Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/09

 

                                                                                         Н.Ж-д холбогдох эрүүгийн

                                                                                                    хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .......

          Прокурор                                                                                 ...........

          Шүүгдэгч                                                                                 ..........

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       ...........  

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан ..... ........сум дундын шүүхийн ..... оны 01 дүгээр сарын ..........-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр ........... холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн ...... сумд төрсөн, халх, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ....... сумын ..........багт оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн ........ дундын шүүхийн ...........оны 10 дугаар сарын ....-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ........ овогт .........., /регистрийн дугаар: ........../.             

Шүүгдэгч ........... нь .............оны 07 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд Завхан аймгийн .......... сумын ........ багийн нутаг ......... гэх нэртэй газарт байсан ......... улсын дугаартай ..... маркийн автомашины хаалганд түлхүүр тааруулж онгойлгон дотроос нь ....... эзэмшлийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн .... маркийн гол төмрийн дугаар ........., замагны дугаар .......... дугаартай бууг тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч ............ 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ...... сум дахь ..............газрын хяналтын прокуророос шүүгдэгч ......... овогт .............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ........ овогт .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ 400 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ......... оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8  /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

2. Дээд шатны прокурор .......... давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ...Завхан аймгийн .......... сум дундын шүүх Н.Ж-т холбогдох хэргийг ...........оны 01 дүгээр сарын ..........-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч ....... холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна. ...шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзэж эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч ......... тухайн тээврийн хэрэгслийн хаалга нь түгжээгүй байсан гэж мэдүүлдэг бөгөөд уг тээврийн хэрэгслийн хаалга хэзээнээс өөр түлхүүрээр онгойдог болсон, эсхүл анхнаасаа өөр түлхүүрээр онгойдог байсан эсэх нь тодорхойгүй байх тул шүүгдэгчийн уг мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй. Мөн хохирогч .......... нар тухайн тээврийн хэрэгслийг цоожтой байсан гэж мэдүүлдэг хэдий ч үйлдвэрлэгдээд /ОХУлсад уйлдвэрлэсэн/ олон жил замын хөдөлгөөнд оролцсон хуучин тээврийн хэрэгслийн эд ангийн хэвийн ажиллагаа ямар байх талаар нарийн тогтоогоогүй байх тул уг мэдүүлгийг шууд үнэлэх бүрэн боломжгүй байна. Иймд прокуророос тусгайлан хамгаалсан байранд түлхүүр тааруулж нэвтэрч эд зүйл хулгайлсан гэж дүгнэн, шүүгдэгч ........ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ" гэжээ.

Хохирогч ........, гэрч ......... нарын мэдүүлэг, ........ оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Мөрдөгчийн ....... оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгч ......... нь тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогчид хохирол учруулсан байна гэж дүгнэж байна.

Улсын дээд шүүхийн 2019.10.16-ны №511 тогтоолд "...Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ. Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэж дүгнэсэн.

Мөн 2020.01.27-ны өдрийн №56 дугаартай тогтоолд “...Тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч хохирогч үнэ цэнэ бүхий эд зүйлсээ түр хадгалах зориулалтаар тэдгээрийг өөрийн автомашиныхаа бүхээгт үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн автомашиныхаа хаалгыг түгжин, цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас харахад өөрийн эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор үнэ цэнэ бүхий эд зүйлс хадгалагдаж байгааг цонхоор нь харж мэдээд хулгайлж авахын тулд уг автомашины гурвалжин шилийг шөнийн цагаар, нууцаар хагалах замаар хаалгыг онгойлгон нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийг шүүхээс бусдын тээврийн хэрэгсэл буюу эд хөрөнгө түр хадгалагдаж буй тусгайлан хамгаалсан агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм..." гэж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч ......... нь .... маркийн тээврийн хэрэгслийг агуулах сав болгон ашиглаж, өөрийн эд хөрөнгөө бусдын халдлагаас хамгаалж, тээврийн хэрэгсэл дотор хийж цоожилж, түлхүүрийг нь өөртөө авч явж байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Мөн мөрдөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад .... маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг цоожлогдож байгаа эсэхийг туршилтаар тогтоосон байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлахгүйгээр хийсвэр дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эргэлзээ бүхий байна гэж дүгнэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй" гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Завхан аймгийн ...... сум дундын шүүхийн ........ оны 01 дүгээр сарын ..........-ны өдрийн .............. дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

