020 оны 04 дүгээр сард цар тахалтай холбоотой хууль батлагдаж, 02 дугаар сар, 03 дугаар сард цар тахалтай холбоотой нөхцөл байдал үүссэн. Үүнээс үзэхэд 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцагч тал өөрийн шаардлага тайлбараа өөрөө нотлох баримтаар гаргаж өгөх хугацаа хангалттай байсан. Засгийн газраас 60 хувийн цалинг олгох тухай шийдэв нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд чиглэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тухайн ажлын байрнаас үндэслэлгүйгээр ажлаас халсан бол урд эрхэлж байсан ажил албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгох ёстой гэж заасан байдаг. Халагдсанаас хойш бүх хугацаанд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсон үгүй эсэхээс үл хамаарч нөхөн олговрыг олгох үүргийг хуулиар хүлээлгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг хэрэглэх урьдчилан нөхцөл бүрдээгүй. Учир нь халсан мэдэгдэл, тушаалыг аваагүй болохоор халснаас хойш 30 хоногийн дотор гэх хугацааг хэрэглэх боломжгүй. Ажил олгогчоос 2019 оны 07 дугаар сард цалин олгохгүйгээр ажлаас яв гэх байдлаар дарамталж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Дээд шүүхийн тайлбарыг үндэслээд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 07 дугаар 31-ний мэдэгдэл гэх хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч гарыг үсэг зураагүй. Зураагүй гэдгийг мэдсэн гэх талаар ажил олгогч нотлох үүргээ биелүүлээгүй. Компанийн дүрмийн 3.1-д зааснаар гүйцэтгэх захирал бүх үйл ажиллагааг удирдаж явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, ажлаас халах, огцруулах мэдэгдэл дээр гүйцэтгэх захирал гарын үсэг зурах эрх олгогдсон. Гэтэл хожим үйлдсэн мэдэгдэлд дэд захирал гарын үсэг зурсан байдаг. Шүүхийн үндэслэлийг зөвхөн мэдэгдэл дээр үндэслээд хариуцагч талаас тайлбарлаж байна. Гэтэл шүүхийн үндэслэл зөвхөн мэдэгдэл биш, орон тоо цөөрүүлсэн эсэх, цөөрүүлсэн гэдэг нь ямар баримтаар нотлогдсон, орон тоо цөөрүүлэх нөхцөл байдал бодитой бий болсон эсэх асуудалд тайлбар өгсөн нь үндэслэлтэй. 2019 оны хариу тайлбартаа 2 багшаас 1-ийг хассан гэж тайлбарладаг. 1-ийг хасах үндэслэл нь юу байсан талаар болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан суурь зарчим буюу ялгаварлан гадуурхахгүй байх, давуу тал олгохгүй байх зарчмыг зөрчсөн. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр хууль бус гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч “МП” ХХК-д холбогдуулан дасгалжуулагч багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Нэхэмжлэгч М.М нь “МП” ХХК-д дасгалжуулагч багшаар ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 068 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх26/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг, “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг тус тус ойлгоно.

5. Нэхэмжлэгчийг дасгалжуулагч багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т компанийн ерөнхий үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна, гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм, ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасны дагуу эрх эдэлнэ гэж заасан.

“МП” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 015 дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, компанийн дүрмийн 5.14 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсад үүссэн эдийн засгийн хямралын улмаас компанид учирсан санхүүгийн хүндрэлийг даван туулах, үйл ажиллагааг доголдуулахгүй хэвийн явуулах хэрэгцээ, шаардлагад үндэслэн компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлд үл хамаарах фитнесийн зардлыг бууруулж, цагийн хуваарийг багасган, үйл ажиллагааг зөв, оновчтой зохион байгуулах үүднээс компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлд үл хамаарах фитнесийн цагийн хуваарийг багасгаж, дасгалжуулагч багшийн орон тоо хоёр байсныг нэг болгон цөөрүүлсэн байна. /хх180/

Дээрхээс үзэхэд дасгалжуулагч багшийн 2 орон тоог 1 болгож цөөрүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь “нэг ижил албан тушаалаас аль нэгийг нь цөөрүүлсэн бол 2 албан тушаалд ажиллаж байгаа этгээдүүдээс шударга ёсны зарчмын дагуу буюу тэгш эрхийг хангах, давуу байдал олгохгүй байдлаар шалгаруулалт явуулж аль нэгийнх нь хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх ёстой байсан” гэж тайлбарласан. Хариуцагчийн “М.М Хөдөлмөрийн дотоод журмын 15.14.12 дэх заалтыг зөрчиж ажлын байранд хөзөр тоглож компанийн бусад ажилтнуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж байсан, энэ талаар амаар удаа дараа сануулга өгч байсан, энэ нөхцөл байдал нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж маргаагүй. Ажил олгогч нь дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээгээ цуцласан нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 40.5-д зааснаар энэ тухай нэхэмжлэгчид 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй.

Хэргийн 25 дугаар талд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19/01 дугаартай “МП” ХХК-ийн дэд захирал Б.Урантулгын гарын үсэгтэй М.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох тухай мэдэгдэл авагдсан байх ба уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн гэх хэсэгт хариуцагч гарын үсгээ зураагүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь мэдэгдэлд гарын үсэг зураагүй байх боловч тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... намайг ээлжийн амралттай байх хугацаанд 2019.07.31-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал цомхотгол гэх шалтгаанаар ажлаас халагдсан тухай хэлсэн” гэж тайлбарлажээ. /хх1-2/

Түүнчлэн, нэхэмжлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан зэргээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. /хх3/

“МП” ХХК-ийн дотоод журмын 3.2-т “дэд захирал нь компанийн шийдвэр, албан бичиг, тодорхойлолт, мэдэгдэл, хүсэлт, хариу бичиг, шаардлага, акт гаргах, ажил гүйцэтгэх гэрээ болон түрээсийн гэрээ, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой эрх зүйн бүхий л баримт бичигт гарын үсэг зурна” гэж заасан байна. Үүгээр ажлаас чөлөөлөх мэдэгдэлд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. /хх40/

 Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч М.М-ын, хариуцагч “МП” ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас буруу халсан болохыг тогтоож, тус компанийн дасгалжуулагч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,785 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              А.МӨНХЗУЛ