3. Прокурор ....... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч ......... нь 2025 оны 07 дугаар сарын 23-наас 26-ны хооронд Завхан аймгийн .........сумын .......... багийн нутаг ........ гэх нэртэй газарт байсан ............. улсын дугаартай ..... маркийн авто машины хаалганд түлхүүр тааруулж уг тээврийн хэрэгсэлд байсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн .... маркийн бууг хулгайлж хохирогч ........ 1.0 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон. Прокуророос дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг .........оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэж үзэж 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Прокуророос дээрх шийтгэх тогтоолтой танилцаад, шүүгчийн дээрх дүгнэлт, үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзээд дээд шатны прокурорын эсэргүүцлийг бичсэн. Улсын Дээд Шүүхээс орон байранд нэвтэрсэн хулгайн үйлдэлтэй холбоотой хэд хэдэн тогтоол шийдвэрүүд гарсан. ...Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр тогтоолд хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгөд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйчилнэ, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хууль хэрэглээний практикийг тогтоосон. Мөн түүнчлэн 56 дугаартай тогтоолоор тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх зориулалтай боловч хохирогч үнэ цэнэ бүхий эд зүйлээ түр хадгалах зориулалтаар тэдгээрийг өөрийн авто машиныхаа бүхээгт үлдээж бусдын хууль бус халдлагаас сэргийлсэн, авто машиныхаа хаалгыг түгжин цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас харахад өөрийн эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзнэ. Эд хөрөнгө түр хадгалагдаж буй тухайн тусгайлсан агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэж үзнэ гэж Улсын Дээд Шүүх шийдвэрлэсэн. Яагаад түлхүүр тааруулсан гэж үзэж байгаа вэ гэхээр хохирогч ......... нь хөнжил дотроо буугаа ороогоод хоол, хүнс, хөнжил гудсаа машин дотроо хийгээд найдвартай гэж үзэж тухайн машинд хийж цоожилж үлдээсэн. Тухайн машиныг хохирогч өөрөө цоожилсон, түлхүүр хохирогчийн биеэс салаагүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Мөн хохирогчийн мэдүүлэгт нэг талын хаалгыг нь дотроос нь цоожилдог, нөгөө талын хаалгыг гаднаас нь цоожилдог бөгөөд тухайн үед очиход тэр хаалга цоожтой, цонх хаалттай байсан гэсэн мэдүүлгийг өгсөн. ...Тухайн цаг хугацаанд хохирогчтой хамт байсан гэрч ...... мэдүүлэг дээр 2025 оны 7 дугаар сарын 26-ны орой ...... хамт мод бэлтгэж байсан газар очоод машин дотроос хөнжил гудсаа оруулсан чинь доор нь тавьсан байсан ..... буу байхгүй байсан, тэр машинд хийж цоожлоод түлхүүр нь ....... байсан, хамгийн сүүлд ногоон мишоконд боогоод хоол унд хийдэг гэрээсээ авч гарч байсан гэдэг мэдүүлгийг өгдөг. Энэ бол хамт байсан гэрчийн мэдүүлэг. Мөн тухайн бууг алга болсон гэдгийг мэдэх гэрч .... маркийн машин дотроо хөнжил пүүгээгээ хийгээд цоожилж үлдээгээд ирсэн байсан чинь нөгөө машин дотор байсан буу нь байхгүй байсан гэсэн мэдүүлгийг өгсөн. Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээс аваад үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл цоожтой, тухайн тээврийн хэрэгслийг агуулах сав байдлаар эд зүйлсээ хамгаалж хийсэн байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Шүүгч ямар дүгнэлт хийж зүйчлэлийг хөнгөрүүлсэн бэ гэхээр шүүгдэгч ...... нь тухайн тээврийн хэрэгслийг харахад түгжээгүй байсан гэж мэдүүлдэг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, туршилт хийсэн баримтуудаас шүүгдэгчийн тухайн тээврийн хэрэгслийг түгжээгүй байсан гэдэг мэдүүлэг нь тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ганцаараа тухайн тээврийн хэрэгслийг түгжээгүй байсан гэдгийг хэлдэг ч, дээрх мэдүүлгийг нотолсон нотлох баримтууд байхгүй. Мөн уг тээврийн хэрэгслийн хаалга хэзээнээс өөр түлхүүрээр онгойдог болсон эсхүл анхнаасаа өөр түлхүүрээр онгойдог байсан эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн. Улсын Дээд Шүүх энэ талаар тайлбарлахдаа түлхүүр тааруулах байдлаар нэвтрэн орсон бол хүндрүүлэн зүйчилнэ гэж тайлбарласан. Энэ тээврийн хэрэгслийн хаалганд туршилтыг 2025 оны 8 сарын 26-ны өдөр хийсэн. Энэ туршилтаар хаалгыг бүрэн цоожилсон байхад татаад үзэхэд онгойдог эсэх, хаалгыг цоожилсон байхад өөр түлхүүр хийхэд таардаг эсэх гэдэг асуудлыг тодруулах зорилгоор туршилт хийсэн. Хохирогчийн хэлснээр машиныг цоожлоод явахад ямар нэгэн түлхүүр тааруулахгүйгээр татаад үзэхэд онгойх боломжгүй байна гэсэн тэмдэглэлийг мөрдөгч хийсэн. Уг тээврийн хэрэгслийн зүүн талын хаалгыг дотор талаас нь цоожилж онгойлгодог, харин баруун талын хаалгыг гадна талаас нь түлхүүрээр цоожилж онгойлгодог байх бөгөөд цоожилсон тохиолдолд онгойлгох боломжгүй байгаа гэдэг, өөр төрлийн түлхүүр тааруулаад онгойлгох боломжтой юу гэхээр өөр түлхүүрээр онгойлгож үзэхэд уг хаалга онгойж байсныг хохирогч, хөндлөнгийн гэрч нар харав гэсэн байна. Тийм учраас машины хаалга цоожтой үедээ татаад онгойх боломжгүй, заавал түлхүүр тааруулж онгойлгох боломжтой гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны туршилтаар тогтоосон. Шүүгчийн дүгнэлтээр ........ машины хаалгыг түгжээгүй байсан гэж мэдүүлдэг, өөр түлхүүрээр хэзээнээс эхэлж онгойдог байсан эсэх нь тодорхойгүй гэж дүгнэж хөнгөрүүлсэн. Дараагийн нэг дүгнэлт нь хохирогч ......, гэрч ......а нар тухайн тээврийн хэрэгслийг цоожтой байсан гэж мэдүүлдэг хэдий ч үйлдвэрлэгдээд олон жил замын хөдөлгөөнд оролцсон хуучин тээврийн хэрэгслийн эд ангийн хэвийн ажиллагаа ямар байх талаар нарийн тогтоогоогүй байх тул уг мэдүүлгийг шууд үнэлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг хийсэн. Хэдийгээр энэ .... маркийн тээврийн хэрэгсэл олон жил замын хөдөлгөөнд оролцсон ч гэсэн уг тээврийн хэрэгслийн хаалга гэрэл зургийн үзүүлэлтээр бүрэн бүтэн гэдгийг тогтоочхоод байхад, шүүгч хийсвэр дүгнэлт хийгээд олон жил замын хөдөлгөөнд оролцсон юм чинь хаалга нь цоожлогддоггүй байж магадгүй гэж хавтаст хэрэгт авагдаагүй асуудлаар дүгнэлт хийж энэ асуудлаар хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дуудлага өгсний дараа хэргийн газарт үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэг дээр уг машины зүүн хаалга нь гадна талаасаа цоожлогддог, баруун хаалга нь дотор талаасаа цоожлогддог гэх ба цоож түлхүүрээр нь шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байв, хэргийн газрын үзлэг хийгээд тухайн цоож хэвийн ажиллагаатай байсан гэдгийг мөрдөгч тэмдэглэл хийгээд тогтоосон, мөн мөрдөн шалгах ажиллагааны туршилтаар тогтоосон, хохирогч мэдүүлсэн, 2 гэрч мэдүүлсэн байхад ганцхан шүүгдэгчийн онгорхой байсан гэдэг мэдүүлгийг үндэслээд хийсвэр дүгнэлт хийгээд хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж шийдсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, тухайн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулах гэдэг нөхцөл байдал хөндөгдөж байгаа учраас дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч ....... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........ холбогдсон хэрэгт анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байна. Энэ үйл явдал Завхан аймгийн ...... сумын ........багийн нутаг .......гэх газарт хөрөө рам дээр мод хийж тэндээ гэр барьсан байсан, мөн ..... маркийн машинд буу байсан гэдэг. Буу байсан, бууг аваад гэртээ аваачсан гэдэг. ..... маркийн машины цоожинд түлхүүр тааруулсан байна гэдгийг анхан шатны шүүх дээр хэлэлцсэн. Энэ асуудал дээр эргэлзээтэй нөхцөл байдал байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөрдөгч, прокурор хэргийг бүхий л талаас нь хэрэгт ач холбогдолтой нотлох ажиллагаа хийж цагаатгах, яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэн байх ёстой. Өнөөдөр прокурор туршилт хийсэн, туршилтаар .... маркийн машины хаалга цоожтой байсан гэж байна. Үйл явдал болоод цаг хугацаа нэлээд өнгөрсөн, туршилт нэлээн хугацааны дараа хийгдсэн, гэтэл тухайн хэрэгт холбогдогч ...... мотоциклтой явж байсан. Нэг түлхүүрээр туршилт хийсэн гэдэг, агуулгын хувьд Н.......... мотоциклийн түлхүүр тэнд таарч байсан юм уу, тэр түлхүүрээр онгойж байсан юм уу гэдгийг үзээгүй. Тэр машины хувьд 80-иад оны машин байсан, элэгдэл хорогдол, түлхүүртэй байсан эсэх, түлхүүрээр онгойдог байсан эсэх гээд асуудал байдаг. Галт зэвсгээ алдсан гэж байна. Галт зэвсгийг хадгалах, хамгаалах талаар хууль байдаг. Галт зэвсгийг зориулалтын бусаар ашиглаж байсан, энэ талаар хохирогчийн мэдүүлэг дээр байдаг. Би тарвага алах гээд гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ энэ буу машинд байсан. ........... адуу эрж яваад .... маркийн машинд буу байхаар нь энэ алга болчихож магадгүй гээд бууг нь аваад явсан. Ингэж явахдаа замдаа ......... таарсан, ингэхдээ ........ бууг авсан шүү гэж хэлдэг. Энэ талаарх мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Тэгээд тэр бууг гэртээ авчирчхаад энэ талаараа хохирогч болон хамт байсан хүмүүст хэлээгүй. Тэгээд энэ үйлдэл дээрээ би гэм буруутай юм байна гээд гэм буруугаа хүлээж мэдүүлдэг. Тухайн үед гэртээ бууг авчраад хүүхдийн үсний найранд 6, 7 хоног яваад, дараа нь бие нь өвдсөн учраас нутгийн хүмүүст мэдэгдэх боломжгүй байсан, уг нь энэ талаар утсаар мэдэгдэх боломжтой байсан. Шүүх энэ талаас нь буюу хэргийн бодит байдлаас дүгнэлт хийсэн. Дүгнэлт хийгээд анхан шатны шүүхээс 05 дугаартай  шийдвэр гаргасан. Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанарын хувьд гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж дүгнэлт хийгээд хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлсэн. Хэрвээ тэр машинд буу замагтайгаа байсан, өөр байдлаар ашигласан бол ямар байдал үүсэх вэ, харин ч тухайн бууг алга болохоос хамгаалсан нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээд гэм буруугийн талаар машинд цоож тааруулсан гэх эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Тийм учраас анхан шатны шүүх хэргийг бүхий л талаас дүгнэж, бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Заавал хүндрүүлээд байх нөхцөл байдал байхгүй, мөн өөр бусад оролцогч нараас хохирсон зүйл байхгүй. Тийм учраас анхан шатны шүүх үнэн зөв бодит дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэж байна гэв.

5. Шүүгдэгч .............. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би чүдэнзгүй болсон байсан учраас гэр рүү нь орсон чинь чүдэнз байгаагүй, машин руу нь орох гэтэл хаалга нь онгорхой дотор нь буу байсан. Тэгэхээр нь би буугаа үлдээчхэж гэж бодоод бууг нь авсан. ..... намайг таньдаггүй гэж мэдүүлсэн байсан, манай хадам талын хүн. Тэгээд би бууг нь алга болчих байх гэж бодоод аваад явсан. Тэгээд утас руу нь хэд, хэдэн удаа залгахад холбогдохгүй байсан. ....... энд тэнд юмаа хаядаг учраас би бууг нь авч явсан гэв.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээ анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

2. Дээд шатны прокурор ..... нь “...Шүүгдэгч ...... холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна, ...иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаас хэрэгт хяналт тавьж, ....... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч ......... холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ “... Шүүгдэгч ....... тухайн  тээврийн хэрэгслийн хаалга нь түгжээгүй байсан гэж мэдүүлдэг бөгөөд  уг тээврийн хэрэгслийн хаалга  хэзээнээс өөр түлхүүрээр онгойдог болсон, эсхүл анхнаасаа өөр түлхүүрээр  онгойдог байсан эсэх нь тодорхойгүй байх тул шүүгдэгчийн уг мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй.  Мөн хохирогч  ......... нар тухайн тээврийн хэрэгслийг цоожтой байсан гэж мэдүүлдэг хэдий ч, үйлдвэрлэгдээд олон жил замын хөдөлгөөнд оролцсон хуучин тээврийн хэрэгслийн эд ангийн хэвийн үйл ажиллагаа ямар байх талаар нарийн тогтоогоогүй байх тул уг мэдүүлгийг бүрэн үнэлэх боломжгүй” гэж дүгнэн, ......... холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч ....... нь тусгайлан хамгаалсан агуулах саванд /машинд/ түлхүүр тааруулж, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд, хууль бус аргаар бусдын эзэмшлийн .... маркийн бууг авч хохирогч ........ хохирол учруулсан нь хэрэгт авагдсан хохирогч ........., гэрч ......... нарын мэдүүлэг, мөрдөгчийн ...... оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрыг үзлэгийн тэмдэглэл, ...... оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны туршилт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. 

Хэдийгээр тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч, хохирогч ........ тээврийн хэрэгслийн бүхээгийг буу болон бусад эд зүйлээ түр хадгалах агуулах савын зориулалтаар ашиглан эд зүйлээ автомашиндаа үлдээж, машиныхаа цонхыг хааж, хаалгыг түгжиж орхиж явсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Эд зүйлийг  хамгаалсан байр, агуулах сав нь өмчлөгчөөс бусад этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд ........ холбогдсон гэмт хэргийн тухайд цоожтой байсан автомашины бүхээгээс  бууг нь хулгайлсан үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинжийг илт агуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг харьцуулан дүгнэлгүйгээр шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн хаалга цоожгүй байсан гэсэн мэдүүлгийг үнэлэн, шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай  нийцээгүй,  шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн ........ сум дундын шүүхийн ......... оны 01 дүгээр сарын ..........-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч ......... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       З.НАНДИНЦЭЦЭГ

                                                           ШҮҮГЧИД                                                          Б.АРИУНБАЯР

                                                                                                                                      Б.НАМХАЙДОРЖ